English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Хятад зулбаа” буюу хар бизнес эрхлэгчид хүний амь хөнөөсөөр байна

 

Эх хэмээх эрхэм алдрыг бэлэглэх гэж яаран ирсэн нялх үр нь ээжийнхээ болчимгүй үйлдлийн золиос болж, амиа таслуулна гэж санаагүй нь лавтай. Эрдэнэт хүний биеийг олж төрөхийг зүүний үзүүрт будаа тогтохтой зүйрлэн ярьдаг. Тийм ховор заяаг уландаа гишгэж буй охид, бүсгүйчүүд цөөнгүй болсон нь өнөөгийн Монголын эмгэнэл билээ. Хүн болж төрсний нэг утга учир үр удмаа үлдээхэд оршдог. Харин орчин үед охид, эмэгтэйчүүд амьдралын аар саархан явдлаас болж, үр хүүхдээ хэвлийд нь устгачихдаг болсон. Өмнө нь бид хууль бус үр хөндөлтийн талаар сурвалжлан хүргэж байсан. Энэ удаад үр зулбуулдаг эмийн хар бизнес Монголд газар авч буй талаар болон түүний хор уршгийг хүргэхийг зорив. БНХАУ - аас оруулж ирдэг, үр зулбуулдаг эм худалддаг хүм үүсийн талаар бишг үй сонсож байлаа. Дийлэнх нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд бараагаа борлуулдаг, цөөн хэд нь гэрээрээ, хүнээр дамжуулан нууцаар худалддаг юм байна. Энэ тухай сурвалжлага хийх гэж буйгаа нэг найздаа дуулгатал, дээрх эмийг авч уугаад амь насаа алдах дөхсөн нэгэн эмэгтэйтэй уулзахыг санал болгов.

Түүнийг А гэдэг, 25 настай. Тэрбээр жилийн өмнө “Нарантуул” захаас үр зулбуулдаг эм худалдаж авчээ. Эм уусны дараа ураг нь зулбасан ч хоёр сар гаруй бага багаар цус алдаж, улмаар тогтохг үй байсан учир эмчид ханджээ. Гэтэл умайд юм үлдсэн байх нь тэр. Жаахан л оройтсон бол амиа алдах байсан хэмээн эмч хэлж, хагалгаанд яаралтай орсноор аврагджээ. Тэрбээр өөр шиг нь олон эмэгтэй хохирох вий гэдэг үүднээс надад мэдээлэл өгс өн юм. “Нарантуул” захад үр зулбуулдаг эмийн бизнес эрхлээд удаж байгаа 60 орчим насны нэг эмэгтэйг зааж өгөв. “Чи очвол, одоо ч байгаа, тэр хүнтэй уулз” хэмээв.

Манай сурвалжлах хэсэг “Нарантуул” захыг зорилоо. Түүний хэлснээр үр зулбуулдаг эм зардаг хүмүүс нууц байдаг, захын урд хэсгээр, жижиглэнгийн лангуугаар хай гэсэн нь үнэн байв. Торго, бөс бараа зардаг лангууны урдуур алхангаа байдлыг ажив. Нэг эгч цааш харан юм оёж сууна. Түүнээс “Эм зардаг газар хаагуур байдаг бол” хэмээн асуух санаатай очтол “Яасан миний дүү эм хайж явна уу. Алив наашаа суу” гээд сандал тавьж өгөв. Ямартай ч ажил хурдан бүтэх янзтай. Тэрбээр “За миний дүү хэдэн сартай вэ, сүүлийн сарын тэмдэг чинь хэзээ ирсэн” гээд л нэг их юм мэддэг дүр эсгэн, эмч шиг баахан шалгаав. Сандарсандаа сар гаруйтай гээд хэлчихэв. Монгол хүн амны билгээр гэдэг. Би ч их муу ёрлож байна хэмээн дотроо бодсон ч ажил юм даа хэмээн өөрийгөө тайвшрууллаа. Түүнтэй хэсэг ярилцсаны дараа өнөөх эмийг нь авахаар болов. Үнэ нь 25 мянган төгрөг гэв. “Надад байгаа нь 20 мянган төгрөг л байна. Жаахан буулгаач” гэхэд “За ав ав, наанаа суугаад хүлээж бай. Эгч нь яваад аваад ирье” гээд урд талын лангууныхаа нэг эгчтэй шивэр авир ярилцаж байгаад эм авчирч өгөв. Миний анзаарснаар бараагаа өөртөө байлгадаггүй нь илт. XXI зууны Монголд хүний амь 20 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Жижигхэн цагаан хайрцагтай эмийн нэр нь “Мизопростол”. Дотроо мөнгөлөг цаастай гурав, шар цаастай зургаан ширхэг эм байв. “Гурван сартай жирэмсэн бол ууж болно. Биед ямар нэгэн хор нөлөөгүй, зургаан ширхэг эмийг 12 цагийн зайтай гурван хоног ууж дуусаад, мөнгөлөг цаастай гурван ширхэг эмийг нэг дор нь уугаад л асуудалгүй зулбана” гэлээ. Хүний амийг юман чинээ санахгүй, мөнгө олж л байвал хамаагүй нь илт. Ярихаас ч дургүй хүрэм тэр хүнтэй эмч, өвчтөн болж хэсэг жүжиглэв.

Дээрх эмийг энэ төрлийн наймаа эрхлэгчид “хятад зулбаа” гэж нэрлэдэг юм билээ. Хүний амь таслах үйлд ханцуй шамлан орсон тэднийг цэгцлэх хууль дүрэм манай улсад дэндүү сул ажээ. Дээр ярьсанчлан “Мизопростол”-ийг нэлээд хэдэн жил зарж олон хүний амь хөнөөж буй өнөөх эмэгтэйг олж уулзахаар хэсэг тойров. Түүнийг олох тийм ч хэцүү байсангүй. “Нарантуул” захын түрээслэгчид гар дээрээс эм худалддаг хууль бус наймаачдыг төвөггүй зааж өгөх нь тэр. Захын баруун урд талын лангууны эхний худалдагч “Шархүү эгч ээ нааш ир, энэ охин эм авъя гэнэ ээ” гээд даллав. Эргээд хартал 60 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй байв. Энэ хавьд эм зардаг өөр хүн бий эсэхийг худалдагчаас асуутал Шархүүгээс өөр мэргэжлийн хүн үгүй бололтой. Эрээн, том саравчтай малгайтай, шар эрээн сэвсгэр өмд цамцтай, хар цүнх барьсан тэрбээр найрсгаар угтав. Тэрбээр өөрийн гэсэн лангуугүй. Зүгээр үхлийн эмээ зарах гэж өдөржин зах дээр охид, бүсгүйч үүдийг нударч, Эм авах уу? гэдэг л ажил хийдэг. “За охин минь хэдэн сартай вэ, эм авах уу, 20 мянга” гэв. Би ч түрүүний хүнээс эм авчихсан болохоор аль болох зайлсхийх янзтай “Хоёр сар гаруйтай. Энэ эмийг жирэмсний эхний гурван сар дотор ууж болдог гэж сонссон” гэтэл “Өө чи юу ярина вэ, үүнийг чинь дээд тал нь хоёр сартай жирэмсэн ууна, түүнээс хэтэрсэн бол ууж болохгүй. Охид сүүлчийн сарын тэмдгээ худлаа хэлж, эм авчихаад дараа нь амь нас нь аюулд орохоор намайг хэрэгт хийх гэдэг. Гурван сар гаруйтай байж хоёр сартай гэж хэлээд эм аваад амиа алдсан тохиолдол ч бий. Тэгэхээр би чамд эм зарахгүй” хэмээн хүнлэг хүн болж жүжиглэх нь тэр.

Олон жил зах дээр эм зарахдаа хэдэн хүний амь хөнөөсөн бол гэж бодохоор яс хавталзах шиг. Эмээ шиг минь хүн үр хүүхдээсээ ялгаагүй охидод үр зулбуулдаг үхлийн эм зараад сууж байгаадаа санаа зовж байгаа зүйл ажиглагдсангүй. Нүд улаан, мөнгө цагаан болсон энэ нийгэмд бид өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавихгүй юм бол анхаарал тавих хүн тийм ч олон биш аж. Анхны уулзсан эмэгтэй надад “Жирэмсний эхний гурван сар дотроо энэ эмийг ууж болно” гэж хэлсэн нь бараагаа зарахын тулд худал хэлсэн нь илт байв. Хоёр сар гаруйтай жирэмсэн хүн тэр хүнээс эм авбал үхэх нь ээ гэсэн бодол төрөв. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дээрх төрлийн эмийг нууцаар оруулж ирдэг наймаачид олширсон гэх. Чанарын шаардлага хангахгүй хуурамч эмийг ихэвчлэн “Нарантуул” болон бусад томоохон захад хямд үнээр борлуулдаг сүлжээ бий болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлж байсан ч энэ төрлийн бизнес зогсохгүй, харин ч гар дээрээс борлуулагчдын арга улам нарийсчээ.

Хятадаас “Мизопростол”-ыг монгол мөнгөөр дөрвөн мянган төгрөгөөр л авдаг гэсэн. Хүний амь дэнд үү хямдхан болсныг уг эмийн бизнес харуулж буй хэрэг. Монгол үрсийг хэвлийд нь хөнөөж буй хятад эмийг хориглож, ийм бизнес эрхлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах цаг болжээ. Зах зээл нь байгаа учир энэ эмийн эрэлт нэмэгдэж, наймаачдыг хөлжүүлж буй. “Нарантуул” захад хууль бус эм худалддаг хүмүүсийг илрүүлдэг, хариуцлага тооцдог мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд тэднийг хүчрэхээ больсон нь илт. Мэргэжлийн хяналтынхан хууль бус эмийн бизнес эрхлэгчдийг илрүүлж, гэрт нь нэгжлэг хийх гэсэн боловч прокурорын зөвшөөрөл байхгүй учир торгоод өнгөрсөн гэсэн. Наймаачид байцаагч нарыг анддаггүй учир очихоор нь зугтчихдаг байна. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 15- 25 жил, бүлэглэж, урьдчилан үгссэн тохиролцсон, зохион байгуулалттайгаар хүний амь нас хохироосон бол цаазаар авах хүртэл ял шийтгэл ногдуулдаг. Гэтэл үр зулбуулдаг эм зарж, хүний амийг санаатайгаар бүлэглэн хохироож байгаа наймаачдад хэдхэн төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь даварсан “алуурчдад” даанч багадсан шийтгэл. Тэд ялгаагүй хүний амь хөнөөж байгаа учир ял шийтгэл эдлүүлэх хэрэгтэй.

Гэтэл Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйл ангид зааснаар хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол тухайн эд хөрөнгийг хураах, буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах гэсэн зүйл ангид харьяалагдаж, хүний амь хөнөөсөн хэргээс тэд мултарч байна. Хуулийн цоорхойг ашиглан хүний амь хөнөөж буй наймаачдад манай хууль дэндүү өршөөнгүй хандаж буй тул тэд хэдхэн төгрөгөөр торгуулчихаад хээвнэг “хүн алсаар” сууна. Үр зулбуулдаг уг эмнээс болж олон бүсгүй ямар нэг байдлаар хохирсоор байгаа. Тухайлбал, жилд дор хаяж 10 гаруй хүн үр зулбуулдаг эмийн уршгаар ямар нэг суурь өвчтэй болдог тухай мэргэжилтнүүд ярив. Зөвхөн “Нарантуул” захад уг эмийг зардаг гэвэл үгүй. Хувийн эмнэлгүүд хүртэл “хятад зулбаа” зардаг юм билээ. Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар хүртэл энэ бохир бизнест гараа дүрсэн нь харамсалтай. Хууль бус эмийн талаар эмч, мэргэжилтнүүдээс тодруулахад “Жирэмслэлтээс хамгаалах олон арга бий. Хүсээг үй жирэмслэлт нэрээр хүүхдээ алж байхын оронд жирэмслэлтээс сэргийлэх нь хамгийн аюулгүй болоод зөв арга.

Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүүд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон боллоо. Ихэнх нь “Мизопростол”, “Мифепристон” гэх нэртэй эм ууж хордсон байсан. Дээрх эмүүдийг урд хөршид үйлдвэрлэдэг. Үнийн хувьд хямд байдаг. Дээрх эмийг уусан эмэгтэйчүүд цус алдаж, хордлогод ордог. Цаашлаад хүүхэд төрүүлж чадахгүй, амь насаа хүртэл алдсан тохиолдол байхад охид, бүсгүйчүүд хэрэглэсээр байна. Иймд хуурамч эм ууж, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг зөвлөж байна” гэв. Охид, бүсгүйчүүд жирэмсэн болмогцоо найз нөхдөөсөө эсвэл хэн нэгнээс сонссон дам яриагаар “хятад зулбаа”-г дур мэдэн хэрэглэх явдал олширч буйг албанынхан анхааруулав. Эмийн аргаар үр хөндөх нь шинжлэх ухааны ололт ч гэлээ үүнийг ямар нөхцөлд, хэний хяналт дор, ямар хугацаанд хэрэглэх вэ гэдэг нь маш нарийн заалттай байдаг. Хууль бусаар үр зулбуулдаг эм зарж байгаа хүмүүс эмч, эм зүйч биш учраас хэдэн цагийн дараа ямар хэмжээний цус гарах вэ, дараа нь ямар эмчилгээ хийх вэ гэдгийг хэлж, зөвлөж чаддаггүй. Үр хөндүүлэх, зулбуулах үед цус алдах, халдвар орох, зөөлөн эд урагдах, умай цоорох, умай агшихгүй байх, эхсийн хэсэг үлдэх, сарын тэмдэг алдагдах, архаг үрэвсэл сэдрэх, үргүй болох, дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах, эхэс буруу байрлах, эхэс цагаасаа урьтаж ховхрох зэрэг хүндрэл гардаг байна. Сүүлийн жилүүдэд жирэмслэлт залуужиж 16-18 насны охид дийлэнх хувийг эзлэх болжээ.

Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай, жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэлийг ДЭМБ, НҮБ-ын тусламжаар манай улсад нийл үүлдэг. 2009 оноос эхлэн улсын төсөвт 50 сая, дараа нь 80, 2011 онд 150, харин өнгөрсөн онд 250 сая төгрөгийг жирэмслэлтээс хамгаалахад зарцуулахаар төсөвлөжээ. Гэтэл энэ бүх төсөв, хөр өнгийг юунд зарцуулав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 30 гаруй мянган эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик баримт байна. Хүн ам цөөн манай улсын хувьд дэндүү өндөр тоо. Судалгаанаас харахад энэ төрлийн эмүүдийг оюутан охид, бэлгийн боловсрол, мэдээлэл муутай алслагдсан аймаг, сум, дүүргийн эмэгтэйчүүд хэрэглэх нь олон болсон бөг өөд дийлэнх нь Эрээнээс бараа зөөдөг наймаачдаас авдаг байна. Монголчууд бид цөөхүүлээ. Хүн амаа өсг өх, үндэстнээ цэвэр цустай хэвээр нь үлдээх эсэхэд бүсгүй хүний зөв шийдвэр, зөв алхам хамгаас илүү үнэ цэнэтэй. Монгол хүний амь дөрвөн мянган төгрөгийн үнэтэй “хятад зулбаа”- гаар хэмжигдэх ёсгүй. Охид, бүсгүйчүүд худалдаж авахаа л больчихвол тэдний бизнес ингэтлээ цэцэглэхгүй. Цөөхөн монголчуудын хувьд нэг хүний амь ч гэсэн үнэтэйг ухаарч алаг үрсээ хэвлийд нь хөнөөхөө зогсоовол эмэгтэй Э.ХАРЦАГА хүн болж төрсний гавьяа тэр биш гэж үү.

Эх сурвалж: "Өнөөдөр сонин"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...