English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Сайхан бүхнээ тодотгож өгсөн үс засалт шинэ жилийн гоёл байх болно
Хүйтний улиралд хамгийн эмзэг, их гэмтдэг зүйл бол хүний үс. Тийм болохоор өвлийн цагт үсээ хэрхэн арчлах, удахгүй болох шинэ жилийн охид бүсгүйчүүдийн гоёлын үс засалтын талаар "Есо beauty" салоны захирал X. Оюунжаргалтай уулзлаа.

-Агаар орчны бохирдол ихтэй манай улсын тухайд хүйтний улиралд хугарч гэмтэж хуурайшсан үсийг хэрхэн эмчлэх вэ?
-Ерөнхийдөө өвлийн улиралд хүний үс арчилгаа их шаарддаг. Манай улсын хувьд агаар, орчны бохирдол ихтэй учраас үс дээд зэргээр гэмтдэг. Агаарын бохирдол, угаар үсэнд шингэж хуйхыг их гэмтээдэг. "Оддын хаан" гээд Солонгосын нэвтрүүлгээр угаар үсний хуйхыг гэмтээж, сулруулж үрчлээ суулгадаг талаар ярьж байсан. Би үүнтэй санал нэг байна. Хуйх эрүүл байж гэмээн арьс эрүүл байна гэсэн үг. Хуйхны хордлого тайлах олон арга бий. Миний хувьд үсийг эрүүл байлгах нь зөвхөн гаднах өнгө төрх биш тэр үс маань хуйхнаасаа эрүүл байж гэмээн сайхан харагдах учраас би дандаа байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Хөргөгчиндөө байгаа гарын доорх зүйлээр үсийг эмчилдэг. Зөгийн балаар үсэндээ маск тавих эсвэл эмийн сангаас ганга өвс аваад буцалгаж хандлаад угааж болно. Хамгийн их түгээмэл болоод манай салоноор ирж үйлчлүүлж байгаа хүмүүст би халгайн эмчилгээг санал болгодог. Би халгайг үсний эмчилгээнд ашиглаад таван жил болж байна. Бараг хэдэн цаг лекц тавих хэмжээнд болчихсон доо. Халгайгаар үсний бүхий л гэмтлийг эмчилж болно. Манай хүмүүсийн ихэнх нь үс шингэрэх, цагаан үс ургах проблемтэй болчихсон. Энэ бүхнийг халгайгаар эмчилж болно.

Гэхдээ халгай гэхээр ямар ч хамаагүй гуу жалганд ургасан халгай гэж ойлгож болохгүй. Халгайг дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын хорины хооронд гурван хуруу ургасан байх үед нь түүж авснаар хоолонд ч эмчилгээнд ч хэрэглэж болно. Халгай нь өөрөө хортой ургамал хэдий боловч байгалийн шимтэй бүхнийг өөртөө шингээж байдаг. Би халгайгаа авдаг газартай. Нууцаа дэлгэхэд Архангай аймгаас очиж авдаг. Халгайг манайхан өөрсдөө нэг их анхаарал хандуулж түгээмэл хэрэглэдэггүй ч гадаадынхан их сонирхдог. Надаас нэг Солонгос хүн асууж байсан. Танайд хоолондоо хэрэглэдэг, үсэнд их сайн тэжээл өгдөг ямар ногоо байдаг юм гэж. Энэ нь халгай байхгүй юу.

Тэгэхээр бид халгайг хэрэггүй ургамал гээд тоохгүй биш түүнийг өөрсдөө ашиглаж, түүгээрээ бас бахархах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Халгайг дангаар нь биш бас өөр олон зүйлтэй хольж хэрэглэж болно. Шар тосыг халгайтай хольж хэрэглэх нь маш үр дүнтэй. Шар тосыг үсэндээ хэрэглэх нь дээр үеийн хатдын нууц байсан юм билээ. Тэд үсэндээ шар тос түрхэж массаж хийлгээд самнуулдаг байсан. Тэгснээр үс, царай нь сайхан их толигор байдаг байсан. Харин би үүнийг орчин үетэйгээ хослуулж шар тосыг халгайтай хольж хэрэглэдэг.

Манай салонд ирж шар тостой, халгайтай массажинд орсон хүмүүс стресснээс гарч, сайхан унтаж амарсан гэдэг. Үүнээс гадна ганга өвсийг үсний эмчилгээнд хэрэглэх нь үр дүнтэй сайн арга. Тархины даралт ихтэй, ядаргаанд орсон, хөөрдөг хүмүүст ганга өвсний эмчилгээ нь их үр дүнтэй арга болж өгдөг. Миний хэлсэн энэ эмчилгээнүүдийг зөвхөн гаднаас нь биш дотроос нь бас ууж хэрэглэх хэрэгтэй. Халгай нь өөрөө С витаминаар баялаг. Тийм болохоор ууж дотроо байгаа хорыг нь гадагшлуулж хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.

-Гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?
-Шампуниа өндөгтэй холиод угааж болно. Үс гялалзаж өнгө нь сэргээд огт өөр болчихдог. Өндөг, зөгийн бал гэх мэт нь арьсыг чийгшүүлж тэжээл өгч байдаг учраас их үр дүнтэй.

-Тун удахгүй шинэ жил болох гэж байна. Энэ жил охид бүсгүйчүүдийн үсний гоёлын засалт ямар байх бол?
-Энэ жил сүлжээс давамгайлсан үс засалт зонхилно. Түүнчлэн шувуун засалт буюу орой нь босдог засалт моданд орж байгаа. Манайхан чинь үсээ ороох их дуртай. Энэ жилийн тухайд буржгар, ороосон үсийг 100 хувь халж байгаа. Энэ жилийн шинэ жилийн гоёлын засалтанд хагас шуулт, гоёлын сүлжээс голлоно. Бүсгүйчүүд маань өмсөж байгаа даашинзандаа тааруулж үсээ засуулах хэрэгтэй.

-2012 оны энгийн засалтын тухайд?
-Эмэгтэй хүний хамгийн сайхан гэсэн хэсгийг тодорхойлж өгсөн үс засалтууд давамгайлна. Тухайн бүсгүй маань сайхан цээжтэй бол урт үсээрээ хаагаад байх шаардлага байхгүй. Тийм болохоор сайхан бүхнээ ил болгож түүнийгээ товойлгосон үс засалтууд л голлоно.

-Та хэд дэх жилдээ үсчин хийж байна вэ?
-Найман жил үсчин хийж байна. Найман жил гэдэг урт хугацаа биш. Хүн амьдралынхаа турш суралцаад л явж байдаг учраас сурах зүйл их байна. Манай "Есо Beauty" салон байгуулагдаад нэг жил болж байна. Найман жилийн хугацаанд салоноо нээх мөнгөө цуглууллаа. Нэг жилийнхээ ойн дээр хоёр дахь салбараа нээж байна.

Г.Тогос
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга