English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийтийн тээврийн компаниудын 70 хувь нь ээлжийн жолоочгүй
Монголын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн тулгамдсан олон асуудлын нэг нь зам тээврийн нөхцөл байдал. Замын түгжрэл, эвдрэл, осол аваар, нийтийн тээврийн үйлчилгээ гэхчилэн хоорондоо уялдаа холбоотой олон сэдвийг ”Монголын үнэн” энэ удаагийнхаа дугуй ширээний ярилцлагаараа хөндөж, холбогдох албаны хүмүүсийн хамт гарах гарцыг илэрхийллээ.
Дугуй ширээний ярилцлагад Замын цагдаагийн газрын дэд дарга,  цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, ОНХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, Автотээврийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн тасгийн дарга М.Санжаа, Автозамын газрын мэргэжилтэн А.Оюунчимэг, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтнй ҮЭХ-ны дарга, С.Эрдэнэбат, “Монголын аюулгүй автозам” төрийн бус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Лхагвадорж нар оролдцлоо.
 Бидний  урилгыг хүлээн авч, манай редакцид хүрэлцэн ирсэнд баярласнаа илэрхийлье. Улаанбаатар хотын оршин суугчид хүссэн хүсээгүй өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн зам тээврийн нөхцөл хүмүүст илэрхий ойлгомжтйо ч энэ талаарх албаны хүмүүсийн үгийг  эхлээд сонсъё.
Ч. Жаргалсайхан
-Автомашины тоо жилээс жилд өсч байгаа,  Жилд дунджаар 40 мянгаар нэмэгддэг үзүүлэлттэй байсан бол автомашины тоо энэ жил 60 мянгаар нэмэгдлээ. Үүнтэй холбоотой зам тээврийн нөхцөл хүндэрч байна.  Ер нь ганц  Монгол ч биш,  дэлхий дахинд эл асуудал анхаарал татах хэмжээнд хүрсэн. Улс орнуудын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд нарын хурал өнгөрсөн онд Москвад болсон. Энэ оны дөрөвдүгээр сард НҮБ тогтоол гаргаж, 2011-2020 оныг  “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил”-ээр зарлалаа. Зам тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр даацтай ажил хийж, ослоос үүдсэн нас баралтыг 50 хувь бууруулъя гэдэг зорилт тавьсан.   2011 он энэ ажлын  гарааны жил. Улс орнууд нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд, тодорхой арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, Вьетнам үүнд  50 сая ам.долларын хөрөнгө оруулахаа  зарласан. Манай улсын хувьд энэ онд таван удаа онол практикийн бага хурал зохион байгуулан, дүгнэлт хийж, зөвлөмжүүд  гаргасан. Цаашид  хэрхэхээ  ч ярилцлаа. Монгол Улс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ амь насыг хамгаалахад анхаарах цаг хэдийнэ болсон. Засгийн газар тунхаглалын шинжтэй бичиг баримт гаргадаг байх биш,  дэргэдээ энэ асуудлыг хариуцсан алба байгуулах ёстой. Зам дээр цагдаа зогсоочихоод хөдөл¬гөөний аюулгүй байдлаа хангачихлаа гэвэл олны доог болно. Ерөөс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хамтын ажиллагааны үр дүн чухал. Зөвхөн замын цагдаа албадлагын арга хэмжээ аваад л болдог гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг удирдлага, нэг толгой шаардлагатай. Манай улсын  хөдөлгөөний аюулгүй байдал  гамшгийн хэмжээнд хүрснийг ойлгох цаг болсон.   Манайд 100 мянган  тээврийн хэрэгсэлд ногдох зам тээврийн ослын нас баралт 22 хүн байна. Ихэнх  улсад 7-8 байдагтай харьцуу¬лахад үүнийг хэвийн   гэж хандаж болохгүй нь харагдаж байна.  Хөгжилтэй оронд нэг хүн нэг машинтай. Тэгсэн атлаа түгжрэл бага, осол аваар цөөн гардаг. Харин Монголд арван хүнд нэг машин ногддог хэрнээ осол, нас баралт, түгжрэл асар их байна. Бид өнөөдөр л энэ бүхнийг цэгцэлж, төрийн бодлогоо  тодорхой гаргахгүй бол урхаг, хохирол аймшигтай байх нь гарцаагүй.
М.Санжаа:
-Зам, тээврийн нөхцөл байдал үнэхээр тулгамдсан, чухал сэдэв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай улс нэгдсэн бодлоготой байх ёстой. Хоёр, гурван байгууллага ажиллаад, яриад үр дүн багатай. Засгийн газрын тогтоолоор тээврийн хэрэгслийн бүртгэлийг Замын цагдаагийн газраас  Автотээврийн газарт шил¬жүүлсэн. Үүнээс хойш 126 мянган автомашин бүртгээд байна. Эдгээрийн 45 мянга нь Монголд шинээр орж ирсэн, 32 мянга нь хөдөө орон нутагт шилжсэн  байна.  Мөн 48 мянга нь эргээд  орон нутгаас нийслэлийн дүүргүүдэд шилжин иржээ.    Импортоор  45 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн гэхлээр    парк шинэчлэл харьцангуй сайн хийгдэж байна гэж хэлж болох юм. Гэвч сүүлийн үед үйлд¬вэрлэгдсэн автомашин тун цөөхөн орж ирдэг.   Ихэнхдээ есөн жилийн өмнө үйлдвэрлэсэн машин орж ирдэг. Бүртгэлээс харахад сүүлийн үеийн загварын машиныг хуучин, бусдыг нь голдуу  шинэ жолооч жолоодож байна. Энэ нь магадгүй аваар осолд нөлөөлдөг байж мэднэ.
