English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Шинэсамбуугийн Сайхансамбуу
    “Мөнгөний машин” гэгддэг энэ эрийн мэдэлд “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос- Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр байдаг.
     Зуд турхан болж, тэр ч бүү хэл дэлхийн эдийн засаг хямарч байсан юунаас ч үл хамааран мөнгө нь өсч байдаг эрхэм бол “Нарантуул” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Сайхансамбуу билээ. Нэгэн цагт шинэ зах босгоход зээл олгохоор ирсэн Дрезднер банкны төлөөлөгч хүн зон зүү орох зайгүй сүлжилдэх их захыг харчихаад “Энэ чинь мөнгөний машин байна” гэж дуу алдсан гэдэг. Ш.Сайхансамбуугийн бизнесийг зөвхөн бараан захаар төлөөлүүлэн ойлгох нь учир дутагдалтай. Сибирийн модыг цаасны эх орон Финланд руу гаргаж, Шанхайд 45 сая еврогоор супер шилний үйлдвэр босгосон гээд энэ эрхэмд биднээс үл хамааран гүрэн дамжсан бизнес ч бас бий. Өөрийн эрхгүй атаархал төрөм энэ их баялаг, “Саалийн үнээ” шиг бизнес түүнд тэнгэрээс унаж, газраас ургаагү нь ойлгомжтой. Хөдөө төрж, Гандангийн дэнжид өссөн Ш.Сайхансамбуу хүүхэд  наснаасаа өдийг хүртэл цаг, наргүй хөдөлмөрлөсөн юм. Хар багаасаа тээврийн жолоочийн гар, хөлийн үзүүрт зарагдан хөдөө тэнэж, зуныхаа амралтаар ачигч хийн цалингаа гэртээ нэмэрлэж, оюутан ахуй үедээ амьдрахын эрхээр цусаа өгөн донор болж, сургуулиасаа хөөгдөхөөс эмээн зах дээр бараа зарж, слесарь хийн бохирын хоолой цэвэрлэж , инженер болон дэвшиж, эцэст нь хурган дарга болсон гээд энэ хүний амьдралын түүх тэр аяараа тэмцэл.
    Дээд сургуулиа төгсөөд хүсэн хүлээсэн ажлаа бусдад булаалгасан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, өдий зэрэгт хүргэх гол хүчин зүйл нь болсон гээд тэр аяараа л адал явдалт кино гэсэн үг. Ямар ч бүлтэй эрийг ганцхан нударгалаад унагачих бяртай хэрнээ гэр орондоо цагийг тогоо, шанагатай ноцолдож өнгөрөөдөг гээд  бас л ойлгоход бэрх нэгэн. Ш.Сайхансамбуу “Төлөвлөсөн ажлынхаа ард заавал гарах хэрэгтэй” гэж ярих дуртай. Үүний тод жишээ нь гучаад жилийн тэртээ их сургуулийн уралдаант шалгалтанд орохдоо ямар ч бэлтгэлгүй хэрнээ Орос хэл дээр сийхгүй хуулаад “онц” авч байсан гээд нэг л зүтгэвэл зогсохгүй байрын “гөжүүд” эр. Ирээдүйн “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу 1959 онд Завхан  аймгийн Баян-Уул суманд төржээ. Аав хүний бага эмч, ээж нь малчин байгаад сүүлдээ үйлдвэрийн ажилчин болсон гэдэг. Түүнийг мэдээ орох үед гэр нь хотод шилжин ирж, Гандангийн дэнжид суурьшсан байлаа. Тэгэхлээр түүний бага насыг Гандангийн дэнж болоод Орхоны гуравдугаар гудамжинаас л эрэх нь зүйтэй болов уу. Гандангийн дэнж бол ихээхэн сонирхолтой газар. Гэр хороолол мөртлөө хотын төвд. Тэгэхлээр мань эр багадаа Дөчин мянгатынхантай “газар” булаалдаж өссөн. Нь дамжиггүй. Өдөржин халтартталаа тоглосон жаалууд Гандангийн хурлаас тарсан гудамжныхаа хоёр өвгөн ламыг угтан гүйж, тортойг нь барин дөхүүлнэ. Ламтан ч хүүхдүүдийг чихэр боовоор урамшуулахаа ер мартахгүй. Энэ бол сургуулийн өмнөх насных нь гэгээн дурсамж.

    Энэ магадгүй түүнийг шүтлэгтэй болоход нөлөөлсөн байх. 1966 онд 22-р сургуулийн нэгдүгээр ангид орлоо.  Сурлагаар нэг их гавигүй. Ёстой л хуулахдаа хуулаад, хуулаагүй үедээ сулхан дүн авчихаад хичээлээс бусад цагт тоглож л байдаг дүрсгүй нөхөр байв. Харин ус түлээ зөөх, гэр орноо цэвэрлэх гээд ажлаас хйогошоод байдаггүй хэрсүү жаал байжээ. Тэр даруухан талдаа ч бусдад дээрэлхүүлээд байхыг хүсдэггүй шазруун зантай байсан нь өнөөдөр ч гэсэн ажиглагддаг. Хашаандаа хоёр жолооч ахтай, мөн гудамжинд нь 5-р баазын Мөнхөө гэдэг жолооч байх. Энэ нь түүнд хар багаас нь жолооч болох мөрөөдлийг бий болгожээ. Тэр Мөнхөө жолоочийг дагаж тав, зургаадугаар ангийнхаа зун тээвэрт явдаг байлаа. Тэгшхэн газар ганц километр газар ч болов жолоо мушгихын тулд гар, хөлийн үзүүрт түүртэлгүй зарагдах хүүн Мөнхөө жолооч хайртай.
    Энэ нь түүнд нэг ёсондоо бие нь чангарч , бэрхшээлийг давах чанарыг өгсөн гэлтэй. Түүний бага наснаас үлдсэн хамгийн сайхан мөчийн нэг нь хүүхдийн мөнгө буухад аав, ээж нь 1600 төгрөгөөр “Темп” хэмээх хар цагаан зурагт авч байрлан хөөрч байсан үе нь аж. Улсын ажилд борви бохисхийлгүй зүтгэвч авдаг нь бага, тэгээд ч олон хүүхэдтэй айл хоосон хонохгүй ч хоёр идэхгүй байсан нь ойлгомжтой. Тиймдээ ч Ш.Сайхансамбуу 14-н наснаасаа эхлэн зуныхаа амралтаар хар бор ажил хийж гэр орондоо нэмэр болох болсон гэдэг. Тэр 7-р ангиа төгссөн зунаа ажил хайж яваад тэр үеийн ХАА-н 3-р дэлгүүрт ачигчаар орохоор болжээ. “Тэр үед ачигч хийдэг хүн ховор байж. Олдлоо гэхэд ихэнхдээ л хэлгүй дүлий, ер нь мангардуу хүмүүс л байсан. Тэгээд л намайг авсан байх” гэж тэр ярьдаг. Ачигчийн сарын цалин 260 төгрөг. Зуны хоёр сар ажиллад 520 төгрөг гэдэг 14 настай  хүүхэд бүү хэл чамгүй өндөр албан тушаалтны цалин байсан гэж болно.
    Цалинтайг хэлэх үү өдөрт тэр үед байсан Хятад гуанзанд орж цадталаа идчихнэ. Мэдээж хэрэг цалингаа аав, ээждээ өгдөг байсан ч ажил хийсэн намраа л анх удаа шинэ хувцас өмсөж үзсэн гэдэг. Сав л хийвэл ах, эгчийнхээ багадсан хувцсыг өмсдөг байсан Ш.Сайхансамбуу шинэ форм, хичээлийн хэрэглэлтэй сургуульдаа орсон нь түүний хувьд хэзээ ч  үл мартагдах гэгээн дурсамжийнх нь нэг.
    Хойтон жил нь 8-р ангиа төгсөөд мөн л ачигчаа хийлээ. Харин 9-р анги төгссөн зунаа ахиад л ажил хийхээр болов. Гэхдээ ачигчаасаа дэвшээд нормын ажилд шилжсэн байдаг. Амихандаа хийснээрээ авдаг ахиу цалинтай ажил сонгож байгаа нь тэр. Ш.Сайхансамбуу ажил хайж явсаар гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт хайрцаг хадах ажилд оржээ. Нэг хайрцаг хадахад 30 мөнгөний хөлстэй. Тэр зун сайн ажилласнаар сардаа 600 төгрөгний цалин авсан гэдэг. Энэ бүхэн түүнд хөдөлмөрийн хүмүүжлээс гадна мөнгө хэрхэн олдог болохыг, мөнгөний үнэ цэнийг гадарлахад сургасан болов уу. ямар ч байсан тэр сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ.
    10-р ангид орсон жилээ жолооч болохын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй байсан Ш.Сайхансамбуу гэнэтхэн нисгэгч болохоор шийдэв. Аавынх нь найз Тамир нисгэгч (хожмоо гавъяат болсон) гэж хүн байлаа. Тэгээд ч гэр орноор нь орж гарч, олон сайхан зүйл ярьдаг байсан нь түүний өвчлүүлж орхижээ. 10-р ангиа төгсөөд ЗХУ-ын Нисэхийн дунд сургуульд орох гэж зүтгээд барсангүй. Дашрамд сонирхуулахад Ш.Сайхансамбуу 7-р ангидаа бөхийн дугуйланд явж байгаад бэртчихээгүй бол дор хаяад улсын начин цолонд хүрчихээр байсан гэж найзууд нь ярьдаг юм билээ. Сургуульгүй хоцорсон хүү ажилчин ангийн эгнээнд шилжлээ.
    1979 онд нөгөөх л модныхоо үйлдвэрт банз боловсруулах цехэд ажиллах болжээ. Тэр үеэ Ш.Сайхансамбуу “аминдаа дэвшсэн нь тэр” гэж хошигнон ярьдаг. Зогсоо зайгүй ажилласаар сардаа 1000 төгрөгний цалин авч байсан нь сайдын анзааны хангамж юм. Энэ нь 17-н настай хүүгийн хувьд санаанд оромгүй их мөнгө. Нэгэнт мөнгө олж байгаа хойно томчуулын хүүхэдтэй адил гангарахыг хүснэ. Архи, тамхины талаар ямар ч ойлголтгүй тэр цалингаасаа илүүчлэн 350 төгрөгөөр жийнсэн өмд, мөн гитар авч тоглодог байсан дурсамж ч бий. Хүдэр бадар биетэй түүнийг гитар эвлэгхэн тоглож, хэрдээ хөөрхөн дуулчихдаг гээд бодохоор... Ингээд үйлдвэрт хоёр жил ажиллаад байтал 1978 оны хавар сайн ажилласан гэж Политехникийн дээд сургуульд суралцах урилга гарджээ. Бас чиг шууд орчихсонгүй. Нэг хуваарь дээр таван хүнтэй өрсөлдөхөөр болов. Физикийнхээ шалгалтан дээр шууд уналаа. Математикаа хүнтэй ярьж аргалуулсан учраас 11 оноо авч, харин Орос хэл дээрээ юу ч мэдэхгүй хэрнээ Нацагдоржийн намтрыг бичсэн текс халааслаад орсон гэдэг. Тэр ер нь аливаа яманд их азархуу хүн аж. Яг л Нацагдоржийн намтар иржээ. Нэг асуултаа шалгалт авч байсан багшаас сэмхэн гэгч нь асуучихаж дөнгөлөө. Гуравдахь асуулт нь өгүүлбэрт байсан цэгний оронд үг бөглөх байсан учраас таагаад буудчихав. Гайхалтай үр дүн гарч “сайн” үнэлгээ буюу 14 оноо авсан байлаа. Өглөө үүрээр эртлэн босч дүнгээ хартал сургуульд тэнцсэн байх нь тэр.
    Сантехникийн анги тэр үед хүн ордоггүй, хамгийн муу нь гэгддэг байв. Ер нь Жорлонтой ноцолдоно” гэж яригддаг байсан аж. Мань эрд олдож байгаа нь тэр. Нэгэнт сургуульд орох нь тодорхой болсон учраас ажлаасаа гарч, тэр зунаа нөгөө л Мөнхөө жолоочтойгоо тээвэрт явжээ. Дээд сургуульд орсон өдрийн анхны цаг болох мэргэжил таниулах  хичээлийг Жамъян багш нүдэнд харагдаж, гарт баригдтал ярьж ойлгуулсанаар мэргэжилдээ дуртай болсон гэдэг. Түүний ясны сэргэлэн зан дээд сургуульд байхад нь тодорсон юм. Архангайн Цагаанбат, Чимэдбат, Чулуунтөмөр гээд ажиллаж байгаад ирсэн сурлага сайтай хүүхдүүдийг түшиж авлаа. Ялангуяа Архангайн Цагаанбат сурлага сайтай байсан учраас хажуу бөөрөнд нь наалдсаар хичээлдээ зүгширсэн гэдэг. Сонирхуулж хэлэхэд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж түүнд дээд тоо заадаг байжээ. Нэгдүгээр курс төгссөн зунаа Горхитын амралтанд геодезийн дадлагад гарсанаар нэгэн насныхаа ханьтай учирсан юм. Ирээдүйн эхнэртэйгээ нэг ангид байсан боловч зуны дадлагаар л бие биенээ ойлголцож, хоёрдугаар курстээ 40 мянгатад хадмындаа орж суужээ. Эхнэртэй болсон оюутан хархүү амьдралын эрхээр цусаа өгдөг байлаа.
    Хоёр сар болоод л 400 грамм цус өгөхөд 180 төгрөгтэй болчихно. Тэр зургаан литр цус өгөөд “ Хүндэт донор”-ын болзол хангаж байжээ. Ш.Сайхансамбуу амьдралын төлөө цусаа өгч чадаж байсан юм чинь өдий дайны амжилт гаргахнь гайхаад байхаар зүйл огтхон ч биш болж таарч байна. Цус өгөх нь зөвхөн ганц л жишээ юм. Москва руу  “Нарлаг Монгол” галт тэрэг явах болсоноор эгч нь үйлчлэгчээр ажилд оржээ. Эгчдээ бараа захиж Дэнжийн мянгын зах дээр гарна. Тэр үед наймаачдыг адладаг байсан цаг. Хэрвээ оюутан хүн дамын наймаа хийсэн нь илэрвэл үг дуугүй л сургуулиас хөөгдөнө гэсэн үг. Хувь заяа гэдэг их сонин. Тэр үеийн наймаачин оюутан Ш.Сайхансамбуу хожмоо энэ захынхаа эзэн болно гэдгийг хэн нэгэн хэлсэн бол саваад уначих байсан биз. Самбуу зах дээр гарахаас гадна Орос дэлгүүр, цэргийн ангиудаар явж наймаа үсэргэнэ. Налайхын Орос цэргийн анги руу такси хөлөглөөд л давхиж явсан үеэ тэр өдгөө “тэнэг, зоригтой байж дээ” гэж ярьсан нь бий.
    Түүний халаасанд тогтмол 1000-1500 төгрөг явдаг байсан нь тэр үедээ гар дээр хадгалмааргүй их мөнгө байлаа. Ш.Сайхансамбуу дандаа амьдралын төлөө зүтгэж, дардан замаар явсангүй. Хүн л болсон хойно алдаж эндэх юм байлгүй яахав. Хоёрдугаар курстээ олуулаа дарвиж яваад цагдаа алгадчихсан нь балрах шахсан гэдэг. Нөгөөх цагдаа гомдолтой гэсэн учраас мөрдөн байцаагч түүнд эрүү үүсгэн 30 хоног баривчлуулахаар улайран тэмцэж байгааг шүүх дээр сууж байсан залуу эр огтхон ч гадарласангүй. Тэр үеэр чухамдаа шүүх хурал болж байсан бөгөөд шүүгч нь үр хүүхэдтэй хүн байсан даа ч тэр үү дуу нь чангаран “ чи залуу хүн байж энэ оюутны амьдралаар тоглоод яахав дээ” гэж байхыг сонсжээ. Ингэж тэр буянтай шүүгчийн ачаар 150 төгрөгөөр торгуулан хэргээс мултарч байсан түүхтэй.
    1983 онд сургуулиа төгссөн залуухан инженер барилгын салбарт очиж их бүтээн байгуулалтад оролцох дэврүүн сэтгэлтэйгээр Барилгын яамны хуваарь аваад очтол өмнөөс нь “Чи манайд хуваарилагдаагүй” гэдэг багаа. Ангийнх нь  нэгэн оюутан арын хаалгадаж байгаад мань эрийг ОСНААУГ-т шилжүүлчихсэн байсан аж. Ш.Сайхансамбуу өдгөө тэгэж арын хаалгадуулсандаа харин ч баяртай явдаг бөгөөд “Хувь заяа гэж сонин шүү. Найз маань ар хударгаар минь арын хаалгадсанаар би буянтай газрын хаяа түшсэн” гэж ярьдаг. Тухайн үедээ ОСНААУГ+ын даргаар Ц.Баасанжав (хожмоо хотын мэр болсон) ажиллаж байсан бөгөөд түүнийг тавдугаар конторт слесариар томилов. Тэр үеийн слесариуд гэж бөөн согтуучууд байсан бөгөөд ганц хоёр нь ажлаа авч явдаг байжээ. Шинэхэн “инженер” ёстой бохиртой хутгалдаж, дуудлаганд гүйсээр нэг л мэдэхэд таван сарыг ардаа орхисон байв. Нэг өдөр түүнийг Удирдах газар дээр дуудлаа. “За чи мэдээж инженер болох хүсэлтэй байгаа биз. Шинэхэн инженерийг ажил нь хүнд байгаа 8-р конторт өгнө өө. Чадах уу?” гэхэд мань эр ч бодож санах юмгүй “Чадна аа” гэж ээ. Наймдугаар конторт нь хамгийн ууган барилга болох Ажилчны районы Нэхмэлийн шаруудаас эхлээд Биокомбинат хүртэлх бүх барилга, байшингийн сантехникийн хариуцдаг байжээ. Эхнэр нь мөн л сантехникийн инженерээр Зургадугаар конторт томилогдов. Тийм ч учраас хадмынхаа хаяанд амьдардаг. Нялх нойтон хүүхэдтэй түүнд хоёр өрөө байр өгсөн нь залуу гэр бүл болгонд олдоод байх аз завшаан биш юм. Энэ нь залуу инженер Ш.Сайхансамбууд урам зориг өгч, наймдугаар контортоо таван жил нойр хоолоо умартан зүтгэсэн хэрэг гэдэг. Ажилдаа махруун зүтгэснийг улс харж, Улаанбаатар хотын бүх конторуудын Сантехникийн гэмтэл, ослын анги байгуулагдахад 1988 онд даргаар нь тавьжээ. Энэ бол маш хариуцлагатай ажил байлаа. Шөнө унтаж байхад томоохон гэмтэл гарлаа гээд дуудна. Нийтлэлийн эхэнд зуныхаа амралтаар хайрцаг хаддаг хаддаг ажилд орсоноо дэвшсэн гэж хэлсэнийг дурдсан. Үнэхээр ч тэр маш богино хугацаанд дэвшиж эхэллээ. Гэмтэл ослын ангидаа ганцхан жил ажиллаад 1989 онд Хотын захиргааны орон сууц хуваарилалтын тасгийн мэргэжилтнээр дэвшин ажиллах болов. Орон сууц хуваарилалт гэдэг ихээхэн хэл ам дагуулсан ажил. Оросуудыг нутаг буцахад л орон сууцыг нь Монголын төрийн өмчид бүртгэж аван хуваарилалт хийснээс өөрөөр 1990 он гараад шинээр орон сууц барих ажил үнэндээ зогссон.

    Түүний амьдралыг оюутан ахуй цагаас нь эхлээд худалдаа наймаагүйгээр төсөөлнө гэдэг бүтэшгүй зүйл. Тэр ажлынхаа хажуугаар алдарт “Пан” Цогоо, “S” Гантөмөр нартай мөр зэрэгцэн “Дэнжийн 1000” –ын зах дээр зогсдог байлаа. Оросуудаас бензен авч таксины жолооч нарт заран, мөн л Оросуудаас гэрийн тавилга авч комиссийн дэлгүүрт заруулахад дор хаяад л 1000 төгрөг унадаг байсан гэдэг. Тэр Улаанбаатарт “Волга-2410” унадаг басан цөөхөн хүмүүсийн нэг. 1987 онд актлагдсан “Волга 2410” машиныг 21300 төгрөгөөр худалдан авч байсан нь тэр үеийн хур баяны хийдэг наймаа гэж болно. Ш.Сайхансамбуу ажлынхаа чөлөө заваар “2410”-аараа таксинд явна. Таван хүнтэй Дархан ороод ирэхэд л 500 төгрөг. Бараг л сарын цалин гэсэн үг. Түүний машин өөртэй нь адилхан байнга л дээшлэн солигдож байсан нь гайхалтай. Тэр өнөөдөр ч гэсэн үнэтэй гоёмсог машин эдэлдэгээрээ Монголд толгой цохьдог. Түүний гражид хамгийн сүүлийн үеийн “Мерседес бенц” –ээс эхлээд люкс  ангиллын 160 мянган долларын үнэтэй Монголдоо цорын ганц лимузн “Хаммер” жийп байдаг. 1988 онд тэр жилджж хүмүүсийн хошуурч байсан цоо шинээр орж ирсэн “Москвич- 2141” машиныг хөөцөлдсөөр байж 50 мянган төгрөгөөр авч байжээ. Ингэж тэр цоо шинэ машинтай хүн Хотын захиргаанд ажилд орж олныг алмайруулав. Тэгэхэд хотын захиргаанд дарга, орлогч хоёр л улсаас машин унахаас биш өөр машинтай хүн байсангүй.
    Ш.Сайхансамбуу 1990 онд Чех руу явж гурван машин оруулж ирж зарсанаар техникийн наймаанд хорхойсч эхэлжээ. Түүнийг 1990 онд хилээр машин унан орж ирэхэд ямар ч татвар авсангүй. Харин “Ямар гоё машин бэ?” гэж хэлээд оруулж байсан гэдэг. 1991 оны хавар Германаас машин оруулж ирэх хорхой хөдлөөд байж ядсан учраас сарын чөлөө гуйхаар орлогч дарга Бямбаа дээр ортол “Ажлаа хийвэл хий. Боливол боль” гэхээр нь явж оджээ. Эргээд ирэхэд нь ажлаас нь халчихсан байв. Мань эр ч Хотын захиргааны дарга болоод байсан Ц. Баасанжав дээр орж “Би наймаагаа хөөхөөр шийдлээ” гэхэд “Өөрөө л мэд” гэж хэлсэн аж. Тэр нийтээрээ хошуурч байсан ганзагын наймааг сонирхсонгүй. Машины наймаа руу орсоноор 60-аад машин оруулж ирж зарсан тооцоо гарав. Германаас оруулж ирсэн машинаа Монголд, цаашлаад Хятадад үнэ хүргэж зарсанаар гучин хэдэн мянган доллартай болчихсон байжээ. 1992 онд Л.Энэбишээр толгойлуулсан Засгийн газрын Өмч хувьчлалын комисс байгуулагдаж хувьчлал эхлэв. Түүний нүдэнд жил хавчигдан зовон наймаа хийж зогссон бараан зах л харагдаад байлаа. Тэр үед захын ашигтай гэдгийг мэддэг хүн бүү хэл  сонирхох хүн байсангүй. Ш.Сайхансамбуугийн хувьд захыг жинхэнэ утгаар нь ойлгож байсан юм наймаачдад учирдаг хүндрэлийг нь багасгачихвал, бас өдөр тутмын ажиллагаатай болговол хамгийн өгөөжтэй бизнес болно гэдгийг сайтар мэдэрчээ.
