English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Охидоо зэрэмдэглүүлсэн эх Д.Дашжид: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Өршөөлийн хууль чинь алуурчинд үйлчилдэг юм уу” гэж асуумаар байна
“Ээж ээ, та орой ирэхдээ гоё юм авчраарай” хэмээн үлдсэн охид орой нь бусдад хорлогдон, онц хэрцгийгээр зэрэмдэглүүлсэн аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сард Баянгол дүүрэгт гарч байлаа. Цагдаа нар хэрэгтнийг 24 цагийн дотор баривчлахад хохирогчийн танил П.Сумъяажав гэгч найз Д.Бямбадоржийн хамт шунахайн сэдэлтээр хэргийг үйлдсэн байв.

Тэд мөрдөн байцаалтад “О.Отгонхүү ахынхаас мөнгө хулгайлна гэж есөн сарын туршид бодож ирсэн. Ингээд тусгай төлөвлөгөө гаргасны дагуу “Нарантуул” захаас нүүр таглах баг, наадаг тууз, хутга зэрэг багаж цуглуулаад гэрийнх нь орцонд орж отсон. Дөрвөн цаг отоод, том хүн байхгүйг мэдмэгцээ гэрт орж, охидын хоолойг боомилон, хутгалсан...” гэжээ. Хэрэгтнүүд гэрээс нь 11 сая төгрөг хулгайлахын тулд хүүхдүүдийг боомилон хутгалж, таван настай охиныг бүрэлгэж, 13 настай эгчид нь хүнд гэмтэл учруулсан юм.

Таван настай охин нь шархаа даалгүй хорвоог орхисон бол эгч нь эмч нарын буянаар аврагдсан ч өнөөдөр бие болоод сэтгэлийн шарх нь эдгээгүй байна. Хэрэгтнүүдэд Баянгол дүүргийн шүүхээс 15 жилийн онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл ногдуулсан. Харин Нийслэлийн шүүхээс “П.Сумъяажав, Д.Бямбадорж нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан учраас Өршөөлийн хуульд хамрагдах заалттай” хэмээн тэднийг суллах шийдвэр гаргажээ.

Шийдвэрийн дагуу хэрэгтнүүд суллагдаад байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн “Алгын чинээ охины минь амийг алуурчдын эрх чөлөөнөөс дор үзэж байгаад итгэж чадахгүй байна” хэмээн уйлан ярьж байна. Хохирогчийн ээж Д.Дашжидтэй ярилцлаа. Түүний урсах нулимс, учирлах үгс одоог хүртэл дуусаагүй байна.

-Охидыг тань зэрэмдэглэж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэгтнүүд Өршөөлийн хуулиар өнгөрсөн долоо хоногт суллагдсан. Энэ бүхнийг хүлээж авахад таньд маш хэцүү байгаа байх?
-Бид яахаа ч мэдэхгүй, гүн цочролд орчихоод байна. Миний охидыг зэрэмдэглэсэн алуурчдад анхан шатны шүүхээс онцгой дэглэмтэй хорих ангид 15 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс алуурчдад шийтгэл ногдуулах нь байтугай Өршөөлийн хуульд хамруулан суллачихлаа шүү дээ. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, давж заалдаагүй. Алуурчид ч гэсэн “Өршөөлийн хуульд хамруулаач” гэж давж заалдаагүй.

Тэд гэм буруугаа ойлгож байгаа учраас “Хорих дэглэмийг бууруулж, ногдуулсан ялыг багасгаж өгөөч” гэж хүссэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн Б.Батцэрэн нарын шүүгч ялыг нь бууруулах байтугай эрх чөлөө олгож шагналаа шүү дээ. Бид ойлгохгүй байна. Өнгөрсөн зун хэрэг нийслэлийн шүүхэд ирж байсан л даа. Тухайн үед Б.Сарантуяа шүүгч хэрэгт хяналт тавьж байсан Ц.Сэлэнгэ прокурорыг загнаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгтнүүдийг нэгийг нь Өршөөлийн хуульд хамруулж, нөгөөд нь ял ногдуулсан байсан. Энэ шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй, хоёуланг нь өршөөх ёстой гэсэн эсэргүүцэл бичсэн байсан гэсэн үг. Үүнийг нь Б.Сарантуяа шүүгч уншаад “Энэ хэрэг хэзээ ч Өршөөлийн хуульд хамрахгүй. Дээд шүүхийн тайлбарыг унш. “Та өөрөө яллах тал байх мөртлөө эсэргүүцэл бичиж болохгүй” гээд загнаж байсан юмдаг. Гэтэл бодит байдал дээр алуурчны талд шийдвэр гарчихлаа.

-Анхан шатны болон давж заалдах шатны шүүх ялгамжтай ял ногдуулсанд хохирогчийн зүгээс эргэлзээ, хардлага тээж л яваа байх. Гэхдээ энэ нь Өршөөлийн хуулийн бас нэгэн цоорхой шүү дээ?
-Анх давж заалдах шатны шүүгч нар Өршөөлийн хуульд хамрагдахгүй хэрэг гэж хэлчихээд өнөөдөр ямар ч тайлбаргүйгээр хамруулсанд бид цочирдсон. Аав маань шүүх хуралд ганцаараа орсон л доо. Шүүх хурал дээр талийгаач зээгийнхээ зургийг үзүүлэхэд шүүгч нар “Жүжиг тавихгүй шүү. Зураг үзүүлж шүүгч нарын уур амьсгалыг битгий эвдэх гээд бай” гэж загнасан гэнэ лээ. Энд ямар ч жүжиг байхгүй. Бид хохирогч гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Нэг хүний амь нас гэж л ярьж байгаа болохоос биш өнөөдөр хоёр хүний амь нас байхгүй юу. Том охин маань сайн эмч нарын ач буян, аав нь цаг алдалгүй ирсний хүчээр амьд үлдэж чадсан. Түүнээс биш үхлүүт бие аавдаа хаалга тайлсан шүү дээ. Нөхөр бид хоёр амьд үлдсэн нэг охиноо торойтол хараад сууж байна. Шүүгч нар өөрсдөө үр хүүхэдтэй байлгүй. Гэтэл хоёрын хоёр хүнийг зэрэмдэглэсэн алуурчдыг Өршөөлийн хуульд хамруулна гэж жишим ч үгүй хэлсэнд үнэхээр их гомдолтой байна.

-Бодит байдал дээр Өршөөлийн хуульд хамрагдах байтугай 15 жилийн хорих ял чамлалттай. Насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр ингэж өршөөгдөж байгаа болохоос биш үйлдсэн гэмт хэрэг нь цаазаар авах ялын заалттай хэрэг гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-18 насанд хүрсэн хүүхдүүд юу хийж байгаагаа мэдэх ёстой. Юуг хийж болох, болохгүйг хар, цагаанаар дүрслэх чадвартай болсон байдаг үе. Гэтэл шунахайн сэдэлтээр нэг охиныг минь онц хэрцгийгээр хөнөөж, нөгөөг нь зэрэмдэглэсэн шүү дээ. Санаатай ба санамсаргүй хүний амь нас хөнөөх гэж бий. Машин засч байгаад нэг нь дарагдаад амь насаа алдсан бол нөгөөхийг нь Өршөөлийн хуульд хамруулж болно. Яагаад гэхээр тэр хүнд хөнөөх ямар ч сэдэл байгаагүй, санамсаргүй явдал байсан. Гэтэл есөн сарын өмнөөс эхлэн мөнгө хулгайлах бодол тээж яваад хэргээ гүйцэлдүүлсэн хэрэгтнүүдийг төр өршөөсөн гэхээр санаанд багтахгүй байна. Тэд охидыг минь ална хэмээн гаднаас хутга зэвсэг баг өмсгөл, оосор бэлдээд орж ирсэн алуурчид шүү дээ.

