English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
С.Молор-Эрдэнэ: МОНГОЛЫН УЛСТӨРЧДӨД ХЭЛЭХЭД МУБАРАКИЙН АРААС БИТГИЙ ОРЧИХООРОЙ
МАХН-ын нарийн бичгийн дарга, доктор С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийг өөрчилж, парламентыг хоёр танхимтай болгох тухай ярихтай зэрэгцээд улс төр ойлгомжгүй, бас юунд ч баригдахгүй болсныг ажиглагчид хэлж байна. Улс төр судлаачийн хувьд ямар байр, суурьтай байна?

-Одоогийн УИХ-аа хоёр танхим  болгох  гэж байна  уу, эсвэл одоо  байгаа 76 гишүүнтэй  танхимдаа  хоёр дахийг нэмж оруулж ирэх гээд байна уу гэдэг  тодорхойгүй байна. Үүнийг салгаад хоёр танхим болговол  өөр,  эсвэл одоо байгаадаа дахиад шинэ  танхим авчраад наах гэж байгаа бол  бас өөр юм. Нөгөөтэйгүүр яагаад хоёр танхимтай болох гээд байгаа юм, шалтгаан нь юу вэ. Өөрөөр хэлбэл, энэ чинь зүгээр  нэг механик  даган дууриасан үйлдэл яваад байгаа юм уу.  Эсвэл өнөөгийн Монголын улс төрийн байдал, одоогийн УИХ  цаашид энэ 76  гишүүнтэй ажиллах  ямар ч боломжгүй болчихсон юм уу. Улс төрийн гацаанд орчихоод энэ танхим юу ч хийж чадахгүй болчихлоо, бид юунд ч хариулж чадахаа байлаа, ажил хийж чадахгүй болчихлоо, одоо болъё. Хоёр танхим байгуулж, энэ хямралаасаа салъя гээд гацаанаас гарах шинэ зам,   эрэл хайгуул  хийж байгаа бол  түүнийг нь  хүмүүс ойлгох болов уу. Түүнээс бус хоёр танхимтай  болох гэж байгаа  шалтгаан нь яагаад гэсэн асуултад огтхон ч хариулахгүй байна  шүү дээ.

Англи явах нь яваад, АНУ  руу явдаг нь яваад ирсэн байгаа биз. Энд тэнд очиж юм сонсчихоод түүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаа юм уу. Эсвэл 76 гишүүн дээр нэмж тоог нь нэмэгдүүлэх гэж байгаа юм уу. Одоогийнх нь цөөдөөд байна  уу. Тэгвэл яагаад нэмж байгаа юм бэ. Манайх шиг хоёр сая гаруйхан хүн амтай оронд 76 гишүүн хүнийхээ тоонд хуваахад хангалттай байж магадгүй. Тэгэхээр энэ  асуудал ярих болсон шалтгаан нь өөрөө бүрхэг, маш бүрхэг байна. Яагаад үүнийг ярив, хэн үүнийг хүсээд байна, хаанаас хүсэлт гаргасан юм бэ, МАХН энэ хүсэлтийг гаргасан уу, МАН гаргаад байна уу, эсвэл жижиг намууд ийм хүсэлт гаргасан уу. Энэ мөн л тодорхой биш байна. Хоёр танхимын асуудлыг маш сайн ярилцах ёстой. Энэ бол цоо шинэ зүйл, Монголын түүхэнд.

 -Зарим хүн “Манай улс парламентын хоёр танхимтай“ байсан гэж яриад байгаа шүү дээ?
-Хэзээ ч тийм байгаагүй. Байсан бол наад зах нь хоёр танхимынх нь  байшин хаана  байсан юм гээд асуулт гарна. Монгол орон ардын хувьс¬га¬лаас өмнө парламентын хоёр танхимтай байсан гэж ярих гээд байна. Тэгвэл тэр байшин нь хаана байсан бэ. Гэтэл тийм юм  алга, энэ чинь цоо шинэ зүйл.Бид цоо шинэ зүйл эхлэх гэж байна.
Өнөөгийн УИХ-ын тухайд 76-уулаа хуралддаг хуралдаан хэд билээ. Хоёр танхимтай болгох нэрээр хүн нэмж ирцээ нэмэгдүүлэх гээд байгаа юм уу. Нэгэнт гишүүд нь хуралдаа ирж оролцдоггүй,  ирц багатай хуралд дахиж хүн нэмж оруулах хэрэг байна уу.