Сая аудитын шалгалтаар 170-аад мянган машин бүрт¬гэгдээгүй байна гэсэн тоо гарсан. Тиймээс Монголд  тээврийн хэрэгсэл  яг хэд байна вэ, тэдгээрийн хэд нь “амьд” тээврийн хэрэгсэл юм бэ гэдэг тоог хамтарч гаргах ёстой. Үүний дараа хөдөлгөөний саатлыг багасгах талаар ярьж болно. Өөр нэг асуудал нь 262 мянган машин оношлогоонд орсон гэсэн мэдээ бий. Тэр бүх автомашин бүрэн бүтэн байсан уу гэдэг бас л асуудал. Бүрэн биш тээврийн хэрэгсэл осол гаргах нь их байдаг.
С.Эрдэнэбат:
-Зам, тээврийн асуудал хүнтэй  шууд холбоотой. Сүүлийн үед замаа засна, техникээ шинэчилнэ гэж ярьдаг болж. Харин хүнээ мартсан. Өнгөрсөн онд  гэхэд л  Засгийн газар нийтийн тээврийн паркийг шинэчилж 400 автобус  оруулж ирэхэд жолооч нь бэлэн биш байсан. Мэргэшээгүй, дүрмийн мэдлэг тааруу жолооч нар автобус  барьдаг болсноос осол аваар ихсэх нэг шалтгаан болж байна.  Нөгөө талаар нийтийн тээврээр зорчих  үнийг арав гаруй жил барьснаас салбар биеэ дааж дэлхийн жишигт хүрч хөгжих  боломж, техникийн бүрэн бүтэн байдал, ээлжийн жолоочийн асуудал бүр мөсөн  хаягдсан. Зөвхөн маргааш явах шатахуун, жолооч байна уу гэдгийг л бодохоос илүү зүйлд анхаарах боломж алга.    Нэг зорчигч тээвэрлэх зардал энэ оны эхний зургаан сарын байдлаар 360 төгрөг байсан. Тэгвэл цахилгаан, дулааны үнэ өссөнөөс болоод энэ зардал   400 төгрөгт хүрлээ. Нийтийн тээврийнхэн зорчигч тус бүрээс 100 төгрөгийн алдагдал хүлээж байна. Өнгөрсөн зун бид Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтраад хоёр сарын хугацаанд бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан. Гэтэл 70 хувь нь ээлжийн жолоочгүй байна. Жолооч нь өглөө 07.00 цагт гараад 22.00 хүртэл ажилладаг. Маргааш өглөө нь дахиад л гарна. Сүүлд гарсан хоёр ч ослын шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж үзэхэд    нэг жолооч нь долоо, нөгөөх нь 14 хоног ээлжгүй явсан байсан. Эзэнд   жолооч ядрах, эсэх хамаагүй,    яв л гэдэг. Осол гаргалаа гэхэд эцсийн хариуцлагыг жолооч хүлээдэг. Тиймээс  эзэд  буюу ажил олгогч давхар хариуцлага хүлээдэг хууль эрх зүйн орчин бий болгох шаардлагатай юм. Хэрэв нийтийн тээвэр өнөө, маргаашаа аргацаасан хэвээр байвал   аваар осол буурахгүй.  Олон улсын жишигт ихэнх  оронд  нийтийн тээврийн үнийг төр барьдаг юм билээ.  Хамгийн ядуу хүн автобусанд суусан ч тэр  ачааллыг даах ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Гэхдээ Засгийн газар нь татаас олгох  юм уу, эсвэл нийтийн тээврийн компани нь өөр ашигтай бизнес эрхэлж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг байх жишээтэй.
А.Оюунчимэг:
-Нийслэлийн хэмжээнд 350 км автозам бий. Анх автозамаа  500 мянган хүн амын ачаалал, даацыг тооцож барьсан байдаг. Харин өнөөдөр Улаанбаатарын хүн амын тоо нэг  сая гаруй  болсон. Хотын зам ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэсэн үг. Нийслэл баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Энэ дагуу Энхтайваны өргөн чөлөө гол зам. Гэвч энэ зам ачааллаа даахгүй байгаа учраас бид хойд тэнхлэгийн болон урд тэнхлэгийн гол замыг мастер төлөвлөгөөнд зааж өгсөн. Тодруулбал, Улаанбаатарын хэмжээнд 200 км зам  шинээр нэмж барих шаардлагатай. Төлөвлөгөөнд туссанаар  2010-2016 оны хооронд шинэ замыг барина. Эхний ээлжинд 2010-1012 онд 100 км шинэ зам барихын зэрэгцээ хуучин замаас 150 км-ийг өргөтгөж шинэчлэх юм. Энэ  жил 50 км зам өргөтгөлөө. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын тулд мөн зам барьж байгаа. Стандартын дагуу долоон метр өргөн зорчих хэсэгтэй замыг хэд хэдэн гэр хорооллын дунд барьж ашиглалтад оруулсан.
Нийслэлийн замын 80 хувь нь эвдрэлтэй
-500 мянган хүн амтай байх үеийн ачаалал даах зам дээр 1.2 сая хүн зорчиж явна. Чихцэлдэж гацсан замын түгжрэлийг багасгах боломж ер нь бий юу.  Бүх замаа өргөтгөж, шинээр нэмж зам барьж дуусахыг хүлээвэл мөд шийдэгдэхгүй бололтой.
Ч.Жаргалсайхан:
-Хотын замын ачааллыг  бодлогоор зохицуулах боломж бий. Их тойруу дотроо өндөр төлбөртэй явуулах зэргээр  зохицуулалт хийгээд эхлэхээр хүмүүс нийтийн тээврээр ажлаа амжуулдаг болно.  
А.Оюунчимэг:
-Өнөөдөр Нарантуулын гүүрэн гарцыг барих гүйцэт¬гэгчийг тодруулсан. Энгельсийн гүүрэн гарц холбогдчихвол Чингисийн өргөн чөлөөгөөр дамжаад Энхтайваны өргөн чөлөөний ачаалал буурна. Түүний гадуур бас том тойруу бий болгоно. Өөрөөр хэлбэл, шинээр барих 200 км замыг том тойруугаар барихаар төлөв¬лөсөн. Тэгэхээр Улаанбаатарыг алсуур хүрээлсэн  автозамын тойрог бий болно. Харин хотын төвлөрөл рүү ороход, мөн зогсоолд тавихад  өндөр төлбөртэй байх бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй.  
-Хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осолд нэг талаас хүн, нөгөө талаас зам буруутай юм шиг харагддаг. Та бүхэн энэ талаар юу хэлэх вэ?  
С.Энхтөр:
-Хөгжилтэй орнуудад замаас үүдсэн осол 30-50 хувь байдаг. Манайх 0.2 хувь гэж гарсан. Бүх гэм бурууг жолооч үүрдэг гэсэн үг. Аюул саад тулгарсан үед саадыг мэдсэн хэрнээ зогсоох арга хэмжээ авах үүргийг жолооч хүлээдэг. Гэвч энэ нь дандаа гэнэтийнх. Нүх рүү ороод машинаа эвдэж өөрөө гэмтлээ гэхэд хүмүүс замаас боллоо гэхгүй, өөрийгөө буруутгадаг. Нүх харсангүй гэж.   
Ч.Жаргалсайхан:
-Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга байхад Айдасын даваа уруудаж орж ирдэг замын цас хунгарлаад зөрөх боломжгүй болж, нэлээд олон аваар гарлаа. ТҮК цасыг нь цэвэрлэж өгдөггүй. Тэгэхээр нь хоёр ослын хариуцлагыг ТҮК хүлээх ёстой гээд асуудал тавилаа. Шүүх хурал болж, ТҮК-д хоёр аваарын арав гаруй сая төгрөгийн акт тавьсан. Гэтэл зам цэвэрлэдэг хүмүүс нь цалингүй, над дээр ирээд бөөн юм болж билээ. Ер нь иймэрхүү  л байдаг.
М.Санжаа:
-Манай найз Англиас ирсэн зочноо тосч аваад Нисэхээс ирж явахад “Монгол зам муутай гэж үнэн юм, хэзээ замаа сайжруулах  вэ” гэж асуусан гэсэн. Улаанбаатарын зам үнэхээр муу. Замаас болж түгжирдэг, осол гардаг. Дээр нь тээврийн хэрэгслийн насжилт өндөр. Бүртгэлээс харахад Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хуучин “Эксел”, “Аксент”-ыг  худалдаад л, шилжүүлээд яваад байдаг. Тиймээс нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн насжилт, чанарт анхаарах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Москва дөрвөөс дээш насжилттай машин явуулахыг хориглосон. ОХУ-ын Засгийн газар  1980 оноос өмнөх бүх тээврийн хэрэгслийг зохих ёсоор үнэлээд  худалдаж авч байна.   Хуучин машинаа тушаавал урамшуулал олгож байна. Гэтэл манайх дандаа хуучин машин оруулж ирдэг. Энэ нь хөдөлгөөний аюул¬гүй байдал, түгжрэл сааталд   нө¬лөөлдөг. Сая аудитын шалгал¬тын дүнг хэлэлцэж байхад 170 мянган тээврийн хэрэгслээс татвар авч, 200 мянгаас нь авч чадаагүй байна гэсэн  дүгнэлт гарсан.   Нэгдсэн удирдлага, бодлогыг олон байгууллагад  тарамдуулсны уршиг их.   
-Саяхан хуучин автомаши¬наас авах татварын хэмжээг  нэмэгдүүлэх хууль санаачилсан ч УИХ дэмжээгүй. Ийм хууль уг нь хэрэгтэй юм аа даа.
М.Санжаа:
 -Уг нь маш зөв бодлого байсан юм. Харамсалтай нь   хуулийн төсөл УИХ дээр “унасан”.
Ч.Жаргалсайхан:
-Хуучин машины татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Сангийн сайд оруулахаар мөнгө татах нь гэж гишүүд харсан байх. Харин дэд бүтцийн сайд нь авч ороод техникийн төрийн бодлого гэж ойлгуулсан бол дэмжигдэх байсан. Гэхдээ хэрвээ ийм хууль батлагдвал  хууль зөвхөн татвар нэмэх агуулгатай биш, хуучин машинаа тушаавал хөнгөлөлт үзүүлэх заалтыг ч  тусгах ёстой.