    1993-1994 онуудын үед хувьчлагдах сураг сонсогдож байсан нь цаашдаа жижиг сажиг наймаа хийхийг хүсэхгүй байсан түүний аазгайг жинхэнэ хөдөлгөсөн билээ. Удаан хүлээсэн мөч нь ирж 1995 оны 9-р сард зах хувьчлагдахаар болж төсөл шалгаруулах тендер зарлажээ. Тэр хотын захиргаанд ажиллаж байсныхаа хувиар мэдээлэл сайтай байсан учраас давуу талтай байсныг үгүйсгэх аргагүй. Тендерт 11 компани оролцож төслөө өгсөнөөс хоёр компани шалгаран үлдэж дуудлага худалдаанд оролцох эрх авлаа. Тэр үеэр Монголчууд “Халтар царайт”-ын жүжигчдыг даган хошуурч, томоохон бизнесмэнүүд ерөнхий сайд П.Жасрайг дагаад Сингапур руу явчихсан байжээ. Тендер зарласан зар “Улаанбаатар” сонины нэг буланд бага хэмжээтэйгээр гарсаныг хэн ч анзаарсангүй. Түүнд мэдээлэл байсан учраас төслөө сайн боловсруулсанаар үзүүр, түрүүнд шалгарч үлдэв. 30 саяас эхлэж дуудагдсан Бараан зах 49 саяын үнэ хүрч Ш.Сайхансамбуугийн мэдэлд очих боллоо. Өөрт байсан 30 илүү сая төгрөгөн дээрээ банкнаас авсан 15 саяын зээлээ нэмээд үнийг нь бүрэн төлсөн боловч хуучин захирал нь ажилчдаа удирдан босож “Тамгаа өгөхгүй” гээд гүрийчих нь тэр. Нэгэнт төрийн шийдвэр гарчихсан болохоор эцэст нь бууж өгөн тамгаа өгсөнөөр Ш.Сайхансамбуугийн “Эрин үе” эхэлжээ. Тэр менежментийн дорвитой өөрчлөлт хийж эхлэв. Зах дотор чингэлэг байрлуулж, талбайгаа хуваарилан татвар оногдуулж мягмар, пүрэв, бямба гаригуудад ажилладаг болголоо. Ингэснээр банкнаас авсан зээлээ хоёрхон сарын дотор төлж захыг “Саалийн үнээ” болго чадав. Хотын захиргаанаас тендер зарлахдаа “Замын бөглөрлийг шийд” гэсэн шаардлага тавьсан байсан боловч машин бүү хэл хүн нь багтахаа больжээ. Мөн тэр хавийн айлууд “Энэ захаа нүүлгэ” гэсэн шаардлага тавьж, Хотын захиргааны өмнө суулт хүртэл хийхдээ тулаад байсан үе. Ш.Сайхансамбуу ч энэ хувилбарыг зөв гэж ойлгосон учраас захыг нүүлгэх төсөл боловсруулаад Ц.Баасанжав дарга дэр оржээ. Тэрбээр зах “Дэнжийн-1000”-д байсан тохиолдолд хэн ч эзэн нь байсан машины бөглөрлийг зохицуулж чадахгүй. Тиймээс нүүлгэх шаардлагатай гэдгээ танилцуулахад “Хурлаар оруул” гэсэн шийд өгөв. Мань эр дотроо 22-ын товчооны орчим, Улиастайн ам, “Нарантуул” захын одоогийн байршил гээд гурван газар төлөвлөчихсөн байлаа. Үнэндээ төөрөгдүүлэх зорилгоор 22-ын товчоо орчим, Улиастайн амны газар хоёрыг танилцуулахаар зэхсэн болохоос бус одоогийн байршил л түүнд таалагдаж байсан аж.