-Магадгүй таньд тэр өдөр гэртээ байхгүй яавдаа гэсэн харуусал нуугдаж явдаг байх?
-Хэргийн талаар ярихад хэцүү байна. Тэр хэрэг орой 18.00 цагт болсон. Харин би өдөр 14.00 цагийн үед гэртээ ороод гарсан юм. Найз бүсгүй маань “Улаан-Үүд явах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би гэрээс мөнгө авах гээд ирж таарсан. Намайг гэр рүү ороход алуурчид орцонд зогсч байсан юм билээ. Тэгээд намайг хальт харуутаа дээшээ зугатчихсан гэсэн. Би тэднийг хараагүй. Гэрээс мөнгө авчхаад хоёр охиноо хальтхан үнсчихээд гарсан. Тэд маань “Ээж ээ, та орой ирэхдээ гоё юм авчраарай” гээд л үлдсэн юм шүү дээ. Эвий дээ, миний охин. Тэр үед ханатлаа үнсэхгүй яав даа. Тэд маань ямар хөөрхөн гээч. Ёстой хөөрхөн. Нөхөр бид хоёр тэднийхээ төлөө “Нарантуул” зах дээр халуун, хүйтэнгүй зогсч ирсэн улс шүү дээ. Намайг гэрээс яваад дөрвөн цагийн дараа ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн байсан.

Алгын чинээ охиныг минь ямар зэрлэг, балмадаар хөнөөсөн байсан гэж санана. Бодохоос ч аймаар. Тэд охидыг минь зэрэмдэглэлгүйгээр ам, хамрыг нь скочдоод угаалгынх нь өрөө руу шидчихгүй яав даа. Хэрэв тэгсэн бол бид хулгайд алдсан 10 сая төгрөгийн төлөө гэж явах ч үгүй. Гэтэл хүний амь насыг бүрэлгэчихээд төрөөс өршөөл эрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би ойлгохгүй байна. /уйлав/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Өршөөлийн хууль чинь алуурчинд үйлчилдэг хууль юм уу” гэж асуумаар байна. Урьдаас үгсэн тохиролцож, бага насны хүүхдийг харах хүнгүй, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хөнөөсөн алуурчдыг Өршөөлийн хуульд хамруулах ёстой юм уу. Энэ тэгээд шударга ёс уу.

-Та бүхнээс хэрэгтнүүдийн ар гэрийнхэн уучлалт эрсэн болов уу?
-Үгүй ээ. Д.Бямбадоржийн ар гэрийнхэн охины минь эмчилгээд 500 мянган төгрөг өгсөн. Харин П.Сумъяажавын ар гэрийнхэн уучлалт эрэх нь бүү хэл төрөөс өршөөл эрээд явж байна. Би анхан шатны шүүх хурлын үеэр “Та хоёр ядаж уучлаарай гээд хэлчихгүй яав даа” гэхэд гэнэт санасан юм байлгүй “Уучлаарай” гэж хэлж байна лээ. Тэр хүний ёс уу. Нөхөрт маань энэ бүхэн надаас илүү хүнд туссан байх. Хамгийн анх гэрт орсон, өөдөөс нь “Аав аа” гээд гүйж ирэх охин нь цусанд будагдчихсан, амь тавин уйлж байхыг харсан эцэгт ямар хүнд тусах нь ойлгомжтой. Нөхрийн минь санаанаас тэр аймшигт дүр зураг хэзээ ч арилахгүй. Одоо манайх ханандаа нэг ч зураг хадаахаа больсон. Хүүхдийнхээ зургийг харахаар цусаар будагдсан байсан тэр аймшигт үе санагдаад хэцүү байдаг учраас тэр. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө буудаад хөнөөчихмөөр сэтгэлийн дарамтыг арай гэж давж байхад алуурчныг уучлахыг сонсоод суух бэрх байна. Үнэхээр хэцүү. Алуурчид гудамжинд бохь зажилж, шүлсээ хаяад явж байна. Монголын нийгэм тэр хоёр алуурчнаар дутахгүй баймаар юм даа. Аргаа барахад алуурчдыг бид өөрсдөө ч хөнөөж чадах хэмжээний сэтгэлийн шарх бий шүү гэдгийг төр, засгийн удирдлагуудад хэлмээр байна.

-Том охиноо амьд авч үлдэхийн тулд Солонгос руу хоёр удаа эмчилгээнд явсан гэсэн. Одоо охины бие гайгүй юу?
-Солонгос явж гоо сайхны мэс засал хийлгэсэн. Хүзүүн дэх сорвийг нь арилгасан юм. Миний охины хоолойг 16 см урт огтолж, улмаар тархинд нь цус харвалт үүссэн болохоор нүдний торлог бүрхэвч нь гэмтэж, нүдэнд нь цус хуралт үүссэн. Хожим хойно их, бага хэмжээгээр гэмтэж, бэртвэл нүдний гэмтэл сэргэж, хараагүй болох аюултай гэсэн. Ийм болохоор үлдсэн ганц охиноо нүдний цөцгий шигээ хайрлаж явахаас даа. Хүний биеийн шарх эдгэдэг бол сэтгэлийн шарх эдгэдэггүй юм байна. Би охиноо өглөө сургуульд нь хүргэж өгч, оройд авдаг. Наймдугаар ангийн хүүхдийг тосч авдаг эцэг, эх байхгүй л байх. Энэ дашрамд, охины маань сургуулийн захирал, ангийн багш, ангийнх нь хүүхдүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд охины маань сэтгэлийн шархыг эдгээхэд тус нэмэр болж байгаа юм шүү дээ. Нөгөө талаас охиндоо мэргэжлийн эмчээр сэтгэл заслын курс эмчилгээ хийлгэж байгаа болохоор харьцангуй сайжирч байна. Гэхдээ л хүний сэтгэл дэх айдас түгшүүр арилахдаа удаан юм.

-Хэрэгтэн П.Сумъяажавыг таньдаг байсан гэдэг шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юү?
-Би хэрэгтний талаар ярихаас ч айж байна. Ямар ч байсан хүний мөнгөнд шунахааргүй бэлтэй айлын хүүхэд. Хоёр давхар объект, 15 түрээслэгчээс мөнгө аваад амьдардаг айлын хүүхэд. Тийм айл хүүхдээ яаж хүмүүжүүлсэн байна вэ. Мөнгөөр хэмжигдэшгүй алтан амийг хөнөөчихөөд уучлаарай гэдэг үг ч хэлж чадахгүй байгаад харамсч байна. Машинд нь мөргүүлсөн хүнд жолооч Гэмтлийн эмнэлэг дээр очоод компьютерийн зурагных нь мөнгийг хүртэл өгдөг. Гэтэл тэд бидэнд эмчилгээний зардал байтугай оршуулгын ч мөнгө өгөөгүй улс. Эцсийн дүндээ Дээд шүүхийн шийдвэр үнэн мөнийг олно гэж найдаж байна.

-Дээд шатны шүүхэд эцсийн найдлага тээж яваа гэлээ. Хэрэв Өршөөлийн хуульд хамрагдах хэрэг байна гээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталвал яах вэ?
-Дээд шүүх иргэнийхээ зовлонг ойлгодог бол хуулийн дагуу ажиллах ёстой. Арай ч алгын чинээ охидыг минь зэрэмдэглэсэн алуурчдад баяр хүргэж, суллах шийдвэр гаргахгүй байлгүй дээ. Үнэнийг тогтоож чадна гэж найдаж байна. Хэрэв найдвар тасарвал яахаа ч мэдэхгүй байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлт гаргасан ч тэр хүлээж авахаас татгалзсан. Тэр хүний санаачилсан хууль нь миний охиныг хөнөөсөн алуурчдад хүн хөнөөх итгэл өгч, улам өөгшүүлж байна гэж би дүгнэж байгаа. Ард түмнээ сонсдог шударга Ерөнхийлөгч л гээд байдаг. Гэтэл иргэн намайг үл ойшоож, охины минь амийг алуурчны эрх чөлөөнөөс дор үзэж байна. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаачилсан хуулиа эргэж харах боломж байгаа бол миний охидын хэрэгт анхаарал хандуулж, гэм буруутнуудад зохих ялыг нь өгөөсэй гэж хүсч байна. Охиноо алдсан бид алуурчдыг эрх чөлөөтэй явахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэл, хөлөө хүрэх газарт хүртлээ тэмцэнэ.

“Өршөөлийн хуулийн дагуу өршөөсөн” Хэрэгтнүүдийг Өршөөлийн хуульд хамруулан сулласан шийдвэр шударга эсэхийг Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс тодруулахад “П.Сумъяажав, Д.Бямбадорж нар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдсан. Өршөөлийн хуульд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бүгдийг өршөөн, уучлах тухай заасан учраас яах аргагүй хамаарч байгаа юм. Түүнээс биш үйлдсэн гэм буруу нь нотлогдсон. Ер нь цаашид Өршөөлийн хуулийг санаачлан батлахдаа бүх талыг нь анхаарах ёстой юм” гэв.

Д.Болормаа

ZUUNII MEDEE

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...