English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
’’Техас покерийн холбоо’’ нэрийн дор мөрийтэй тоглоом цэцэглүүлж байна
УИХ-ын 76 мөрийтэй тоглоомонд хориг тавьсан. Товчхондоо, манай улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглох нь хуулиар хориотой.

Улсын Дээд шүүхээс ч төлбөрт таавар, бооцоот тоглоомын талаар тайлбарлахдаа покерийг хууль бус мөрийтэй тоглоом гэж үзнэ гэсэн байгаа. Бодит амьдрал дээр мөрийтэй тоглоом манай улсад ид цэцэглэж байна. Шунан дурлаж, бүр тэмүүлж, байдгаа барахаар мөрийтэй тоглоом тоглуулдаг газар уруу хошуурч эхэлжээ. Ёс юм шиг л мөрийтэй тоглож байна, Монголчууд. Нэг ёсондоо аз туршиж, "амьдралаа үрэхээр шийдсэн" аав нар Монголд цөөн биш хэмээн хэлж ч болох байх.

Мөрийтэй тоглоомын газрууд тусгайлан зассан тоглоомын олон ширээтэй. Тэнд уух ус, ундаа үнэгүй. Мэргэшсэн теллер, царайлаг зөөгчтэй. Бүр тоглох тав тухыг хангах зорилгоор иллэг хийх массажист, хоолоор үйлчлэх тогооч хөлсөлдөг юм байна. Тохилог байрны такс цагийн 20 мянган төгрөг. Түүнчлэн хожсон хүмүүс ёндооны мөнгө хэмээн 50-иас доошгүй мянган төгрөгийг ширээний мөнгө болгон зохион байгуулагчдад өгдөг гэж байгаа. Энэ мэтээр иргэд тав тухыг нь дээд зэргээр хангасан тансаг орчинд мөрийтэй тоглож, хамаг байдгаа алдаж байна.

Нэг талаас өөрийн хөрөнгөө мөрийнд тавьж тоглох нь хувь хүний эрхийн асуудал байх. Гэхдээ түүний ард эхнэр хүүхэд нь хохирч үлддэг гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөрийтэй тоглоомонд донтсон иргэд эхлээд цалингаа тавьж тоглодог. Дараа нь танил, найз нөхдөөсөө мөнгө зээлж тоглоно. Бүр мөнгөгүй болохоороо унаж байгаа унаа, эд хэрэглэлээ тавьж мөрийцнө. Ингээд эцэст нь амьдарч буй байшин, орон гэрээ зараад гэр бүлээрээ гудамжинд гарна. Нэг хүний ухаангүй үйлдлээс гэр бүлийн бүх гишүүн хохирч үлдэж байгаа нь энэ. Үнэхээр тоглох дуртай юм бол хуулиар зөвшөөрсөн оронд очиж тоглох эрх нь нээлттэй.

Тэд АНУ-аас эхлээд БНСУ-д очоод тоглож болно. Монголд "Техас покерийн холбоо" бий. Энэ холбоо ХЗДХЯ-наас албан ёсны зөвшөөрөл авсан. Эл төрийн бус байгууллага гадаадад явж тоглох тамирчин бэлтгэх эрхтэй. Оюуны спорт гэдэг утгаар нь хөгжүүлж, хүмүүсээ бэлтгэн, олон тэмцээнд оруулахад болохгүй зүйлгүй. Угаасаа үүнд хориг тавиагүй юм билээ. Гэтэл "Техас покерийн холбоо" спортын покер нэрээр үйл ажиллагаа явуулж иргэдийг хуурч байгааг цагдаагийнхан илрүүлжээ. Тэд оюуны спортыг хөгжүүлэх нэрээр ХЗДХЯ-наас гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах эрх авсан аж.

"Техас покерийн холбоо" тамирчнаа бэлтгээд дэлхийн аваргад орох эрх нь нээлттэй байгаа. Холбооныхон техас покерийн дүрэм журам нь ийм байдаг. Техас покерийг ийм, ийм орнуудад тоглохыг хуулиар зөвшөөрсөн байдаг юм гэдгийг спорт талаас нь зааж сургах үүрэгтэй. Гол нь Монголд хуулиар хориотой гэдгийг сонирхогчдод хэлэх ёстой. Гэтэл "Техас покерийн холбоо"-ны тэргүүн гэх нөхөр өөрөө энд тэнд очиж тоглоод л сая саяар бооцоо тавьж мөрийцдөг гэх. Улмаар хүмүүсийг уриалан дуудаж, манай холбоо покер тоглуулах эрхтэй хэмээн төөрөгдүүлж явна. Эрүүгийн хуулийн 234-д зааснаар энэ нь хуулиар хориотой. Орон байр бэлтгэсэн хүн нь зохион байгуулсан гэж татагдана. Мөн тоглосон хүнийг хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, тоглосон тоглуулсан хоёр хоёулаа шийтгэл хүлээх хуулийн заалттай.

Тэгэхээр мөрийтэй тоглоомын ширээний ард суусан болгон гэмт хэрэгтэн болно. Покер үнэхээр оюуны спорт юм бол заавал мөрийцөх ёсгүй. Шөнө нууц байдлаар иргэдийг цуглуулах бүр ч шаардлагагүй. Мөрийтэй тоглож байгаа газарт назгайрсан архидалт их болдог. Ер нь хаана мөрийтэй тоглож байна тэнд гэмт хэргийн уул уурхай үүрлэдэг аж. Мөрийтэй тоглоомын үүр гэдэг нь иргэдийг хэдэн хоногоор тоглуулж, гэр оронд нь хариулахгүй мөнгийг нь саадаг газар. Мөрийтэй тоглогчдыг бүгдийг илрүүлж хоривол овоо их тоо гарах гэнэ. Цагдаагийн ажилтны хэлснээр бол манай улсад мөрийтэй тоглогчид тоогоо алдсан юм байх. Too их байна гэдэг нь цаанаа эрсдэл ихтэй гэсэн үг.

Он гарсаар бүх дүүргүүдэд энэ төрлийн хэд хэдэн хэрэг гарчээ. Байсхийгээд л "Иргэд тоглож байна" гэсэн мэдээлэл ирдэг. Шалгаад иргэдийг саатуулж, ширээ хураагддаг нь уламжлал болжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн IV хороонд байрладаг "Дреам" зочид буудалд хүмүүс нууцаар мөрийтэй тоглож байсныг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлж байсан. Зочид буудалд очиж шалгахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Хадан тохой" компанийн захирал Чин Ён Зай хэдэн хүний хамт тоглож байсан юм. Тэрбээр уг буудлын 40 тоот өрөөг түрээсэлж амьдардаг байсан гэх. "Хадан тохой" нь манай улсад уул уурхай, ашигт малтмапын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан компани.

Мөн Хэвлэх үйлдвэрлэл явуулдаг "Намос пресс" ХХК-ийн байранд нууцаар мөрийтэй тоглож байсан иргэдийг илрүүлж байсан. Хууль бус хэргийн ард Солонгосчууд байсан гэдэг. Энэ мэтчилэн өнгөрөгч оны нэгдүгээр улиралд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан спорт покерийн 15 клубийн үйл ажиллагааг хааж байлаа. Илэрсэн нь энэ болохоос нууцаар тоглуулдаг газар хаа сайгүй байгааг захын монгол хүн мэднэ. Мөрийтэй тоглогчид цагдаад баригдахаараа "Бид мөрийтэй тоглоогүй. Спорт покер гэж зурагтаар гардаг нэвтрүүлгийн адилаар тоглож байсан" хэмээн тайлбарладаг гэнэ. Гэвч тэднээс нотлох баримт болох покерийн хасаа болон их хэмжээний мөнгө байнга илэрдэг байна.

