English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монголын эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зохицуулалтанд шинэ эрин үе шаардагдаж байна
Цахилгаан эрчим хүч гэдэг бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд нь яавал бага үнэтэйгээр хүртээх вэ гэдэг асуудал өнөө үеийн өндөр хөгжилтэй улсуудын шийдвэрлэхэд хүнд асуудлуудын нэг болоод байгаа билээ. Цахилгаан эрчим хүчийг нээн олж өргөн хэрэглээнд оруулсан түүхээс багахан сөхөөд, цахилгааны үнийг бууруулахад чиглэгдсэн салбарын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг олон улсад болон манай улсад хэрхэн шийдвэрлэж байгаа тухай зарим мэдээллийг товчлон толилуулж, өөрийн зарим санал бодлыг нэмэрлэе.

Нэг. Цахилгаан эрчим хүчийг эзэмшсэн түүхээс. Хүн төрөлхтөн манай эриний өмнөх үеэс цахилгаан соронзон үзэгдлийг амьдралдаа ашиглаж байсан ул мөр байвч үр дүн нь хойч үед үлдсэн судалгааны ажлууд 1600 оны үед Английн хатан хаан Елизаветын ордны эмч У. Гилберт гэдэг физикчийн хөдөлмөрөөр эхэлсэн боловч 100 гаруй жил орхигдоод дахин сэргэж эхэлжээ. 1875 онд П.Н. Яблочков цахилгаан нумаар тогтвортой гэрэлтдэг нүүрсэн 2 голтой дэнлүү бүтээсэн нь “Орос гэрэл” нэрээр европд тархаж, цахилгаан гэдэг зүйл хүмүүсийн хэрэглээнд орж эхэлжээ.

Нийтийн хэрэглээнд зориулсан Оросын анхны цахилгаан станц Петербург хотод 1883 оны 12-р сараас ажиллаж эхэлжээ. Энэхүү станц нь 3ш локомобиль (нүүрс мод зэргээр галлаж ус халааж гаргасан уураар гол эргүүлдэг тэрэг) ба нийт 35кВт (килоВатт) хүчин чадалтай 12ш динамо-машин (монгол жолооч нар жинам гэж дууддаг)-аас бүрдсэн бөгөөд Мойка голын эрэгт сойсон усан тээврийн ачааны чиргүүл дээр байрлаж байжээ.
1888-1889 онд Доливо-Добровольский 3 фазын хувьсах гүйдлийн генератор, хөдөлгүүр, 3 фазаар цахилгааныг дамжуулах шийдлийг зохиож, тоног төхөөрөмжүүдийг бүтээжээ. Энэхүү шийдэл нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд дэлхий даяар өнөөг хүртэл хэвээр хэрэглэгдсээр байна.

Барууны орнууд дэх чөлөөт өрсөлдөөний нөхцөлд бие биенээсээ салангид эмх цэгцгүй үүссэн цахилгаан эрчим хүчнийхэний хил хязгаар нь 1940-өөд онуудад ойртох хэрээр хоорондоо холбогдож, нэгдэж байгаа компаниудын технологийн үйл ажиллагааг тасралтгүй удирдан зохицуулах ерөнхий байгууллагыг байгуулсаар үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, борлуулалтын бүх шатуудыг нэгтгэсэн, удирдлагын босоо тогтолцоотой, тусдаа байснаас илүү найдвартай нэгдэл буюу цахилгаан эрчим хүчний системүүдийг үүсгэжээ. Англи, Норвег, Ирланд, Франц, Грек, Итали улсууд “төрийн өмчийн компани нь хувийн өмчийн компаниуд шиг дан ганц ашгаа ихэсгэхийн төлөө бус нийгмийн эрх ашгийн төлөө ажиллана” гэж үзээд цахилгаан эрчим хүчний салбарыг нэгтгэж төрийн өмчийн монополь (нэгдмэл) хэлбэрт шилжүүлэх ажлуудыг хийжээ. Ингэж үндэстнийг болон олон улсыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн системүүд үүсч, хоорондоо хором бүрээр нарийн уялдаатай салгашгүй нэгдэл буюу энгийн монополь бүрэлдэж тогтжээ.
Энэхүү энгийн монополь үүсгэсэн цахилгаан эрчим хүчний системүүд нь өсөн нэмэгдсээр байдаг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн, найдвартай, чанартай хангаж байсан бөгөөд цахилгаан эрчим хүчний үнийн монополь өсөлт гаргахгүйн тулд төрөөс хянадаг зохицуулалттай явж иржээ.

Зах зээлийн өрсөлдөөний үр дүнгээр 1980-аад оноос эдийн засгийн даяарчлал эхлэж, цаг уурын тааламжтай, ажиллах хүчний хямд, түүхий эдийн ойр байх нутаг дэвсгэрт нь үйлдвэрлэл байгуулж болох хөгжиж буй орнууд руу хөрөнгийн урсгал чиглэж хямд өртөгтэй бүтээгдхүүн хийх болсоноос хөгжилтэй орнууд дэх зардал ихтэй хүнд үйлдвэрүүдийн өндөр үнэтэй бүтээгдхүүний борлуулалт буурах тааламжгүй байдалд орж эхэлжээ. Иймээс хөгжилтэй орнуудын улс төрч нар нь эрчим хүчний хэрэглээ ихтэй стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрүүдээ дампуурлаас аврах, тэнд ажиллаж байгаа олон сая иргэдээ ажилгүйдлээс аврах цорын ганц арга бол эдгээр үйлдвэрүүдийн хэрэглэж байгаа эрчим хүчний үнийг бууруулах явдал мөн гэж үзсэн (харин иргэдийнх нь амьжиргааны төвшин өндөр байгаа тул тэдэнд цахилгааныг үйлдвэрийнхээс өндөр үнээр борлуулдаг) байна. Ингэж үзэхэд хүргэж байгаа шалтагууд бол
1) –эрчим хүчний салбарт төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, ялангуяа цахилгаан эрчим хүчний үнийг тогтоохдоо зардалд үндэслэж байгаа зарчим нь хангалттай үр дүн өгөхгүй байгаа.
2) – нилээд улсад цахилгааны үнэ өндөр байгаа, АНУ-ын Калифорни зэрэг зарим мужид цахилгааны үнэ нилээд өндөр болсон.
3) – цахилгааны үүсгүүрийн чадлыг 30-40% хүртэл хэмжээгээр илүүдүүлж нөөцөлсөн байгаа (үнэндээ энэ бол цаг уурын өөрчлөлт, тоног төхөөрөмжийн гэмтэл гарах үед хэрэглэгддэг, хэрэглэгчийг цахилгаанаар найдвартай хангахад шаардлагатай байдаг)
зэрэг нөхцөл байдал юм гэж тодорхойлжээ.

Цахилгаан эрчим хүчний салбарт өөрчлөлт хийхдээ үйлдвэрлэлийн ба борлуулалтын хэсгүүдийг тусад нь жижиг хэсгүүд болгон гаргаж чөлөөт өрсөлдөөнд оруулж, харин цахилгааныг дамжуулах, түгээх хэсгүүдийг зохицуулалттай монополь байдлаар хэвээр нь үлдээх хэрэгтэй гэж үзжээ.
Цахилгаан эрчим хүчний салбарын үйл ажиллагаагаа явуулах зах зээлийн үеийн бүтцийн болон харилцааны загвар олон байж болох ч дараахи 4 загварыг үндсэн (оновчтой) гэж үзэх болжээ.

1. Зохицуулалттай ердийн монопольт загвар. Энэ үед цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, борлуулалтыг бүгдийг агуулсанаараа босоо удирдлагатай гэгддэг нэгдмэл компанийн хэлбэртэй байх ба зах зээлийн өрсөлдөөн байхгүй боловч цахилгааны үнийг төрөөс хянадаг зохицуулалттай байх. Энэ загварыг хэрэгжүүлж ирсэн гэж үздэг.
2. Ганц худалдан авагчтай загвар. Энэ үед цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлэгчид хоорондоо өрсөлдөж, бусад хэсэг нь цахилгааныг ганцаараа худалдан авдаг нэгдсэн компанийн хэлбэртэй, цахилгааныг төрийн зохицуулалтаар тогтоосон үнээр хэрэглэгчдэд худалддаг байх.
3. Бөөний худалдааны зах зээлийн загвар. Энэ үед цахилгаан дамжуулах сүлжээг бие даасан компани (ЦДСК) болгох, цахилгаан түгээх сүлжээ ба борлуулах хэсгийг орон нутгаар нь хувааж цахилгаан түгээх сүлжээ ба борлуулах кампаниуд (ЦТБК) болгох, уг компаниудыг төрийн зохицуулалттай байлгах, Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлэгчид болон ЦТБК-ууд, зарим том хэрэглэгчид бөөний худалдааны зах зээлд өрсөлдөх ба цахилгааны бөөний үнийг төрөөс зохицуулахаа болих, техникийн шуурхай удирдлагын Системийн зохицуулагч (СЗ)-ийг байгуулах.
4. Бөөний болон жижиглэн худалдааны зах зээлийн загвар. Энэ үед бөөний худалдааны зах зээлийн өрсөлдөөнт загвараас борлуулалтын хэсгүүдийг бие даалган салгаж борлуулалтын кампаниудыг байгуулснаар хэрэглэгчдийн хамт өрсөлдөх жижиглэн худалдааны зах зээлийг үүсгээд, цахилгааны жижиглэн худалдаалах үнийг төрөөс зохицуулж байгааг зогсоох.
Эдгээр загваруудыг чөлөөт өрсөлдөөний хүрээ ба боломжийг өргөтгөж байгаа хэмжээгээр нь авч үзээд цахилгаан эрчим хүчний салбарыг монопольт (нэгдмэл) загвараас зах зээлийн өрсөлдөөнт (ашиг сонирхол нь салсан) загварт шилжих шатууд гэж тооцох болжээ.

