English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Оны онцлох ”мода”-нд орсон тэмцлийн хурц хэлбэрүүд
Манай улсад тэмцлийн хурц хэлбэрүүдээс хамгийн түгээмэл нь өлсгөлөн зарлах байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад өлсгөлөн зарлалт моданаас гарч олон түмний анхаарлыг татсан тэмцлийн маш олон хэлбэрүүд мэндэлсэн байна.

Унталт
2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатаргүй талбайд унталт нэртэй арга хэмжээ болсон. Ардчилсан намын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхгүй болж, улс орны хөгжил, шинэчлэлийг урагшлуулах манлайлах чадваргүй болсон гэж үзсэн гишүүд дэмжигчид нь “Ардчилсан намыг сэрээх” зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулсан юм. Унтаа байдлыг үзүүлэхдээ Сүхбаатарын хөшөө байсан хуучин буурины  зүүн талд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоогоор 228 сандал эгнүүлэн байрлуулсан юм. Үүгээрээ Ардчилсан намын удирдлага болоод Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд намаа шинэчлэх үйл ажиллагааг хийхгүй, унтаа байдалд байгаа гэдгийг харуулсан тус арга хэмжээ олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан тэмцлийн цоо шинэ хэлбэр байлаа.

Гацалт
Энэ оны долдугаар сарын нэгний өдөр Гацалт нэртэй тэмцлийн цоо шинэ хэлбэр Сүхбаатарын талбайд болсон. Тус арга хэмжээг хоёр жилийн өмнө болсон жагсаалын үеэр  амиа алдсан таван залуугийн дурсгалд зориулан “Ядаж уучлалт гуйгаач” нэртэйгээр хэсэг залуус зохион байгуулсан юм.

Тус гацалт 13.40 цагт эхлээд таван минут үргэлжилсэн юм. Учир нь хоёр жилийн өмнө 01.40 цагт эхний залуу буудуулан амиа алдсан, мөн таван хүний амь нас эрсэдсэн тул таван минутын хугацааг зарцуулжээ.  Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, дуучин ВХ, Куйза зэрэг хүмүүс оролцсон юм. Олон улсад хийгддэг тус тэмцлийн хэлбэр Монголд анх удаа ийнхүү зохион байгуулагдсан юм.

Үсээ хусах
Энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Майцэцэг сэтгүүлчдийн өмнө үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Учир нь түүний хүү Ж.Очбадрах, Ж.Очмандах нар Ө.Хэрлэнчимэг гэгчтэй бүлэглэн 15 настай охиныг боож алсан гэх хэрэгт сэжиглэгдээд хохирч буй тул олон нийтийн анхаарлыг татахын тулд дээрх үйлдлийг хийхэд хүрсэн гэнэ. Тэрбээр “Хэрэв цаашид ч мөрдөн байцаагчид нэг талыг баримталж, хүүхдүүдийг минь хэлс хэрэгт гүтгэсээр байвал нэг хуруугаа таслана. Бүр цаашлаад зулын гол болоход ч бэлэн байна гэсэн юм.

Эд зүйлсээ шатаана гэв
2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Ньюс мэдээллийн төвд иргэн Ц.Гончиг хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр хэрвээ хууль хяналтын байгууллагууд миний охиыг хөнөөсөн алуурчдыг шүүхийн өмнө шударгаар шийтгэхгүй удаашраад байх аваас миний бие ЦЕГ-ын дэргэд өөрийн гэх эд зүйлсээ шатаах болно. Түүнчлэн өөрийн орон гэр, төрөөс олгосон одон медалийг ч шатаах болно хэмээн мэдэгдсэн юм. Хоёр жил хагасын өмнө түүний 15 настай охин Б-г Ө.Хэрлэнчимэг гэгч бусадтай бүлэглэн санаатайгаар амь насыг нь хөнөөсөн атлаа одоог болтол шийтгэл хүлээгээгүй байгаа аж. Ц.Гончиг хэлэхдээ: Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэгт би итгэдэг. Гэвч миний охиныг хөнөөсөн хэрэгтэнг 24 цагийн дотор нотлох баримттай нь баривчилсан атлаа одоог болтол шийтгэхгүй байгаад харамсаж байна. Тус хэргийг илрүүлэх ёстой байсан цагдаагийн ажилтан дэд хурандаа Соёлмаа нь Ө.Хэрлэнчимэгтэй удаа дараа уулзаж хэргийн ул мөрийг баллах, цаг хожиж цагаатгах талаар улайран ажиллаж байсан нь нотлогдсон. Мөн Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгч нь шүүх хурлын товыг мэдээгүй, эрүүл мэндийн хувьд муу байна гэхчилэн удаа дараа шүүх хуралд ирэхгүй хойшлуулж байгаад харамсаж байна хэмээн мэдэгдсэн юм.

Мөлхөлт
2010 оны зургадугаар сарын тавны өдөр Сүхбаатарын талбайд хараагүй иргэд мөлхөө жагсаал хийсэн юм. Учир нь Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс гадуурхаж, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн гэж үзсэн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Монголын дүлийн иргэдийн үндэсний холбоо, Монголын тахир дутуу иргэдийн холбоод жагссан юм. Хараагүй иргэд гартаа тохойвч, өвдгөндөө өвдгөвч углан бие биенээ гинжээр оосорлон Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүртэл мөлхсөн бөгөөд тэдний араас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд лоозонгоо барьсаар алхсан юм. Үзсэн хүний элгийг эмтлэм тус жагсаал төрийн түшээдэд маш хүчтэй нөлөөлж, тун удалгүй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй  зорчих эрхээ баталгаажуулсан юм.

Лааз өшиглөв
Өнгөрсөн 11 дүгээр сарын тавны өдөр Бороо Гоулд компани Монголд явуулж буй үйл ажиллагаа зогсоож буйтайгаа холбогдуулан 250 ажилтнаа цомхотгосон. Хэрвээ тус компанид Гачууртын төслийн ажлыг өгчих юм бол  55 хүнийг эргүүлэн ажилд авах  боломжтой болох аж. Гэвч засгийн газар тус төслийг Бороо Гоулд компанид өгөөгүй юм. Үүнд эгдүүцсэн “Бороо Гоулд” компанийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч Д.Цэенхүү Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Д.Зоригтын гэрийн гадаа очиж лааз өшиглөж эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан юм. Ажилгүй боллоо гэдгээ иймэрхүү аргаар илэрхийлсэн тохиолдол Монгол улсад урьд өмнө гарч байгаагүй юм.
С.Будрагчаа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...