English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Надад нас ч, бяр ч байна
Надад нас ч, бяр ч байна- Тэгш ой давхацсан улсын их баяр наадам хоёр хоногийн дараа болно. Энэ удаагийнхаа “Улстөржөөгүй яриа” булангийн зочноор Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярьсан юм. Цагаан цамц өмсч, зангиа зүүсэн тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн хэмээх гуншинтай. Гэсэн ч төрийн их баяр наадмыг найман жил дараалан манлайлж, наадамчин олныг баясгаж байсныг нь ард түмэн мартдаггүй.

Ямартаа л “УИХ-ын гишүүн, аварга ” хэмээн албаны хурал, цуглаан дээр хүртэл танилцуулж байх вэ дээ. Түүний гаргасан амжилтыг бөх сонирхогчид Монгол бөхийн цадиг түүхэнд дахин тохионо гэхэд бэрх дээд амжилт хэмээн биширдэг. Ингээд түүнтэй хөөрөлдсөн яригаа хүргэе.

-Энэ жилийн наадам сайхан болох нь ээ. Бороо хур тэгшэрч зуншлага сайхан байх бололтой?
-Энэ жилийн баяр наадам сайхан болно оо. Олон сайхан тэгш ой давхцаж байна. Монгол түмэн үндэсний их баяр наадмаараа бэлэг дэмбэрэлтэй сайн, сайхан зүйлсийг бодож, ихэд бэлэгшээдэг. Иймээс их бэлэг ерөөл бодож, наадамдаа бэлдэж байна даа. Морьдын уяа сойлго сайхан нийлж, бөхчүүдийн маань бэлтгэл ч ханасан харагдана. Ер нь сэтгэл тэнэгэр, тэнүүн сайхан наадах болов уу.

-Олон жил зодоглож, үзэгч түмнээ баясгасан. Ер нь наадам болохоор Зодог шуудгаа үгүйлэх юм уу, сэттэл гэгэлзэнэ биз?
-Наадам ойртохоор сэтгэл гэгэлздэг л байлаа. Барилддаг байхдаа бол ирэх жилийн наадам ч хол байна даа гэж санаашрах үе байсан. Бэлтгэл хийж, барилдаад байвал төв цэнгэлдэхийн голд дэвж байж мэдэхээр шүү. Ер нь барилдах сонирхол төрнө өө. Би 2006 оны их ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн дээ. Уг нь бол үзүүр, түрүүнд үлдчихнэ гэж бодож байсан шүү. Гэтэл дөрөвт үлдсэн. Түүнээс хойш барилдаагүй. 2008 оноос хойш барилдах бэлтгэл огт хийгээгүй. Бэлтгэл хийгээд барилдаад байвал барилдах гээд байх юм билээ.

-Санасандаа хүртэл барилдаж чадаагүй гэж гоморхсон хэрэг үү. Яагаад бэлтгэлээ ч хийгээгүй юм бэ?
-Нэгд, УИХ-ын гишүүн болохоор ажлын ачаалал ч их юм. Хоёрт, Монгол бөхөд бий болсон сайхан ёс, уламжлал буруу тал руугаа хэвийх боллоо. Жишээ нь, монголчууд өнөөдөр ардчилал, зах зээлийн эдийн засаг гэдгийг буруу ойлгох болж.

Тэр нь юу вэ гэхээр амин хувиа хичээж, ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн болсон юм шиг. Мөнгө л байвал бусад нь хамаагүй байддаар асуудалд хандна. Ийм давалгаа, сэтгэлгээ өнөөх сайхан ёс, уламжлалаа хадгалдаг монгол бөхөд хүртэл нэвтэрчихээд байна. Цолны найрааны асуудал үнэндээ шингэчихээд байгаа учраас төвөгтэй зүйл их л байх юм.

-Төвөгтэй гэхээр?
-Уг нь наадмын дэвжээний өөрийнхөө бололцооны хэрээр санасан даваандаа хүрч, ард түмнээ баясгаад явах сонирхол байх юм. Одоогоор зодог тайлах болоогүй байна. Надад гарын бяр бий. Хүний гарын бяр хүч барагдана гэж байдаггүй бололтой. Үүнийг ахмадуудаасаа ч харлаа, өөрийнхөө амьдрал дээр ч мэдэрлээ. Гэтэл би чинь том цолтой дархан аварга хүн ам авахад их хэцүү болж. Сүүлийн жилүүдэд барилдсан наадмууддаа тавын даваанд цолгүй хүн авч чадахгүй.

Аймгийн цолтой юм уу, цолгүй хүн ам авч барилдаад уначихвал Б.Бат-Эрдэнэ аварга найраа хийж, мөнгө авсан байна гэх юмтай холбогдох хэцүү болж. Уг нь тухайн үед ямар барилдаан гарахыг хэн ч таамаглах аргагүй шүү дээ. Бяр, хүч дутаад өвдөг шороодох тохиолдол гарахыг алийг тэр гэх вэ дээ. Ингээд цолынхоо эрэмбээр ам авдаг эрхээ эдлэх аргагүйд хүрэх юм.

Иймэрхүү асуудал бий учраас би оролцох юмсан.Барилдах сан гэж бодохоо ч больсон.

-Гэхдээ энэхүү гаж үзэгдлээс ангижрахын тулд “Монгол бөхийн холбоо” өөрчлөлт хийж байгаа гэж сонссон. Гэхдээ дүрмэнд өөрчлөлт орууллаа гээд энэ байдал устах болов уу?
-Энэ гажуудлыг засахын төлөө бодлогын хувьд эрх зүйн хүрээнд нь “Монгол бөхийн холбоо” дүрмэндээ тодорхой өөрчлөлт оруулсан. Энэ жилийн улсын баяр наадмын хувьд энэ байдлыг бас ч үгүй зассан гэж хэлж болно. Гэхдээ бүрэн хэмжээнд арилгаж чадаагүй болов уу. Гол нь энэ гажуудал тухайн хүний ёс зүй, жудаг, хүний мөн чанартай нь холбоотой.

Иймээс цол авахын төлөө барилдаж байгаа хүмүүс маань ч, том цолтой цолоороо ам авдаг эрх мэдэлтэй хүний хувьд ч аль аль талдаа асуудлыг эргэцүүлэн бодож, тунгаах хэрэгтэй. Хэрэв оюун бодолдоо тунгаагаад өөрсдөө тэр байдлаасаа гарчих л зүйл шүү дээ.

-Начны найраа гэх зүйл хэдийнээс Монгол бөхөд ингэтлээ шингэх болов. Таныг барилдаж байх үед ийм зүйл байсан уу?
-Хуучин монгол бөхөд байсан энэ уламжлал нь хамгийн өндөр, дээд цолтой ахмад настай бөхчүуд нь өөрийнхөө нутаг орны, цаашлаад хойч ирээдүй болж амжилт гаргах бөхчүүдийг давааны тунаанаас нь гаргаж өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор амлаж аваад өвдөг шороодох тохиолдол байсан. Энэ бол цэвэр хүн чанар, ёс зүй, жудагтай холбоотой.

Харамсалтай нь энэ зүйл хэдийнэ алдагджээ. Уг нь үндэсний бөх нь Монгол Улсын түүх, ёс уламжлалыг өөртөө шингээсэн соёлын өвийг хадгалагч, тээгч нь юм. Гэтэл өнөөгийн нийгмийн ёс суртахууны уналт доройтол, хэцүү хүнд нөхцөлөөс болж гажуудалд орчихоод байна. Бид үүнээс гарахын тулд тодорхой арга хэмжээ авч, зарим ажлыг зохион байгуулсан. Ямар ч байсан үр дүнд хүрнэ гэж бодож байгаа.

-Сүүлийн үед үзэгчид бөх сонирхохоо бараг л больж. Начны найраа, наймаатай бөхийг үзэх сонирхолгүй болсон талаар хуучилдаг. Ингэсээр үндэсний бөх хэний ч сонирхлыг татахаа больж мэдэх бололтой?
-Гэхдээ бүгдийг нь тэгж хавтгайруулж ойлгож болохгүй. Тодорхой хэсгүүдэд л ийм зүйл бий. Түүнийг нь засаж, сайжруулж байна. Монгол бөх нь агуу их өв соёл төдийгүй эр хүнийг төлөвшүүлэх арга ухааны сургууль байсаар ирсэн уламжлалтай. Гагцхүү энэхэн цаг үеийн гажуудлыг арилгахад л болох юм.

-Ер нь Монгол Улсын түүхэнд иймэрхүү цаг үеийн гажуудал гарч байсан юм уу?
-Одоогоос 100-н жилийн өмнө янз бүрийн хэл ам, хараал жатга үндэсний бөхөд байсан гэдэг. Орон нутгийн наадамд барилдаж буй бөхчүүд, хурдан мориноос   эхлээд улсын, даншигийн хэмжээнд тийм асуудал их яригддаг байж. Энэ бол бас л нэг үеийн давалгаа байсан гэдэг. Энэ бүхнийг даван туулах, өөрийнхөө зүй тогтлоор үүнийг арилгах боломж бий. Ямартай ч зөв гольдролд орно гэдэгт би итгэлтэй байдаг хүн.

-Энэ жил гурван тэгш ой давхцаж, 1024 бөх зодоглоно гэсэн. Бөхийн таавар ч эхэллээ. Таны хувьд таамаглаж, онилсон хэн хэн байна вэ?
-Анх удаа 1024 бөх улсын их баяр наадмаар зодоглох гэж байна. Урьд нь 768 гээд 1024-гөө арай хүрч барилдаж байгаагүй. Бидний үеийнхэн ч өөрчлөгдөж дээ. Тэр үед олимп, тив дэлхийн спортын төрлүүдээр их хичээллэж, оролцож явлаа. Харин одоогийн залуу бөхчүүд үндэсний бөхөөрөө дагнаж хичээллэх юм. Жүдо болон чөлөөт гэхчилэн бусад спортын төрлөөр хичээллэхгүй. Үүнтэй холбоотойгоор ерөнхий бэлтгэлийн эрчим, багтаамж түвшин тодорхой хэмжээгээр буурсан байна. Харин үндэсний бөхөөр хичээлэгчдийн тоо өсөх хандлагатай.

-Тэгэхээр тааварын тухайд?
-Барилдааны ерөнхий түвшин доошилсон нь харагдсан. Харин оролцож байгаа бөхчүүдийн хүрээ өргөн болж. Энэ үзүүлэлтээрээ ялгарах онцлог байна аа. Ийм учраас энэ жилийн баяр наадамд өмнө нь том цолонд хүрсэн Өсөхбаяр, Ганбат, Доржсамбуу гэхчлэн ахмад зэрэглэлийн бөхчүүд дээгүүр барилдах болов уу. Тэгэхээс өөр арга байхгүй. Тэд бид нар шиг олимп, тив дэлхийн спортын захыг ньүзсэн хүмүүс байгаа юм. Тийм учраас үзүүр түрүүнд үлдэх нь тодорхой гэж үзэж байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн программд үндэсний бөхийн хичээл заах талаар нэмж оруулах гэж байгаа гэл үү?
-Бөх гэдэг гайхалтай өв соёлоор дамжуулаад Монгол Улсын төрийн тулгуур, өрх гэрийн тэргүүн, эр хүнийг бэлтгэдэг арга сургуулийг бий болгох юм. Энэ үүднээс “Нийтийн Монгол бөх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Нутгийн салхи” хөтөлбөрөөр бүхий л ерөнхий боловсролын сургуульд үндэсний бөхийн хивс, дэвсгэр өгөх зорилготой.

Одоогийн байддаар 13 аймгийн ерөнхий боловсролын сургуулийг энэ төсөлд хамруулсан. Зодог шудаг хийх гарын авлага, “Монгол бөхөд анхлан суралцах нь” хэмээх сурах бичиг гардуулсан. Энэхүү сурах бичгийг “Монгол бөхийн холбоо”-ны тэргүүн Нямдорж, Данзан, бид гурав бэлтгэсэн юм. Энэ бол зөвхөн зодог шуудгаа яаж өмсөх, хэрхэн барилдах, гарч дэвэх талаар заах тухай ойлголт биш. Харин монголчуудын хамгийн дээд эрхэм зан суртахуун, ёс уламжлалыг сургах.

Тэр дундаа зөвхөн хөвгүүдэд биш охидууд ч сургалт хамрагдана. 6:10-ийн хивсэн дээр охидууд нь уламжлалт үндэсний бүжиг, орчин үеийн гимнастик, аэробек хийнэ. Хөвгүүд нь монгол бөхийн бэлтгэлээ хийнэ. Ийм ач холбогдолтой. Сурах бичгээр 5-11 дүгээр ангийн бүхий л сурагч хичээллэх юм. Цаашдаа улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийг хангасны дараагаар хичээлийн агуулга, стандартад тааруулж, программд нъ оруулах бодлоготой байгаа.

Монгол үндэстэн агуу хүчтэй, хүчирхэг байсан нь хүндээ байгаа юм. Тэр дундаа эр хүнийг хэрхэн бэлтгэж байснаараа энэ үндэстэн агуу байсан түүхтэй.

-Тэгвэл өнөөгийн эр хүнийг тэрхуү агуу үндэстнийг бий болгож чадах тэрхүү “стандартад” нийцэх юм уу?
-Монгол эрийг яаж доройтуулах вэ гэсэн олон зууны турш явуулсан бодлогын үр дүнд монгол эрчүүд дорой, ядруу нэгэн болцгоосон. Гэр бүл, хамт олон, нийгмийн хүрээнд хамгийн дорд үнэлэгддэг хүмүүс бол эр хүн болжээ. Энэ байдлаараа цааш явбал Монгол үндэстнийг хэцүүхэн хувь тавилан угтана. Амьтны төрөл зүйл гэхэд л эр хүйстэн нь дорой бол устаж үгүй болдог жамтай.

Үүнийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоосон зүй тогтол шүү дээ. Энэ үүднээс бидний өвөг дээдэс монгол харчуулыг эр хүн шиг байгаасай гэсэндээ бүхэл бүтэн ухаан, арга сийлсэн нь монгол бөх. Иймдээ ч монгол туургатан оршин тогтносоор ирсэн биз.

-Энэ жилийн наадмаар их аварга Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар зодоглоно гэсэн. Тэднээс ямар барилдаан гарах бол?
-Би яаж мэдэх вэ дээ. Их аварга барилдана гэж байхгүй ээ. Н.Түвшинбаярын тухайд байж болох л юм.

-Гэхдээ олон жил зодоглосон хүний хувьд хэнээс нь ямархуу уран барилдаан гарч, хэд давах бол гэсэн таамаг бий болов уу?
-Их аварга барилдана гэдэг худлаа. Ёс жудагтай байх хэрэгтэй биз дээ. Н.Түвшинбаяр үндэсний бөх барилдаж болох л зүйл. Би түүнд тамирчин хүн ёс жудагтай байх хэрэгтэй талаар захидаг байсан юм.

-Та их сунгаа руу явах гээд яараад байна аа даа?
-Их сунгаа өнөөдөр (өчигдөр) болж байгаа. Энэ жилийн улсын баяр наадмаар би зургаан насны морьд уяж байгаа. Иймээс их сунгаа руу явах юм. Манай Хэнтий аймгийн алдарт уяач Буяндэлгэр, манлай уяач Содномцог, “Алтай трейдинг” компанийн Бат-Эрдэнэ, Бадамжунай гээд бид нийлээд “Од” нэртэй галтай. Өнгөрсөн жил тэргүүний гал болсон юм.

Энэ удаад Хан хэнтий уяа галтай хамтраад улсын баяр наадамд наадна. Хэнтий аймгаас уяачид ирэхээр манай галд төвлөрдөг юм. Улмаар улсынхаа баяр наадамд бүртгүүлж, хурдан ажнайгаа ус, хоол тэжээл ямар ч асуудалгүй хангадаг даа.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...