Зах зээлийн өрсөлдөөнт загварын шатаар ахих нөхцөл нь цахилгааны хэрэглээ их байх, цахилгааны эх үүсгүүр олон байх, бүс нутаг хооронд цахилгааныг ихээр шилжүүлэн дамжуулж чадах өндөр хүчдэлийн сүлжээ ихтэй байх гэж үзэж байна. Иймээс ч Орос улсад эрчим хүчний бусад системтэй цөөн шугамаар холбогдсон зах нутгуудын эрчим хүчний системүүдийг өрсөлдөөнт загварт шилжүүлэхгүй байхаар шийдсэн байна.
Энэ үзэл баримтлалаар бол манай улсын цахилгаан эрчим хүчний ганц системд маань дотооддоо зах зээлийн өрсөлдөөнт харилцааг нэвтрүүлэх нөхцөл бүрдээгүй байгаа болохыг бид онцгойлон анхаарвал зохистой.
Зах зээлийн өрсөлдөөн бүхий орнууд дэх монополийг устгах олон жилийн тэмцэлд ганцаархнаа хөндөгдөлгүй явж ирсэн цахилгаан эрчим хүчний салбарын монополь байдлыг устгаж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл ба борлуулалтын шатанд төрийн зохицуулалтыг зогсоож, чөлөөт өрсөлдөөнийг үүсгэж цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор цахилгаан эрчим хүчний салбарыг өөрчлөн байгуулах үйл ажиллагааг зарим улс орнууд 1990-ээд онуудад эхэлжээ.
Гэвч удалгүй үүнээс хүртэж байгаа үр дүн нь хүссэнээс эсрэг болоод байгааг сонордуулсан гамшигийн үр дагавартай тохиолдлууд давтагдан гарсаар байгаагаас зарим улсууд энэ ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож, зарим орнууд зохицуулалттай монополь байдал руу буцаан шилжүүлж байгаа ажээ.
АНУ-д нэг кВт*цаг цахилгаан 5-9 цент үнэтэй байсан муж улсуудад, түүний дотор цахилгааны үнэ хамгийн өндөр байсан Калифони мужид 3 дэх шатны буюу бөөний худалдааны зах зээлийн загварыг 1998 оноос эхлэн нэвтрүүлж эхэлжээ. Үүний үр дүнд 2010 онд энд цахилгааны үнэ 2 цент болж буурна гэж тооцоолжээ. Цахилгааны станцууд нь зардлаа багасгаж гаргах цахилгааныхаа үнийг бууруулахын тулд нөөц хүчин чадлаа үгүй болгож эхэлжээ. Үүнээс шалтгаалж цаг уурын тааламжгүй өөрчлөлтийн үед ихэсдэг цахилгааны хэрэглээг хангах нөөц хүчин чадал дутагддаг болж, дутуугаа хөрш мужуудаас нөхөж авах үед систем хоорондын цахилгаан дамжуулах шугам, трансформаторууд шаардлагатай хэмжээгээр нэвтрүүлж чадахгүй хэт ачаалагдаж байснаас хангахад хүндрэлтэй эрэлт ихэссэн мөчүүд давтагдах болж, хэрэглэгчдийг цахилгаанаар ээлжлэн тасалдуулж хязгаарлах нь олширч, цахилгааны бөөний дуудлага худалдааны үнэ нэмэгдсээр 2000 оны эцсээр нэг кВт*цаг цахилгааны бөөний үнэ 1,4 доллар хүрч өсчээ. Цахилгааныг жижиглэн худалдаалах үнийг төрөөс хөдөлгөөнгүй байлгаж байснаас цахилгааныг бөөний өндөржсөн үнээр авч хэрэглэгчдэд хүргэдэг түгээх компаниуд асар их хэмжээний өрөнд унаж байжээ.
Энэ хүндрэлийг далимдуулан хөнгөн цагааны зэрэг зарим үйлдвэрүүд үндсэн ажлаа зогсоогоод станцуудаас гэрээгээр бага үнээр авдаг цахилгаанаа дамлан худалдаж асар их ашиг олж байсан ажиллагаа ч явагдаж байжээ. Байгалийн гамшгаар ганц мод булгарч цахилгааны шугамын утсан дээр ойчих тохиолдол ч гэсэн цахилгааны урсгалын хуваарилалтанд гэнэтийн өөрчлөлт оруулдаг тул дээр дурьдсан нөхцөлд хүргэж эрчим хүчний бөөний худалдаачдад асар их ашиг авч ирдэг хүчин зүйл болж хувирчээ. Бага зардлаар улам их ашиг гаргаж авахын тулд хэт ачааллын байдлыг зохиомлоор үүсгэх төлөвлөгөөнүүд ч хийгдэж байжээ. Эрчим хүчний салбар дэх энэхүү хямрал нь аажмаар уг мужийн нийт эдийн засгийг гүнзгий хямралд оруулжээ.
АНУ-д цахилгаан эрчим хүчний бөөний худалдааны зах зээлийн загварыг амжилттай хэрэгжүүлж байгаа гэгдэж байсан зүүн хойт хэсэгт 2003 оны 8-р сарын 14-нй өдөр цахилгааны доголдол гарч даамжран зүүн эрэг хавийн Нью-Йорк, Детройт, Кливленд, Торонто, Оттава зэрэг хотууд бүхий 8 муж улс, Канадын Онтарио хязгаарын 50 сая хүнийг хамарсан нэг хоног гаруй хугацааны цахилгааны тасалдалд хүргэж, “2003 оны унтралт (харанхуйлалт)” гэсэн нэрээр сургамжтай түүх болон үлджээ. Үүний шалтгаан нь нөөц хүчин чадалгүйгээсээ дэнжигнэж байсан системүүдийн тогтвортой ажиллагаа нь АНУ ба Канадын хил дэх цахилгаан дамжуулах шугам хэт ачаалагдаж таслагдсанаас үүссэн нөхцлийг даван гарч чадалгүй алдагдаж хоромхон зуур 100 гаруй цахилгаан станцийг зогсоход хүргэсэн явдал юм.
2003 оны эцсээр АНУ-ын засаглал бодит байдлыг ойлгож, Калифорни дэх цахилгаан эрчим хүчний бөөний худалдааны зах зээлийн өрсөлдөөнт загварын харилцааг зогсоож, төрийн зохицуулалттай болгоод нэг кВт-цаг цахилгаанны үнийг 20—30 цент болгон хязгаарлаж, эрчим хүчний компаниудын бүтцийг технологийн ангилалаар нь бус бүс нутгаар нь нэгтгээд, Эрчим хүчний яамыг байгуулжээ. Үүнээс гарах эдийн засгийн үр ашгийг жилд арван миллиард доллар байх болно гэж тооцоолжээ. Ийнхүү шийдвэрлэснийг нь ОХУ-ын зарим эрдэмтэд “АНУ нь ОХУ-д одоо устгаж эхэлж байгаа хуучин тогтолцоог сонгон хэрэгжүүлж эхэллээ” гэж үзэж байна. Цахилгаан эрчим хүчний салбартаа өөрчлөлт хийгээгүй, нэг кВт*цаг цахилгаан 3-4 цент үнэтэй байсан АНУ-ын бусад муж улсуудад цахилгааны үнэ нь одоо ч тэр л бага хэвээрээ байгаа ажээ. Дэлхийн банк улс орнуудад зээл өгөхдөө “цахилгаан эрчим хүчний салбартаа өрсөлдөөнт загварыг нэвтрүүл” гэсэн нөхцөл тавьдаг байснаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ерөнхийлөгч Ж.Буш юуны өмнө Калифони мужид цахилгаан эрчим хүчний нэмэгдэл үүсгүүрийг төрийн өмчөөр байгуулах амлалт өгсөн байна.
Англи, Герман, Норвег, Швец, Финлянд ба Испани улсууд цахилгаан эрчим хүчний салбартаа өрсөлдөөнт загварыг нэвтрүүлснээр 2003 онд нийтийг хамарсан цахилгааны тасалдлуудад удаа дараа өртжээ. Нилээд улс ганц худалдан авагчтай загварыг хэрэгжүүлж эхлээд цааш ахих явцыг зогсоосон байна. Өмнөт Солонгос улс 1999 онд төрийн өмчит КЕПКО компанийн монополь бүтцэд өөрчлөлт хийхээр шийдвэрлээд 2001 онд цахилгаан үйлдвэрлэх 6 компанийг түүнээс тусгаарлаж ганц худалдан авагчтай загварт шилжжээ. Гэвч 2003 онд явуулахаар төлөвлөгдсөн үйлдвэрлэгч нэгэн компанийг хувьчлахаа больж, бүтцийн өөрчлөлт хийхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Хятад улсад тус бүр нь цахилгааны бүх эх үүсгүүрийн 10%-ийг эзэмшдэг 5 том компаниас гадна хувиас орон нутгийн өмчлөлд шилжсэн компаниуд болон бие даасан үүсгүүрүүд цахилгааныг үйлдвэрлэдэг. Хариуцсан эрчим хүчний системийнхээ шугам сүлжээг эзэмшиж, шуурхай зохицуулалт хийдэг диспетчерийн болон сүлжээний өргөтгөлийн асуудлыг хариуцдаг төрийн өмчийн компаниуд нь “Нэг худалдан авагч”-дын үүргийг гүйцэтгэдэг. Цахилгааныг худалдах худалдан авах үнийг төрийн байгууллагууд зохицуулдаг бөгөөд цахилгаан станц бүрээр үнэ тогтоогоод тодорхойгүй урт хугацаагаар мөрдүүлдэг ажээ. Ингэснээр зардлаа багасгаж нэмэгдэл ашиг бий болгох сонирхолыг төрүүлжээ. Энэ үнийг зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн хүсэлтээр дахин хянадаг байна. Хятадын цахилгаан эрчим хүчний салбарын зах зээлийн загварын ийм харилцааны үр дүнд жил бүр цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал урьд үзэгдээгүй хэдэн арван ГегаВатт хэмжээгээр нэмэгдэж байгаа ажээ.
Харин Япон болон Франц улсууд цахилгаан эрчим хүчний салбарын босоо удирдлагатай нэгдсэн монопольт загвараа хадгалсаар байгаа ажээ. Эдгээр улсууд болон АНУ-ын ихэнх мужууд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд бие даасан үйлдвэрлэгчдийг оруулах, цахилгааны үйлдвэрлэл, дамжуулт, түгээлт, борлуулалтын шат бүрээр зардлыг салган тодорхойлох ажилагааг нэвтрүүлэх төдийгөөр өөрчлөлт оруулжээ.

