English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
’’Тунгалаг тамир’’-ын Дулмаа

Зууны шилдэг киноны нэг ""Тунгалаг тамир""-ын Дулмаагийн дүрээр ард түмэнд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалыг монголчууд андахгүй.  Тэрбээр Монголын cop болсон олон сайхан уран бүтээлд тоглосноос гадна өөрийн сурсан мэдсэнийг урлагт хайртай залууст зааж сургаж яваа гавъяатай хүн. Бүхий л амьдралаа кино, дэлгэцийн урлагт зориулсан тэрбээр "Бодлын хулгайч" кинонд тоглож үзэгчдэд баяр, гуниг, ухаарлыг төрүүлж чадсан. Авьяас гэдэг агуу зүйл хэзээ ч хуучирч, хөгширдөггүйг өөрийн биеэр харуулж яваа энэ эрхэм жүжигчний талаар уншигчдадаа толилуулъя.

ДРАМЫН ТЕАТРЫН БОСГЫГ ДАВСАН Ч ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТ УРВАСАН НЬ


Ясны жүжигчин гэж толорхойлоход нэг их буруудахгүй жүжигчин Ш.Дэлгэржаргал уг нь дунд сургуулиа төгсөөд Москва хотод инженерийн сургуульд явжээ. Сайн инженер болно гэсэн сэтгэл өвөрлөн хүний нутаг зорьсон ч сургуулиа төгсөж амжаагүй байхад ар гэрт нь асуудал үүсч тэрбээр нутаг буцах шаардлага гарлаа. Өөрөөр хэлбэл хувь тавилан түүнийг инженер биш гэж тодорхойлов. Ингээд л ар гэрийн гачигдлаар тэр сургуулиа орхиж. Азаар тухайн үед Пионерын ордны дугуйлангийн жүжиг ангийн багш Ш.Чүлтэмжамц, С.Дугар нартай таарлаа. Драмын урлагийн төлөө зүтгэх энэ эрхэм хүмүүс түүнийг "Чи ерөөсөө жүжигчин болох хүн. Чамайг театрт оруулна" гэснээр тэр бурхад чуулсан их өргөөний өндөр босгоор алхах нь тэр.

Нас залуу, цус шингэн ч чадна гэсэн сэтгэл өвөрлөсөн түүнийг Т.Цэвээнжав, Г.Гомбосүрэн, Э.Оюун, Н.Цэгмид, Р.Доржпалам гээд л дандаа мундгууд угтаж шалгаж гарлаа. Залуу бүсгүй чаддаг мэддэг бүхнээ шалгуулсан ч урлагийн бурхад "Маргааш өглөө хоёр ардын дуу бэлдээд ир" гэсэн хэцүүхэн даалгавар өгч орхив. Угаас дуунд тааруухан болохоор түүндээ эмзэглэж маргааш өглөө нь очиж зүрхэлсэнгүй. Харин ч Драмын театрын өмнүүр өнгөрөн Хүүхэд залуучуудын театр руу орж А.Очирбат, Ц.Төмөрбаатар, Г.Энхтуяа, Д.Маамхүү найруулагч гэсэн хүүхэлдэйн театрын шилдгүүдэд шалгуулжээ. Азаар тэд дуу хууранд ямар болохыг нь шалгасангүйгээр барахгүй "Маргаашаас шууд ажилдаа ороорой. Дагалдан жүжигчнээр авлаа" гэсэн цөөн боловч гэрэл гэгээтэй үгийг амнаасаа унагах нь тэр.

Ш.Дэлгэржаргалын жүжигчний гараа ингэж эхлэв. Ийнхүү зургаан cap дагалдан жүжигчин хийж дуустал театр нь түүнийг сургуульд явуулах бичиг гаргаж Соёлын яаманд өгчихсөн байлаа. Энэ бол түүний авьяасыг олж харсан анхны үнэлгээ байсан юм. Гэвч Соёлын яамныхан түүнийг тийм ч таатай хүлээн авсангүй. Зургаан cap ажилласан Дэлгэржаргал байтугай зургаа, долоон жил ажилласан хүн сургуульд явах гээд ээлжээ хүлээн чимээгүйхэн сууж байгаа гэсэн хатуу боловч үнэн үгийг түүнд дуулгалаа. Залуу бүсгүй миний сургуульд явдаг ч өнгөрчээ хэмээн гуниглангуй явж байтал Ардын жүжигчин, Л.Цогзолмаа таарч тус болсноор тэр кино драмын ангийн оюутан болсон гэдэг.