    Хурал ч ширүүхэн болж ихэнхдээ Ш.Сайхансамбууг шоолсон инээд ханиад болсон юм. “Чи арай шороон дээрээс мөнгө олох гэж байгаа юм биш биз дээ? “ гэсэн тавлангуй яриа түүнд одоог хүртэл сонсогдох шиг болдог. Тэр эсэргүүцэл, доромжлолыг огтхон ч үл ажран төвийн шугамтай холбосон жорлонтой, хүнс, электрон бараа нь барилга дотор байна гээд л танилцуулсанаар 16 га газрын зөвшөөрөл авч чадав. Уг газраа тойруулан анх 100 гаруй сая төгрөгөөр бетонон хашаа босгожээ. Мөн газар нь нуур тогтчихмоор хонхор, бас хог новшиндоо дарагдсан байсныг цэвэрлэж янзлан,  уулнаас шороо зөөхөд 300 сая төгрөг зарцуулав. Энэ их мөнгийг түүнд “Дэнжийн-1000”-ын зах өгч байсан нь ойлгомжтой.     
    Ш.Сайхансамбуу сантехникийн инженер мэргэжилтэй учраас тэр хавиар дулаан, бохир, цэвэр усны шугамууд ойрхон өнгөрдгийг сайн мэдэж байсан юм. Мөн 13-р хороолол руу уруудсан тасам шиг нарийхан замыг аяндаа улсаас тавиад өгчихнө гэдгийг ч тэр тооцоолж чадсан гэдэг. Хашаа барьж, газар тэгшлээд л түүний мөнгө дуусч ажил нам зогсох нь тэр. Дашрамд сонирхуулахад, тэр үеэр Бээжин хотын төв захын дарга “Дэнжийн-1000”-ыг  “10 сая доллараар зарчих” гэж гуйсан боловч мань эр халгаагаагүй гэнэ лээ. Мөн одоо ч гэсэн хятадууд Нарантуул захад үнэ хаян худалдах санал тавьдаг хэвээр. Мөнгөгүй нам суучихсан түүнд нэг найз нь “Германы хүнсний үзэсгэлэн гарч байгаа. Тийшээгээ очооч” гэхэд үгэнд нь оржээ. Бавари мужаас ирсэн нэгэн бизнесмэнтэй танилцаж, Нүхтэд хүндэтгэлийн зоог барин бизнесийнхээ тухай ярьж, Дамбадаржаад барьсан мөсөн зоорь, хоёр захаа үзүүлэн “Мөнгө хэрэгтэй байна” гэдгээ ний нуугүй хэлэв. Тун ч удалгүй нөгөө нөхрөөс “Дрезднер банк”-ныхантай ирж уулзаач” гэсэн захидал ирэх нь тэр. Ш.Сайхансамбуу ч уухайн тас Герман явж “Дрезднер банк”-н дээр очиж техник, эдийн засгийн тооцоогоо үзүүлэв. Ингээд тус банкны төлөөлөгч ирж байдлыг газар дээр нь үзэхээр болжээ. “Дрезднер банк”-ны төлөөлөгчид “Дэнжийн 1000”-ын захаа үзүүлэх гэсэн чинь шахцалдаад орж чадаагүй гэнэ. Тэгээд ойролцоох уулан дээр гарган харуулж байхдаа мань эр “Энд голдуу Германы хүнсний бараа зарагддаг. Даанч иймэрхүү болчихоод нүүлгэх шаардлагатай болсон” гээд л авч өгчдээ. Хоёр Герман эр хоорондоо яриад байх юм гэнэ.

    Шинэ захын барилга руу явж байхад орчуулагч бүсгүй Ш.Сайхансамбууд “Эд нар таны захыг жинхэнэ мөнгөний машинб айна гэж хэллээ шүү дээ” хэмээхэд мань эр дотроо бөөн баяр хөөр болж явлаа. Шинэ захын барилга дээр очоод Германчууд түүнээс шууд л “Танд хэр их мөнгө хэрэгтэй вэ?” гэж асуухад мань эр “Хоёр сая доллар” гэж хэлэв. Эхлээд ХОТШ банкны баталгаатайгаар хоёр сая марк зээлсэн боловч хүрэхгүй тйишээгээ хандаж дахин нэг сая доллар, эцэст нь дахин хоёр сая доллар зээлсэнээр 1999 оны 8-р сарын сүүлчээр “Нарантуул” захаа бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан түүхтэй. Өгдөө “Нарантуул” зах дээр 5000 хүн тогтмол худалдаа эрхэлж, жилдээ 3.5 тэрбум төгрөгний татвар улсад тушаадаг. Уг захын талаар хүмүүс ам амандаа янз бүрийн тоо хэлдэг. Бие засах газраасаа л өдөрт саяыг, машины хураамжаас сая гээд л Ш.Сайхансамбуугийн халаасыг тэмтрэх нь бий. Бодит амьдрал дээр энэ ташаа зүйл бөгөөд эдгээр үйлчилгээгээ бүгдийг нь түрээслүүлсэн гэнэ. Гэхдээ л “Нарантуул” зах Монголдоо ганцхан мөнгөний машин гэдэг нь ойлгомжтой. Тэр ч утгаараа захаас олсон орлогоо Ш.Сайхансамбуу сул  хэвтүүлэх тэнэг хүн биш. Хотын төвдудаан хугацаагаар Монголд суух гадаадын иргэдэд зориулсан “Нарантуул” зочид буудлаа 4.5 сая доллараар босгож Герман, Орос хоёр найзтайгаа 200, 200 мянган доллар нийлүүлж компани байгуулсан ажээ. Уг компанийг 1998 онд байгуулсан бөгөөд Оросоос хушны мод ачуулж Финланд, Швед рүү гаргах болов.
