English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Салхит”-ын станц ирэх сард цахилгаан түгээнэ
“Салхит”-ын станц ирэх сард цахилгаан түгээнэ
Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхит ууланд манай улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт сүндэрлэж буйтай салбарын сайд танилцлаа.

Төвийн эрчим хүчинд холбогдох “Салхит”-ын цахилгаан станц ирэх сараас цахилгаан түгээнэ. Ингэхдээ 50 мянга гаруй айлыг цахилгаанаар хангах юм. “Ньюком” компанийн барьж буй энэхүү станц 50 МВтын хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, “Салхит”- ын ууланд босгосон 31 салхин сэнс 100 мянга гаруй айлыг цахилгаанаар хангах юм. Одоогоор 10 сэнсийг байрлуулжээ.

Эрчим хүчний сайд Б.Сономпил “Манай улсад 1983 оноос хойш эрчим хүчний салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалт энэ. Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн эхлэлийг үүгээр тавьж байна. Мөн бидэнд нарны том цахилгаан станц барих боломж байна. Говьд нарны эрчим хүчний их нөөц байгааг судлаачид тогтоосон” хэмээв.

Ажлын явцын талаар энэ төсөлд хөрөнгө оруулж буй “Клин Энержи” компанийн захирал С.ЭнхАмгалангаас тодрууллаа.

-Салхины нөөцийг та бүхэн хэрхэн тогтоов?
-Сэргээгдэх эрчим хүчид ашиглах салхины нөөцийг 2004 оноос эхэлж судалсан. Салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, зөвлөгөөг ч их ашиглалаа. Дэлхийн салхин цахилгаан станцууд салхины хүчийг секундэд 8-9 метр бол нэгдүгээр зэрэглэл гэж тооцдог. Салхитад салхи секундэд 8.2 метр хүрдэг. Станцын үйлдвэрлэлийн ажил өнг өрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ ондоо багтаж ашиглалтад оруулна.

-Энэ бүтээн байгуулалт хэчнээн төгрөгийн өртгөөр босч байна вэ. Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэв?
-Төслийн нийт өртөг 175 тэрбум төгрөг. Үүний тодорхой хувь нь хөрөнгө оруулалт, эргэн төлөх нөхц өлтэй банкны зээл. Мөн энэ ажлыг хийхэд Мянганы сорилтын сан, Эрчим хүчний яамнаас дэмжиж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчийг эдийн засагт хэмнэлттэй, байгальд ээлтэй гэдэг. “Салхит”-ын давуу тал юу вэ?
-”Салхит” станц жилд 1.6 сая тонн цэвэр ус, 150 мянган тонн нүүрс хэмнэхээс гадна 180 мянган тонн хүлэмжийн хийг агаарт цацагдахаас сэргийлэх болно. Гадаадын судлаачид нэг га орчим ой мод жилдээ 10 тонн хүлэмжийн хийг бууруулна гэж тооцдог. “Салхит” станц 18 мянган га ой модтой дүйцэхүйц хэмжээгээр байгаль орчинд нөлөөлнө.

Э.Солонго

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...