English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Шилийн сайн эрс” бидэнд юу өгсөн бэ
Бид “шилийн сайн эрс”-ийн тухай үлгэр домог олныг мэддэг. Тухайлбал Торой Банди, Тогос Чүлтэм гэх эрс олон аймаг хошууг дамнан хэсч баядын мориноос хулгайлаад ядуу ардад үнэ төлбөргүй түгээдэг байжээ гээл. Өөрсдийг нь унах унаатай залгуулсан болохоор Монголчууд маань тэднийг их хайрладаг байж. Тиймдээ ч тэдний тухай дуу шүлэг олноор нь зохиож магтан дуулж алдаршуулжээ. Тэднийг дан ганц алдаршуулаад зогсохгүй шилийн хулгайчдад хамаг адуугаа алдчихаад тэднийг бариулах гэсэн ноёдоос шилийн эрсээ амь үл хайрлан хамгаалдаг байсан байх юм. Шилийн сайн эрс гэх тэдгээр хулгайчдын ардуудад тараасан морьд ядуусын амьдралыг мэдээж илт сайжруулаагүй, ядаж л нэг айлын амьжиргааг нүдэнд харагдахаар өөрчлөөгүй байна. Хулгайн юм уулаасаа яаж хүнд юм болох билээ. Харин ч хулгайлагдсан морийг нь унаж явааг ноёдууд мэдэхээрээ хөөрхий ардыг жинхэнэ утгаар нь яргалан цээрлүүлдэг байжээ. Шилийн эрсийн  иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл нь сайхан боловч бэлэн юм өгдөг үйлдэл нь буруу байжээ. Үүнээс л үүдэж Монголчууд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон болов уу. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр биш өглөг буянтны хишгийг хүртчихээд л би ядуу. Би ядарсан гэж бусдаас чанга хашгирч түүнийгээ амьдрах аргаа болгосон байна.
    Харин орчин цагт шилийн сайн эрстэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс олноороо гарч ирсэн байх юм. Тэд гэхдээ ноёдоос биш төрөөс хулгайлдаг. Төсвийн мөнгийг янз бүрийн аргаар луйвардаж хулгайлангуутаа сонгуулиар ард түмэн рүүгээ хошуу цорвойн цацаж “Эвий та нар минь ямар их ядуу юм бэ. Май, ав л даа. Миний хөлс хөдөлмөрөө дуслуулан байж олсон мөнгө юм шүү хэмээн 10, 20 мянгаар нь иргэдэд өгөнгүүтээ “та нар минь намайгаа л сонгодог юм шүү. За тэгүүл ч ёстой ирэх 4 жилд та нарыг жинхэнэ утгаар нь жаргаагаад өгнө” хэмээн гоо амлаж ялчихангуутаа мурьчихдаг. Эсвэл намайг сонго тэгүүл би ирэх 4 жилийн турш иргэн бүрт  1 сая 500 мянган төгрөг өгнө. Тэгэхээр та нарын амьдрал илт сайжирна ш дээ. Танайх чинь ам бүл тавуулаа юм байна. Намайг сонговол 7 сая 500 мянгыг халааслах юм байна даа. Тэрүүгээр байшингаа томруулж болно.  Эсвэл машин аваад унасан ч болно гэх мэтээр баахан сэнхрүүлчихээд л яваад өгсөн. Хөөрхий ардууд түүнд нь итгээд саналаа өгчихсөн нь амьдралаа сайжруулах биш харин самруулсан гэхэд болно. Иргэд улс төрчдийн амлаад байсан сая 500 мянгын төлөө биш 20000-ийн төлөө эхлээд УБЕГ-ын үүдэнд дараа нь банкнуудын үүдэнд өвлийн хүйтэн зуны халууныг үл ажран үүрийн харанхуйгаас үдшийн бүрий болтол оочирлох болсон юм. Тэрхүү ард түмний хишиг нэртэй мөнгө нь нэг ч айлд бодит хөрөнгө оруулалт болоогүй бөгөөд улсын хэмжээнд ядаж цорын ганц айлын амьдралд мэдэгдэхүйц тус болоогүй юм. Харин ч оронд ард түмэн маань ажиллаж хөдөлмөрлөх ямарч хүсэлгүй болсон бөгөөд төрөөс өгөх халамжийн мөнгийг хүлээн би ядуу хүн би ядарсан хүн гэдэг үгийг чангаас чанга хэлдэг амьд сүг болон хувирсан юм. Шилийн эрс нэг иймэрхүү л үйл ажиллагаа явуулдаг юм байна.
С.Будрагчаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...