English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ц.Оюунгэрэл сайд аа, Мэргэжлийн кино бүтээх техник хэрэгсэл Монголд алга

 

 

“Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг” гэдэг. Тиймээс манай улс кино урлагийн хөгжилдөө зайлшгүй анхаарах хэрэгтэй юм. Энэ талаар мэргэжлийн хүний үгийг сонсохоор Урлаг судлаач, профессор, Дэлхийн соёл урлагийн академийн хүндэт гишүүн Д. Мягмарсүрэнтэй уулзаж ярилцлаа.
 
 
-Монголын кино урлагт эмх замраагүй байдал үүсээд байх шиг санагдах юм та үүнтэй санал нэг байна уу?
 
-1997, 98 онд кино урлаг уналтад орсон юм. 2000 он гараад буцаад сэргэсэн. Гэхдээ өнгөн талаасаа хөгжөөд байна. Кино бүтээдэг олон студи байгуулагдаад байгаа ч чанартай кино тун цөөн. Жилд 50-60 кино гарлаа гэхэд тав нь л сайн байх жишээтэй.
 
 
-Та тааруухан бүтээсэн киноны талаар баримттай жишээ хэлнэ үү?
 
-Жишээлбэл, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” кино мэргэжлийн нүдээр харвал кино болж чадаагүй байна билээ. Дүр бүхний уялдаа холбоог нийлүүлж чадаагүй. Жүжигчдийн ур дутсан, ялангуяа гол дүр эзнээ олоогүй байсан. Жүжигчин хүн өөрийн үзэл бодлоо дүрдээ шингээх хэрэгтэй юм.
 
 
-Чанартай бүтээл олонд хүрэх гэхээсээ сурталчилгаагаар олныг татах болсон юм биш үү?
 
-Тиймээ. Одоо мөнгөтөй хүн амар хялбараар мэргэжлийн бус баг бүрдүүлэн кино хийж байгаа нь харамсалтай байна.
 
 
-Сүүлийн үед мэргэжлийн түвшинд сайн гарсан киног нэрлэвэл?
 
-Урлагаас гаралтай, урлагийн удамтай гэхүү дээ хүмүүсийн бүтээсэн сайн кино байна. Б.Амарсанаагийн “Хоёр өдөр нэг шөнө”, Ж.Сэнгэдоржийн “Мөрөөдлийн цагаан хөлөг”, З.Батболдын “Боолын гэрээ” мөн И.Одончимэг бол инээдмийн киноны төрөлд нээлт хийж байна. Мөн Д.Батцэцэгийн студи сайн кино хийж байгаа юм.
 
 
-Дэлхийн кино урлагт өрсөлдөх бүтээл байна уу?
 
-Манай улсад тийм хэмжээний кино байгаа шүү дээ. Даанч өргөн дэлгэцийн киног дэлхийн түвшинд бүтээхэд манай техник хэрэгсэл гологддог. Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ талд анхаарч байгаа байх, тэр дундаа тус яамны Соёл, урлагийн газрын дарга Н.Оргил энэ асуудлыг илүүтэй ойлгоно гэж найдаж байгаа.
 
 
-Мөнгөтөй хүмүүс кино хийгээд байгаа бол тэр техник хэрэгслийг оруулаад ирж болохгүй л юм байх даа?
 
-Хөрөнгөтөй хүмүүс бол мэргэжил талаасаа биш мөнгө олох талаасаа кино үйлдвэрлээд байгаа юм. Тэгээд ч яг мэргэжлийн өндөр түвшний техник авна гэхэд давж даашгүй үнэ өртөгтөй. Тиймээс л төр засаг анхаарах хэрэгтэй байна.
 
 
-Мэргэжлийн бус түвшинд кино бүтээхийг яаж зогсоох ёстой юм бол?
 
-Энэ цагт хүний эрх гээд шууд хориглоход хэцүү л дээ. Дээр үед бол хэдий үзэл суртал ордог байсан ч мэргэжлийн өндөр түвшинд бүтээл бүрд шалгуур тавьдаг байлаа. Одоо кино урлагийн академууд сайн ажиллаж урлагийн зөвлөлөөр шинэ гарч байгаа кинонд шүүмж болоод мэргэжлийн зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж бодож байна.
 
 
УДЭТ мэргэжлийн уран бүтээлийн зөвлөлтөй ажиллаж байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байгаа. Кино урлагийн уран бүтээлчдийг мэргэжлийг дээшлүүлэх сургалтуудыг шат дараалалтай явуулахгүй бол болохгүй.
 
 
-Дэлхийн түвшинд кино уралдуулах олон талын боломж манайд бүрдсэн гэж үзэж байна уу?
 
-Манай зан заншил нутаг ус одоохондоо атар хэвээрээ байна. Энэ байдал нь л дэлхийд давтагдашгүй бүтээл хийх хангалттай материал болно. Оросын нэрт найруулагч Никота Михалков 1996 онд манай оронд кино бүтээх гэсэн боловч зөвшөөрөөгүй учир Өвөр монголын нутагт монгол ахуйг харуулсан кино бүтээгээд Францын кино наадмаас гранпри авсан юм.
 
 
Манайхан гадны кино хуулбарлан хийж байхын оронд өөрийн орны энэ сайхан боломжийг ашиглан мөн өөрийн зохиолчдыг олон сайхан бүтээлээс кино хийх хэрэгтэй. Энд онцлон хэлбэл Ч.Лодойдамба, П.Лувсанпэрэнлэй, Д.Батбаяр. Ж.Лхагва нарын зохиол бүтээлээс гадна сүүлийн үеийн зохиолч М.Эрдэнэбатын өгүүлэгүүд байна. Манайхан гадагшаа биш дотогшоо нэг өнгийж үзмээр байгаа юм.
 
 
 
-Гадны сонгодог зохиолоос сэдэвлэн кино бүтээж байх шиг байна?
 
-Тийм. Энэ бол бололгүй яахав. З.Батболдын “Бурхан өршөө” Н.Наранбаатарын “Танихгүй эмэгтэйн захидал” гээд гадны зохиолыг сайн найруулан кино бүтээсэн байна билээ.
 
 
 
-Дэлгэцийн кино урлагт дэлхийн стандартад нийцсэн зураг авах тоног төхөөрөмж байвал бусад боломж бололцоо нь байна гэж ойлгож болох нь ээ?
 
-Үнэндээ дэлхийн стандартад нийцсэн зураг авах тоног төхөөрөмжийн талаар төрөөс зайлшгүй анхаарах цаг нь болсон юм. Кино хэт олон болж зарим нь мэргэжлийн бус байгаач зөв залан шүүж тунгаах юм бол чадалтай найруулагч, бас бүтээл, жүжигчид гэх зэрэг бусад боломж нь гарна гэдэгт би итгэлтэй байгаа.
 
 
-Хуучны киноны хэсгээс сурталчилгаанд ашиглах боллоо?
 
-Түүний эрхийг зохих газраас мэдээж авах хэрэгтэй. Гэхдээ бүтээлч сэтгэлгээний ядуурал гэж харж болно. Өөрөө өөрөөр сэтгэж чадахгүй залхуурч байгаагийн нэгэн хэлбэр. Мөн олны хүртээл болсон киноны дараагийн ангийг үргэлжүүлэн хийж байгааг би таашаахгүй байгаа. Энэ бол мөнгө олох гэсэн арга.
 
 
Тэр үргэлжлэл хэзээ ч түрүүчийн ангиасаа сайн болохгүй байгаа ч хүний сэтгэлд хүрсэн кино учраас хүмүүс нээрэн тэр кино цааш яах бол гэх сэтгэлээр татагдаад үздэг ч дахин үзэхгүй байна. Ер нь урлаг гэдэг өөрийн уран сахны хэм хэмжүүртэй өвөрмөц онцлогтой мэргэжлийн түвшинд байх ёстой.
 
 
А.Байгалмаа
 
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...