English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ж.Сүхбаатар гишүүн яагаад цор цор гээд байх болов оо
Тэр ойрдоо цор цор хийгээд бүр оодорчихож. Хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцдагадаа"... Би УИХ-д хамгийн чөлөөтэй байдлаар хэлье гэснээ хэлж чаддаг. Надад ямар нэгэн барьцаа, элдэв бүлэглэл, хэн нэгний хатгаас энэ тэр байхгүй... С.Эрдэнэ гишүүнийг уурандаа биш зориуд хэлье гэж хэлсэн ч арай чангаруулаад хэлчихсэн юм. Гэхдээ энэ үгийг УИХ-ын гишүүний хувьд хэлж болох байх гэж ойлгож байна" гэж дэмийрчээ. Үнэхээр тэр дэмийрсэн бололтой юм. Хэлье гэж хэлсэн юм байна л даа, тэр шоронгийн үг хэллэгийг. УИХ-ын гишүүн хүн ийм үг хэлэх эрхтэй гэж бараг л ойлгочихсон ухааны юм хэлж. Тэр зоригтой байна. Бас ардаа тулах цэгтэй болоод ингэж томорч байгаа юм байна.

Хэдий адилхан УИХ-ын гишүүн ч гэлээ С.Эрдэнэ түүнийг бодвол хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Ёстой нөгөө насыг нь ч бодсон, юуг нь ч бодсон гэдэг шиг. Хэдэрлэсэн, хэлсэн болгоны өөдөөс ёс бус үг хэлж, өөрийгөө хэн бэ гэдгээ таниулах хэрэг байсан ч юм уу. Лав л Ж.Сүхбаатар С.Эрдэнэд загнуулж хэмх доошоо орлоо гэж олон нийт ярихгүй л байх. Харин ч эсрэгээрээ зангараггүй төрийн түшээ гэдгээ харуулчихсан хэрэг. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдэг дээ. Энэ улстөрд орж ирээд нэг их удаагүй, парламентад анх удаа сууж байгаа залуу, бас ирээдүйтэй улстөрч гэгддэг байсан Дарханы парламентч нэрээ нэг мөсөн шавар шавхайд хутгачихсанаа мэдэж байгаа болов уу, ингэхэд. Зурагтаар түүнийг харсан хөгшин залуу хүмүүс ингэж л ярьж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны аравдугаар сарын 25-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг өргөн мэдүүлсэн нэр бүхий есөн гишүүн асуудлыг авч хэлэлцэх хүсэлт тавихад тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Хууль эрх зүйн хүрээнд асууд¬лыг хэлэлцэх боломжгүй" гэснээс үүдэн байнгын хорооны гишүүд маргалдаж, талцаж үзэж тарав. Ц.Батбаяр, С.Эрдэнэ нар Ж.Сүхбаатарыг асууддыг хэлэлцүүлсэнгүй, дур мэдэн хууль зөрчиж байна хэмээн хэрэлдэж, чи би нохой гахай хулгайч луйварчин, эрүүгийн элемент царайлсан новш гэлцэж эхлэн Ж.Сүхбаатар ийш тийш тусламж хүссэн байдалтай байхуй дор Ө.Энхтүвшин гишүүн байдлыг арай зөөлрүүлснээр хэрүүл ңамдаж байгаа харагдсан. Болсон явдал ийм.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос УИХ-ын Ёсзүйн дэд хороонд гомдол хүргүүлж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ч Ж.Сүхбаатарыг шалгуулахаар хандсан. Гэхдээ хуулиар УИХ-ын гишүүн хүн чуулган дээр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлснийхээ төлөө ямар нэгэн хариуцдага хүлээхгүй гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл, гишүүн хүн хэнийг ч юу ч гэж гөрдөж, гүтгэж, доромжилж болно гэсэн үг. Яахав, олон нийтийн шүүмжлэл болохоор сануулаад өнгөрөх биз. Сануулга авлаа гээд Ж.Сүхбаатар ам хэлээ татах нь юу л бол.

Ж.Сүхбаатарын энэ мэт үйлдэл ганц энэ удаагийнх бус. Өмнө нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос "ухамсрын шанаа" авч байсан. Бүр тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар нэгэн мэдэгдэл хийж, авлиганы эсрэг бүлэг байгуулснаа зарлаж байсан нь саяхан. Тэд Авлигатай тэмцэх газарт дарагдаад өнгөрдөг төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгэд дүн шинжилгээ, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр зарласан. Эхний сонсголын нэг нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй болон буруу мэдүүлсэн албан тушаалтнуудаас тайлбар авах явдал байв.

Хэзээ ч биелэгдэхгүй, бүтэхгүй энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийснийх нь дараа Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатарыг өрөөндөө дуудаж аваачин "ухамсрын шанаа" өгсөн. "Чи юу гэж Х.Тэмүүжингийн бие хамгаа¬лагч хийгээд яваа юм. Чам шиг юм хүний эрх ярьж Хууль зүйн сайдыг хянадаггүй юм" хэмээн үхтлээ загнуулсан гэдэг. Ж.Сүхбаатарын омголон зан хөдөлж, үг сөргөө юм биз дээ. Заамдуулж, зангиагаараа боолгуулсан Ж.Сүхбаатарын нүүр хүзүү хоёр нь улаан даавуу шиг болчихсон сайдын өрөөнөөс гарсныг олон сэтгүүлч харсан байсан.

Бас телевизийн шууд эфирийн нэвтрүүлэгт оролцож байгаад "гудамжны жагсагч" гэгддэг О.Магнайтай бараг л зодолдох шахаж байв. "Амаа мэдэж яриарай чи. Би чамтай одоо гараад үзсэн ч чадна шүү" гэж тавьтаргүйтэхэд нь улаан жагсагч О.Магнай яаж тэвчих вэ. "Үхсэн чи муу Ц.Нямдоржид зодуулдаг байж, яаж намайг барах юм бэ. Чи намайг барахгүй ээ" хэмээн томорч байсан. Дарханд замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд шаардлага тавьсан цагдааг жижигрүүлж байсан талаархи мэдээлэл нь одоо ч зарим сайтад байж л байна. Засгийн газраас бонд гаргахтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатартай нэлээд ширүүхэн маргалдаж байсныг нь ч хүмүүс мэднэ.

Бодоод байх нь ээ, тэр өөрөөсөө ахмад, бас өөрөөс нь илүү эрх мэдэлтэй хүмүүстэй шөргөөцөлдөх хообийтой бололтой юм. Гайгүй сайн залуу юм уу гэж бодсон чинь харин ч гайтай ганц хэрүүлчтэй болж дээ, энэ УИХ. Гэхдээ тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж нэг үг бий дээ, Ж.Сүхбаатар гишүүн ээ.
эх сурвалж: монголын мэдээ сонин
Д.Дорж 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...