English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Н.Энхбаярын хар ном “хатуу самар”-аар эхэллээ
Харин Ц.Нямдорж хариу цохилт хийж түүнийг шөнөөр отов уу -

Эрх баригчдын талаар хар ном гаргахаа амлаж байсан Намбарын хүү эхний хуудсаа нээжээ. Номны эхний нүүрэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж заларчээ.

Сонгуулийн өмнө МАНАН-гийнханд сюрприз барина хэмээн таамаглаж суусан эрх баригчид гэнэтийн цочролд орж Н.Энхбаярыг баривчлахыг завдсан гэх мэдээлэл цацагдлаа. Н.Энхбаяр нэгэн үе мөр зэрэгцэж явсан журмын андаа Авлигын сүлжээг дээрээс нь нураах, төрийн олигархижсан дэглэмийг сууриар нь ганхуулахын тулд эрх баригчдын “зуудаг нохой” нь болсон хэмээн тодорхойлжээ. Улмаар тэрбээр нөхрөө Авлигатай тэмцэх газар болон холбогдох бусад газруудад барьж өгөхөө ч мэдэгдэв.

Үнэндээ ч нэг намд насаараа шахуу зүтгэж явсан энэ хоёр нөхөр нэгнийхээ урдах, хойдох амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Ямартаа л Н.Энхбаяр “хатуу самар”-т байдаг бүх хөрөнгийг өртөгөөр нь гаргаж ирээд, олны өмнө амыг нь асууж байх вэ дээ.

Тодруулбал, насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр, хүүхэд нь төрийн албанд ажилладаг, ямар ч бизнес эрхэлдэггүй гэгддэг Ц.Нямдорж хаанаас, ямар орлогоор дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг Намбарын хүү шаардлаа.

Тухайлбал, Туул голын эрэг дээр “MCS” компанийн барьсан байрны тавдугаар давхарт Г.Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг нэг сая ам.долларын үнэтэй байр, Чингэлтэй дүүргийн XVIII хорооны задгай буюу Билгүүн уулын энгэрт байдаг 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж байгаа, тус бүр нь нэг сая орчим ам.долларын үнэтэй хоёр хаус. Энэ гурван хаусыг ШШБЕГ-ын хяналтад байдаг хоригдлуудаар бариулсан, өөрийнх нь хаусыг барьж байсан нэг хоригдол унаж амь насаа алдсан, хүүхдүүдийнх нь хаусыг барьж байсан нэг хоригдол амиа хорлосон гэхчлэн цэг, таслал алдалгүй тоочсон байна лээ. Мөн тэрбээр энэ нь Ц.Нямдоржийн хөрөнгийн нэгхэн хэсэг гэдгийг онцлохоо ч мартсангүй. Улмаар үүнээс цаашид түүний хууль бус замаар олсон хөрөнгө, орлогыг илчлэн илрүүлэх ажлыг үргэлжлүүлэх болно хэмээн Хууль зүйн сайдыг ацан шалаанд оруулж орхилоо.

Мөн энэхүү хөрөнгө нь АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдаагүй гэж байгаа. Түүнчлэн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ц.Нямдоржийн өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хаусыг хоригдлуудаар бариулж, хоёр хоригдол амь насаа алдсан нь хүний эрхийг хэрхэн зөрчсөн болох талаар дүгнэлт гаргахыг шаардаж байх юм. Хүний эрхийн дэд хорооны дарга нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ц.Нямдоржтой хэзээний хонь, чоно байдаг шиг энэ хоёр нөхрийг нүүр тулуулахаа Намбарын хүү мартсангүй. Иймээс дээрх асуудлыг авч хэлэлцэж, дүгнэлт гаргахыг шаардсаар байхаа ч илэрхийлсэн.

Мөн Ц.Нямдоржийн санаачилсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэлгүйгээр санаачлагчид нь буцаахыг шаардав. Үндэслэл нь 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг тогтоон хуулиар хатуу цээрлүүлэхийн оронд 2012 оны сонгуулийг будлиантуулж, сонгох эрхээ хамгаалах эрхтэй шударга иргэдийн эсрэг төрийн цагдааг зэвсэглүүлэн дайруулж, галт зэвсэг хэрэглэх эрх олгохоор хуулийн төсөлд нэмэлт оруулж буй хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, “Нямдоржтонгууд ард түмнийхээ цусыг урсгаж, амь насыг нь бусниулж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэмт төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж буй завдалт мөн” гэжээ.

Мөн сайдыг Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус шүүх засагт бүдүүлгээр нөлөөлж, хөндлөнгөөс дарамтлах замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтайгаар гаргуулж байх гэсэн бусармаг санаархалтай гэж дүгнэсэн байх юм. Экс Ерөнхийлөгч ийн нэгэн үеийн журмын андаа олны өмнө “нүцэглэлээ”. Үүнийг сонссон Ц.Нямдорж сайд хариу цохилт хийж Н.Энхбаярыг баривчлах гэсэн оролдлого гаргасан талаар МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн Facebook хуудсандаа онцолжээ. Улмаар энэхүү мэдээллийг “ТВ-9” телевиз баталгаажуулан, дүрсжүүлсэн гэж байгаа.

Хатуухан самрыг ийн үйлдэл хийсэн эсэхэд улс төрийн хүрээнийхэн эргэлзэж буй. Улмаар Намбарын хүү олны анхаарлыг өөртөө татахын тулд ийн сенсаац дэгдээсэн хэмээн тайлбарлах нэгэн ч буй юм. Ямартай ч Н.Энхбаярын эрх баригчдыг “намнах” хар номны эхний хуудас бичигдэж эхлэв бололтой. Дараагийнх нь хуудаст хэнийг мөнхлөх бол.

Л.Нинжсэмжид

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...