English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хотын хогноос төрсөн бүтээл
Хөл дор хөглөрөн, хара хад ч тээр садаа болж, хотын өнгө үзэмжийг гутаадаг хогийг эцсийн эцэст хүмүүс өөрсдөө тарьдаг. Тэр хог нь эргээд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар их хор хохирол учруулдгийг бид гадарладаг болж байна. Харин таны харж байгаа бүтээлүүд бол “хог” юм. “Эко урлан” булангаараа бид хог хаягдал ашиглан хийсэн гадаадынхны сонирхолтой уран бүтээлүүдийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа манай монгол залуусын ур ухаанаар хогноос төрсөн урлагийн бүтээлүүдийг хүргэхээр шийдлээ.

МУИС-ийн Газар зүй, геологийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш нар санаачилж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын ивээл дор зохион байгуулсан “Хог хаягдлын эко шийдэл 2012” улсын анхдугаар уралдаан энэ сарын 1, 8, 15-нд гурван үе шаттай болсон. Энэ уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Боловсролын газар, Аялал жуулчлалын үндэсний төв, “Органик Монгол” хөтөлбөр дэмжиж зохион байгуулсан юм. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг та бүхэндээ цувралаар хүргэж байна.

“ЭРВЭЭХЭЙ”

Албан байгууллага, ресторан, зочид буудлын ханыг чимэглэж болохуйц энэ бүтээлийг зөвхөн ундааны хуванцар сав ашиглан хийжээ. Нийт 30 хуванцар савыг хог болон хаяж, байгаль орчин бохирдуулахаас сэргийлж, ийн үзмэр болгожээ.

“ТӨГӨЛ”

Манай улсын хог хаягдлын 25-30 хувийг нийлэг материал, шил, шаазан, лааз эзэлдэг байна. Хил хамгаалах 805 дугаар ангийн офицер Д.Галгарьд “Төгөл” бүтээлээ хийхдээ зөвхөн шилний хагархай ашиглажээ. Өвлийн улиралд нийслэлийн гэр хороолол, хотын захын сургууль, цэцэрлэгээс 198-200 мянган тонн үнс хог болон гардаг байна. Энэ нь нийслэлийн хог хаягдлын 50 хувийг эзэлдэг аж. Тиймээс үнс 50 хувьд нь, үлдсэн хувьд нь гипс, туслах материал ашиглан тамганы сав хийсэн гэнэ.

“БӨМБӨРЧИН”

Энэ бүтээлийг шил, бүх төрлийн лааз ашиглан хийжээ. Хог ашиглан хийсэн энэ бүтээлийг бэлэг дурсгалын зүйл болгон ашиглах боломжтой хэмээн шүүгчид үнэлсэн байна.

 

“ХАШГИРААН”

Эдвард Мүнкийн алдарт бүтээл “Хашгираан” хэмээх энэ бүтээлийг монгол хүүхэд хог ашиглан “зуржээ”. Тамхи, чихэр, бохины цаасны өөдсөөр зургийн үндсэн дүрсийг гаргаж, хагархай шилээр бүржээ. Харин зургийн жаазыг ундааны хуванцар сав хайчлан хийсэн байна.

“БӨӨ”

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн “Моно” багийнхан гудамжаар нэг хөглөрдөг самрын ясыг ийнхүү ашиглажээ. Бөөгийн их биеийг хаягдал төмрөөр, хөл гарыг нь ундааны хуванцар саваар хийж самрын ясаар бүрсэн байна.

Р.ОЮУНЦЭЦЭГ mongolnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга