English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Авлигын шалтгаан, нөхцлийг халах хууль, эрх зүйн орчин бүрджээ
Нийтийн албан тушаалтан гэж хэн бэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд Хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль батлагдан гарсантай холбогдуулан хийж буй энэхүү хэвлэлийн хуралд УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нар оролцлоо.

Эхлээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хууль батлагдан гарах болсон үндэслэл, зорилго чиглэлийн талаар ярьж, дараа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн ач холбогдол, үндсэн үзэл баримтлал, дагалдан гарсан зарим хуулийн тухай болон хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, энэхүү хуультай уялдан цаашид ямар хуулиуд УИХ-аас гаргах бололцоотой талаар ярьж, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн талаарх зарим санал бодлоо хэлсэн.


Ингээд хэвлэлийн хурлын үеэрх мэдээллийг болон уг хуультай холбогдсон зарим мэдээллийг хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Ж.Энхбаяр, Х.Баттулга, Л.Гантөмөр Д.Энхбат, С.Оюун нарын гишүүд өнгөрөгч 2010 онд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн төслийг боловсруулан анх УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулан, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Су.Батболд томилогдсон байна. Ингээд Ажлын хэсэг бүтэн хоёр жилийн хугацаанд хуулийн төсөл дээр ажиллаж, хууль 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан гараад байна.

Энэ хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа аж.

Ингэснээр нэг талаас төрийн албан тушаалтныг тодорхой баримтгүй “хардаж”, төрийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаас албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх урьдчилсан нөхцөлийг бий болгох, сэргийлэх зэрэг ач холбогдолтой болж байна.

Уг хуулийг дагалдан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт, Эрүүгийн хуульд нэмэлт, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиуд мөн батлагдсан юм.

Энэ хуульд заасан нийтийн албан тушаалтан гэж Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эс бөгөөс улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанг ойлгож болох юм байна.

Хуульд зааснаар бол, албан тушаалтан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд Хувиараа эрхлэх аж ахуй гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсвэл зөвхөн газар тариалангийн бүтээгдэхүүн, ойн аж ахуй, амьтан үржүүлэг, орон нутгийн жуулчлал, сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болохоор тусгаж өгсөн нь шинэ зүйл юм байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нийтийн албан тушаалтан /төрийн албан тушаалтан/ анх шинээр албанд орохдоо гаргаж өгнө. Жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчилж гаргаж өгч байхаар оруулж өгчээ.

Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд сонирхлын зөрчил үүсч болох дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан байна.

Жишээ нь: урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах, урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх, урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх гэх мэт.

Хуулийг 2012 оны 07 дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дараах асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа аж.

1. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг энэ хуулиар тогтоож өгчээ.

Төрийн байгууллагын удирдлага нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам бүхий ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх, хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах, сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах шалгалт хийх, хариуцлага тооцох, зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

2. Нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон нийтийн сонирхлын хооронд зөрчил үүсгэх тодорхой нөхцөл байдлыг хуулиар хориглох нь зүйтэй гэж үзжээ. Үүнд:

- Албаны мэдээллийг ашиглахтай холбоотой хориглолт;

- Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт;

- Шийдвэр гаргалтад нөлөөлөхийг хориглох;

3. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд шийдвэр гаргах, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ талаар өөрийн удирдах болон хянах чиг үүрэг бүхий эсвэл тухайн үйл ажиллагааг удирдаж буй албан тушаалтанд мэдэгдэж байх, ийнхүү мэдэгдсэн болон тухайн албан тушаалтны сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлын талаар бусад этгээд мэдээлсэн тохиолдолд холбогдох албан тушаалтан хэрхэн шийдвэрлэх журмыг мөн тогтоожээ.

4. Сонирхлын зөрчлийг хориглох нөхцлийг тусгахаас гадна бүхэлд нь хориглохгүй, тодорхой нөхцөлд хязгаарлагдах ёстой харилцааг тусгах ёстой гэж үзсэн байна. Үүнд:

- Сурталчилгаатай холбоотой хязгаарлалт;

- Төлөөлөлтэй холбоотой хязгаарлалт;

- Төлбөр авахыг хязгаарлах;

- Бэлэг хүлээн авахтай холбоотой хязгаарлалт;

- Хандив авахтай холбоотой хязгаарлалт;

- Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт;

- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хязгаарлалт;

- Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараахь хязгаарлалт;

- Бусад орлогын хязгаарлалт.

Сонирхлын зөрчлийг хориглох болон хязгаарлах зохицуулалтууд тусдаа хуулиар зохицуулагдаж байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заагдсан сонирхлын зөрчилтэй холбогдсон зөрчлүүдийг тус хуулиудаас хасч, нөгөөтэйгүүр Авлигын эсрэг хуульд авлигын шинжтэй зөрчлүүдийг тусгайлан хуульчлах шаардлага гарч байгаа юм байна.

Ач холбогдол:

- Нийтийн албанд буй авлигын шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн, сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдлыг өөрчилж нийтийн албан тушаалтан нийтийн сонирхолд үйлчлэх зарчмын дагуу дүрэм, журам тогтоох, шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бий болно. Зарим ойлголтын нэр томъёо шинэ нийгмийн агуулгаар шинэчлэгдэх аж.

- Нийтийн албан тушаалтныг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд ажиллахаас урьдчилан сэргийлж, шударга ажиллахыг шаарддаг байх, сонирхлын зөрчилтэй албан тушаалтнаар тухайн албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж болзошгүй тохиолдолд түүний бүрэн эрх, үйл ажиллагааг хянаж, хязгаарлах зохион байгуулалт, удирдлагын эрх зүйн орчин бүрдэх юм байна.

- Илтэд хувийн сонирхлыг урьтал болгон нийтийн сонирхлыг хамгаалахаар хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтанд хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзжээ.

- Хувийн сонирхлын мэдүүлэг гаргах, ил тод болгох зохицуулалтын тусламжтайгаар албан тушаалтны сонирхлыг олон нийтэд ил тод болгож, албан тушаалтныг бодитой, үндэслэлтэйгээр олон нийт хянаж шүүмжлэх боломжтой болох, улмаар нийтийн албаны шударга, ил тод үйл ажиллагаанд итгэх итгэл нэмэгдэх юм байна.

- Зөвхөн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа төдийгүй нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд албан тушаалаар олж авсан нэр хүнд, нөлөө, харилцаа холбоог ашиглан бусдаас давуу байдал олж авах боломжийг хязгаарласнаар нийтийн албаны үйл ажиллагаанд болон хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимд иргэдийн итгэх итгэл төлөвших зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...