English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Тэмбүү мэдрэлийн системд нөлөөлдөг өвчин

Хүн төрөлхтөн хөгжлийн дээд шатандаа тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд, хэдэн аюул тулгараад буйн нэг нь бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй халдварт өвчнүүд. Эдгээрээс хамгийн аюултай нь мэдээж ДОХ буюу ХДХВ юм. Харин энэ өвчинтэй зэрэгцэн бусад бэлгийн замын өвчин ч улам бүр даамжирсаар байгаа ажээ.

Манай орны хувьд саяхан ХДХВ-ын 111 дэх тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна тэмбүү өвчин нэлээд газар авч байгаа талаар сүүлийн үед яригдах болов. Тиймээс энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ийн Тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч М.Энхтуяатай ярилцлаа.

-Бэлгийн замын зарим өвчин сүүлийн үед нэлээд газар авч байгаа бололтой. Энэ нь юунаас шалтгаалаад байна вэ?

-Улсын хэмжээнд БЗХӨ сүүлийн таван жилийн байдлаар тогтвортой байгаа. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, мөн сүүлийн жилүүдэд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрэгжиж эхэлсэнтэй хол­­боотой. Үүний ачаар БЗХӨ-ний эм, оношлуур, шинжил­гээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, өвчний илрүүлэлт сайжирч байна. Урьд нь оношлогддоггүй байсан бэлгийн херпис болон виру­сын халдваруудыг онош­­лох зэргээр янз бүрийн на­рийн шинжилгээнүүдийг хийдэг болсон.

Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн замын халдварын талаарх ойлголт нэмэгдэж байна. Энэ талаарх сургалт, сурталчилгаа зэрэг урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаанд сайн хамрагдаж өөрсдийн эрүүл мэндийн төлөө эмнэлэгт хандах нь их болсон.

-Эмнэлэгт хандаж буй хүмүүсийн шинжилгээний үр дүн хэр байна?

-Тэмбүү өвчин л гэхэд 2010 оны байдлаар улсын хэмжээнд 10000 хүн ам тутамд бодож үзэхэд 14.4 хувь байсан бол 2011 онд 15.3 хувь болж нэмэгдсэн. Нэг талаасаа илрүүлэлт сайжирна гэдэг нь өвчний тоо, тархалт нэмэгдэж гарна гэсэн үг. Нөгөө талаас шилжилт хөдөлгөөн, ядуурал, аялал жуулчлал нэмэгдсэн, мөн тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхгүй байх зэрэгтэй холбоотой.

-БЗХӨ-ний дотроос ма­найд зонхилон тохиолд­дог нь тэмбүү. Гэхдээ манайхан хор уршгийг нь сайн мэддэггүй. Энэ өвчний талаар ойлголт өгөөч?

-Тэмбүү нь бэлгийн за­маар дамжих халдварт ордог. Цайвар трепонем гэдэг нянгаар үүснэ. Заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь 30, 40-өөд төрлийн бэлгийн замын халдваруудаас зон­хилон тохиолдох өвчинд ордог. Тэмбүү өвчин ихэвч­лэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжина.

-Өвчний нууц үе хэдий хугацаанд үргэлжилдэг вэ. Илрэхгүй байж байгаад хүндрэх тохиолдол их байдаг гэсэн?

-Халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр голчлон гарна. Манайхан үүнийг хатуу яр гэж нэрлэдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий.

Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвч­лэн бэлэг эрхтнээр халд­варладаг учраас цавины булчирхай томордог. Хэрэв үнсэлцэж байгаад амны шалбархайгаар халдвар авсан бол уруулын орчим яр гарч дараа нь тэр хавийн тунгалгийн булчирхай томорно гэсэн үг. Тунгалгийн булчирхай нь мөн ямар нэгэн зовиургүй, тэмтрээд үзэхэд хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеийг тэмбүү өвчний нэгдүгээр үе гэнэ.

-Дараа нь яах вэ?

-Хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилна. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг.

Хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь болохоор дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэдэг. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээ­гээр л мэдэж болно. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг.

Ингэж явсаар гуравду­гаар үедээ ордог. Энэ үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүснэ. Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарны мөгөөрсөн эдийг иддэг. Ер нь ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай. Бас давхар мэдрэлийн системд нөлөөлдөг.

-Нууц үе өнгөрсөн л бол шинжилгээгээр шууд илрэх үү?

-Шинжилгээгээр илэрт­лээ бас удна. Хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн дараа цусны шинжилгээ өөрчлөлттэй гарна. Харин нууц хугацаа болон хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн хооронд цусны шинжилгээ сөрөг гардаг. Тиймээс энэ хугацаанд шинжилгээ өгөөд ч өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Харин үүнээс хойш шинжилгээний хариу эерэгжиж эхэлнэ.

Мэргэжлийн эмч бол хатуу ярыг гаднаас нь хараад ялгана. Мөн зовиурыг нь асууж, тандалт судалгаа хийсний үндсэн дээр тухайн хүний шинжилгээ сөрөг байсан ч шинж тэмдгээр нь оношлох боломжтой.

-Өвчний явцыг харахад хүний биед зовиур багатай мөртлөө их аюултай өвчин юм шиг санагдлаа?

-Ер нь зовиур багатай. Гэхдээ хоёрдугаар үеэсээ эхлээд дотор эрхтний системийг гэмтээж эхэлдэг. Мэдрэлийн систем, элэг, зүрх, судсыг үрэвслүүлнэ. Тийм учраас аль болох урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй.

-Аль насныханд илүү тохиолддог вэ?

-Ихэвчлэн бэлгийн идэвх­тэй амьдралтай залуу­чууд өвчилдөг. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох өндөр магадлалтай. Мөн архи, дарс ууж, хяналтаа алдах зэрэгтэй холбоотойгоор өртөх нь бий.

-Зөвхөн залуучууд гэлт­гүй эхээс урагт дамжин халдварлах байдлаар дөнгөж төрж буй нярай хүүхдүүд хохирох тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар?

-Төрөлхийн тэмбүү со­циа­лизмын үед бараг уст­чихсан байсан. Жилдээ 1-2 удаа гардаг байсан бол 1990 оноос хойш нэмэгдсэн. Одоо бол жилдээ төрөлхийн тэмбүүтэй хүүхэд 10 гаруй төрж байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүү­лээгүй тохиолдолд хүүхэд нь зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэх аюултай.

Харин манайд төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчи­лан сэргийлэх стратеги гэж байгаа. Үүний дагуу жи­рэмсэн эмэгтэйчүүдийг эрт хяналтад оруулж, шин­жилгээ өөрчлөлттэй тохиол­долд эмчилгээнд хамруулах журам гарсан.

Ер нь сүүлийн үед манай жирэмсэн эхчүүд хяналтад эрт хамрагддаг болж байна. Хяналтад хэдий чинээ эрт орно, төдийн чинээ урьдчилан сэргийлж чадна. Ялангуяа жирэмсний эхний 3-4 сартайд нь эрт илрүүлчих юм бол өвчтэй хүүхэд төрөхгүй. Ер нь төрөлхийн тэмбүү буурч байгаа.

-Уг өвчин бүрэн эдгэрдэг үү. Алсдаа хүний биед муугаар нөлөөлөх үү?

-Эмчилгээ хийвэл үр дүн сайтай. Үндсэн эмчилгээ нь пенциллин. Заг хүйтэн өвчний үүсгэгч нь эмэнд хурдан дасан зохицдог учраас эмч­лэхэд төвөгтэй байдаг. Харин тэмбүүг эмчлэхэд үр дүнтэй. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй, бүрэн гүйцэд хийлгэх юм бол 100 хувь эдгэрдэг өвчин.

Урьд нь натрийн пен­циллинийг үе шатаас нь хамаараад олон хоногоор тарьдаг байсан бол одоо хүчтэй пенциллинээр нэг л удаа тарьдаг болсон. Тэгээд нэг удаа гэхээр залуучууд өөрсдийнхөө дураар юм уу, эмийн санчийн зөвлөгөөгөөр дутуу, буруу эмчилгээ хийдэг. Дутуу эмчилвэл өв­чин тарах, хүндрэх тохиол­дол их бий. Хамгийн гол нь өвчин илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Эцэст нь залуучууддаа хэлэхэд аль болохоор бие, биедээ үнэнч байж, тохиолд­лын хавьталд орохгүй, архи, дарснаас хол байх хэрэгтэй. Тэгээд бэлгэвчийг тогтмол хэрэглэх нь чухал. Дээрээс нь залуучууд маань эрүүл мэндийн сэтгүүл, ном, хэвлэл сайн унших хэрэгтэй. Гадуур энэ талын материалууд маш их гардаг.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: "Өглөөний сонин"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...