English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Иргэд айдас дунд амьдрах Ц.Анандбазарт хамаагүй бололтой

Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заачихсан байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн X хороо, Алтайн X гудамж буюу шинэ замын баруун талын гэр хорооллын айлууд тэсэрч, дэлбэрэх галын аюул дунд айдастай амьдрах нь тодорхой болчихоод байна.
Учир нь гэвэл энд “Сод Монгол” групп шинээр “ШТС” барьж ашиглалтад оруулахад ойрхон болжээ. Энэхүү “ШТС” нь айлууд дунд байрласан нь гэр хорооллын айлуудад айдас төрүүлээд байгаа юм. “ШТС-ын хойд талын айлын хашаа байшин, дэлгүүр гэхэд ердөө ойрхон 10-20 метрийн зайтай байна. Эндхийн оршин суугчид өнгөрсөн зун “ШТС”-ын ажлыг эсэргүүцсэн гэнэ. Иргэдийн эсэргүүцэл, гомдлыг аль ч шатны төрийн байгууллага хүлээж аваагүй аж. Тэд энэ хорооны иргэдийг нэг мөсөн дэлбэлэх гэж байгаа юм байлгүй. Харин ч “Эсэргүүцсэн хүмүүсийг хорино” гэж сүрдүүлжээ. Үүнийг сонссон оршин суугчид өнгөрөгч долдугаар сараас хойш хэл амаа таглуулсан мэт нам жим болжээ.
Яагаад гэхээр “Сод Монгол” группын захирал ЦАнандбазар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн аж. Түүний эрх мэдэл, хөрөнгө, мөнгөний өмнө ард олон хүчин мөхөсджээ. Зарим нэг иргэдэд мөнгө атгуулж амыг нь тагласан байж ч магадгүй. Ардтүмний төлөөлөл болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн маань ард иргэдээ бодох нь битгий хэл тэдний урдаас “цэнэгтэй тэсрэгч” тавин юу ч болоогүй мэт сууж байгаа нь хачирхалтай. Ашиг олж л байвал ард түмэн, аюул гамшиг түүнд огтхон ч хамаагүй болблтой.
Уг нь эрх мэдэл, мөнгөтэй хүн юу хийх нь бусдад ямар хамаа байхав. Ёстой нөгөө “Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” маньд хамаагүй гэдэгтэй ижил зүйл. Гэхдээ хувь хүн ашиг олохын тулд ард түмний эрх ашиг, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хаан боогдуулж болохгүй л дээ. “Нэг хүний эрх чөлөө, нөгөө хүний эрх ашгаар хязгаарлагдана” гэсэн үг байдгийг эрхэм Ц.Анандбазар мэдэхийн дээдээр мэдэх ёстойсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн ЦАнандбазарын эрх мэдэл, эрх чөлөө хэтрээд байх шиг байна. Энэхүү “ШТС”-ыг “Сод Монгол”-ын охин компани болох “Алхана трейд” компани барьж, бүх ажлыг нь гүйцэтгэж байгаа аж. Олны нүднээс халхлан барьсан төмөр хашаагаа буулгаад долоо хонож байна. Нэгэнт баригдаад дууссан “ШТС”-ыг хэн ч эсэргүүцэн буулгаж чадахгүй гэсэн шиг “Сод Монгол” гэсэн хаягаа хүртэл байрлуулжээ.
“ШТС барьсан энэ газар нь Сүхбаатар дүүргийн Газрын албаныхны хэлснээр Ц.Нямсүрэн гэх иргэний нэр дээр байдаг аж. Алтайн X гудамжны 302 “А” тоот гэж бүртгэгдсэн ч 303 тоот газар юм байна. Гэтэл дүүрэг, нийслэлийн газрын албаньканд нэгэнт хувь хүний нэр дээр бүртгэлтэй газар учраас иргэн юу хийх нь хамаагүй байдаг гэж ярьж сууна. Иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл гэр бүлийн хэрэгцээний газар ямарч зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барилга байгууламж барьж болдог юм байх. Хүн олноор төвлөрсөн гэр хороолол дунд шатахуун түгээх станц барьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй хүний эрүүл мэнд, амар тайван амьдрахад сөргөөр нөлөөлж байна шүү дээ.
Муугаар бодоход “ШТС” дэлбэрч олон хүн амь насаа алдан, эд хөрөнгөөрөө хохирвол ард түмнийг төлөөлөн суугаа газрын алба, мэргэжлийн хяналтын газрын төрийн түшээдэд хамаагүй бололтой. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй л байх юмсан. Хэдэн жилийн өмнө ашиглалтын комисс хүлээн аваагүй “Алтжин” компанийн “Бөмбөгөр” худалдааны төв шатахад иргэд хэрхэн хохирсон билээ. Эцэст нь татвар төлөгч иргэдийн мөнгөөр хохирлыг төлсөн болсон. Үүн шиг ниргэсэн хойно нь хашгирахгүй байвал зүгээрсэн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газраас “Сод Монгол” группыг “ШТС” барихыг нь хориглосон дүгнэлт өнгөрсөн зун гарсан ч ажлаа зогсоохгүй л барьсан гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй тэнэмэл үг хэсүүчилж явна. Том толгойтой энэ мэт компанийн захирлыг дийлэхгүй, ард түмнийг болохоор номхон боол мэт дарлаж суудаг төрийн олон байгууллага байх хэрэг байна уу. “Сод Монгол” групп “ШТС” барьж байгаа нь бүх талаараа хууль зөрчөөд байна. Нийслэлийн Засаг даргын 05 тоот тушаалд нийслэлд нэмж “ШТС” бариулахгүй гэсэн заалт байдгийг мөрдлөг болгомоор юм.

Н.Отгонбаатар

“Нийгмийн толь”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...