English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Суварга хайрхан ’’хожуул’’ хайрхан болжээ
Архангай аймгийн Булган сумын төрийн тахилгат Суварга хайрхан уулын мод бутыг их хэмжээгээр огтолж уулыг халзалж байна
хэмээн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч С.Мишка бидэнд хандлаа. Энэ оны долдугаар сарын 20-нд ""Цэвэр ойг хэрэгжүүлэх хөтөлбөр"" нэртэй ойн унасан мод, бут, сөөгийг цэвэрлэх захирамжийг Архангай аймгийн Засаг дарга гаргасан байна. Уг уул модоор элбэг тэр дундаа хуш мод ихээр ургадаг төдийгүй жимс жимсгэнээр баян үзэсгэлэнт байгалтай газар аж. Гэтэл унасныг нь биш ургаж буйг нь унаган тээвэрлэж сумын байгаль экологит маш их хохирол учруулаад байгаа аж.

Тус суманд байрлах "Ар тээл", "Хас эрдэнэ", "Их нөөц" зэрэг хөрөө рамын газар ой цэвэрлэх нэрийдлээр өдөр шөнийг үл харгалзан Суварга хайрханы модыг тайрч бэлтгэн зөөсөөр байгаа гэлээ. Мод нахиалах дэлгэр зуны цагт ногоон модыг өдрийн цагаар их хэмжээгээр тайрч хөрөөдөн Зил-130 машинаар шөнөдөө гурван удаа зөөж амждаг байна. Зил-130 машинд 4-5 метрийн урттай дүнз 50 ширхэг багтдаг гэж үзвэл өдөрт 150 дүнз 90 хоногт 12 мянган мод огтлогдсон гэсэн үг. Түүний хэлснээр ногоон төглийн эрлэг болох Ё.Баатарбилэг нь 2008 оноос хойш Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Засаг дарга болохоосоо өмнө модчин байсан гэнэ.

Мөн түүний зөвлөх Ж.Нэргүй барилгын угсралтын компанитай ба хөрөө рамаар дамжин гарсан мод түүний компанид түүхий эд болон очдог байна. Ийнхүү мод хөрөөдөх дуртай нэгэн төрийн эрх мэдлийг гартаа авснаар хуулийн цоорхойг өөртөө ашигтайгаар эргүүлжээ. ИТХ-ын дарга С.Мишкагийн хэлж байгаагаар эдгээр хөрөө рамын эзэд мод тайрах эрх мэдлийг Архангай аймгийн Засаг дарга өгч, сүүлийн таван жилийн турш дураараа дургиж байгаа юм байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нутаг дэвсгэрийнхээ ой модыг сүйтгүүлж байгаа Засаг даргадаа нутгийн иргэд эсэргүүцэх бичиг хүргүүлээд ч нэмэр болоогүй гэх.

Булган сумын Засаг даргаас энэ талаар асуухад "Мод цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаагаас биш мод тайрсан асуудал байхгүй. Өмнө нь л мод ихээр тайрагдсан байсан. Гэхдээ энэ нь намайг ажлаа авахаас өмнөх явдал. Наад мэдээлэл хийгээд яваа өвгөн чинь аль эртнээс л худал мэдээлэл хийгээд яваа хүн. Худал мэдээлэл байна" гэлээ.

Ургаа модыг хэрхэн тайрсан хожуул болгосныг TV-9 телевизээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сурвалжлан үзүүлж байсан. Гэтэл сумын Засаг дарга юу ч мэдэхгүй дүр эсгэн ийнхүү ярьж байгаа нь хачирхалтай. Гэрэл зураг, дүрс бичлэгт буун үлдээд байгаа үнэнийг худал гэж мэлзэх нь утгагүй хэрэг. Тиймээс эдгээр хууль бус үйлдлийг зогсоож, буруутныг гэсгээн Суварга хайрханыг "хожуул" хайрхан болохоос нь өмнө авраач гэж холбогдох албаныхнаас хүсье.

С.Мөнх-Од
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга