English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
1937 оны есдүгээр сарын 10-нд юу болсон бэ?

- “Анхны 14-ийн хэрэг” гэгчид хэлмэгдэгсдийг дурсахын учир -

Сонгинохайрханы зүүн хойд аманд 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө нийтийг хоморголсон баривчилгаа, их хядлагын түрүүнд эрсдсэн Эх оронч монгол эрсийн шарил бий. Тэнд жил бүр хүмүүс очиж, цэцэг өргөх ёслол үйлдсээр хэдэн оныг үдэв. Харамсалтай нь, олны хөлөөс зайдуу орших тэр газар яагаад заавал энэ өдөр очиж хүндэтгэл илэрхийлдэг болсны учрыг өргөн олон төдийлөн анзаардаггүй.

Тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-нд юу болов оо? 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гарагын шөнө оросуудын урьдчилан зохиосон “Заговор” (хуйвалдаан) хэмээх нэртэй Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх 115 хүний нэрсийн жагсаалтаар ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан төр, засгийн хариуцлагатай албан тушаалтан болон цэргийн томоохон дарга нарыг “дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир!” гэсэн зар тараан цуглуулж байгаад баривчилснаар өргөн хүрээтэй улс төрийн хядлага, улаан түйрэн Сталины махны машин Монголд эрчээ авсан түүхтэй.

Аравдугаар сарын 2-нд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комисс гэгчийг шүүхээс гадуур, хууль бусаар бий болгож хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн юм.

1937 оны тэр шөнө баривчлагдсан эрчүүдээс 14 хүнийг сонгож урьдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хилсээр шийтгэсэн нь “Анхны 14- ийн хэрэг” гэх ойлголт нийгэмд бий болжээ. 1937 оны аравдугаар сарын 21-нд Орос, Монголын ДЯЯ-ныхан Улсын Төв Театрт олныг цочроосон шүүх хурал “зохион байгуулсан” нь XX зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир, эмгэнэлт жүжиг бөгөөд ийм маягийн шүүх хурал нь Сталинизмын “махны машин”- ы эрэг боолт, эд анги, бүрэлдэхүүн хэсэг байлаа.

Тус шүүх хуралд Г.Самбуу, Л.Дарьзав, Б.Очирбат, Д.Яндаг, Ж.Малж, М.Ядамсүрэн, Ц.Өлзий, Ц.Өлзий-Очир, Ц.Баттөмөр, Д.Жамьянжав, Л.Дэндэв, Ё.Жигжид, О.Шагдар, Б.Ламжав нарын цэргийн болон төр, засгийн зүтгэлтэн 14 хүнийг оруулж, “Монголчуудыг Монголчуудыг нэгтгэсэн Пан Монгол улсыг Японы дэмжлэгтэй байгуулах гэж байсан”, “Гэндэн, Дэмидын толгойлсон Японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллага”-ын идэвхитэй гишүүн гэх хилс хэргээр ялласан даруй 12- ыг нь зэвсэг агссан цэргээр харгалзуулан машинд ачиж явсаар Сонгинохайрхан уулын зүүн хойд талын аманд шөнө 24 цагт буудан алах ялыг гүйцэтгэжээ.

Эрх зүйт төр төлөвшлөө олж ядаж, шударга ёс, шударга шүүхийн төлөө хүн бүр ярьж, үзэл бодлоо хуваалцаж буй өнөө цагт монголчууд төдийгүй шударга ёсыг эрхэмлэгч хүн төрөлхтөнд сургамжтай тэрхүү шүүх хурлын улс төрийн учир шалтгаан, түүхэн үнэнийг тодруулж, улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх үйлсэд бага ч атугай хувь нэмэр болох зорилгоор эмгэнэлт түүхийн баримт түшиж архив руу өнгийе.

Тэртээ 1937 он хойч үедээ юу хэлнэ вэ? 1937 оны долдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд асан П.Гэндэн Крымд, наймдугаар сард нэрт эрдэмтэн Цэвээн Жамсранов, Мэргэн гүн М.Гомбожав нар Ленинградад, тагнуулч Ц.Өлзий Улаанбаатарт, ЦЯЯ-ны Тагнуулын газрын дарга асан Б.Очирбат Дорнодод тус, тус баривчлагджээ. Мөн оны наймдугаар сарын 14-ний өдөр И.В.Сталин Монголд цэрэг оруулах, “Монголын армийн хээрийн ангиудыг хил хамгаалах ажлаас бүрэн чөлөөлж”, Монголын зүүн хилийн хамгаалалтыг “БНМАУ-ын ДЯЯ-д бүрэн шилжүүлэхийг МАХАрмийн удирдлагад санал болгох”-ыг Батлан Хамгаалах яамдаа даалгажээ.

И.Сталины шийдвэрээс найм хоногийн дараа ЗХУ-ын Засгийн газрын даалгавараар ЗХУ-ын ДЯАК-ын орлогч, генерал М.П.Фриновский Эрхүүд ирж, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийг Сибирийн Тайга өртөөнөө угтаж устгах даалгаварыг гүйцэтгэсэн ажээ. Үйл явдлын өрнөл, дэс дараалал, цаашдын хэрэг явдлыг ажиглахад И.В.Сталин Алс Дорнод дахь байр сууриа бэхжүүлэх, Японы түрэлтийг няцаах цэрэг, стратегийн бодлогоо Монголын эрх ашгаас дээгүүр тавьж БНМАУ-ын дотоод байдлыг тогтворгүй болгож, юуны өмнө Монголын төр, цэргийн зүтгэлтнүүдийг цусан балчигт живүүлээд удирдлагыг төлөөний хүмүүсээр дамжуулан гартаа авч, Монголыг эзэгнэхийн тулд хядлага явуулжээ.

Үг дуугүй буудаад байвал “Оросууд монголд зарлаагүй дайн хийж байна” хэмээн ар, өвөр монголчууд төдийгүй дэлхий дахин жигших учир тэр хядлагаа халхлах зорилгоор “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн хэрэг” гэх мэт нэртэй, аль болох олон хүнийг баривчлан гэсгээж болохуйц хэргүүдийг зохиож, түүндээ хүмүүсийг олноор нь хомроголон хядах аргыг сонгон хэрэгжүүлсэн байна.

Монголоо гэсэн үзэлтэй хүмүүсийг давын өмнө нэгжин баривчилж, мөнөөх “Гэндэн, Дэмидийн хэрэг”-т холбогдуулахад ойр дөхөмийг тооцоолж ЦЯЯ-ныхнаас хамгийн түрүүнд тагнуулын ажлын ихээхэн материал цуглуулсан Б.Очирбат, Ц.Өлзий хоёрыг Дэмид жанжинтай олон жил ойр холбоотой ажиллаж байсны нь хувьд тэдний амаар Дэмидийн эсрэг үг хэлүүлэх, хийсэн ажлыг нь эсэргүү ялт ажил болгож мушгин гуйвуулж хэрэг тулган хүлээлгэхээр тамлан байцаах, хууран мэхлэх аргуудыг хэрэглэсэн баримт бий.

Төв театрт олны өмнө хийх шүүх хурлыг “найруулагчид” хурал дээр хэлэх мэдүүлгийг урьдчилан дахин давтан зааж өгч, цээжлүүлжээ. Тухайлбал ЦЯЯ-ны орлогч сайд Л.Дарьзавт “түүний хэлэх ёстой мэдүүлэг”-ийг өгч Н.Насантогтохын албан тасалгаанд цээжлүүлээд “олон нийтийн өмнө өөрийн хэргийг аль хэр шударгаар мэдүүлснээс явдлаар та нарын хэргийг шийдвэрлэх тул амьд явах эсэх чинь олны өмнө гарсан мэдүүлгээр шийдвэрлэгдэнэ хэмээн маршал Чойбалсан хэлснийг Дарьзав та санаж байгаа биз!” хэмээн анхааруулж байв.

ДЯЯ-ны ажилтнууд хоригдогсдын камераас нууцаар яриа цуглуулан давхар мөрдөж, зааж өгсөн мэдүүлгийг шүүх хурал дээр хэлэх эсэх тухай мэдээг Х.Чойбалсан, орлогч сайд Б.Лосол нарт рапортоор танилцуулж байсан нь тэдний сэтгэл зүйн байдлыг нарийвчлан судалж, бэлтгэж байсныг харуулдаг. Тийнхүү “хэрэгт”- нүүдэд хэргийг нь танилцуулах нэрээр хүн нэг бүрээр тусгай албан тасалгаанд суулган цээжлүүлж, нэмэлт хоол унд өгч усанд оруулж, үс сахлыг нь засан дотуур болоод гадуур хувцас тавин олгох зэргээр “хайр халамж” үзүүлжээ.

Энэ нь Баабарын өгүүлснээр Москвад зохиосон Зиновьев, Каменев нарын “хэрэг”-ийг нээлттэй тасалсан “жүжгийн яг таг орчуулга байв. Үнэхээр ч тэр шүүх хурлыг орос зөвлөх, сургагчид ягштал найруулжээ. Хөөрхий эрсэд хуурамч “хайр халамж” үзүүлж, хууран мэхлэхийн зэрэгцээ тэднийг ард түмнийхээ өмнө заавал хатуу чанга шүүн шийтгэхийг Улаанбаатар хотын иргэд “хүсэж байгаа тухай” шаардлагыг гаргуулж, шударга иргэн бүр тэдгээрийн хэргийн үнэнд эргэлзэх ёсгүй тухай зориудын уулзалт, яриа хурлыг удаа дараа зохион байгуулж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажлыг шүүх хурлын бэлтгэлтэй нэгэн зэрэг зохион байгуулсанд тус шүүх хурлыг нийтэд үнэмшүүлсэн тактикийн бас нэг нууц оршиж байна.

Тухайлбал, Л.Дэндэв хэргээ таслуулахын өмнө “Бид нарыг ингэж мэдүүлэгтэй танилцуулж байдаг нь гагцхүү шүүхэд очсоны хойно будлиан хутгуулахгүй гэсэн хэрэг бөгөөд би ч алдахгүй гэж санана…Ер нь үхсэн хүнийг гүтгэж мэдүүлэхэд болох юм. Харин амьд хүнийг гүтгэхэд хэцүү байна. Би ч Дэмидээс надад чингэж ингэж тушаасан гэж мэдүүлсэн л дээ. Хэрэв амьд хүнийг ингэж хэлэх юм бол нүүр өөд нулимах шүү дээ. Хэрэг таслахад хичнээн хүнээс Дэндэв ингэсэн, чингэсэн гэж солиорох юм бол доо”. Гээд цааш нь “Ерөөс хүн хонь ямаагаа ч чингэж цөмөөрөнг нь яргалж алдаггүй. Би хилс хэрэгт амь алдах юм бол үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй гэж захиж хэлэх гэсэн юм….Мэдүүлгээ буцвал улсын нууцыг задруулсан ёстой эсэргүү болох юм. Задруулахгүй байвал амь гарах ч магадгүй” гэх мэтчилэн тулгарсан зовлонгоо тоочин зовинон шаналж байсан аж.

Шүүх хурал эхэлсэн 18-ны өдөр ДЯЯ-ны Тусгай хэлтсийн орлогч дарга Хас-Очир гэгч Б.Очирбатыг дуудаж уулзаад шүүх хурал дээр хэргээ хүлээвэл амь насыг чинь өршөөнө хэмээн мэхэлж, түүний ялын төлөвлөгөө гэгчийг уншиж өгчээ. Хас-Очирын худлаа амлалтад үнэмшсэн тэрээр камертаа буцаж ирээд ихээхэн баяртайгаар: “би одоо амь гарах шийдвэрийг лавтай мэдээд ирлээ. ...манай газар(ДЯЯ) бол хуулийг барьсан хувьсгалт байгууллага болох тул худал хэлэх ёсгүй” хэмээн ихээхэн баярлаж байсан баримтууд бий.

Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүх хурлын технологи тун өвөрмөц. Үүнийг нягталж үзэхэд эдгээр хүмүүсийг хурал дээр мэдүүлгээ буцаж магадгүй хэмээн сэргийлэх үүднээс үг яриа, сэтгэл зүйн байдлыг маш анхааралтай судалж, ятган сэнхрүүлэх, хуурч, мэхлэх, сүрдүүлэх башир муу аргуудыг хэрэглэж байсан нь тодорхой байна. Төдөлгүй ДЯЯ-ны Тусгай хэлтсийн дарга Насантогтох төлөвлөн, орлогч сайд Б.Лосол зөвшөөрч, Сайд Х.Чойбалсангийн баталснаар 14 хүний “ялын төлөвлөгөө” гэгчийг бэлэн болгожээ. 1937 оны аравдугаар сарын 18-21-нд Улсын Төв Театрт урьдчилан судалж, сонгосон 300-аад хүнд үнэмлэх тараан олгоод зерителийг “ард түмний төлөөлөл”-өөр дүүргэж, ярайсан жадтай буу гозгонуулсан цэргүүдээр харгалзуулаад сайтар төлөвлөж зохион байгуулсан “шүүх хурал” хэмээх өргөн хүрээтэй их хядлагын анхны том театрчилсан үзүүлэх тоглолтыг олон түмний нүдэн дээр хийжээ.

“Ард түмнийхээ өмнө бүх гэм буруугаа мэдүүлж, хэргээ хүлээвэл амийг чинь өршөөнө” гэсэн Дотоод яамны зандалчдын хуурамч амлалтад мэхлэгдэн хүчинд автсан тэдгээр эрс “хувьсгалын эсэргүү, японы тагнуулын байгууллагын гишүүн, төлөөлөгч байсан” тухай урьдчилан зааж, цээжлүүлснийг мэдүүлсэн нь лавтай байна. Түгдэрвэл хөшигний араас Орос, сургагч, зөвлөхүүдийн зааснаар монголоор хэлж өгч байсан тул “шүүх” хурал урьдаас төлөвлөсөн ёсоор болжээ. Чингэж Монголын нийгэмд “Японы талыг баримталсан хувьсгалын эсэргүү бүлэг үнэхээр байгаа юм байна” гэсэн итгэл үнэмшил бий болгож, бие биенээсээ айж, ширвээтэх, эсэргүү гэгдэн хэлмэгдэгсдийг үзэн ядаж, жигших уур амьсгалыг бий болгож, төрийн террорыг зөвтгөн хаацайлж, нийгмийн сэтгэл зүйг дасгах, их яргаллын бэлтгэлийг хийж дөнгөсөн байна.

Шүүх хурал нь XX зууны Монголын түүхэн дэх шүүн таслах хамгийн бохир эмгэнэлт жүжиг болсон юм. Өргөн хүрээтэй Их хядлагын анхны том “театрчилсан үзүүлэх тоглолт”-од оролцсон “ард түмний төлөөлөл”-д үнэхээр Японы талыг баримталсан хувьсгалын эсэргүү бүлэг байсан юм байна гэж үнэмшиж, тэдгээр хэлмэгдэгсдийг үзэн ядаж, жигштэл нь “найруулж” чадсанд тус шүүх хурлын технологийн нэг нууц оршино.

Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал аравдугаар сарын 21-нд дуусч, 13 хүнийг буудан алж, хөрөнгийг хураахаар яллан, УБХ-ын тэргүүлэгч гишүүн Ламжав (циркчин ах дүү Нацаг, Ванган нарын аав)-т 10 жилийн ял өгч, амийг нь өршөөжээ. Д.Лувсаншарав утсаар Х.Чойбалсантай ярьж, “Ламжавыг та нар битгий алаарай. Олон өнчин хүүхэд хэцүүднэ шүү гэж” хэлж байсныг түүний эхнэр М.Даариймаа гэрчилсэн нь бий. “Шүүх хурал”-ын өмнөөс сайтар бэлтгэсний дагуу хурлын явцад болон маргаашаас зориуд томилогдсон нам, улс төрийн ажилтнууд социологийн судалгаа, уулзалт, яриаг цэргийн анги нэгтгэлүүд, албан байгууллагууд дээр очиж зохион байгуулахын хамт нийгмийн сэтгэл зүйн байдал, ард олны болон цэргийнхний дунд гарсан үг яриаг судлах ажлыг давхар гүйцэтгэжээ.

14-ийн хэргийг шүүж дуусгах гэж байсан нэг өдөр Х.Чойбалсангийн гэрт дэргэд нь байж байтал утас дуугарахад маршал харилцуураа авч ярилцахад тэр хүний дууны өнгөөр нь УДШ-ийн дарга Даншийцоодол болохыг таньсан. “Энэ хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ” гэж асуугаад байгаа бололтой. Чойбалсан “Буудах нь зүйтэй биз дээ” гэж ярьж байсан “ хэмээн амьд гэрч Г.Бат-Очир өгүүлсэн баримт байдаг.

Дорнод аймгийн дарга О.Шагдарыг буудан алваас зохих ч “уг эсэргүү ажилд бусдаас оролцоо бага” гэж 10 жилээр яллажээ. Ялын тогтоол гарсан даруй цаазлагдах ял заагдсан эрсийн гарыг ард нь хүлж, буутай цэргүүдээр харгалзуулан хойно, ачааны бүхээгтэй машинуудад ачиж аваад өмнө, хойно нь олон суудлын машин цуваа үүсгэн явсаар Сонгинохайрханы буруу харсан аманд тулж очин буулгаж, машины гэрэл тусгаж байгаад нэг нэгээр нь буудаж эхэлжээ.

Тэд “би хэрэг хийгээгүй, хилс үхэж байна. Улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ”, “үүнээс хойш ийм хилс хэрэг битгий хийгээрэй” “Монгол улс мандтугай! Бидний үнэн зөвийг хойч үеийнхэн гэрчилнэ” гэж амжиж хашгираад алтан амиа алджээ. Хилс хэрэгт хэлмэгдэн буудуулсан тэдгээр Монгол эрсийн хамгийн ахмад нэрт тагнуулч Ц.Өлзий 57 настай, хамгийн залуу нь МАХЦ-ийн Хуягт бригадын дарга Д.Жамьянжав 32 настай, ихэнх нь 33-37 настай байлаа.

“Сан бэйсийн сагсуу цоохор” Х.Чойбалсан бусдаас содон, согтуурхан гар буу гозгонуулан агсарч, буудаж байгаа хүмүүсийн дэргэдүүр цамнан цаазын ялын гүйцэтгэлийг биеэрээ удирдана. УБХ-ын дарга Д.Догсом тэгж аягласангүй, эхний хоёр, гурван хүнийг буудсаны дараа машиндаа суужээ. Харин Ерөнхий сайд Амар ёс жагтай монгол эр хүний зангараг гаргаж машинаасаа ч гарч ирэлгүй гашуудан шаналж, амандаа ном уншин суух аж. Түүнийг харж уурссан Х.Чойбалсан: “Энэ феодалыг хараач, илүү нүх байна уу? Энд нь булчих юмсан!” гэж загнан хашгичиж байсныг улсын баатар П.Чогдон хожим гэрчилсэн байдаг.

Аллагыг голчлон шоронгийн комендант, Маахуур хэмээх Дамба гэгч алуурчин гардан гүйцэтгэж, ДЯЯ-ны зөвлөх Кичиков, Голубчик зэрэг хэдэн Орос хянан, ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, тусгай хэлтсийн дарга Н.Насантогтох, “алцан” Мандал, ДЯЯ-ны төлөөлөгч Л.Содов тэргүүлэн байлцжээ. Л.Содов хожим “Ж.Малж хамгийн сүүлд үлдээд “Би хэрэг хийгээгүй. Хилс үхэж байна, улаан яргачид ялаа эдэлж, үнэнийг хэлэх цаг ирнээ!” гэж хашгираад 2-3 удаа буудуулж байж үхсэн гэж мэдүүлжээ.

Зоригт эрсийг бүгдийг хороож гүйцээд гүйцэд амьсгал хураасан эсэхийг магадлан шалгадаг чекистүүд эмчээр ч магадлуулсангүй, шууд шороогоор булж дарсан байна. 1937 оны есдүгээр сарын 11-нээс эхлээд “Үнэн”, “Улаан Одон” зэрэг сонин болон радиогоор нэвтрүүлж олон нийтийг жигшээх өргөн хэмжээний сурталчилгаа явуулсан. 1937 оны аравдугаар сарын 25-ны өглөөний 9 цаг 30 минутад “Нам, засгийн удирдагч Баасанжав, Лувсаншарав, Догсом, Амар, Чойбалсан, Довчин, Лосол нар ирцгээж МАХН-ын Намын Төв хорооны III бүгд хурал хуралдав.

Тус бүгд хурал ДЯЯ-ны хэмжээ хязгааргүй алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийг буруушаан шүүмжилж, завхралыг засах талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч “Манай улсын ард түмнийг эзэрхэг түрэмгий нарт худалдаж, бид нараар махан овоо, цусан далай хийхийг завдаж байсан Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү хэргийг ДЯЯ ба түүний толгойлогч нөхөр Чойбалсангийн удирдлагаар олж илрүүлсэнд би туйлын их баярламой хэмээн уухайлан өөгшүүлэх уур амьсгалын дунд хуралджээ. Хэргийг тасалсан Шүүх яамны сайд Г.Цэрэндорж, УДШ-ийн дарга Даншийцоодол, Улсын прокурор Пунцагдорж нарын энгэрийг “Алтан гадас” одонгоор “мялаасан” бол ДЯЯ-ны Б.Лосол, Н.Насантогтох, Хас-Очир, Мандал тэргүүтэй 40 гаруй яргачныг хүндэт чекистийн тэмдэг, одон, үнэ бүхий зүйлсээр шагнасан нь будант цагийн бас нэг өнгө-эмгэнэл байлаа.

Тэртээ 1937 онд хилс хэрэгт алтан амиа алдсан гэм зэмгүй Эх орончдын гэм зэм нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцсэний л “гэм” байсан бөгөөд тэд хэлмэгдэгсэд төдий бус эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид байсан юм. Тиймээс гар нь хүлээстэй чигээрээ шороонд булаастай байгаа тэдгээр эх орончдын шарилыг гаргаж судлан шинжлээд, монгол ёсоор оршуулах нь хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төрийн бодлого, түмний сэтгэлд нийцэх бус уу?

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...