English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Үнэт атлаа үнэгүй ус
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газраас дөрвөн жилд нэг удаа улс орон даяар усны тооллого явуулдаг. Энэ удаагийн тооллого тавдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явж байна. Тооллогын ажил бүрэн дууссаны дараа ширгэсэн гол горхины тоо ил болох учиртай.

Энэ зун хур бороо элбэгтэй байгаа учраас хуучин ширгээд алга болсон нуур, гол горхи эргээд сэргэсэн гэдэг таатай мэдээ байна.

Уул уурхайн олборлолтоос тодорхой хэмжээний ус бохирдож, гол горхи ширгэж байгааг үгүйсгэхгүй. Энэ тооллогыг эхлэхээс өмнө усны мэргэжилтэнтэй ярилцаж байхад уул уурхайн үйл ажиллагаанаас болж 120 гаруй гол горхи ширгэсэн гэж хэлж байсан.

Ашигласан бохир усаа голын усанд шууд асгадаг хувиараа ашигт малтмал олборлогчид гол горхийг хамгийн ихээр бохирдуулдаг нь тодорхой.

Өмнөх тооллогоор ширгэсэн гэгдэж байсан гол горхи эргээд сэргэж бүр эргээ халин урсаж байгаа тохиолдол олон байгаа болохоор энэ удаагийн тооллогоор нэг их харамсалтай тоо гарахааргүй байх шиг байна. Гэхдээ огт урсахгүй болтлоо ширгэсэн гол мэдээж байгаа. Ширгэсэн гол горхины тоог гаргаад, ямар хүчин зүйлээс болоод энэ гол ширгэв ээ гэдгийг тооллогоор тодорхойлох ажээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод гол ус ширгээд байна гэдэг. Үнэхээр тийм байна уу, эсвэл хүний буруутай үйл ажиллагаа гол горхины амийг тасдав уу гэдгийг тодорхойлох нь маш их ач холбогдолтой. Ингэж шалтгааныг үнэн зөв тогтоож гаргаснаар дараа дараагийн авах арга хэмжээ тодорхой болох учиртай.

Гол усаа тоолсны ашигтус гарч, ирээдүйд тулгарч мэдэх усгүйдэх аюулаас сэргийлэх арга замаа зөв тодорхойлбол, амин эрдэнэ ус, амьдралыг минь тэтгэн урссаар л байх болно. Усны ач тус зүйрлэхийн аргагүй их гэдгийг мэддэг атлаа бага үнээр борлуулж
үнэ цэнэгүйдүүлж байгаа нь илхэн байдаг. Хүн ер нь үнэ багатай зүйлийг огт хэмнэхгүй, хайрлахгүйгээр хэрэглэдэг. Усны үнэлгээ Монголд маш муу. Уул уурхайн компаниуд нэг тонн усыг ердөө 180 төгрөгөөр худалдан авдаг юм билээ.

Харин иргэд 40 литр усыг 40 төгрөгөөр худалдан авдаг ажээ. Гадны орнуудад уул уурхайн компаниуд нэг тонн усыг гурван еврогоор авдаг бол Монгол ердөө нэг центээр нэг тонн усыг зарчихаж байгаа юм. Ийм хямд өртөгтэй, үнэт мөртөө үнэгүй усыг ариг гамгүй хэрэглэх нь мэдээж шүү дээ.

Хамгийн чухал асуудал нь усны экологи эдийн засгийн үнэлгээг гаргах хэрэгтэй болж байна. Өндөр үнэтэй авсан зүйлдээ ямар ч хүн харам байдаг. Харам хандсанаараа тэр хүн хайртай эд зүйлээ урт удаан хугацаанд эдэлж хэрэглэдэг. Түүнтэй адилаар үнэтэй усыг хямгатай хэрэглэх нь тодорхой. Тиймээс усыг үнэтэй болгох асуудал яригдан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг гаргажээ.

Монголд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн энэ үед усны хэрэглээ эрс ихэссэн нь тодорхой. Усны хэрэглээ ихэссэн ч, усаа хайрлах сэтгэл улам бүр багассаар байгаа нь эмгэнэлтэй. Усыг үнэт эрдэнэ гэдэг атлаа, үнэгүй зарж байгаа нь бас гайхалтай. Амьтай бүхнийг тэтгэн урсагч усаа үнэтэй болгож, ариг гамтай ашиглах хэрэгтэй болоод байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...