С.Эрдэнэбат:
-Манайхан асуудлыг гэнэт гаргаж ирдэг. Машин авах гээд мөнгөө хадгалж байсан хүмүүсийг энэ хуулийн төсөл бухимдуулсан нь лавтай. Магадгүй хоёр жилийн дараа хуучин машины татвар ингэж нэмэгдэнэ шүү гэдгийг ойл-гуулсан бол хэрэгжих боломж¬той. Ийм  хууль гаргах ч шаард¬лагатай.    Ер нь аливаа асуудлыг өм цөм шийдэх гэж оролдох нь өрөөсгөл. Дор хаяж арван жилийн дараахь нөхцөлийг харж шийдэх ёстой. Зам барих  асуудал  ч тэр. Монгол Улсын хүн амын бараг тал нь Улаанбаатарт амьдарч байна. Гэтэл хаа хол  мянгахан  хүн амтай сум уруу хэдэн тэрбумаар зам тавьдаг. Нэг хүн нэг төсвийн эрхтэй гэдэг байдлаар ханддаг юм бол нийслэлийн замд арай илүү хөрөнгө оруулмаар. Харамсал¬тай нь төрийн бодлого нь улстөртэй хутгалдчихаар асуудал мухарддаг.  
Нөгөө талаар  гадаад улс орнуудын жишгээр   хөрөнгө оруулалт зоригтой татаад, давхар зам, метро барих хэрэгтэй юм. Төр өөрөө хийх гэхээр хөрөнгө мөнгө нь хүрэхгүй, 15 жилийн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг хаанаас  гаргах вэ гээд л яваад байвал бүтэхгүй шүү дээ. Энэчлэн  автомашины татварыг боломж¬той хүмүүсээс арван жилээр нь урьдчилж авах зэрэг хөрөнгө босгох аргуудыг хамтдаа хайх ёстой. Түүнээс төсвийн хоёр их наяд дотроо эргэлдээд байвал асуудлыг мөддөө  шийдэж чадахгүй.
Тээврийн үр ашиг, хэрэглээний соёл алга
-Машин тэрэг хэт олширсонд татварын уялдаагүй бодлого “буруутай” юм байна. Нөгөө талаар хөл дүүжлэх унаатай байх нь хүний эрх шүү дээ. Мөн нийтийн тээврийн хангамж, хүрэлцээ тааруухан байдаг нь хүмүүсийг өөрийн гэсэн унаатай байх хүсэлд хөтөлдөг болов уу.
Ч.Жаргалсайхан:
-Манай улс ирээдүйгээ харсан нийтийн тээврийн тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс “ямбий ч байсан хамаагүй унаж болж л байвал нэг юм авч   хөл залгуулах нь зөв”  гэсэн ойлголт дэндүү хавтгайрч байгаа. Тээврийн хэрэгслийн татвар, даатгал бусад оронд дээд зэргээр хөгжсөн. Гэтэл бид муур, нохойны татварыг авч чадаж байгаа хэрнээ тээврийн хэрэгслийн татварыг авч чаддаггүй. Тиймээс татварын бодлогоор бүхнийг зохицуулах нь чухал. Гудамжинд хэдэн цагдаа зогсоочихоод татвар хураамж бүрдүүлнэ гэж хандаж болохгүй.
Мөн тээвэрлэлтийн үр ашгийг зайлшгүй ярих хэрэгтэй.  Хөдөө малчин айлын гадна нэг жийп, нэг ачааны машин зогсож байна. Тэр айл улиралд нэг л удаа  нүүдэг. Хажууд нь хэдхэн метрийн зайтай өөр нэг айл бас л ачааны машинтай. Тээврийн эдийн засгийн үр ашиг, хэрэг¬лээ¬ний соёл алга. Баян харагдаж, гайхуулах гэдэг юм уу, бүү мэд. Үүнээс гарах  ноцтой  үр дагавар нь  тэр машин элэгдэлд орж, нэг л  өдөр онхолдоход бэлэн бол¬дог. Учир нь техникийн хад¬галалт, сул зогсолтын явцад ашиг¬лалтаас илүү муу үр дага-вар¬тай элэгдэл хорогдол бий болдог юм. Угтаа арван айл ний¬лээд нэг ачааны машинтай бай¬хад нүүдэл, суудлын асуудлаа шийдэх боломжтой шүү дээ.
С.Энхтөр:
-Тээвэрлэлтийн үр ашгийн талаар Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн захирал Хурц нарийн тооцоо гаргасан. Улаанбаатарт тээвэрлэлтийн ашигт үйлийн коэфициент 0 заадаг. Ашиггүй хөдөлгөөн их байна. Өөрөөр хэлбэл, таксины үйлчилгээ эрхэлдэг хүмүүс үйлчлүүлэгчээ хайгаад явдаг. Ийм байдал замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.   Дээр нь  машины яндангаас хүний биед хортой 200 гаруй бодис гардаг. Дэгдэмхий буюу идэвхтэй чанар нь нэг метр 20 см. Ялангуяа бага насны хүүхдэд асар хортой.
Ч.Жаргалсайхан:
-Манайхан таксиг дуртай газраасаа суугаад дуртай газраа хүргүүлдэг унаа гэж ойлгодог.  Бусад оронд такси тодорхой зогсоолд зогсдог, харин дуртай газар нь хүргэж өгдөг. Иймээс таксины зогсоолууд бий болгож, хотын гудамжаар хий сэл¬гүүцэхийг болиулах нь чухал.
С.Эрдэнэбат:
-Үнэхээр нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Нийтийн тээврийн компаниуд ч адил. Сая гаруй хүн амтай хотод нийтийн тээврийн сүлжээ компани  10  л байдаг. Гэтэл өнөө¬дөр манай нийслэлд нийтийн тээврийн 120 гаруй компани бий. Том оврын нийтийн тээврийн  30, бага оврынх 40  бий.  Нэгдсэн удирдлага байхгүй.
Он гарсаар ослын улмаас 301 хүн амиа алдаад байна
-Хөдөлгөөний ачааллыг бууруулах, осол хэргийг багасгах зорилгоор замын  уулзваруудад камер суурилуулсан. Үр дүн нь ямар байгаа вэ. Нэгэнт камераар бүхнийг харж хянаж байгаа юм чинь зам дээр цагдаа зогсоох хэрэг байхгүй юм биш үү?
С.Энхтөр:
-Нийслэлийн хэмжээнд нэг хоногт  иргэдээс осол аваарын 130-150 дуудлага,  мэдээлэл ирдэг. Үүнээс 15 орчим нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой дуудлага байдаг бол 10-20 нь эд материалын ихээхэн хохиролтой,    35-45  нь сог¬туу¬гаар жолоодсон хэргийнх    байдаг. Үүнээс   согтуугаар зам тээврийн осол үйлдсэн тохиолдол дунджаар гурав гардаг. Мөн хүний амь хохирсон хэрэг өдөрт 2-3 бүртгэгдэж байна. Зөвхөн энэ  он гарснаас хойш 301 хүн ослын улмаас амиа алдлаа.
Замын хөдөлгөөний эмх цэгц, осол аваар, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг нэг зүйл нь жолоочийн хариуцлага. Сахилгагүй жолооч нар Улаан-баа¬тарт, тэр дундаа замын хө¬дөл¬гөөнд  хууль хэрэгждэггүй юм шиг ойлголт төрүүлээд байгаа.
Замын хөдөлгөөний удирд¬лагын төв өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орсон. Өмнө нь замын цагдаа ойролцоохь 100-200 метрийн орчинд хяналт тавьдаг байсан.
Харин одоо 20-30 км-ийн цаадахыг нэг хүний хяналтаар харж байна. Нийт 26 уулзварт камер суурилуулж,  30 дэлгэц дээр хяналт тавьж байгаа. Долоон цэгт гэрэл дохионы, дөрвөн цэгт хурд хэтрүүлсэн зөрчлийг бүртгэж байна.  Секундын мянганы нарийвчлалтай бүртгэдэг. Улаан гэрэл ассанаас хойш 0.194 секундын дараа уулзвар уруу орсон байна гээд л зургийг нь гаргаад ирнэ. Хяналт маш нарийн. Өдөрт 800 орчим, сард арван мянга гаруй жолооч гэрэл дохио зөрчиж байна. Бид камераа ашиглаад жолооч нарын үйлдэл, замын хөдөлгөөний нөхцөл байдалд шууд хариу арга хэмжээ авдаг боллоо. Энэ сарын 6-наас дүрэм зөрчсөн жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангаруулснаар хөдөлгөөн цэгцтэй болж эхэлсэн. Зам нь эвдэрсэн, тэмдэг нь унасан, тэмдэглэл нь халцарсан байна гэж бүхнийг харлуулж, зөвхөн зам уруу  бурууг чихэж болохгүй. Улаанбаатарт Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаад явах нөхцөл бололцоо сайжирсан. Уулзваруудын камераар дүрэм зөрчсөн автомашины өнгө, марк, дугаарыг хараад постуудад мэдээлэл өгдөг. Гар утсаар ярих, хурд хэтрүүлэх, улаан гэрлээр орох зэрэг жижиг, том гэлтгүй  зөрчил гаргасан жолооч нарыг хоёр гурван уулзвар, хэдэн цагийн дараа зогсоогоод хариуцлага тооцох  гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байх нь бий. Гэхдээ камерт бичигдсэн нотлох баримт байна.  Үүний зэрэгцээ зарим цэг, постод мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа ажилтныг томилсон. Тэд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлнэ. Ингэснээр зөрчил гаргасан жолоочийг түр зогсоолуудад зогсоож хариуцлага тооцно. Нэг үгээр, зөрчил бүрт толгой дараалан хариуцлага хүлээлгэх юм. Өдөрт мянга орчим жолооч дүрэм зөрчөөд хариуцлага хүлээдэг байсан бол одоо 2000 болсон. Урсгал сөрдөг, гэнэт зогсож хүн авдаг,  хурд хэтрүүлдэг жолооч нар “номондоо” орж эхэлж байна. Жолооч нарт хандаж дүрмээрээ яв, эсвэл хариуцлагаа хүлээ гэж л хэлмээр байна.
Камераар хяналаа гээд цагдаа нарыг амраах  тухай хөндлөө. Нэгэнт     үүрэг учраас цагийнхаа дагуу ажиллах ёстой. Ер нь жолооч нар дүрэм зөрчихөө боливол цагдаа нар зам дээр суганыхаа булчирхайг цочтол зохицуулах шаардлага үгүй болно. Харин хөдөлгөөн зохицуулах асуудал дээр цагдаа нар уулзварын ачааллаас хамаарч аль нэг талыг явуулдаг. Бидний хэлдгээр татах буюу ачаалал ихтэй талын урсгалыг түлхүү явуулах зохицуулалт хийдэг. Гэтэл энэ нь эргээд жолооч нарыг  гэрэл дохиогоо хайхрахаа  болиход хүргэх талтай. Тэрчлэн цагдаагийн зохицуулалтаар улаан гэрлээр явуулсан машиныг камер дүрэм зөрчсөн гэж бүртгээд байдаг. Иймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв аравдугаар хороолол, 32-ын тойрог, Зүүн дөрвөн замаас дотогш уулзваруудын гэрэл дохиог удирддаг болсон.  Өөрөөр хэлбэл, мянган машин зогсож байгаа урсгалд ногоон гэрэл илүү, арван машинтай урсгалд   улаан гэрэл илүү асаах жишээтэй.
