English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Бан Ги Мүн Монголын ард түмэнд талархал илэрхийллээ
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 50 жилийн ой тохиож байна. Эл түүхэн арга хэмжээтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүн Монголын ард түмэнд хандан баяр хүргэж, халуун мэндчилгээ дэвшүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эл ойн арга хэмжээнд оролцохоор АНУ-ыг зориод буй юм.

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүний илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бан Ги Мүн: Монгол, НҮБ-ын харилцаа цаашид ч улам бэхжинэ

Улаанбаатар хот, 2011 оны 10 сарын 27

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

НҮБ-ын системийн байгууллагууд анх 1960-аад оны эхэн үеэс Монгол оронд ажиллаж эхэлсэн билээ. Өнөөдөр 11 байгууллага Монгол орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийт ард түмний амьдралыг сайжруулахад Монголчуудтай хамтран ажиллаж байна.

Монгол орон ардчилсан нийгэмд энх тайван замаар амжилттай дэвшин орсонд бид бүхэн бахархдаг билээ. Монгол улс эдүгээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь тус улс чухамдаа ардчиллыг дэлгэрүүлэн бэхжүүлэх үйл хэргийн тэргүүн эгнээнд явж ирсний нэг нотолгоо юм.

Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Тус улс олон улсын 140 гэрээ конвенцид нэгдэн орсон. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэг бөгөөд Энхийг сахиулах сургалтын төв, Дарфур, Өмнөд Судан дахь идэвхтэй оролцоогоороо өөрийн чадавхи, хүлээсэн үүргээ өргөжүүлэн бэхжүүлсээр байна. Тус улсаас далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах санал дэвшүүлсэн нь өөрсдийн онцгой бэрхшээлийг даван туулахын төлөөх эдгээр улсын хүч чармайлтад тус дэм үзүүлэх ач холбогдолтой юм.

Миний бие 2009 онд Монголын сайхан оронд айлчлах нэн таатай завшаан тохиолдсон бөгөөд чингэхдээ тус улсын унаган байгаль, үндэсний соёлтой биечлэн танилцсан төдийгүй Монгол Улсын Засгийн газар, ард түмэн эх орондоо ч, эх дэлхийдээ ч энх тайван, хөгжил цэцэглэлийг цогцлуулах чин эрмэлзэлтэй байдгийг мэдэрч бахархсан билээ.

Энэ түүхт ойг тохиолдуулан Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн хагас зууны туршид Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн, түшигтэй түнш байсанд талархаж байгаагаа илэрхийлье. Бидний харилцаа холбоо цаашид ч улам бэхжинэ гэдэгт бат итгэлтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...