English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Элчин сайд Хон Гю Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Элчин сайд Хон Гю Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзав.
 
 
Уулзалтын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг дурдаж хоёр орны уламжлалт сайн харилцаа цаашид ч үргэлжилнэ гэдгийг тэмдэглэлээ.
 
 
Элчин сайд Хон Гю БНАСАУ-ын залуу лидер Ким Чен Уны мэндчилгээг уламжилж Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлах урилгатайг дахин нотлов. БНАСАУ эдийн засгийн шинэчлэлийг идэвхжүүлэх чиглэлтэй байгааг Элчин сайд хэлж байв.
 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлт хийж байсан туршлагаасаа тус улстай хуваалцахад бэлэн гэдгээ хэлэв. Уулзалтаар Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны аргаар шийдэх тухай асуудлыг хөндөн ярилцав.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны арга замаар шийдэхэд Монгол Улс нэмэр хандив оруулах боломжтой. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээр байгуулах санаачилга дэвшүүлсэн.
 
 
Энэ хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар хоёр талын болон олон талын уулзалтыг Улаанбаатарт хийх боломж бий” гэлээ. Хоёр тал соёл, спортын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, Хойд Солонгосын сагсан бөмбөг, хөлбөмбөг, жүдогийн багийн тамирчдыг Монголд авчирч олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлийг хангуулах зэрэг ажил хийж болох талаар ярилцав.
 
 
Элчин сайд Хон Гю “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг” гээд хаврын тарчиг энэ цагт Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй байгаа тул Монгол Улсын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх боломж бололцоог судалж үзэхийг хүслээ.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...