    Ш.Сайхансамбуугийн хувьд нэгэнт өдөр болгон халаас руу нь мөнгө цутгах болсон учраас гүрэн дамжсан бизнес эрхэлж, гадаадад хөрөнгө оруулах нь “зугаатай” санагдсанбайх. Бид түүнийг зөвхөн “Нарантуул” захаар л амьдардаг гэж боддог байсан нь эндүүрэл юм. Орос, Финландыг холбож 10-аад жилийн турш хийсэн модны бизнесээсээ хангалттай мөнгө олсон бөгөөд нөгөө хоёр найзтайгаа нийлж Шанхайд бүрэн автомачилагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгожээ. Шилнийхээ найрлагын технологийгл гэхэд  20 сая еврогоор худалдаж авсан аж. Уг үйлдвэрт 40-хөн хүн ажилладаг, шил нь онцгой сайн чанартай тул экспортонд гаргавал тав нугарч зарагдах магадлалтай. Анх Хятадын зах зээл дээр л зарна гээд гэрээ хийичхсэн болохоор яаж ч чаддаггүй аж. Ер нь цаашдаа ч гадаадад хөрөнгө оруулах бодолтой байгаа энэ эрд мөнгө тийм ч чухал биш болсоныг ярианаас нь төвөггүй ойлгож болно. Түүний бодлоор баян хүн гэдэг үндсэн үл хөдлөх хөрөнгөтэй, дээр нь толгойдоо баялагтай байх ёстой гэнэ.
    Түүнийг ашиглах санаа хүн бүхэнд л төрдөгийг үгүйсгэх аргагүй. Ш.Сайхансамбуу Монголын Боксын холбоог толгойлсон он жилүүддээ 200-аад сая төгрөг хувиасаа зарцуулж гадаад харилцааг бэхжүүлж өгсөн гавъяатай. Хүн. Олон улсын шүүгчтэй болгохын тулд Дэлхийн боксын холбооныхныг урьж, хилийн чанадад олон ажил зохиосон гээд тоочвол барагдахгүй. Тэр Узбекистаны толгой баян, Дэлхийн Боксын холбооны ерөнхийлөгч Гафуртай үй зайгүй найзууд бөгөөд үе үе бие биенийдээ зочилдог байна. Тр өөрийгөө “Үрэлгэн биш” гэж тодорхойлдог. Гэхдээ л түүний сэлгэж унадаг дөрвөн машин дэндүү өндөр үнэтэй. Мөн гартаа зүүсэн цаг нь хэр үнэтэйг бичвэл зарим нь атаархаж, нөгөө хэсэг нь унтууцах байх.
    Монголын толгой баян, нөгөөн Герман нөхрийн хэлсэнээр “Мөнгөний машин”-ы эзэн энэ эр бараг л амандаа хоол халбагадуулаад хэвтэж байдаг залхуу эр гэж бодвол эндүүрэл болно. 4-р хороололд байдаг тансаг хаусаа тэр өөрийн гараар босгосон. Мөн гадуур хооллох сонирхолгүй бөгөөд гэртээ тогоо, шанагатайгаа ноцолдон хоол, цай хийж байдаг сонин нөхөр.

Ингэж байж л тэр жаргадаг байх. Тэгэхээр мөнгө хүнийг жаргаадаггүй нь харагдаж байгаа биз ээ. Төрсөн нутаг Завхандаа эмнэлэг, сургууль, спортын ордон зэргийг өөрийн хөрөнгөөр босгох хүсэлтэй энэ эрхэмийн хувьд 14-н настайдаа хар ажил хийгээд олж байсан 250 төгрөг нь л амьдралдаа барьж үзсэн хамгийн их мөнгө гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...