ОХУ эрчим хүчний салбартаа Дэлхийн банкнаас зээл авахдаа “өрсөлдөөнт загварыг нэвтрүүл” гэсэн нөхцлийг нь хүлээн аваад хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хамруулах хүрээ болон дамжих үе шатуудаа тодорхойлоод хэрэгжүүлж эхлэсэн байна. Гэвч 2005 оны 5-р сарын 25-ны өдөр Москва, Тула, Калуга, Рязань, Смоленск мужуудыг хамарсан цахилгааны тасалдал гарч 35-220кВ хүчдэлийн 321 дэд станц хүчдэлгүй болж, олон цахилгаан станцууд бүрэн зогсож, хоног гаруй хугацаагаар олон арван сая хүн амыг хүндрэлтэй, аюултай нөхцөл байдалд оруулсанаас хойш цахилгаан эрчим хүчний салбарын өөрчлөн байгуулалтыг эсэргүүцэгчид идэвхижиж байна.

Сүүлийн жилүүдэд хөгжил нь идэвхижиж байгаа зохион байгуулалтын тухай онолд “систем гэдэг бол бүхлийг үүсгэхүйц дарааллаар байрласан, бие биенээсээ хамааралтай, хоорондоо холбогдсон хэсгүүдийн цуглуулга” гэж тодорхойлжээ. Систем нь олон хэсгүүдээс бүрдсэн байх, бүрдүүлэгч хэсгүүд ерөнхий зорилготой байх, хоорондоо холбоотой байх, бүхлийг үүсгэсэн байх, тодорхой бүтэцтэй, шаталсан удирдлагатай байх, бүрдүүлэгч хэсгүүд нь харьцангуй бие даасан байх гэсэн үндсэн шинж чанаруудтай ажээ. Техникийн бүтээгдхүүн (компьютер, цахилгаан эрчим хүчний систем г.м.), биологийн бодгаль (хүн, амьтан, шавьж г.м.), нийгмийн салбарууд дэх үйл ажиллагаа нь системийн шинж чанаруудтай байгааг хүлээн зөвшөөрчээ.
Эндээс харвал системийн шинж чанараар нь цахилгаан эрчим хүчний системийг амьтантай зүйрлүүлж болох ажээ. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний системийн бүрдүүлэгч хэсгүүдийг нь хувийн ашиг сонирхолоо системийн ерөнхий зорилгоос дээгүүр тавьдаг хэсгүүдэд хуваавал амьтны биеийг саланги хэсгүүд болгон хэрчсэнтэй адил болно гэж зүйрлүүлэх үндэслэлтэй гэсэн үг. Ингэвэл уг амьтан үхэхийн адил цахилгаан эрчим хүчний системийн технологийн ажиллагаа ч доголдож зогсох нь мэдээж ажээ. Нэг амьтны мөчүүдийг хооронд нь уралдуулж болохгүйн адил нэг системийг бүрэлдүүлэгч хэсгүүдийг хооронд нь өрсөлдүүлэх утгагүй, харин адуунуудыг нэг дор цуглуулаад уралдуулдагийн адил бүхлийг үүсгэн бие даан ажиллаж чадаж байгаа системүүдийг хооронд нь холбовол системүүд хоорондоо өрсөлдөх, туслалцах боломж бүрдэнэ. Нэгэн адууны зөвхөн хөлнүүд нь нөгөө адууны зөвхөн хөлнүүдтэй уралддаггүйн адил нэг системийн үйлдвэрлэгчийг нөгөө системийн үйлдвэрлэгчтэй өрсөлдүүлнэ гэх нь утгагүй.
Улсынхаа цахилгаан хангамжийн найдвартай байдлыг эрхэмлэнэ гэсэн нэгдмэл зорилготой хэд хэдэн эрчим хүчний системүүдийг хооронд нь үнэ, ашигаар чөлөөтэй өрсөлдүүлвэл тэдгээрийг нэгдмэл зорилгоос нь татгалзуулж, сөрөг үр дагаварт хүргэдэг болохыг АНУ-ын Калифони муж дэх хямрал нотолсон билээ.

Монгол улсын эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийж өрсөлдөөнийг нэвтрүүлэх зорилготой шинэ хуулийн төслийг хэлэлцүүлж байх явцад техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Лхагвасүрэн “Кибернетик холбоо бүхий хэсгүүдээс бүтсэн системийг салган хуваавал түүнийг мөхөлд хүргэнэ” гэсэн агуулгатай ил захидлыг энэхүү сэтгүүлийн нэгэн дугаараар дамжуулан Монгол улсын Ерөнхийлөгчид илгээсэн байдаг.


Хоёр. Монголын эрчим хүчний салбарын үүсэл хөгжлийн түүхээс.
XIX-XX зууны зааг дээр Монгол нутгаар аялсан америкийн жуулчин Джемс Лойдес гэгч “... Би сүүлийн хагас зуун жилд хол ойрын янз бүрийн орноор аялан явахдаа, эцэг дээдсийн үеэс одоо хүртэл цахилгаан гэрэл үзээгүй орон үзсэний нэг нь юуны өмнө Монгол юм. Нийслэл хот, эзэн хааны өргөөнд нь гялтайх ганц чийдэнгүй, зөвхөн өөхөн дэн асаатай байна” гэж бичсэн байжээ. Энэ бол юуны өмнө Монголчууд өөрсдийн хөгжлийн хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх эрхгүй, том гүрний цэргийн эрхтнүүдийн дарамтанд оршиж байсны үр дагавар билээ.
Ерөнхий сайд сайн ноён хаан Намнансүрэн, Гадаад явдлын яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж нар 1912-1914 онд Оросын хаант улсаас 5 сая рублийн зээл авахдаа уул хөрөнгөнд багтааж (буу зэвсэг, нүүрсний уурхайн болон хэвлэл, тоосгоны үйлдвэрийн төхөөрөмжөөс гадна) 20кВт орчим хүчин чадалтай цахилгаан станцийг авсанаар монголчууд эх орноо цахилгаанжуулах ажлаа эхэлж байжээ. Энэ үед цахилгааны мэргэжилтэй монгол хүн байгаагүй тул гадаадын иргэдийг ажиллуулдаг байжээ.
1930 оны байдлаар цахилгааны мэргэжилтэй монгол ажилчдын тоо 20 хүрч, 1957 онд Монгол улс цахилгааны анхны инженертэй болж байжээ. 1964 оноос эхлэн цахилгааны инженерүүд олноор бэлтгэгдэн ажиллах болж, цахилгаан шугам сүлжээ, системийн байгууллагуудыг олон улсын жишгээр байгуулж эхэлсэнээр Цахилгаан шугам сүлжээний газар, Эрчим хүчний борлуулалтын газар тусдаа байгуулагджээ. 1965 онд Аж үйлдвэрийн яамны харьяанд улсын цахилгаанжуулалтын нэгдсэн техникийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага болох Эрчим хүчний үйлдвэрүүдийг удирдах газарыг байгуулжээ. 1968 онд түүнийг өөрчилж Төвийн эрчим хүчний системийн захиргаа, Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамыг байгуулж эрчим хүчний салбарыг удирдан зохион байгуулах ажиллагааг хойт хөршийнхөө туршлагад тулгуурлан хэвшүүлж эхэлжээ. 1973 онд цахилгаан шугам сүлжээний техникийн ашиглалтын ажилтнууд нь цахилгаан эрчим хүчний борлуулалттай холбоотой асуудлуудад хайнга хандаж байгаагаас борлуулалтын үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байна гэж үзээд Эрчим хүчний борлуулах газрыг Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээний ба Дархан –Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газруудад хуваан нэгтгэжээ. 2001 онд Эрчим хүчний өнөөгийн хуулийн дагуу ТЭХС-ийг өөрчлөн байгуулж Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ (ТБЦДС ХК) ба оноож өгсөн нутаг дэвсгэрийн 0,4-35кВ хүчдэлийн цахилгаан сүлжээг хариуцсан “Цахилгаан түгээх сүлжээ” компаниудыг байгуулсан билээ.

Ийнхүү эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт хийхдээ түүний үйлчлэх хүрээ өргөжин тэлж байсантай уялдуулж орон нутгаар нь нэгтгэдэг байсныг больжээ.
2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн үзэл баримтлал нь 3-р буюу Бөөний худалдааны зах зээлийн загварыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин Эрчим хүчний зохицуулах газраас хэрэгжүүлэхийг хичээж байгаа харилцаа нь 2-р буюу Ганц худалдан авагчтай загварынх юм. Хэрэгжиж дуусах шахам шатандаа явж байгаа бүтцийн өөрчлөлт нь Бөөний худалдааны зах зээлийн загварынхтай төстэй байна..
Төвийн эрчим хүчний системд бүтцийн өөрчлөлт хийсэн байдлыг авч үзвэл олон улсын хэмжээнд жишиг болсон загвараас өөрөөр хэрэгжсэн нь харагддаг бөгөөд энэхүү зөрүүтэй хэрэгжилт нь тус улсын онцлогт зохицсон гэж хэлэхэд бэрх байгаа юм. Ингэж үзэхийн учир нь энэ зөрүүтэй байдлаас ашиг гарсангүй, харин ч шийдвэрлэж чадахгүй сунжирсан нэг бус маргаанууд үүсээд олон жил хэрэглэгчдийн эрх ашиг хохирсоор байгаа билээ.
Жишээлбэл, нэгдүгээрт, бусад орнуудад орон нутгийн түгээх сүлжээнд тооцогддог 110кВ хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дэд станцуудыг манай улс Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанид хуваарилсан нь цахилгаан эрчим хүчний чанарыг хангах ажиллагааг гацаанд оруулжээ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихтэй Улаанбаатар хотод цахилгааны хүчдэлийн чанарын шаардлагуудыг хангах асуудлыг хэрэглэгчид байнга тавьж байдаг. Дэлхийн банкны зээлээр өндөр өртөгтэй төслийн ажлыг хэрэгжүүлж, гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчилсэн боловч айлуудын гэрэл удаан хугацаагаар бүдгэрч улайх тохиолдлууд гардаг хэвээр байгаа билээ. Хэрэглэгчдийн шаардлагыг Түгээх сүлжээний нэгж хэсгүүд нь компанийнхаа удирдлагад албан бичгээр мэдээлээд ч тус болдоггүй. Цахилгааны сүлжээнд гэмтэл гараагүй боловч хүчдэл буурсанаас ийнхүү гэрэл бүдгэрэх, моторууд халж шатах, мөн шөнийн цагаар хүчдэл ихэсдэгээс тэр цагуудад удаан ажилласан чийдэн, электрон хэрэгслүүд шатах тохиолдлууд гарсаар байна. Үүний шалтгаан нь ТБЦДС ХК-ийнхан цахилгааны үйлдвэрлэлийг явуулахдаа заавал мөрдөх ёстой технологийн хэд хэдэн дүрмийг зөрчиж 110кВ хүчдэлийн трансформаторуудад байдаг хүчдэлийг автоматаар тохируулах төхөөрөмжүүдийг ажиллуулахгүй байгаад оршдог. Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийг байгуулж, 110кВ хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дэд станцуудыг уг компанид хариуцуулсанаар цахилгааны хүчдэлийн чанарын шаардлагууд зөрчигдсөнийг хэрэглэгчээрээ хэлүүлэхгүйгээр сүлжээнээсээ мэдээлэл авч шуурхай зохицуулах ажиллагаа бүрэн зогссон юм.
Цахилгаан эрчим хүчний чанарыг Улсын стандартын шаардлагад нийцүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар салбарын сэтгүүлээр дамжуулан асуудал дэвшүүлсэн боловч ямар ч ахиц гаралгүй олон жил өнгөрөөд байгааг тодорхой тайлбарлан ТЭХЯ-нд хүргүүлсэн боловч асуудлыг судалж байгаа дүрээр тодорхой шийдэл гаргахгүйгээр 2 жил шахам хугацааг бараад байна.
Энэ нь санамсаргүй хэрэг биш гэдэг нь Дамжуулах ба Түгээх компаниудын эрхэм зорилгуудаас харагдаж байна. Цахилгааны хүчдэлийн чанарыг шуурхай тохируулдаг хэрэгслүүдийг хариуцсан ТБЦДС ХК-ийн эрхэм зорилго - “Цахилгаан эрчим хүчийг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар тасралтгуй найдвартай дамжуулж хэрэглэгчдийг хангах”, харин тэдгээр хэрэгслүүдийг ажиллуулах горимыг тогтоодог УБЦТС ХК-ийн эрхэм зорилго - “Цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээн борлуулж, хэрэглэгчийг дээдэлсэн соёлтой үйлчилгээ үзүүлэх” гэж тодорхойлогдсон байна. Энд цахилгааны чанарыг хариуцах амлалтууд алга болжээ. Өөрөөр хэлбэл цахилгааны үйлдвэрлэлийн технологийн үе шатууд дэх чанарыг тохируулдаг хэсэг нь хариуцах эзэнгүй болжээ. Харин Эрчим хүчний тухай хуульд тусгай зөвшөөрөл авах өргөдөлдөө “үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт”-ийг хавсаргасан байх ёстойг заасан байдаг. Эрчим хүчний зохицуулах газар тусгай зөвшөөрлийн үзүүлэлтүүдийн биелэлтийг дүгнэдэг боловч үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдхүүнүүдийн чанарын үзүүлэлтийн биелэлтийг ач холбогдолгүй мэт өнгөрөөж байна гэж үзэж болохоор байна.
Хоёрдугаарт, олон улсад цахилгаан түгээх сүлжээг төрийн өмчлөлд байлгадаг бол манай улсад төрийн өмчлөлийн цахилгаан түгээх сүлжээг хувийн өмчлөлд шилжүүлж, хувийн өмчлөлийн Цахилгаан түгээх сүлжээ компаниудыг байгуулж, ашиглалтын үйл ажиллагааг нь эрхлүүлсэн. Гэтэл хувийн өмчийн цахилгаан түгээх сүлжээний өмчлөгч нарт Түгээх болон Хангах тусгай зөвшөөрөл олгох нь жинхэнэ монополь, хараат байдлыг үүсгэх таатай нөхцөл болдог байна. Ийм сөрөг үр дагаврын жишээ болгож Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын нутаг дэвсгэр дээрхи 6-35кВ хүчдэлийн цахилгаан сүлжээг хувьчилж авсан Түгээх ба Хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Нолго ХХК-ийн үйл ажиллагааг дурьдаж болно. Түүний зарим хэрэглэгч нь уг компанийн хэт өндөр тарифаас зугатааж Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаанаа авахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс шалтгаалаад Нолго ХХК шүүхээр заргалдаж УБЦТС ХК-аас гурван зуу гаруй сая төгрөгийг авсан байна. Энэхүү заргыг ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалыг Эрчим хүчний зохицуулах газраас шүүхэд гаргаж өгсөн байдаг. Одоо дараагийн жилүүдэд харгалзах төлбөрийг нэхэмжилж байгаа.
Гуравдугаарт, Олон улсад цахилгаан түгээх зөвшөөрлийг орон нутгаар нь нэг субъектэд олгож монополь эрх эдлүүлдэг байна. Гэтэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэд хэдэн субъектэд Түгээх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Одоо Нолго ХХК-ийг дампуурлаас захиргаадах аргаар аврах ажиллагаанд Төрийн өмчийн хороо нэгдээд УБЦТС ХК-ийн хариуцаж байгаа төрийн өмчөөс нэгэн хэсгийг нь өр барагдуулах хувилбараар хувийн өмчлөлд таслан өгүүлэхээр оролдлого хийж байна. Хойшид иймэрхүү байдлаар Түгээгч нарын хооронд нутаг дэвсгэр, хэрэглэгчдийг булаалдсан маргаанууд өргөжих боломжтой байгаа бөгөөд энэ нь зах зээлийн харилцаагаар бус зөвхөн Шүүх засаглалын шийдвэрээр зохицуулагдах нөхцөлтэй байна.

Эдгээрээс харахад манай улсын Эрчим хүчний тухай хууль нь бусад орны эрчим хүчний салбарын өөрчлөн байгуулалтын эцсийн зорилго болох “хэрэглэгчдэд үнэ хөлс багатай хямд цахилгаанаар хангагдах нөхцлийг бүрдүүлж, хангагчаа сонгох эрхийг олгох” үзэл баримтлалаас ухарч, чанарын шаардлага хангахгүй эрчим хүч нийлүүлэх, Түгээгч, Хангагч нь хэрэглэгчийнхээ сонголт хийх эрхийг хааж, өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэх, эрх зүйн орчинг бүрдүүлсэн “түүхий” гэж үзэж болохуйц байна.

Цахилгаан эрчим хүчний салбарын зохион байгуулалтын бүтэц, салбарын харилцаанд оролцогчдын эрх зүйн зохицуулалт нь “зохицуулалттай ердийн монопольт загвар”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдвэл оновчтой болохыг цаг хугацааны өнөөгийн төвшин дэх олон улсын туршлага, шинжлэх ухааны онолууд нотолж байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг “Тэг үлдэгдэлтэй данс”-аар баяжуулж, гадны бие даасан үүсгүүрүүд холбогдох боломж олгож, системийн бүрдүүлэгч хэсгүүдэд харьцангуй бие даасн байдлыг баталгаажуулах замаар хэрэгжүүлбэл зохино гэж үзэж байна.
Гэхдээ энэ бол яг өмнөх бүтэц гэсэн үг бас биш.
Улс төрийн уур амьсалаар татан буугдаж, дахин байгуулагдаж байдаг яаманд улсын цахилгаанжуулалтын байнгын асуудлуудыг атгуулах нь найдвартай биш юм. Иймд “Монгол улсын эрчим хүчний удирдах газар”-ыг байгуулж, Төвийн бүсийн эрчим хүчний системийн захиргааны үүргийг хавсруулан гүйцэтгүүлэх хувилбар хөгжлийн өнөөгийн шатанд хэмнэлттэй бөгөөд боломжтой байж болох юм. Өдрөөс өдөрт улам бүр үржин олширч байгаа шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн мэргэжил бүрд хүрэлцэх хүний тоогоор цөөхөн монголчууд дотор жинхэнэ мэргэжилтэн болж дадлагажсан нь ховор байдаг тул нарийн мэргэжлийн үйл ажиллагааг төвлөрсөн цэгээс хянаж явуулах нь оновчтой болохыг, тийм зориулалттай байсан бүтцийг сэргээх шаардлагатай байгааг, эрчим хүчний салбар дэх өмчлөл, үйл ажиллагааны заагууд дээр эзэнгүйдэл байгааг 2006 оны 5 дугаар сарын 16-ний өдөр Монгол улсын төвийн бүс нутаг цахилгаанаар 4цаг тасалдсан явдал илэрхийлж байгаа болохыг нотолсон санаанууд тус салбарын сайд асан техникийн шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуяг, зөвлөх инженер А.Телейхан нар нийтлэлд байгаа юм.
Энэ бүхнээс үзвэл Монголын эрчим хүчний салбарт үйл ажиллагааны зохицуулалтын шинэ эрин үе яаралтай шаардагдаж байгаа нь тодорхой байна.

Т.Минжүүр (УБЦТС ХК-ийн ажилтан, МУ-ын зөвлөх инженер)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...