-Хоёр танхимтай болохын давуу талыг хүмүүс   бүрээр тайлбарладаг. Тухайлбал, Э.Бат-үүл гишүүн хоёр танхимтай болсноор үндэсний аюулгүй байдлыг хангана. 76-хан гишүүнтэй УИХ гадаадынхны нөлөөнд орж, лоббид автах аюул бий гэж ярьж байна?
-Манайхан ардчиллын гурван гол зарчим болох гурван зүйл, тухайлбал төр, засаг, шүүх гурав бие биеэс ямар ч хамааралгүй байх ёстой гэсэн зарчмаа мартаад байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-д сууж байгаа хүн нь   Хууль зүй, дотоод хэргийн сайд байх жишээтэй. Энэ мэтээр олон гишүүн Засгийн газартаа харъяалагддаг. Тусдаа байгаач, ардчилсан зарчмаа дагаач гээд байхад шүүх, төр, засаг гурав нь  нийлчихээд байна шүү дээ. Ийм байхад юун үндэсний аюулгүй байдал вэ, энэ маш осолтой. Өнөөдөр шүүх нь төрөө ч, засгаа ч хянаж чадахаа байчихсан байна.  Тус, тусад нь  биеэ даасан байгууллага болгохгүй бол болохгүй.  Үүний дараа асуудлыг  ярих хэрэгтэй.

-Үндсэн хуулийг  зайлшгүй өөрчлөх шаардлагын тухайд ямар байр, суурь-тай байна?
-Үндсэн хууль ярих юм бол  өнөөдөр Монгол орны тухай, монгол хүний тухай ярих ёстой. Сүү¬лийн 20 жил манай Үндсэн хууль монгол хүнээ  хамгаалдаг хууль байж чадаагүй. Өнөөдрийн  нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл,  уур бухимдал юунаас болж гарч байна вэ, монгол хүнийг хамгаалдаг Үндсэн хуульгүй  учраас тэр. Үндсэн хууль гэж  БНМАУ-ын  үеийн хуулийг жаахан засаад төрөө дээдэлнэ гэсэн үг оруулчихсан бичиг байгаа шүү дээ. Дэлхийн улсууд ард түмэндээ тулгуурлаж  Үндсэн хуулиа хийдэг. Хэрэв өнөөдөр  Үндсэн хуулийг эргэж харъя,  боловсролтой, өндөр түвшинд ярья гэж байгаа бол Монгол хүнд зориулсан жинхэнэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэх ёстой. Бусад орнуудтай адилхан. Ингээд ирэхээр бидэнд юу хэрэгтэй болж байна гэ¬хээр монголчууд гэж хэн бэ, бид өнөөдөр хэний эрх ашгийг хамгаалах  гээд байгаа юм гэдэг асуудал гарч ирнэ. Бид дэлхийд анх удаагаа монгол хүнд зориулсан Үндсэн хуультай болох гэж байна. Сүүлийн 20 жилд   газар, лиценз ярьсаар байгаад хүнээ мартчихсан. Өнөөдөр гол зүйлээ, монгол хүнийхээ тухай  ярих гэтэл Үндсэн хууль руугаа орохгүй бол болохгүй болчихсон. Ийм л болчихоод байгаа юм. Түүнээс бус хэсэг нөхөд нийлчихээд Үндсэн хуулийн аль нэг хэсэгт жижиг сажиг  засвар оруулж тэрийг хасч үүнийг оруулъя гэвэл тийм амархан шийдчих асуудал биш.

-Хаврын чуулганаар Сонгуулийн хууль хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ  Үнд¬сэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг хоёр танхимтай болгохоор хууль-чиллаа гэхэд 2012 онд сонгууль шударга болж чадах уу гэдэг асуулт гарна?

-Тухайн үеийн засаглал, төрийн эрхийг барьж байгаа намууд болон улс төрчид Сонгуулийн хуулийг үргэлж  өөрсдөдөө тааруулан дураараа  өөрчилж байна гэдэг сонгогчдыг доромжилж байна шүү. Үндсэн хуульдаа  ард түмэн төрийн эрхийг барина гээд заачихсан. Ардчиллаараа тийм байх ёстой. Гэтэл сонгогчдоороо  зүгээр л тоглох гэж байна. Ингэж  бүдүүлэгтэж болохгүй. Өнөөдөр өөрчиллөө гэж бодъё, дараагийн сонгуулиар дaхиад хуулиа өөрчлөх үү.  Энэ чинь сонгогчдыг тоохгүй, огтхон ч авч хэлэлцэхгүй байгаагийн илрэл.
Өнөөдөр түрүүчийн сонгуулийн хууль ямар алдаатай байсан, сонгууль яаж  ардчилалгүй явагдсан бэ, тэндээсээ үлгэр жишээ авч, туршлага хуримтлуулж одоо түүнээсээ  алдаа багатай, илүү ардчилалтай сонгууль явуулахын тулд  өөрч¬лөлт хийнэ гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл тэр зорилго нь харагдахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл нөхдүүд буцаад сонгогдох гэсэн инээдтэй юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг үйлдлээ давтах гэж байна.

-Улс төрийн намуудын тухай хууль Үндсэн хууль¬тай харшсан эсэх асуудал сөхөгдөх болсныг юу гэж үзэж байна?
-Өнөөдөр улс төрийн нам гэдгийг цоо шинээр тодорхойлох асуудал гарч ирж байна. Нам гэж юу вэ, юуг нам гэх вэ, нам гэдгийг бид хуучны ойлголтоор авч үзэх, тэгж ярих ямар ч боломжгүй болчихсон. Намын нэр өөрчлөх, эсэх, гишүүд шилжих, эсэх, зарим хүн олон намын батлах өвөртлөөд явж байдаг гэх мэт асуудлыг нэг мөр болгож нам гэдэгт таарсан нэр өгч, таарсан дүрэм гаргахгүй бол болохгүй. Намуудын тухай хууль байж таарахгүй. Улс төрийн намыг бүртгэнэ гээд хүнд сурталдаад суугаад байх ч хэрэггүй. Намуудад зориулсан дүрэм  байхад л болно. Намыг улстөржүүлж болохгүй, тэр бол зүгээр үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн нэгдэл буюу ТББ байхад   болно.  Гишүүнчлэл  800 хүн байна  гэдэг дэндүү өндөр тоо. 30-40 хүн байсан ч хангалттай. Хэсэг хүн ТББ байгуулж, нэрээ аваад улс төрийн үйл ажиллагаагаа явуулна биз. Тэр нь ашгийн бус. Угаас үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон иргэний бусад хуулиудаараа зохицуулагдаад явчихна шүү дээ. Сонгууль болоход тэр нэрээрээ орно биз, чадвартай байвал ард түмэн сонгочихно, тийм биш бол  сонгохгүй. Асуудал ийм амархан байхад өнөөдөр нам ярьж гишүүд гарч, орж болохгүй, элсүүлэхдээ өндөр шаард¬лага тавьдаг, намын дарга  ч гэх шиг олон юм ярих юм. Тэд чинь бүгдээрээ адил тэгш эрхтэй  журмын нөхөд байхгүй юу. Хэн нь ч хэнээсээ илүү эрх эдлэхгүй. Хувийн компанид эзэн нь дарга байдаг, нам дотор дарга байж болохгүй. Харин бусад нь  “Чи ажлаа ерөнхийд нь хариуцаад аваад яв” гээд хариуцлага үүрүүлчихсэн  нэг нөхөр байж болно. Ийм байхад Монголд байгаа компаниуд бүгд нэг, нэг нам болж болно. Тэгээд ажлаа хийгээд яваг. Өнөөдөр 801 хүн нь бүрдэж өгөхгүй болохоор бүгд иргэний хөдөлгөөн гээд нэг, нэг жижиг ТББ байгаад байна. Эрхийг нь өгөөд  тэд  ажлаа хийг. Ард түмэн харж байгаад хэн сайн ажиллаж  байгааг нь сонгог. Тэд ямар ясли, цэцэрлэг биш, насанд хүрсэн иргэд эвлэлдэн нэгдэж байгаа юм чинь  нам болж улс төрийн  үйл ажиллагаа явуулъя гэж байгаа бол түүнийг нь зөвшөөрчих  хэрэгтэй. Тэр байтугай  сонгууль болоход нэг намын нэрийг жагсаалтын дээр бичдэг байдал утгагүй. Онжав гэдэг шиг  оноор нь  дээр, доор бичдэг байж болохгүй. Дэлхийн олон  улс оронд сонгууль болоход тухайн тойрогт нь сугалаа сугалуулаад алийг нь жагсаалтын дээр бичихийг шийддэг. Тэгээд л боллоо. Өөр тойрогт сугалаа сугалаад өөр намын нэр эхэнд нь бичигдсэн байдаг. Ийм ардчилалтайгаар сонгууль болдог. Хөгшин гээд туршлагатай байна гэж байхгүй. Хэчнээн хөгшин ч  туршлагагүй байвал яах вэ, залуу хүн илүү чадвартай байвал яах вэ. Залуу нам чадвартай, үзэл бодол нь зөв байж болно шүү дээ. Улс төрийн утгаар намд хандаж, үзэл бодлоор нь туйлшруулж болохгүй. Сүүлийн 20 жил нам руу орчихвол амьдрал сайжирна, их мөнгөтэй болно, төрөөс тэрбумтан төрнө гэсэн байдлаар хуйлралдаад байгаа тэр үзэгдлийг таслан зогсоох ёстой.

-Улстөр үйл явдлаар дүүрэн байна. Тухайлбал, МНН, ИЗН-тай нэгдлээ. Хоёр өөр үзэл баримт¬лал¬тай нам нэгдэх нь дэлхийн жишигт байдаг үзэгдэл үү, эсвэл?
-Ногоон нам дэлхийн утгаараа зүүний нам.  Нэ¬лээд социалист талыг баримталдаг. Байгаль, ард түмэн, иргэдийн төлөө  хандаж байгаа бол зүүнлэг, эдийн засаг руу хандаж байгаа бол либерал үзэлтэй  барууны  нам гэж үздэг. Ногоон нам зүүний үзэл баримтлалтай, ИЗН либертари үзэлтэй барууны нам гэж өөрсдийгөө сурталчилдаг. Баруун, зүүн хоёр  нам нэгдэж байгаа нь сонин асуулт болчихоод байгаа юм. Үзэл бодол нь яагаад ч таарахгүй байгаа. Тэр байтугай БНН, ИЗН хоёр нэгдэх ямар ч боломжгүй. БНН зүүний үзэлтэй, ард түмнээ найрамдуулах гэсэн үзэлтэй зүүний нам. Харин ИЗН, ҮШН-тай нэгдэж болно. Яагаад гэвэл хоёулаа барууны нам. БНН, МНН-тай нэгдэж болно, хоёулаа зүүний нам. Хамгийн  гол нь намууд  үзэл бодлоороо нэгдэх ёстой. Гэтэл үзэл бодол огт хэрэггүй болсон байна шүү дээ, энэ намуудад. Тиймээс дахиад л намуудын асуудлыг ярихгүй бол болохгүй нь.  Намууд үзэл бодлоо тодорхойлооч. Юуны төлөө нам байгуулсан юм бэ. Чин эрмэлзлэл нь юу юм бэ, энэ намын. Гэтэл өнөөдөр намуудад чин эрмэлзлэл алга, зүгээр л хэсэг хүмүүсийн нэгдэл байна. Түрүүний хэлсэнчлэн намуудыг ТББ бол-гочихвол сая үзэл бод¬лоороо нэгдэж эхэлнэ. Намын асуудал ч хүмүүст ойлгомжтой хөнгөхөн болно.

-Намууд гэнэтийн шийдвэр гаргаж байгаатай адил төр, засгийн шийдвэр ч гэсэн  гэнэт гардаг болсон. Улс төр гэдэг сэтгэл хөдлөлөөр явуулж болдог зүйл үү?
-Улс төр нийгмээсээ,  иргэдээсээ  тасарчихлаа. Монголын төр, улс төр бүгд агаарт гарчихлаа. Ард түмэн нь тээр доор хөрсөн дээр байдаг, улс төрчид агаарт сайхан нисч байна шүү дээ, далавч ургачихсан. “Бууж ирээч ээ, амьдрал ярья”  гэж хэчнээн хашгираад ч бууж ирэхгүй байна. За¬рим нь тас хар цонхтой машинд суучихаад өөрөөсөө өөр юуг ч харахыг хүсдэггүй. Амрахаараа эсвэл эмчлүүлэхээрээ гадаад руу нисчихнэ. Монголын нийгмийн амьдралд огт оролцдоггүй, ард түмэнтэйгээ уулздаггүй. Аялж яваад юм уу, га¬даадын хүмүүстэй ярилцаж байгаад сонссон, дуулснаа  шинэ юм шиг бодож “За үүнийг барьж  аваад улс төр хийе” гээд ирдэг. Гэтэл Монголд огт өөр амьдрал хүлээж байна шүү дээ. Хоёр танхимтай болох, сонгуулийн хууль өөрчлөх амьдралаас тасарсан юм ярьж байхаар ард түмнээ сонс, амьдралыг  нүдээрээ хар. Ядаж иргэдээ ажилтай, орлоготой болгочих. Түүний дараа агаарынхаа юмыг, Англид, АНУ-д очиж үзсэн зүйлээ ярих хэрэгтэй.

-Нэрээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан та¬най намын асуудал юу болж байгаа вэ?
-Хуулийн дагуу нэрээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан байгаа. Одоогоор нэрээ ав, эсвэл нэр олгохгүй гэсэн ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй байна. Барууны орнуудын хүнд,  хүнд хуулиуд авчирч орчуулчихаад түүнийгээ ард тү-мэндээ тулгаад байж болохгүй. Намын асуудлыг өөрөөр явч үзэх хэрэгтэй. Манай улс цөөн хүн амтай, олон үндэстний орон биш, ганцхан үндэстэнтэй, ганцхан хүсэл эрмэлзэлтэй. Бүгд амар амгалан, ажилтай, орлоготой тайван сайхан амьдармаар байна. Тэр хүслийг нь  баталгаажуулаад өгчих хэрэгтэй. Тиймээс өнөөдөр Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр харж байгаад намуудыг улс төржүүлэлгүй, маш хөнгөн хууль гаргах хэpэгтэй. Намын үүрэг юу вэ, зорилго юу вэ гэдгийг маш тодорхой гаргаж ирэх ёстой, Одон медалиар шагнах нь  намын ажил биш гэдгийг зааж өгөх ёстой.

-Монголын нийгмийн амьдралыг зөндөө ярилаа. Одоо гадаад ертөнцийн тухай асуумаар байна. Арабын орнуудад өрнөж буй асуудлыг судлаач хүний хувьд анхаарч ажигласан байх. Түүнээсээ  манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Арабын орнуудад болж буй нийгмийн том хувьсгалуудыг хараад гайх¬ширч байна. Хүмүүс нийгмээ өөрчлөхийн төлөө ямар их зориг гаргадаг,  ямар их сэтгэлийн тэнхээтэй байдаг юм бэ. Тэнд хорин хэдэн өдөр хүлээсний эцэст  хүссэн шийдвэрээ хүлээж авч байна. Тэндхийн  цэрэг арми нь ард түмнээ ямар их ойлгодог юм бэ. Тэнд тушаал өглөө гээд цэрэг арми нь ард түмэн рүүгээ буу шагайгаад эхлэхгүй байна. Харин ч ард түмэнтэйгээ нийлчихсэн Тагерийн талбай дээрээ баярлаад сууж байна шүү дээ. Хүний ухамсар ямар байдгийг египетчүүд жинхэнэ ёсоор харууллаа. Египетийн залуус “Бид египет хүн болж төрснөөрөө бахархдаг“  гэж телевизээр ярьж байна. Дэлхий ч гэсэн тэдэнд баяр хүргэж байна. Үүнийг дагаад Алжир, Саудын араб зэрэг  Арабын бүх оронд  нийгмээ шинэчилж эхэллээ.  Тэр улсын Ерөнхийлөгч нар ард түмнээ хуурч, авлигадаж байгаад хамаг мөнгийг нь аваад гадаад руу гарчихсан  байна. Монголын улс төрчдөд хэлэхэд энэ бай¬дал моодноос гарсан, Мубаракийн  араас битгий ороорой гэж хэлэх байна. Гадаадын орнуудыг харж байхад Кадаффийг тэгж их бүдүүлэг загнаж байхад  дэлхий хүртэл  тусалж байна шүү дээ, ард түмэнд нь. “Болиоч, чи буу шагайвал бид очиж  цэгүүдийг чинь  устгана шүү”  гэж сануулж байна. Тэндхийн ард түмний улс үндэстнээ шинэчлэх гэсэн, хүсэл эрмэлзэлийг дэлхий  дэмжиж байна. Монголчууд Арабын ертөнцөөс их зүйлийг сурах ёстой. Хүмүүс өөрсдийнхөө сайн сайхны төлөө ямар их зүйл хийж чаддагийг, энэ яваа насандаа хүн шиг амьдраад дуусъя гэсэн хүсэл эрмэлзлэлээрээ худал ам¬ла¬даг, мөнгө иддэг, ард түмнээ басамжилдаг хүмүү-сийг зайлуулж чаддагийг тэд гайхамшигтайгаар харуулж чадсан.

-Японд болсон  гамшгаас ч гэсэн  монголчууд их зүйлийг сурах  ёстой байх?
-Бид тухайн ард түмний хэн бэ гэдгийг бодох ёстой байсан.  Япон хүн гэж хэн бэ. Япон дэлхийн II дайны өмнө ямар орон байлаа. Ямар их хичээн¬гүй ажилсаг, хөдөлмөрч чанараараа өндөр хэм¬жээнд үнэлэгдэж чадсан билээ. Тэд өнөөдөр байгалийн тэр  их гамшгийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн удирдаж чадаж байна вэ. Хоол хүнс, тусламж олгох урт дараалалд ямар тайван зогсч байна. Тэнд бие биеийнхээ урдуур дайрч байгаа юм алга. Хувцас хөнжил тараахад  урдуур дайраад олноор нь  тэв¬рээд гарч байгаа хүн алга. Дарааллаараа очоод өөрт ногдох нэг хөнжлийг аваад гарч байна. Тэр их хүмүүжил, энэ их жудгаас  дэлхий  суралцах ёстой. Нөгөөтэйгүүр япон хүний оюуны өндөр чадвар, хүний хийсэн зүйл  мөн¬хийн биш, удаан тогтож чадахгүй гэдгийг мэдэж байна. Аливааг мөнхийн юм шиг, үүрдийн юм шиг битгий санаач гэдгийг тэд хэлж байна шүү дээ. Бай¬шин нурж л байг, дахиад босгочихно, Хүн үхэж л таарна, 70-80 жил  амьдардаг. Тэглээ гээд гашуудаж араас нь үхчих гээд яах юм бэ. Мэдээж харамсалтай байлгүй яахав, тэглээ гээд түүнийг улс орон даяар эмгэнэл, гашуудал  болгож болохгүй. Тэр хүмүүжил, ёс суртахуунаас  бид суралцах ёстой. Манайд жаахан зүйл тохиолдож, да¬раа нь гадаадаас хүмүүс ирж хандив тусламж, хувцас хунар тараалаа гэж бодоход бид  яаж дугаарлаж, зодолдох бол. Нэг нь дайрч ороод олныг авчихсан хаа нэгтээ  зараад явах энүүхэнд. Гэтэл тэнд бие биеэ ямар их хүндэлж байна вэ. Нэг нэгэндээ яасан их хайртай юм бэ. Бид япончуудыг ёсорхуу, хүйтэн хүмүүс робот шиг  гэлцдэг. Гэвч юун хүйтэн хүмүүс, юун робот, ямар  хүнлэг хүмүүс вэ.  Хүнлэг хүн  хаана байна гэвэл   япончууд л байх, энэ хорвоод. Өнөөдөр тэд “Бидэнд тусламж хэрэг¬гүй шүү. Битгий өрөвдөөрэй. Бид зовлонтой хүмүүс болж харагдмааргүй байна. Тэр чинь ичмээр байна шүү. Бид юмаа хийж байна. Байгаль хийдгээ хийсэн, авахаа авсан.Яая гэхэв байгалийн өмнө хүн бяцхан юм” гэж айхтар логиктой хэлээд  байна шүү дээ. Гэтэл манайхан оюутнуудаа авна, онгоц нисгэнэ гээд нөгөөдүүл нь ирэхгүй гээд ичмээр юм боллоо. Монгол төр өнөөдөр ингэж хөнгөдмөөргүй, насанд хүрмээр байна шүү дээ.

-Монголынхоо тухай, Арабын орнуудад өрнөж буй үйл явц, Японд болсон гамшиг гээд олон зүйлийг ярилаа. Та философич хүн, энэ бүх үйл явдлыг  базаад хэлэхэд  философи нь юу вэ?
-Философи гэдэг маань шүүмж юм. Үйл явдал өрнөж байг, тэр дотор ороод сэтгэлийн хөдөлгөөнөөр дагаж давхихгүй, урсгалыг дагаж хөвөхгүй. Харин хажууд нь гарч зогсоод үнэлэлт дүгнэлт өгө¬хийг философи гэж  хэл¬нэ. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлын  хажуугаас  харж байгаа байдалд нь  үнэлэлт дүгнэлт өгдөг, хэнийг ч дагаж дав¬хидаг¬гүй, юунд ч хууртахгүй голыг нь олж хэлдэг  хүмүүсийг философичид гэдэг. Тиймээс  Монголын нийгмийн өмнө, мон¬голчуудынхаа өмнө энэ үүргээ нэр төртэй биелүүлэхсэн гэж бодож явдаг шүү дээ.

Ч.ҮЛ-ОЛДОХ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...