ХУВЬ ТАВИЛАН ДУУДСАН ДААРИЙМАА


Хувь тавилан гэдэг үнэхээр зурагдсан байдаг ажээ. Ш.Дэлгэржаргал хэрвээ "маргааш өглөө ирээрэй" гэсний дагуу Драмын тетарт очсон бол "Амархан явдал" хэмээх жүжгийн Даариймаагийн дүрд тоглох байж. Уг жүжгийн найруулагч түүнд Даариймаагийн дүрийг шууд оноочихсон байсан гэх. Гэвч Хүүхэлдэйн театрт очоод тоглосон анхны дүр нь өмнө нь зугтсан Даариймаа байлаа. Гэхдээ "Амархан явдал" биш "Гэр бүлийн асуудал" нэртэй жүжгийн Даариймаагийн дүр байв. Тэгэхээр түүний урлагийн гараа ямар нэгэн Даариймаагийн дүрээр эхлэх ёстой байсан гэлтэй.

ДЭЛГЭРЖАРГАЛЫГ ДУЛМАА БОЛГОН ХУВИРГАСАН ТУНГАЛАГ ТАМИР


Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалын бүтээсэн олон зуун дүрүүдийн нэг нь Монголын ард түмэнд өдгөө ч хүндлэгдэж буй "Тунгалаг тамир" киноны Дулмаагийн дүр. Киноны найруулагчаар ажилласан Р.Доржпалам найруулагч түүнийг аль эртнээс Дулмаа хэмээн харчихсан байсан гэдэг. Гэвч хашир найруулагч оюутан бүсгүйд юу гэж энэ дүрд чамайг харж байгаа шүү гэж хэлэх билээ. Харин Ш.Дэлгэржаргалыг кино үйлдвэрт явж байхтай таараад "Сахилгагүй оюутан. Кино эхлэх гэж байхад" хэмээн нэг том харчихаад явж. Учир нь Дэлгэржаргал түүнтэй таарахдаа удаах үрээ хэвлийдээ тээж явсан гэх. Хорвоогийн жамаар тэрбээр нялх үрийн зулайг үнэрлээд удаагүй байтал нэг өдөр гэрт нь УАЗ 469 машинтай баахан хүмүүс ирсэн нь өнөөх кино группынхан байлаа.

Өөрөөр хэлбэл Р.Доржпалам найруулагч, зураач П.Цогзол, А.Баттулга зураглаач, Ч.Долгорсүрэн, Д.Элбэгсайхан нар түүнийг сонжих гэж ирсэн нь энэ байжээ. Олон хүн хараад салганан чичирч хүүхдээ ч хөхүүлж чадахгүй суугааг тэд эс анзаарна. Р.Доржпалам найруулагч, А.Баттулга зураглаач хоёр түүний хоёр талд гарч нүдээ том жижиг болгож харах нь бүр ч сандралд оруулах. Тэгснээ найруулагч "Долоо хоноод кино үйлдвэр дээр ирж пробонд ороорой" гэж хэлээд гараад явчих нь тэр. Энэ явдлын маргааш хүүхэд нь өвдөж тэрбээр хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж ес хонолоо. Нөгөө пробонд ороорой гэж хэлснийг нь ч мартаж орхисон байв. Эмнэлгээс гараад байтал бас л гэнэтийн зочид тэднийд саатсан нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ирж сандралд оруулсан киноныхон байв. Гэхдээ энэ удаад тэд машинаа томруулчихаж.

Нэг үгээр хэлбэл автобус дүүрэн хүн түүнийг шууд кино зураг авалтанд авч явахаар ирсэн байлаа. Тэд "Нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнийг хээр хөдөө авч явах гэлээ гэсэн аавынх нь дургүйцэлтэй тулгарахаа ч тооцоолсон бололтой. "Бид охиныг чинь гам алдуулахгүй. Тусдаа гэр барьж өгнө. Дандаа шинэ хонины шөл уулгана. Харин ч сайхан тэнхрүүлнэ. Хүүхдийг нь асрах хүнтэй аваад явна" гээд л ар араас нь тайлбар үг урсгаж гарлаа. Үүнийхээ хүчинд аавыг нь ятгаж дүүг нь асрагч эхээр авч явахаар болсон гэдэг.

УРЛАГИЙН ХАЙРЛАСАН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ


16-хан хоногтой нялх биетэй түүнийг натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан нь гарцаагүй. Ядахад хацар дээр нь хатиг гарчихсан гэж байгаа. Ямар сайндаа л Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй түүний нүдэн дээр Доржпалам найруулагчид "танай Дулмаа биш ээ. Би энэ киноны зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш" гэж хэлж байхав. Гэвч Дэлгэржаргал түүний үгэнд эмзэглээгүй гэдэг. Учир нь натурт гарсан бүх хүн түүнийг энэ дүрд тэнцэнэ гэж бодож байгаагүй нь харцнаас нь илт байсан гэх. Тийм ч учраас жүжигчин бүсгүй болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодож суужээ.

Нэлээд юм болсны эцэст тахартай ноцолддог хэсэг буюу тэргэн дээрх хэсгийн зураг авалтыг авч зохиолч Ч.Лодойдамбад үзүүлтэл "Энэ чинь бүр яг Дулмаа байна" гэж уулга алдсан гэх. Ингэж тэр ээж аавынхаа өгсөн Дэлгэржаргал гэх нэрийг Дулмаа гэсэн уран бүтээлийн нэрээр сольж өдгөө ч Дулмаа хэмээн дуудагдаж яваа. Тиймдээ ч тэрбээр урлагийн надад хайрласан хамгийн том бэлэг бол "Тунгалаг тамир"-ын Дулмаагийн дүр хэмээн ярьдаг юм билээ.

НАЙРУУЛАГЧИЙН НАРИЙН УХААН БУЮУ 10 ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТ


Доржпалам найруулагч түүнийг "Тунгалаг тамир"-т тоглуулснаас хойш 10-аад жил кинонд тоглуулаагүй гэдэг. Уг нь "Суварган цэнхэр уулс", "Давааны цаана даваа" гээд л олон сайхан кино хийгдэж найруулагчид Ш.Дэлгэржаргалыг пробонд оруулах гэдэг ч Доржпалам найруулагч хасаад хаячихдаг байсан гэх. Бага залуудаа олон кинонд тогловол бүтээсэн дүрүүд нь хоорондоо холилдож жүжигчнийг таниулсан дүр үлдэхгүй гэсэн найруулагчийн нарийн ухаан энэ биз ээ.

ХАНИЙН ТҮШИГ


Ш.Дэлгэржаргалын талаар өгүүлэхэд С.Бужгар гэсэн хүний нэр яалт ч үгүй дурдагдах ёстой. Учир нь тэд нэг насны амьдралаа холбосон эхнэр нөхөр хоёр. Монголын урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан гавьяат жүжигчин С.Бужгар Монголд дээд боловсролтой жүжигчин бэлтгэж эхлэхэд анхны ангийг нь төгссөн хүн. Их сургуулийн хятад хэлний ангийн гуравдугаар курст сурч байхад нь УБИС-ийн драмын ангид элсэлт авахад шалгалт өгч тэнцээд жүжигчний ангид орсон гэдэг. Бужгар дипломын ажлаа "Нүгэл буян" киноны Найдан гэлэнгийн дүрээр хийжээ. Тэрбээр Драмын театрт 13 жил ажиллахдаа гол болон туслах 68 дүр бүтээсэн юм.

Харин яагаад ч юм Бужгарын бүтээсэн дүрүүд ихэвчлэн өвгөний дүр байлаа. Магадгүй энэ нь тухайн үед нүүр хувиргалт сайн хийдэг байсантай холбоотой биз ээ. Бужгар уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг нь Дарханы Залуучууд театрт очоод Ленинд тоглосон дүрээс нь харагддаг. Түүнийг Ленин болон тайзан дээр гарахад оросууд уулга алддаг байсан гэдэг. Ямар сайндаа л том охин нь хойно сурч байхдаа аавынхаа Ленинд тоглосон зургийн хальсыг угаалгах гэж зурагчинд ороход "дэлгүүрээр дүүрэн Лениний зураг байхад үүнийг угаалгах гээд яах юм бэ" гэж байхав.

АВЬЯАСТНУУДЫН "ҮРГЭЛЖЛЭЛ"


Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргал хоёр дөрвөн сайхан хүүхдийн аав ээж Тэдний том охиныг Болормаа гэх бөгөөд ЗХУ-д оёдлын сургууль төгсч одоог хүртэл мэргэжилдээ үнэнч яваа нэгэн. Харин удаах охиндоо Одгэрэл гэж нэр өгсөн бөгөөд энэ охин нь "Тунгалаг тамир" кинонд тоглоход нь хамт тоглож байсан өнөөх 14 хоногтой охин нь. Гэвч энэ охин нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж хагацал учруулан тэдэнд гашуун зовлон амтлуулсан юм. Таван хүүхэдтэй болж хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгийг холбоход БОЛОР гэсэн нэр үүсгэнэ гэсэн төлөвлөгөө гаргасан энэ гэр бүлийн төлөвлөгөө энэ гашуун зовлонгоос хойш тасарсан гэх.

Учир нь удаах охины нэр таараагүй болохоор дараагийн хүүхдүүдээ чулууг нь дагуулж нэр өгнө хэмээн Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэсэн нэрсийг хайрласан юм билээ. Энэ сайхан гэр бүлийн хоёр дахь охин Гантигмаа нь МҮОНТ-ийн дуу оруулагчаар ажиллаж байгаад өдгөө Москвагийн "Оросын дуу хоолой" радиод ажиллаж байгаа бол бага охин Жоншмаа нь кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилладаг. Харин хүү Эрдэнэбат нь гадаадад амьдарч байгаа юм билээ.

Х.Сэдэд

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...