English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль батлагдлаа
Өчигдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, "Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлан, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байсан Төсвийн тухай болон дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ өдрийн хуралдааны эхний хэлэлцсэн асуудал бол Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах явцад гишүүд зарим саналуудын талаар байр сууриа илэрхийлж байв.

Тухайлбал төслийн 18 дах саналд ...сонгуульд автоматжуулсан системийг ашиглан явуулсан сонгуулийн санал хураалтын дүнтэй холбогдуулан маргаан гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр гарсны дараа саналыг уламжлалт аргаар дахин тоолно.. гэсэн саналыг хасах саналыг байнгын хорооноос гаргасныг гишүүд, уг системийг анх удаа хэрэглэж байгаа учраас асуудал гарахад дахин тоолох боломжтой зохицуулалтыг нь хялбар аргаар шийддэг баймаар байна. Өөрөөр хэлбэл тойргийн хороод нь шаардлагатай бол шийдчихдэг ч юмуу, тэгэхгүй бол шүүхээр асуудлыг шийдээд явах нь хэцүү ажиллагаа ихтэй байдаг гэсэн аргумент гаргасан боловч түүн дээр тулгуурлаад энэ заалтыг бүхэлд нь хасах нь хэр зөв юм бэ гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн.

А.Тлейхан гишүүн, автоматжуулсан энэ системийг бол дэмжиж байгаа. Маргаан гарахгүй гэх тохиолдол байхгүй ээ. Уламжлалт буюу гараар тоолдог системээс автоматжуулсан системд шилжихэд маргаан гарч л таарна. Энэ тохиолдолд дахин тоолж шалгахыг хүсвэл тухайн хэсгийн хороо шийдвэрээ гаргаад гараар дахин тоолдог журам гаргах нь зүйтэй байна л даа. Тэгэхгүй бол заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэвэл гурван шатны шүүхээр гурван сараас жилийн хугацаанд шийдвэрлэх хэрэг гарна. Тиймээс ч газар дээр нь хэсгийн хороод шийдвэр гаргаад тоолж байхад буруудах юм байхгүй ээ, нээлттэй үлдээе гэсэн саналтай байгаа гэв.

Харин байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар: Энэ заалтыг бол бүхэлд нь хасчихмаар байгаа юмаа. Шүүхийн биш аргаар дахин тоолж болноо гэсэн заалт л хийх гээд байгаа юм байна. Ингэж болохгүй ээ. Дүн гарсны дараа дахин тоолно гэдэг бол санал хураалтыг хүчингүй болгох тухай асуудал болчихно. Ер нь гадаадын улс орнууд дахин тоолно гэдэг ойлголтоос татгалздаг юм байна лээ. Харин ямар үед байж болох вэ гэхээр дүн эцэслэж гараагүй байх явцад магадгүй байж болох талтай болохоос дүн гарсны дараа дахин тоолно гэдэг бол сонгуулийн үр дүнг хянан үзэж байгаа оролдлого болж хувирнаа. Иймээс энэ асуудлыг хуульчлах нь аюултай зүйл учраас л бүхэлд нь хасчихая гэсэн санал оруулж ирсэн юм гэв.

Энэ асуудлаар хурал даргалагч Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ байр суурийг лавлахад СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлэхдээ, бидний хэлэлцэж байгаа хууль бол сонгуулийн маргааны асуудлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулах хууль биш байгаа юмаа. Энэ хуулийн зохицуулах асуудлын хүрээнд маргааны асуудал орохгүй юм. Харин сонгуулийн үеэр санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал хэрхэн шийдэхийг Сонгуулийн тухай хуульд тусгаж, тэр хуулийг барьж ажиллах ёстой л доо. Тиймээс энэ хуулийн хүрээнд зохицуулах асуудал биш тул энэ заалтыг хасах нь зүйтэй гэж бодож байна гэж байлаа.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссаны дараа уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн.

Үүний дараа "Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг холбогдох байнгын хорооноос танилцуулахдаа анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гаргасаны дагуу санал хурааж гишүүдийн 90,4 хувийн саналаар тогтоол батлагдлаа. Баталсны дараа асуудал оруулсан байнгын хорооны даргын баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжиж уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлахын өмнө Төсвийн тухай болон дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явагдаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...