Сэжигтнүүд нэг удаад хамгийн багадаа нэг сая төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгө бооцоонд тавьж тоглодог нь шалгалтаар нотлогдсон зүйл. Гэхдээ хэрэгтэн эхлээд баригдахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хэрэгсэхгүй болох нь олонтаа гэнэ. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон нөхөр өөр дүүрэгт очиж тоглоод мөн л анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн гэдгээр хэргээ хэрэгсэхгүй болгуулж амждаг гэсэн. Дараагийн ээлжинд хэрэгтэн аргаа өөрчилж мөрийтэй тоглоомын ширээгээ бусдад түрээслүүлдэг аж. Тоглоомын ширээг хураасан ч хэргийг шалгаж дууссаны дараа буцааж өгдөг юм байна. Тухайлбал, өөрөө тоглож байгаад баригдсан А гэх хүн ширээгээ цааш Б гэх хүнд түрээсэлнэ. Ингээд А хэргийн гадна үлдсэн ч мөрийтэй тоглоомоос олсон ашгийг хуваалцаад л сууж байдаг аж. Гэтэл Б анх удаагаа баригдсан гэдгээр хэрэг хэрэгсэхгүй болгоно. А дахиад ширээгээ В-д өгнө. Ингээд л мөрийтэй тоглоом тасалдахгүй үргэлжилсээр байна. Энэ мэтчилэн хууль бус хэргийг зохион байгуулалттай үйлдэх болжээ.

Зохион байгуулагчид тоглодог хүмүүс рүүгээ мессежээр зар тараадаг гэнэ. Тухайлбап, "өнөөдөр 21.00 цагаас нэг саяын тоглолттой" хэмээн зар түгээдэг аж. Энэ дагуу сая төгрөгтэй иргэд ирж четоноо аваад хоорондоо тоглож хэн хожсон нь бүх мөнгөө авна. Энэ мэтчилэн 300 мянгын, гурван саяын гэх мэтчилэн тоглолтууд байдаг аж. Тэдний тавих бооцоо 10 сая хүртэл өсдөг гэж байгаа. Оролцогчид зиндаа зиндаагаараа л тоглоно. Дүүргийн Цагдаагийн хэлтсээс авахуулаад л УМБГ-т энэ төрлийн маш олон хэргийг шалгаж байна. Прокурорын хяналт, шүүхийн шатанд шийдүүлэхээр шилжүүлсэн хэрэг цөөнгүй гэнэ.

Мөрийтэй тоглоом эртнээс Монголд нутагшсан гэдэг. Даалуу, хөзөр тоглож мөрийцөхөөс эхлээд үр нь соёолж эхэлсэн байдаг.
Нэг хэсэг ХЗДХЯ-наас автомат ширээнд мөрий тавихыг зөвшөөрсөн. Энэ үед маш олон газар мөрийтэй тоглуулж эхэлсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин нэгэн эрхэм хүртэл автомат тоглоомонд донтон орон гэрээ мөрийнд тавиад туучихаж байсан удаатай. Энэ мэтээр мөрийтэй тоглоомоос үүдэн гарах балаг цөөнгүй.

Мөрийтэй тоглоомонд донтсон хүн хамаг мөнгөө мөрийнд алдаад дуусдаг аж. Ингээд бүх мөнгөө алдчихаад хүнээс мөнгө зээлэхээр очоод өгөхгүй гэхээр хөнөөчихсөн тохиолдол хүртэл гарсан. Хэргийн газраас авсан олон сая төгрөгөө тэр оройдоо мөрийнд тавиад туучихсан гэж байгаа. Энэ хэргийг үйлдсэн этгээд цаазаар авах ял сонссон. Хожсон ч шуналдаа дийлдэн дахин өсгөх гэж тоглоод хүний өөрийн бүх мөнгөө алдана. Ер нь мөрийтэй тоглоомд хэзээ ч хожно гэж байдаггүй, харин амьдралаа алддаг гэх юм билээ.

Д.МЯГМАРЖАРГАЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...