English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Соёл гэж юу вэ?

“Тэр бол соёлтой хүн, харин тэр бол муухай бүдүүлэг” гэх яриа хаа сайгүй. Ялангуяа хэдэн мянганы нүүдэлчин амьдралыг туулаад суурин ахуй, нийгэмшсэн амьдралд ороод сайндаа л гурван зуун жилийг элээж байгаа манайд ийм яриа өдөр тутам, захаас аваад сонсогддог. Энэ юуг хэлээд байна аа. Зүгээр л их Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан “нусаа хүрхийтэл нийгээд гэрт орох” юм уу, халааснаасаа нусны алчуур гаргаж ирэх хоёрын ялгааг хэлээд байна уу. Бид өнөөдөр хотын соёл гэж их ярьдаг боллоо. Энэ нь Улаанбаатарынхан л соёлтой байх ёстой гэсэн үг үү. Эсвэл бидний амьдралын өнөөгийн хэв маягаас огт өөр зүйл шаардаад байна уу гээд олон асуулт гарч ирж байна.

Уг нь соёл гэдэг нь огт өөр, бүүр их өргөн хүрээтэй зүйл юмсанж.

1870 аад оны үед Эдвард Тейлор  соёлыг “мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, морал, хууль, зан заншил зэргийг нийгмийн нэгэн гишүүн гэдэг утгаараа олж авсан цогц ойлголт” хэмээн тодорхойлсон байдаг. Соёл судлаач  Geert Hofstede хэлэхдээ “нэг хэсэг хүмүүсийг нөгөө хэсэг хүмүүсээс ялгаж буй сэтгэлгээний программчлал” гэжээ. Ерөнхийдөө соёл гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс бүгд хүлэээн зөвшөөрч, амьдрах загвар болгон бүрэлдүүлсэн үнэ цэнэ болон нормын систем юм гэж үзэж болох юм. Харин  тухайн бүлэг хүмүүсийн сайн, зөв, бий болгохыг хүсч буй зүйлсийн талаархи  итгэлийг үнэ цэнэ хэмээн нэрлэдэг байна.  Энэхүү үнэ цэнийн хүрээнд, тодорхой нөхцөл байдалд тохирсон зан үйлийн хэм хэмжээг норм гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл норм гэдэг нь нийгмийн гишүүдийн бие биедээ хандах үйлдлийг зохицуулах нийгмийн дүрэм юм. Хувь хүний эрх чөлөө, ардчилал, үнэн гэж юу болох, шударга байдал, үнэнч байдал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, эмэгтэйчүүдийн үүрэг, хайр, гэрлэлт зэрэг бүхий л асуудалд тухайн нийгэм, бүлэг хүмүүсийн нийтлэг хандлага нь үнэ цэнэд үндэслэгдэн, нормоор дамжин хариу үйлдэл үзүүлдэг. Хүмүүс энэхүү үнэ цэнэ, нормийнхоо төлөө маргалдаж, тэмцэлдэн заримдаа үхэх ч тохиолдол байдаг. Түүнчлэн үнэ цэнэ нь нийгэм, улс төр болон эдийн засгийн байр байдал, улс төрийн бодлого, зарчимд тусгалаа олдог байх юм.  Аугаа их Шекспирийн “Ромео Жулетта”-гийн хайр дурлал бол зүгээр л хоёр залуугийн хайр дурлал гэхээсээ илүүтэй ариун ёс журам, хүн сэтгэлийн норм хэм хэмжээний жинхэнэ илэрхийлэл гэж болох.

Соёлыг бүтээгч үнэ цэнэ, нормыг хэн нэг нь гүйцэлдүүлэн бий болгосон байдаггүй. Энэ нь тухайн ард түмний уламжлал зан заншил, ахуй, шашин, хэл, боловсрол, улс төр, эдийн засгийн философи, нийгмийн бүтэц зэрэг хүчин зүйлсийн он удаан хөгжлийн явцад бүрэлддэг бүтээгдэхүүн гэж болно. Тэгвэл Монголчууд бидний итгэл үнэмшил, нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг хэм хэмжээ, үнэтэй цэнэтэй зүйлс маань юу болж байна вэ.

