English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэв
Хүнсний хангамж, чанарын асуудал дэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд ч хамгийн чухал асуудал болоод байгаа. Монголчууд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд гол жин дардаг гурил, махны нийлүүлэлт, үнэ ханш, чанарын асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд ажлын нэг өдрөө зориуллаа. Эхлээд тэрбээр Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болоод гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм.
Засгийн газар 2011 оныг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахад илүү анхаарал тавьж, энэ чиглэлээр үйлдвэрлэлүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа хэллээ.
 Энэ уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болоод байгаа хоёр асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нааштай хариу өгсөн нь 2011 онд гурилын үнэнд өөрчлөлт оруулахгүй байж болохоор шийдэлд хүргэлээ.
 Өөрөөр хэлбэл, жил бүрийн 4-р сарын 01-ээс 7-р сарын 01 хүртэлх хугацаанд гаалийн импортын татвар 15-5 хувь болж буурдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэд хэлбэлзэл гардаг. Гурилын гаалийн татварын хувь хэмжээг улирлын ялгаваргүй болгох болон дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд чөлөөлсөн байгаа. Энэ хугацааг сунгаж өгөх саналыг гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнд тавьсан юм.
Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ, ийм үүрэгтэй. Үе шаттайгаар тодорхой асуудлууд дээр тодорхой чиглэлээр арга хэмжээ авна. Ингэж байж чанартай, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангана гэлээ. Тиймээс тэрбээр, гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг улирлын ялгаагүй болгооч ээ гэсэн тэдний саналыг нухацтай авч үзээд тохиромжтой хувь дээр нь тогтоон барих боломжтойг хэллээ. Энэ чиглэлээр асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээ амлалаа.
 Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас энэ оны 7 дугаар сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн байгаа. Энэ хугацааг сунгах асуудлыг мөн шийднэ. Засгийн газар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулаад УИХ-д тавьчихсан байгаа. Ойрын хугацаанд шийднэ гэсэн таатай мэдээллийг гурил үйлдвэрлэгчдэд дуулгалаа.
 ХХААХҮ-ийн сайд болон нийслэлийн удирдлагууд, гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцон гурилын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, төр засгийн ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар илэн далангүй ярилцсан энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гурил үйлдвэрлэгч нар сайн ажиллаж байгаа. Гурилын хангамжийн асуудалд асуудал үүсэхгүй, үнэ ханшийн хувьд ч харьцангуй таатай, тогтвортой байгааг тэмдэглээд ард иргэдийнхээ хэрэглээ, эрх ашгийг хамгаалж, чанартай бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ үнийг тогтвортой  барьж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ нь төр засаг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаагийн сайн жишээ энэ юм гэж Ерөнхий сайд гурил үйлдвэрлэгчдийг сайшаалаа.
Засгийн бодлогыг дэмжиж үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж чанартай үйлдвэрлэл явуулж чадаж байгааг Ерөнхий сайд мөн онцлоод ажлаа улам өргөжүүлж дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж энэ салбарт байгааг энэ үеэр дуулгалаа.  Мөн үндэсний үйлдвэрлэгчид борлуулалтын мэдээллээ үнэн зөв гаргаж өгч байх шаардлагатай гэсэн асуудал ч энэ уулзалтын үеэр хөндөгдлөө.
 Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн хэлэхдээ, ОХУ, Казахстанд нэг тн улаан буудайн үнэ 300-350 мянган доллар. Өмнөд хөрш Хятадад мөн 300-350 мянган долларын ханштай байна. Үүнтэй харьцуулахад манай улсад улаан буудайн үнэ харьцангуй хямд буюу 350 мянган төгрөг буюу 280 орчим мянган доллар байна гэж хэллээ. Тэрбээр мөн улаанбуудайн үнэ ийм хямд байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 3 аян”-ы үр дүн. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц үр тариа, буудай тарьж байгаагийн баталгаа. Өмнөх жилүүдэд манайд улаанбуудайн үнэ хойд хөршийнхөөс ямагт өндөр байдаг байсан бол энэ жилээс ханш нь буурсан. Энэ хэрээр ард иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.
 Мөн төр засгаас гурил үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа  гурилын үйлдвэрт тушаасан буудайн тoнн тутамд 2008 оноос эхлэн  урамшуулал олгож байгаа, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг  гаалийн болон НӨАТ-аас 2011 оны 12 сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн, гурилын үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа, дотоодод үйлдвэрлэгдэж буй гурилыг НӨАТ-аас  2011 онын 07 сар  хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн, хүн амын дундах бичил бодисын дутлаас сэргийлж, баяжуулсан гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор баяжуулагч бодис /примекс/-ыг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зэрэг ажлын үр дүнд гурил үйлдвэрлэгч компаниуд хөл дээрээ баттай зогсож байгаа гэдгийг тэд хэлж байлаа.
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд нийт холбоодынхоо түвшинд уулзалт хийж ярилцах шаардлага байна. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлага, эрх оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого боловсруулахад санал бодлыг нь сонсдог, хууль боловсруулахад саналыг нь авдаг больё гэсэн бодлого барьж байна. Санал бодлоо хэлж, идэвхтэй оролцоорой гэдгийг уламжлаад ийм арга хэмжээг уламжлал болгоно. Эндээс л үр дүн, бодит ажил гарна гэдгийг тэмдэглэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...