Согтуугаар жолоо барих нь санаатай үйлдэл учир ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй
-Хоногт 35-45 согтуу жолооч саатуулдаг гэлээ. Дээр нь дунджаар гурван согтуу жолооч осол гаргаж, хүний эрүүл мэнд, амь насыг хохироодог гэхээр үнэхээр харамсалтай юм аа. Согтуу жолооч нарт тооцох хариуцлагыг илүү чангаруулах шаардлагатай юу?

С.Энхтөр:
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эсэх нь хүний ухамсар. Хоногт 35-45 согтуу жолоочийг саатуулж байгаа ч нийслэлийн хэмжээнд хяналт тавихаар 100 гараад явчихдаг. Манай орон тоо, бүтэц зохион байгуулалт Улаан¬баатарын хэмжээнд хяналт тавих боломж хомс байна гэсэн үг. Согтуугаар машин жолоодно гэдэг үнэхээр аюултай. Осол гаргахаас  нь өмнө саатуулахаар цагдааг үзэн яддаг. Гэтэл аваар хийж, олон хүний амь хөнөөсний дараа харамсаад барахгүй шүү дээ.
Ч.Жаргалсайхан:
-Эрх зүйн хэм хэмжээний хувьд зарим улс орон автомашин жолоодох асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзэж байна шүү дээ. Зам тээврийн осол хэрэг болгоомжгүй үйлдэл давамгайлдаг. Харин согтуугаар машин жолоодох нь гэмт хэргийн шинжтэй. Архи  уугаад машин жолоодно гэдэг буу, хутга бариад хүн хөнөөхөөр гарч байгаатай эн зэрэгцэх ойлголт гэдэгт  улс орнууд анхаардаг болж. Хятадад согтуу жолооч осол гаргавал шууд цаазаар авч байна. Хууль нь тийм хатуу. Гэмт хэргийн сэдэлтэй гэж үздэг.
С.Энхтөр:
-Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1960-аад оны 136 дугаар зарлиг гэж байсан юм билээ. Энэ зарлигт согтуугаар автомашин жолоодож осол гаргаад хүний амь хохироосон бол цаазаар авах ялтай байж. Харин өнөөдрийн хууль, дүрмээр бол осол гаргаагүй, саатуулагдсан согтуу жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Давтан эсвэл  жолооны эрхгүй хүн анх удаа согтуугаар жолоодвол 7-30 хоног баривчлах заалттай.  Эрүүгийн хуульд анхаарал болгоомжгүй үйлдсэн гэж зүйл анги бий. Анхаарал болгоомжгүй гэхээр ял нь хөнгөн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдэл нь санаатай, хор уршиг нь болгоомжгүй гэж үздэг. Гэхдээ архи уучихаад машин барих нь санаатай үйлдэл учраас ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй. Японд согтуугаар машин жолоодсон бол хамт уусан, хамт зорчиж явсан хүмүүст нь мөн хариуцлага тооцдог.
С.Эрдэнэбат:
-Зөвхөн нийтийн тээвэр биш компаниудын түгээлтийн машин 24 цагийн турш явдаг. Жолооч ядарсан ч эзэд нь явахыг шаарддаг. Дарга нарын жолооч ч ялгаагүй. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд ядарсан үедээ машин жолоодохыг хориглоно гэж заасан байдаг. Үүнийг мэдсээр байж явуулсан эздэд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй гэсэн саналыг жолооч нар их тавьдаг.
Автомашины насжилтыг татварын бодлогоор зохицуулах нь чухал
-Замын хөдөлгөөнд оролцож буй нэг машин Европын стандартаар 70-80 машинтай тэнцэх хорт утаа ялгаруулдаг гэж мэргэжлийн хяналтын байгууллага судалгаа гаргасан байна лээ. Техникийн оношлогоо явуулахад холбогдох газрууд хэрхэн уялдаатай ажилладаг вэ. Гудамжинд утаатай автомашин их явдаг шүү дээ?
М.Санжаа:
-Оношлогооны стандарт сая батлагдсан. Удахгүй мөрдөж эхэлнэ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг хэрхэн явуулах талаар сайдын тушаал бий. Тээврийн хэрэгслээ бүртгүүлэхийн тулд нэгд, татвар төлсөн байх, хоёрт, оношлогоонд орсон байх ёстой. Бид тээврийн хэрэгслийг бүртгэхдээ оношлогоонд тэнцсэн эсэхийг гэрчилгээний арын тэмдэглэгээнээс хардаг. Тэнцсэн бол бүртгэнэ. Оношлогооны чанар, чансааны тухайд тусдаа алба хариуцна. Шинэ загварын буюу 2010 оны тээврийн хэрэгслийг бол оношлогоо биш хяналтын үзлэгт оруулдаг.
Ч.Жаргалсайхан:
-Төрийн бодлого байхгүйгээс манай улс хөгжилтэй орны төмрийн хогийг шингээгч болчихлоо. Амьдрал ядуу байна гээд л хуучин машин оруулаад байж болохгүй. Үүнийг татварын бодлогоор зогсоох ёстой. Яахав, ядуу хүмүүсээ харж үзэж байна гээд утаандаа хахаж цацаад явж болно. Хордоцгооё, хохирцгооё, хогийн сав болцгооё гэдэг төрийн бодлого байгаа бол өөр яах ч билээ. Харин монгол хүний эрүүл мэнд чухал, техник аюулгүй байх ёстой гэвэл бодлогоо гаргаж, асуудлыг шийдвэрлэх боломжтой. Европт долоогоос  дээш жилийн насжилттай автомашиныг оруулахаа больсон. Тэгвэл Японд хуучин машин унах нь нэр төрийн асуудал байдаг. Энэ улсад 70, 80-аад оны машин бариад явж байгаа хүн асар баянд тооцогдоно. Яагаад гэвэл хуучин машин унахын тулд асар өндөр татвар төлдөг. Тэр хүн цоо шинэ “Тоёото”-гийн үнэтэй тэнцэх татварыг жилд төлж байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Ядуу хүн хуучин машин унана, мөргөлдөнө, өөрөө үхэх юм уу,  бусдыг дайрч хөнөөх өндөр эрсдэлд байдаг.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа.  Энэ хуулиар  төрийн бодлогыг тогтоож өгөх ёстой. Монгол ямар машинтай, ямар замтай байх, хариуцлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэхчилэн бүх асуудлыг тусгах шаардлагатай.  Жишээ нь, замын эвдрэлийг хэмжээнээс нь хамаараад дугуй орох нүх байвал 24, түүнээс том бол 14 цагийн дотор засах ёстой гээд улс орнууд тодорхой зааж өгдөг. Хэрэв засаагүй байхад осол гарвал хариуцлагыг замын газар нь хүлээдэг. Монголд зам эвдэрвэл ирэх жилийн төсөвт хөрөнгө тусгахыг хүлээгээд л суухаас өөр гарцгүй. Осол гарвал Автозамын газар, Замын цагдаагийн газрыг буруутгадаг. Үнэн хэрэгтээ улстөрчид буруутай шүү дээ. Ер нь улстөрчид “Миний тойрогт зам барь” гээд л хөрөнгө мөнгийг нь шийдэж өгч байгаа нь зөв тогтолцоо юу гэдгийг бодох ёстой.
 
Улаанбаатарын зам  2016 он гэхэд нөхөөсгүй болно

-Мөнгө гэдгээс үүдээд нэг зүйл асууя. Жилдээ автозамын засварт зориулж төсөвт хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ. Тэр нь засахаар төлөвлөсөн замын ажилдаа хүрэлцдэг үү?
А.Оюунчимэг:
-Тухайн жилд төсвөөс замын засварт зориулж  мөнгө өгдөг ч   хүрэлцдэггүй. Шаардлагатай хөрөнгө мөнгө нь төсөв хэлэлцэх үед хасагдсаар байгаад 30 хувь нь л орж ирдэг. Тэр хэмжээндээ баригдаад ажлаа хийдэг, эргээд л эвдэрдэг. Ер нь шинэ зам барилаа гэхэд засвар арчлалт сайн хийх ёстой. Гэтэл 1990-ээд оноос замын засвар арчлалт орхигдсон. Үүний улмаас  нийслэлийн нийт замын 80 хувь нь эвдрэлтэй болсон. Харин УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд нийслэлийн 350 км замыг шинэчлэхээр тусгасан. Үүнийг хийвэл   2016 он гэхэд Улаанбаатарын зам   нөхөөсгүй болох байх. Нөгөө  талаар  өнгөрсөн оны тооллогоор нийт машины 65 хувь нь Улаанбаатарт зорчиж байгаа гэсэн дүн гарсан.  Тиймээс  замын өргөтгөл, шинэчлэлийг цаг алдалгүй хийх учиртай. Энгельсийн гүүрэн гарц, баруун, зүүн дөрвөн замын гүүрэн гарц, давхар замын зураг төслийг хийсэн ч хөрөнгө мөнгөний асуудал  шийдэгдээгүй байгаа.
Ч.Жаргалсайхан:
-Замаа  барихаас  гадна тэмдэг, тэмдэглэгээний асуудалд анхаарах хэрэгтэй.  Тэмдэг, тэмдэглэгээгүй зам дээр осол гарлаа гэхэд хариуцлагыг хэн хүлээх вэ. Автозамын газар өгсөн жаахан мөнгөнд нь тааруулаад тэмдэг, тэмдэглэгээ тавьдаг. Та нар хараарай, Их тойруу дотор юм уу, шинэ зам дээр л тэмдэг, тэмдэглэгээ хийдэг. Дээр нь   Улаанбаатарын зам дээр тавьж байгаа тэмдэг нь хоцрогдсон. Африкийн хэдэн орон, манай хоёрт л тавьдаг байх. Тэмдэглэл нь насжилтгүй, багахан газар түрхдэг. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төр, иргэн хоёрын хэн нь илүү хариуцлага хүлээх ёстой вэ гэхлээр манайхаас бусад бүх оронд   “Төр эхлээд хариуцлага хүлээнэ” гэдэг. Төр хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Дараа нь иргэнээсээ шаардах эрхтэй болно.  Гэтэл манайд нөхцөлөө бүрдүүлээгүй байж шаардах гээд байдаг.
Д.Лхагвадорж:
-Манай байгууллагын судалгаагаар Монгол хар тугалгатай түлш хэрэглэдэг Азийн ганц, дэлхийн долоон орны нэг юм байна. Энэ нь автомашинаас ялгарах утааг ихэсгэдэг. Тэмдэг, тэмдэглэгээний тухайд тулгамдсан асуудал болсон гэдэгтэй санал нэг байна.  Хайлаастад саяхан нэг хүүхдийг дайрч амь насыг нь  хөнөөсөн хэрэг гарсан. Гэтэл хүүхдийг явган хүний гарцаар гараагүй гэж буруутгасан. Хайлаастын замд нэг ч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй.  Бусад бүх захын хороололд адилхан.  Үүний зэрэгцээ хотын зам  засварын чанар орхигджээ. Нөхөөс хийсэн нь удахгүй эвдэрдэг. Толгойт уруу явдаг байнгын цөмрөлттэй зам байна. Жил бүр цөмөрдөг. Ужгийг нь олоогүй байж мянга нөхөөд яах юм. Ер нь зам  засварт хайран хөрөнгө үрэн таран хийх нь их байна.
А.Оюунчимэг:
-Замын эвдрэлийн шалтгааныг тогтоож байж засах ёстой.   Бид бол стандартын шаардлагаа тавьдаг. Замын засвар зургаан сар, шинэ зам нэг жилийн хугацаанд эвдрэх ёсгүй. Хэрэв эвдэрвэл тухайн компани өөрийн хөрөнгөөр засдаг. Энэ нь чанаргүй зам барьсны хариуцлага гэж хэлж болно.
Ч.Жаргалсайхан:
-Нөхөөс гэдгийг Монголд л хийдэг. Бусад оронд бүрэн хориглосон. Хэсэг газар нь цөмөрсөн бол тодорхой км-ээр бүтэн хучилт хийдэг. Харин манайхан нэг хэсэг нь эвдрэхээр шүдний ломбо шиг нөхөөс хийгээд явдаг.
-Өнөөдөр олон чухал асуудлыг хөндлөө. Ер нь хэдий хугацааны дараа бид бэрхшээлээс салаад, Улаанбаатар замын хөдөлгөөний түгжрэлгүй хот болох бол. Үүний тулд нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?
Ч.Жаргалсайхан:
-Шулуухан хэлэхэд улстөрчид асуудлыг сайн ойлгоосой. Энэ ажил хийгдэх үү,  үгүй юу гэдэг тэднээс л хамаарна. Хөрөнгө мөнгө шаардахгүй зохион байгуулалтын шинжтэй ажлыг төрийн албан хаагчид хийнэ. Гол нь улстөрчид бодлогоо зөв авч явахгүй бол урагшлахгүй. НҮБ-ын зөвлөмжөөр  хүртэл улс орнууд асуудлыг улстөрчиддөө сайн ойлгуул гэж зөвлөгөө өгсөн байгаа шүү дээ.
М.Санжаа:
-Автотээвэр, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой чиг үүрэг бүхий олон байгууллага байна. Төр үүнийг цэгцлэх хэрэгтэй. Хуучин автомашиныг худалдаж авч болно. Ингэснээр автомашины насжилт залуужина. Сая гаалийн татвар нэмэгдэнэ гэсэн сургаар  ченжүүд олноор нь  машин  худалдаж авсан нь зогсоолуудад дүүрэн байна. Худалдан авалт алга. Төр яагаад авч болохгүй гэж.  
С.Эрдэнэбат:
-Хүн рүүгээ чиглэсэн бодлого, арга хэмжээг  давхар хийх  ёстой. Бид ҮЭ-ийн шугамаар Хятадад очоод ирлээ. “Эдийн засгаа хөгжүүлнэ  гээд л яваад байтал хүнээ мартсан. Эргээд хүнээ соёлжуулахад асар их хөрөнгө хаях болж,  XII  таван жилийн төлөвлөгөө хүн болжээ” гэж ярьж байна. Манайхан нийтийн тээвэр гэхээр машин техникийг нь шалгадаг. Хүн нь яаж байна, амьжиргаа нь болж байна уу гэдгийг тоодоггүй. Бизнесийг дэмжинэ гээд л ярьдаг. Нийтийн тээврийн 120 аж ахуйн нэгжийг 30 болгоё гэхэд бизнесийг дэмжих ёстой гээд л хад мөргөх жишээтэй. Асуудлыг цогцоор шийддэг болмоор байна.
Д.Лхагвадорж:
-Хүн бүр автозамын хэрэглэгч. Тиймээс зам засч байгаа нь ч, зохи¬цуулагч нь ч ажилдаа эзэн байх хэрэгтэй.   Улс¬төрчид асуудлаа ойлгодог байх хэрэг¬тэй. Бид мянган сайхан юм яриад улстөрчид шийдэхгүй бол хэцүү.  
С.Энхтөр:
-Сүүлийн 10  жилийн дунджаар осол аваарын  хэргийн газар нас барсан тохиолдол 340 байгаа. Өнөө жилийн баримтыг нэг сарын өмнө харахад 270 байсан. Одоо 301 болжээ. Тооны хувьд сүүлийн 10 жилийн дундаж уруу дөхсөн байна. Тиймээс хүн бүр өнөөдөр, маргааш, насан туршдаа болгоомжтой байх нь чухал.  
Тэмдэглэсэн Д.Элбэрэлт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...