English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Wikileaks” Монголыг тоолоо гэж үү

Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр сүүлийн үед манайдаа л Жулиан Ассанж болчихоод байгаа нь нууц биш. Хэн хүн өөдөөс нь үг сөрж чаддаггүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар нүд бүлтийж, чих дэлдиймээр хангалттай олон мэдээллийг олон нийтэд цацсан. Тэр бүхнийг уншигч та нэгд, нэгэнгүй мэдэх тул олныг нурших хэрэггүй биз. Гэсэн ч Ерөнхийлөгч асны тэрхүү гэ­н­этийн мэдээлэл нэг хэсэг­тээ л Ц.Нямдорж сайдыг сандаргаж, сардаа 4.5 сая төгрөгийн түрээсийн бай­ранд амьдардаг гэдгийг нь зар­луулж амжсан. Мөн хүүхдүүд нь банкнаас зээл авч, хаус бариулж буй тухайг нь ч тэр адилхан. Эндээс хэн хүн­гүй л “Сайд хийгээд УИХ-ын гишүүний цалин төрийн албан хаагч эхнэрийнх нь ца­линтай нийлээд сардаа 4.5 саяд хүрэх үү” гэдэг том сэдвийг хөндөхөд хүрээд байгаа. Үнэндээ Н.Энхбаяр л дэлгэсэн болохоос бус дээрх сэдэв яах аргагүй бодох л ёстой, судлах л хэрэгтэй өнцөг. Ийнхүү Хууль зүй, до­тоод хэргийн сайдыг барьц алдахад хүргэсэн тэр­бээр өөр бусдын тухай нууц мэ­дээллийг дэлгэхээс айхгүй гэдгээ уламжилж буй. Яг л “Wikileaks” сайтыг үндэс­лэгч Жулиан Ассанж шиг.


Тэрбээр дэлхийн улс төр хийгээд улстөрчдийн нууцыг, эрх ашгийн зөрчлийг илчилж байгаа бол Н.Энхбаяр Монголдоо тэр үүргийг гүйцэтгэж байна. Мэдээж хамрах хүрээ нь дэлхий болон Монгол гэдгээр л өөр болохоос бус шударга ёсны эрэлд хатагсдын хувьд зөв баримт дэлгэсэн бол тэр нь ямар их олзуурхууштай олз ашиг байх нь ойлгомжтой.

Түүнчлэн хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй хоёр намын удирдлагууд бүхэлдээ Н.Энхбаяр руу дайралт хийж байна. Үүнтэй адилхан дэлхийн хүчирхэг гүрний удирдагчид ч бүхэлдээ Жулиан Ассанж хэмээх австрали эрийг “намнах” арга ухааныг хамтдаа эрэлхийлж буй нь нууц биш. Тэрбээр энэ тухай нэгэнтээ “Би цэвэрлэхийг хүсч байна. Гэхдээ энгийн хүмүүсийг биш шүү” гэж хэлсэн удаатай. Үүн шиг Н.Энхбаяр ч өөрийнхөө тодорхойлсон тэрхүү МАНАН гэгч бүлэглэлээс Монголыг цэвэрлэхээр тэмцэж эхэлсэн гэх. Хамгийн сонирхолтой нь тэдний эл хүсэл өдгөө нэг цэгт огтлолцож байх шиг. Тэр нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын нууц ноёдыг илчлэхэд чиглэж буй.

Өнгөрсөн долоо хоногийн турш Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эзэмшлийн гэх телевизээр манай улсын хэвлэлийн зах зээлд оршин тогтнож буй өдөр тутмын сонинууд болон телевизүүдийн эздийг нэрлэсэн. Тэр дунд зарим нэг нь жинхэнэ утгаараа байгаа олсон байхад зарим нэг нь ор тас таавар таасан маягтай болж өнгөрсөн. Тэгвэл хамгийн сонирхолтой нь иймэрхүү мэдээллийг “Wiki­­­leaks” өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн байдаг. Яг л  Н.Энхбаярын телевизийнхтэй утга санаа нь дүйж буусан ч гэж болно. Уг нь зөвхөн жижиг  Монголын тухай гэхээс илүүтэй их гүрнүүдийн эрх ашгийн цаадах нууцыг дэлгэхийг чухалчилдаг уг сайтын хувьд манай хэвлэл, мэдээллийн салбар нэг их сонирхолтой өнцөг биш баймаар. Гэсэн ч тэд тэгсэнгүй.

Өмнө нь тэд “Монголд цөмийн хаягдал булшлах уу”, “Монголын Гадаад харилцааны яамны ажилтан Хойд Солонгост зуучлалын үүрэг гүйцэтгэсэн үү” болон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар тодорхой мэдээлэл цацаж байсан. Гэхдээ тэр бүхнийг манайхан эндээ онцгойлон шуугиснаас бус дэлхий нийтийг цочроох хэмжээний дуулиан байж чадаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын ард эзэн суусан нууц ноёнтнуудын тухай мэдээлэл ч мөн адилхан. Бид эндээ л ярина. Бас сонирхоно. Гэхдээ манай улсад үйл ажиллагаа явуулах гэж буй томоохон хөрөнгө оруулагчдын хувьд бас ч үгүй сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл мөн үү гэвэл мөн. Учир нь тэд нэг сэдвээр өрнүүлэх байсан яриагаа тэрхүү эзэд гэгч хүмүүстэй нь хоёр болгон өргөжүүлэх талаар дотор санаа агуулахыг үгүйсгэх аргагүй. Энэ бол олз ашиг эрэлхийлэгч бизнесмэн хүний дотор эзэн нь хэвлэлтэйгээ, эрх мэдэлтэйгээ багтах л санаа. Гэхдээ л “Wiki­leaks” Монголыг тоолоо гэж үү. Хамаг дансаа хаалгаж, үйл ажиллагаагаа зогсоосон тус сайтынханд тийм боломж бий юү. Өргөст торны цаана суухдаа тулсан Ассанж монголчуудыг байтугай өөрийгөө яая гэж байгаа юм биш үү.

“TV-9” болон “Зууны мэдээ”-г Н.Энхбаярынх гэж шууд бичиж байгаадаа дараах тайлбарыг хийх нь зүйтэй байх. Тэр нь “Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт уг телевизийн хамт олон албан ёсоор өөрсдөө “TV-9”, “Зууны мэдээ” хоёр Н.Энхбаярын мэдлийнх” хэмээн зарласан явдал юм. Тэгэхээр өөрсдөө ч тэр, эзэн нь ч тэр нээлттэй зарласан учраас бид шууд утгаар нь дамжуулахад буруудах зүйл үгүй. Тэгээд ч нэг сэжүүр бүхий мэдээлэл цацаад байгаа “Wikileaks” нь ч дээрх утга бүхий мэдээллийг цацсан байна билээ.

Ийнхүү “Хэн мөнгөтэй байна. Тэр хүссэн дуугаа захиалах эрхтэй” гэдэгчлэн Н.Энхбаяр хэвлэлийн багаа өөрийнхөө хүслээр хөдөлгөж байгааг бид хардах шаардлагагүй боллоо. Тэд өөрсдөө албан ёсоор үзэгч олонд зарласан учраас тэр. Үүнтэй адилхан “Wiki­leaks” ч тэр Н.Энхбаярын хүсч байсан мэдээллийг олон улсад цацаж. Үүнд нь экс Ерөнхийлөгч талархал илэрхийлж суухыг үгүйсгэх аргагүй. Орчин үеийн “дайн”-д зэвсэг барьснаар бус харин мэдээллийг хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглаж, эргүүлж чадсан нь ялалт байгуулах боломжтой гэх ерөнхий дүрэм өдгөө хүн төрөлхтөний сэтгэхүйд үйлчилж буй. Ийм л эрх ашиг дээр үндэслэн Н.Энхбаяр Жулиан Ассанжтай “дотно харилцаа”-тай болсон бол уншигч та битгий гайхаарай. Учир нь энэ бол улс төр. Цаашлаад Ц.Нямдоржоор эхлүүлсэн Н.Энхбаярын мэдээл­лийн “тулаан”-д цаашид хэн өртөхийг харах л үлдлээ. Мөн Монголын хэвлэл мэдээллийн нууц эздийг Н.Энхбаяр зүгээр ч нэг зарлахгүй гэдгийн баталгааг ч тун удахгүй олж мэдэх биз ээ. Гэхдээ экс Ерөнхийлөгч Ассанжаас тусламж авсан нь юу л бол.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...