English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Иргэдийн үлдээсэн сэтгэгдэл гүтгэлэг мөн эсэхийг хууль, шүүх бус Засгийн Газрын ажилтнууд тогтоохоор журамд заажээ
Монгол улсын Засгийн Газар, Сү.Батболд  шууд заавар өгсний дагуу Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГЭЭР ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ” гэгч интернэт хэрэглэгч олон нийтийн дунд  сүүлийн үед ихэд маргаан дэгдээгээд  буй билээ.
Маргааныг  ажиглаж байхад олон нийт сэтгэгдэл гэгч, түүнээс үүсэх сөрөг нөлөө гэсэн ерөнхий зүйлийн талаар л талцаж, мэтгэлцэж буйгаас биш энэхүү журмын процедуртай холбоотой хууль зөрчсөн заалтуудын талаар ярихгүй байгаа нь харамсалтай.
Иймээс Засгийн Газар  иргэдийг “ шударга, ариун,  цэвэр сайхан сэтгэгдэл бичүүлэхийн тулд” хэрхэн хууль зөрчиж буй тухай асуудлыг хөндөе.
Батлагдсан түр журам гэгчид “контент”  хэмээх ойлголтыг  дараахь байдлаар заажээ.
2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:
* Цахим шуудан, балк болон спам захидал
* Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)


Тэгэхээр интернэтээр дамжиж буй та бидний и-мэйл  утасны яриа зэргээс бусад бүх зүйлийг / үүнд мэдээ, мэдээлэл болон блог дээрх нийтлэлийг хүртэл / ХХЗХорооны ажилтан  өөрийн үзэмжээр  хянах аж.
Хэрэв тэрээр өөрт таалагдахгүй гэж үзвэл 1 цагийн дотор устгуулах эсвэл 4 цагийн дотор сайтын серверийг зогсоох,  домэйн нэрийг хаах зэргээр  тухайн сайтын үйл ажиллагааг зогсоох эрх үүсч байгааг дараахь заалтаас харж болно.


6.5 Зохицуулах хороо тухайн контентийг уг журмын 3-д заасан хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
А. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх
6.6 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернет үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
6.7 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна.
А. үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх


Өөрөөр хэлбэл А  сайт дээр “Ерөнхий сайд Сү.Батболд “Бороо гоулд” компаниас өөрийн эзэмшлийн “Алтай Холдинг” компаниар дамжуулан тодорхой хувь эзэмшдэг бөгөөд “Бороо гоулд” нь 50 тн алтыг ямар ч татваргүйгээр Монгол улсаас авч гарсан” гэсэн мэдээ  юм уу? сэтгэгдэл гарлаа гэж үзэхэд Ерөнхий сайдаас шууд томилогддог Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Дарга  Б.Болдбаатарын хэн нэгэн ажилтан уг мэдээг гүтгэлэг,  доромжлол хэмээн үзэж  тухайн  сайтын үйл ажиллагааг хааж, сэтгэгдэл бичсэн иргэнийг шийтгэж  болохоор нөхцөл байдал үүсээд байна.

Хүн гүтгэсэн болон доромжилсон эсэхийг  Монгол Улсын шүүх тогтоодог  учиртай.  Гэтэл энэхүү түр журам гэгчид зааснаар бол Ерөнхий сайдын томилдог ажилтан  өөрийн үзэмжээр тогтоож, тухайн сайтад бодох хугацаа өглөө гээд дарамтлах боломжтой болсон байх юм.

Энэхүү “зөрчлөө”  арилгаагүй бол уг сайт  бүрмөсөн хаагдах бөгөөд , “зөрчлөө арилгадаг” , дарга нарын заавраар сэтгэгдэл устгадаг, Ерөнхий сайдад таатай ханддаг  сайтууд л  үйл ажиллагаа явуулах боломжтой болж буй гэхэд хилсдэхгүй болжээ.

Монгол улсын түүхэнд өмнө нь Сталины заавраар байгуулагдсан Онцгой Эрхэт Комисс гэгч л хуулиас давсан эрх эдэлж, хүний гэм буруутай эсэхийг тогтоож байсан нь бий.
Юутай ч Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нэг цагийн хугацаатай  л үйлчилдэг болох цаг ирсэн байна.

М.Тулга

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...