Нэг тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс ойролцоо хүн амтай Хятад улс шиг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь тэд өнөөдрийн сайн сайхнаас илүүтэй хойд насны амьдралд ач холбогдол өгдөгтэй холбоотой гэх нь бий. Мөн Ортодокс Христийн шашинтай Орос орны хувьд эд баялаг, сайн сайханд хүрэхийн тулд бурхантайгаа ярилцахдаа заавал ламаар дамждаг шиг сайн сайхан амьдралд хүрэхэд мафи, авлига байхыг соёл нь хүлээн зөвшөөрөөд байх шиг.  Гэтэл Протестант шашин голлон хөгжиж ирсэн Америкууд эртнээс сайн сайхан зүйлийг хүсэх, бурхантайгаа ярилцахдаа хэн нэгний хүчийг авах шаардлагагүй, хүн болгон шууд харьцах боломжтой гэдэг утгаараа нийгмийн сайн сайхан бүх хүнд ижил тэгш хуваарилагдах нь зүй ёсны хэрэг гэж үздэг байна. Чухам энэ л үзэл, ард түмний нийтлэг итгэл үнэмшил Ардчилал, зах зээлийн системийг бий болгоод, дэмжиж байдаг байна. 

Тэгвэл Азийн улс орнуудын хувьд үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ. Тэд үнэхээр энэхүү өрнийхний томъёолон бий болгосон улс төр философийн агуулгыг баримтлаад байна уу. Азийн соёл буюу Хятад, Хятад хэлтэй улс орнууд, Япон, Солонгосын ард түмний итгэл үнэмшил, үнэ цэнэт зүйлсийн үндэс нь аль нэг шашин бус харин Күнзийн сургааль гэх амьдрах ухааны сургааль номлолуудаас нөхцөлдөн бүрдсэн байх юм. Газрын үр шимийг хүртэн, суурьшмал хэв маягийн амьдралтай тэдний хувьд бусдыг хүндлэх, үнэнч байх гэх мэт зарчмууд яс маханд нь шингэж үе үеийн улс төрийн тэргүүнүүдийн улсаа жолоодох гол чиг шугам нь болж иржээ. 

Иймээс сайн сайхан амьдрал гэдэг ойлголт улс орон бүрт өөр өөр утгатай байх бөгөөд түүнийх нь уг үндэс нь тухайн ард түмний ахуй соёлоос бий болсон итгэл үнэмшил гэх ойлголттой салшгүй холбоотой байх нь. 

Монголчуудын хувьд сайн сайхан амьдрал гэж юу вэ. Үүнийг мэдэхийн тулд монгол хүний амьдрах чадвар, итгэл үнэмшил, эрх мэдлийн хуваарилалтад хандах нийтлэг хандлага зэргийг нарийн судлах хэрэгтэй болж байна. Бид өрнийхөн шиг индивидуалист  буюу аливаад өөрийн хувь хүний зүгээс бие даан ханддаг  соёлтой юу, эсвэл Азийн ард түмэн болох Хятад Япончуудтай аливаа асуудалд баг, хамтын үзэл, хандлагаар шийдвэрлэдэг ард түмэн үү?

 СЭЗДС-ийн доктор С.Түвшинзаяагийн хийсэн судалгаагаар бид “хамт олонч” сэтгэлгээтэй гэсэн үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд хэдэн мянган зууны тэртээгээс “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг юм уу, “Олны хүч оломгүй далай”, “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьж амьдрах зарчмаа болгож ирсэн нь үүнтэй холбоотой байж болох.

Гэтэл өнөөдөр бидний монголчууд  амьдрах, ахуйгаа авч явах улс төр, эдийн засгийн системээ бид өрнийхний томъёоллын дагуу зүтгүүлээд байх нь хир оновчтой вэ. Ажилтнуудын ажиллах дэг журам, ажлын гүйцэтгэлийг үнэлэх систем гээд Индивидулист нийгмийн үзэл, итгэл үнэмшлээс бий болсон энэ олон систем, арга аргачлалууд  Монголчуудын хувьд таарч тохирох уу. Бенчмаркинг гэх аргачлалаар бусдын соёлоос үүдсэн арга ухааныг хуулбарлан хүлээн авч байгаа хөрс нь ямархуу байгаа вэ. Бидний бүгд хүлээн зөвшөөрч, үнэн, зөв хэмээх нийтлэг итгэл үнэмшил маань юу вэ. Үүнийг нэгтгэн бий болгодог соёлын үндэс суурь болсон ахуй маань биднээс хэр холдоод байгаа билээ. Энэ бүхнийг бодлогоороо шат дараалалтай бий болгосны үндсэн дээр тэрхүү нийгмийн сайн сайхныг бий болгох үзэл баримтлал гарч ирэх бусуу. Гэтэл үүнийг шинжлэх ухаанчаар судлаад, Монголын ард түмэнд тохирсон бодлого боловсруулсан нам байдаг уу.

1996 онд Самуэл Хантингтон өөрийн “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номондоо (2006 онд Монгол хэлнээ орчуулагдсан) дараах зүйлсийг онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнд: 

1.      Орчин үежих их түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна.

2.      Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглан холдсоор байна.

3.      Хүйтэн дайны үеийн эвслүүдийг эдүгээ соёлын хамтын нийгэмлэгүүд болох АСЕАН, НАФТА, МЕРКОСУР орлоно.

Эрдэмтэн Жак Делорийн үзэж байгаагаар энэхүү шинэ ертөнцөд ирээдүйн хямрал мөргөлдөөнүүд эдийн засгийн, эсвэл үзэл суртлын бус харин соёлын хүчин зүйлээс үүдэлтэй гэжээ.  Самуэл Хантингтон цааш нь бичихдээ, улс хоорондын ба иргэншил хоорондын гол зөрчил нь Микро түвшинд:

-          Исламын шашин ба Үнэн алдартан

-          Исламын шашин ба Хиндү

-          Ислам ба Африк

-          Ислам  ба Өрнө дэх түүний христос хөршүүдийн хооронд

Макро түшинд: Өрнө ба бусад нь гэж явагдах бөгөөд зөрчлийн хамгийн хурц хэлбэр нь нэг талаас Хятад, Ислам, нөгөө талаас Өрнийн хооронд байна гэжээ.

Энэ юуг хэлээд байна вэ. 1996 онд бичигдсэн дээрх санаа өнөөдөр хир бодитой байна вэ. Улс түмний хөгжлийн шалгуур, амьд үлдэх тулгуур хүчин зүйл нь тухайн ард түмний соёлын үнэт зүйл юм гэдгийг эрдэмтэн судлаачид ч, бодит амьдрал ч батлаад байх шиг.

Иргэншил ба соёлынхоо гол цөм улс гэж байдаг. Жнь:

         Өрнийнхөн дотор АНУ, Франц, Герман

         Славян Ортодокс улсуудад Орос

         Күнзийн сурталт улсуудад Хятад гэх мэт.

Харин Монгол улс маань Ази дахь (магадгүй дэлхийд) ганцаардмал, сондгой улс гэж тодорхойлж болох юм. Иймээс ирээдүйд улс түмнүүдийн, бидний амьд үлдэх, оршин тогтнох эсэх нь бидний нэгдмэл үзэл бодол,итгэл үнэмшил, Монгол соёлын үнэт зүйлээс ихээхэн шалтгаалах болоод байна.  

Улс төр

Улс орны эдийн засгийн болон эрх зүйн системийг улс төр тодорхойлдог. Тэгэхээр бид  эдийн засаг, эрх зүйн системийн талаар ярихын  өмнө бид улс төрийн системүүдийн ялгаа, үндсэн санааг ойлгох хэрэгтэй юм. Улс төрийн систем гэдгээр бид улс орон дахь засгийн газрын системийн талаар ярих юм. Улс төрийн системийг  хамаарал бүхий хоёр  хэмжээсээр хэмжиж болох юм.

1-рт Коллективизм болон Индивидуализмыг авч үзэж байгаа түвшний хэмжээ.

2-рт Демократ (Чөлөөт), Тоталитар (Дарангуйлсан) байдлын түвшин. 

Эдгээр хэмжээсүүд нь өөр хоорондоо холбоотой юм. Коллективизмийг чухалчлан үздэг систем нь тоталитар дэглэм рүү чиглэдэг бол Индивидуализмыг чухалчилдаг систем Демократ хандлагатай байдаг байна. Коллективизм гэдэг нь хувь хүний хүсэл зорилгоос нийтийн хүсэл сонирхлыг илүүд үздэг улс төрийн систем юм. Хамгийн ойрын жишээ бол бидний монголчуудын өнгөрсөн зууны туршид байгуулах гэж оролдсон социализм, коммунизм байна. Коллективизмыг чухалчлан үзэх үед нийт нийгмийн хэрэгцээ хувийн эрх чөлөөнөөс чухалд тооцогддог байна. Тухайн хүн, айл өрх өөр өөрийн амьдрал ахуйгаа бодохоосоо илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө л зүтгэх ёстой гэсэн үзэл ноёрхож, үүнийг зөрчсөн нь нийгмйин шаар болдог байсан тухай манай ахмадууд бэлээхэн хэлээд өгнө.  Ийм нөхцөл байдалд хувь хүний аливаа зүйлийг хийх эрх чөлөө нь “нийгмийн сайн сайхны төлөөх” эрх ашигт нийцэхгүй гэсэн шалтгаанаар хязгаарлагддаг байна.  Коллективизм – ын үзэл санааг Грекийн их сэтгэгч Платон анх үүсгэн бий болгосон байдаг.  Энэхүү үзлийг цаашид Карл Маркс нар хөгжүүлэн социализм хэмээх агуу лагерийг бий болгох улс төрийн үзэл баримтлалаа гаргасан байдаг.

Харин индивидуализм гэдэг нь эдийн засаг, улс төрийн хувьд хувь хүний эрх, эрх чөлөө дээдлэх гэсэн утгатай. Энэ үзлээр бол хувь хүний сонирхол, эрх  ашгийг нийгэм нийтийнхээс дээгүүр тавьдаг байна. Үүнийг Грекийн их сэтгэгч Аристотель анх  гаргасан байдаг бөгөөд тэрээр хувийн үйлдвэрлэл нь нийтийн үйлдвэрлэлээс илүү бүтээмжтэй, зогсолтгүй үргэлжилнэ гэжээ. Түүнийхээр бол нийтийн өмчийг хүн бага анхаарах боловч хувийн өмчид анхаарал маш ихээр тавигдсанаар үйлдвэрлэлийн бүтээмж өсөх болно гэжээ.

Өнөөдөр манай эрх баригчид “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд байгаа нь хүн, айл өрх амьдралаа аваад явбал улс хөгжинө гэсэн санаа. Энэ нь тухайн иргэн, айл өрхийн хувь хувиа борлуулж сайхан амьдрах эрмэлзлийг дэмжинэ гэсэн үг. Ийм санаа манай эрх баригчдад одоо л шинээр төрж байгаа юм биш. 1930-аад онд манай төрийн эрх баригчид яг ийм уриа дэвшүүлээд “баруунтан” гэсэн нэр хоч зүүж төрийн эрх мэдлээс зайлуулагдсан байдаг. Чухамдаа өнөө л коминтерний заавраар социализм буюу нийтийн эрх ашгийн төлөөх нийгэм байгуулах гэж байхад замаасаа гажсан гэж тэр.

Индивидуализм хэрэгжихэд хоёр үндсэн зарчим байдаг. 

-          Нийгмийн хэн нэгэн гишүүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана.

-          Хувь хүнд өөрийнхөө сайн сайхан,  эдийн засгийн төлөө ажиллах эрх чөлөөг хэн нэгний  заавраар  олгохгүй байх  замаар хэрэгжинэ.

Үүнийг Адам Смит өөрийн “Үндэстний баялаг”  номондоо : “... нийгэм нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүн сайн байсныг би хэзээ ч хараагүй юм гэжээ”.

Гэхдээ индивидуализм, коллективизм хоёрын  дундын гэх ойлголт, хувилбар  бас байж болдог байна. Демократ буую ардчилсан нийгэм нь Коллективизм  болон Индивидуализмын аль алинд нь ач холдогдол өгдөг байж болох юм. Түүнчлэн Тоталитар нийгэм заавал Коллективист байх албагүй. Хамгийн ойрын жишээ бол Хятад улс. Улс төрийн хувьд тоталитор боловч эдийн засгийн тогтолцоо нь демократ билээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн хятад улс төрийн хувьд нэг намын дарангуйллын тогтолцоотой боловч эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой гэсэн үг.

Тэгвэл Монголчууд дээрх үзлүүдийн алийг нь дагах гээд байна вэ. Өөрөөр хэлбэл улс төр, нийгмийн соёл, улс орны болоод хувь хүн  амьдрал ахуйгаа авч явах ямар хэвшлийг илүүд үзээд байна аа. Эсвэл өөрийн гэсэн Монгол хувилбар гаргаж ирэх гээд байна уу. Сонгууль гэдэг нь үндсэндээ ард иргэд, сайн сайхан амьдралын төлөө өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад  оролцож байна гэсэн  ойлголт билээ. Тэгэхээр аль намыг, хэнийг сонговол, тэд нь биднийг ямар замаар хөгжүүлэх гэж хөтлөх бол гэсэн үг. Намууд бол тэрхүү нийгэм, нийтийн сайн сайхан амьдралыг өөрсдийн сонгосон үзэл баримтлал, арга аргачлалаар бий болгох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл.  Монгол улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй, улс төрийн гол тоглогч намуудын “нийгэм нийтийн амьдралыг сайн сайхан болгох” үзэл баримтлал, арга аргачлал нь яг юу вэ? Дээр бидний ярьсан коллективизм, индивидуализм хоёрын алийг нь аль нам баримталдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна гэсэн үг.

1.      Коммунист нам буюу МАН-ын үзэл баримтлал ерөнхийдөө ойлгомжтой байна. Тэд улс төрийн философийн утгаараа, “нийгмийн сайн сайхныг, хувьсгалт дарангуйллын” аргаар бий болгож, капиталын хуваарилалтыг төр  хийх нь хамгийн сайн менежмент  гэж үзэх нь.

2.      Социал демократ нам ч мөн ойлгогдохуйц байна. Коммунист намтай ижил үзэл баримтлалтай боловч  “нийгмийн сайн сайхныг заавал хүчээр”  бус илүү зөөлөн аргаар Коммунизмд хүрэх нь. сайх

3.      Ардчилсан намын тухайд бол индивидуализмын талыг баримталж байгаа нь  ойлгомжтой. Аристотелийн  гаргаж ирсэн үзэл санааг эдийн засгийн хувьд Адам Смит хөгжүүлсэн арга замаар биднийг сайхан амьдралд хүргэх нь. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ажиллаж амьдрах, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг нь төр бий болгож өгөөд өөрсдөөр нь хөдөлмөрлүүлэх гэсэн үг.

4.      Бусад намын үүсгэн байгуулагдахдаа томъёолон  бий болгосон үзэл баримтлал,үндсэн зорилго, нь яг юу вэ? Тэрхүү үндсэн чиг шугамынхаа дагуу яг юуг хийж бүтээв?

Тэгэхээр өмнө дурдсанчлан соёл гэдэг нь зүгээр л нэг хоёр хүний хоорондын харилцааны тухай, үг яриа, үйл хөдлөл биш юмсанж. Хувь хүн, айл өрх, улс орны хөгжлийн тун өргөн хүрээтэй асуудал гэдэг нь харагдаж байна. Энэ бүхнийг дурдахын учир нь иргэн хүн та өөрийгөө, гэр бүлээ сайн сайхан байлгая гэж бодож байгаа бол яаж гэж асууна. Тэр асуултдаа сонгуулиар хариу өгөх нь байна. Өөрөөр хэлбэл аль нам нь, улстөрийн хүчин нь бидний монголчуудын олон зууны зан заншил, уламжлал, хэм хэмжээ нормд тохирсон бодлого баримталж улс гэрээ авч явах нь вэ гэдгийг бодоосой гэснийх.

                                                                                                              СЭЗДС-ийн багш Г.Уянга

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга