English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Б.Ганчимэг: Охин минь аавыгаа нэхээд уйлахад аргаа барахдаа дүүтэйгээ утсаар яриулдаг
Одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны долоодугаар сарын 1-ний хар мягмар гарагт сонгуулийн дүнг эсэргүүцсэн мянга мянган иргэн МАХН-ын байрны өмнө жагсаал зохион байгуулж, улмаар нийтийг хамарсан аймшигт үймээн самуун дэгдсэн.
Үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэний улмаас амиа алдсан, цагдаагийн дэд ахлагч Ш.Эрдэнэ-Очирын эхнэр Б.Ганчимэгтэй ярилцлаа.
-Таны нөхрийг сайн санаатай олон  хүн мар­таагүй  байгаа. Талий­гаа­чаас хойш хэрхэн амьдарч байна вэ?
-Яах вэ дээ. Ажлаа хийгээд, хажуугаар нь хоёр охиноо өсгөөд амьдарч л байна. Өөрийн гэсэн орон гэргүй болохоор одоо­хондоо ээжийндээ байгаа. Талийгаачаас хойш амьдрал нэг хэсэг хэцүү байсан. Хэцүү байлаа гээд яах ч билээ дээ. Хоёр охиноо бодоод амьдралын төлөө зүтгэж л явна.
Манай гэрийнхэн их олуулаа амьдардаг л даа. Өвчин зовлон, үхэл хагацал үзсэн хүмүүс ч байгаа. Ажил хийдэг хүн цөөхөн болохоор хэцүү үе зөндөө байдаг. Хүүхдүүдээ хүний дайтай хүн болгочих юм сан гэж бодож явна. Ажлын хажуугаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой тарахаар нь очиж аваад л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.
-Охид чинь одоо хэдэн настай вэ. Аавыгаа асуудаг уу?
-Том нь 13, бага нь гурван настай. Нэг хэсэг том охин маань аавыгаа их асуудаг байсан. Хаашаа явсан, хэзээ ирэх юм бэ гээд л. Харин одоо том болоод юмны учрыг ойлгоод байх шиг байна. Ер нь гайгүй болсон.  Бага нь аавыгаа сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ сүүлийн үед аавыгаа нэхээд байх боллоо.
Бага охин маань аавтайгаа их адилхан. Харахаар л талийгаач маань санаанд ороод байдаг юм (уйлав).
Аавыгаа нэхээд уйлахад нь сэтгэл эмтэрээд л явчихдаг. Аргаа бараад дүү рүүгээ залгаж утсаар яриулна. Байнга л аавтайгаа ярья гээд ёстой нөгөө бэтгэрэх гэдэг нь болсон байх.
-Үймээн гарсан 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр талийгаачид яг юу тохиолдсон юм бэ? 
-Талийгаач маань тэр жилийн сонгуулиар хам­гаалалтад гараад хоёр хоног гэртээ ирээгүй л дээ. Баянхошууны нэг хэсгийн хороонд хамгаалалтад гар­сан. Сонгуулийн дараа ээлжээсээ буугаад гэртээ харьж явах замдаа над руу залгаад “Талбай дээр үймээн болж байна. Дарга тийшээ оч гэсэн” гээд л явсан.
Мэдээж тангараг өр­гөсөн цагдаагийн алба хаагч болохоор хүлээсэн үүргийнхээ дагуу явах шаард­лагатай шүү дээ. Удалгүй утас нь ч холбогдохоо байчихсан. Тухайн үед талбай дээр юу болж байсныг хүмүүс бүгд л мэднэ шүү дээ. Зурагтаар болж байгаа үймээн самууныг хараад сэтгэл түгшиж л суусан.
Яг тэр үймээний үеэр манай нөхрийн салаа хамгийн урд эгнээнд хамгаалалтад зогсож байсан юм билээ. Эндээс хөдөлж болохгүй,  хүн оруулж болохгүй гэсэн үүрэг өгсөн гэсэн. Үймээний үеэр уурлаж хилэгнэсэн хүмүүс хамгаалалтад зогсож байсан цагдаа нар руу чулуу шидэж эхлэхэд цагдаагийн олон алба хаагч бэртэж гэмтсэн.
Тэдний нэгэн адил миний нөхөр ч бас чулуунд оногдож тархиндаа гэмтэл авсан юм билээ. Зүгээр ч чулуугаар нүүлгээд зогсохгүй, олон хүн нийлж унагааагаад дээрээс нь дэвсээд л байсан гэсэн. Хамгаалалтын дуулга нь хүртэл хагарчихсан байсан гэсэн. Орой нь дарга нь над руу залгаад “Танай нөхөр бэртчихлээ.
Эмнэлгээс ирээд авчих ганцаааранг нь явуулж болохгүй байна” гэсэн. Тухайн үед бид хоёр хадмындаа амьдардаг байсан л даа. Манай хадам ээжийн бие тааруухан, ходоодны хорт хавдартай, их л хэцүү байсан үе. Энэ талаар ээж сонсчихоод бие нь муу байсан ч гэсэн хүү дээрээ очно гээд эмнэлэг рүү хамт явсан.
Гэтэл байдал эсрэгээрээ, манай хүний толгой нь эргэж ухаан алдаад биеийн байдал нь муудаж эхэлсэн. Тархиных нь зургийг авахуулаад шинжилгээ хийлгэхэд гавлын яс нь  цуураад тархиных нь заадас зөрсөн, цусан хангамжийн дутагдалтай байна гэсэн онош гарсан.
Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш хоёр хоног ухаангүй, сахиуртай байж байгаад ухаан орсон. Ашгүй ухаан орчихлоо гэж баярлаад сууж байтал толгой нь эргээд ухаан санаа нь орж гараад эхлэхэд их сандарсан даа.
-Талийгаач эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд, дараа нь нэг хэсэг ажлаа хийсэн гэсэн. Тэр үед биеийн байдал нь ямар байсан бэ?
-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд нэг хэсэг гайгүй болсон. Тэр хугацаандаа ажлаа хийсэн.  Гэхдээ өмнөх шигээ ажиллаж чадахгүй, ажлын ачаалал даахаа больсон. Аргагүй шүү дээ, цагдаагийн эргүүл гэдэг чинь тийм ч амар ажил биш.
Өдөр шөнөгүй, хоолтой хоолгүй л гадуур эргүүлд явж, ер нь л муу муухай бүхэнтэй зууралддаг ажил. Сүүлдээ бие нь муудаж татаж унадаг өвчтэй болоод ажлаасаа гарсан. Цагдаагийн ажлыг тийм хүнд өвчтэй хүн хийж чадахгүй шүү дээ.
-Талийгаачийг ажлын хариуцлага алдаж архи ууснаас болоод ажлаасаа халагдсан гэж тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагууд мэдэгдсэн байсан. Үнэхээр архи ууж ажлын хариуцлага алдсанаас болоод ажлаасаа халагдсан гэж үү?
-Тийм мэдээлэл цацагдсаныг хэвлэлээс олж уншаад их гомдсон. Хүнд гэмтэл аваад ажлаа хийж дийлэхээ болиод гарсан нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Ер нь хэвлэлээр янз бүрийн  мэдээлэл цацагдсан. Би ямар “Тэгээгүй шүү дээ. Бие нь дийлээгүй” гээд яваад байлтай нь биш. Тэгээд ч тэр хүмүүсийн хэлснээр нийгэм хүлээж авсан болохоор их л гомдолтой байдаг даа.
-Талийгаачийг амьд сэрүүн байхад цагдаагийн байгууллагаас хэр анхаарал хандуулдаг байсан бэ?  
-Эхлээд эмнэлэгт хэвтэж байхад нь их л анхаарч, үзлэг шинжилгээнд оруулдаг байсан. Сүүлдээ тэр хэрэг намжаад ирэхээр тоохоо больчихсон. Ноднин нас барсан, гэмтэж бэртсэн алба хаагчдад туслалцаа үзүүлж байгаа гээд 200 мянган төгрөг өгсөн.
Тэрнээс өөрөөр тусалж дэмжээд, анхаарал хандуулсан юм байхгүй ээ. Талийгаачаас хойш амьдралын боломж бололцоо ч тааруухан болж эхэлсэн. Аргаа бараад ганц өрөө байр ч болтугай өгч туслаач гээд Цагдаагийн Ерөнхий газарт өргөдөл бариад орсон.
Харин цагдаагийн Ерөнхий газраас манай нөхрийн ажиллаж байсан эргүүл хамгаалалтын 805 дугаар ангид энэ асуудлыг өөрсдийн хүрээнд шийд гээд албан бичиг явуулсан байна лээ.
Ангийн дарга нь дараа нь намайг дуудаж уулзаад “Манайх байр орон сууцаар туслалцаа үзүүлэх эрх бүхий байгууллага биш болохоор байр олгож чадахүй. Харин таван ханатай гэр олгож болно” гэсэн. Хоёрын хоёр нялх нойтон хүүхэдтэй хүн чинь яаж тэр гэрийг авч явах юм бэ.
Гэр авч чадахгүй гэдгээ ч хэлсэн. Өвлийн хүйтэнд хоёр нялх хүүхдээ хүйтэн гэрт орхичихоод яаж ажлаа тайван хийж суух юм бэ. Түлээ нүүрснээс авахуулаад гэр хэцүү шүү дээ.
-Үймээн самууны дараа нийгэм тэр чигээрээ цагдаа нарыг буруутгаж, дургүйлхсэн байдалтай болчихсон. Тэр үед талийгаач ажлаа хийж байсан байх. Ер нь араас нь санаа их зовдог байсан байлгүй?
-Нэг хэсэг цагдаа нарыг их буруутгаж зүхдэг байсан. Ганц нэгээрээ явж байгаа цагдаа нарыг зодох, хэл амаар доромжлох нь  энүүхэнд болсон. Мэдээж араас нь санаа зоволгүй яах вэ.
Заримдаа талийгаач маань энгийн хувцас өмсөөд л эргүүлд явдаг байлаа. Би тэр үед бага охиноо төрүүлчихээд гэртээ суудаг байсан юм. Заримдаа хотын захын  гэр хорооллуудаар эргүүл хийхэд нь их санаа зовдог байсан
-Талийгаач ер нь ямар хүн байсан бэ. Хэвлэл мэдээлээр огт ил гараагүй?
-Манай хүн ер нь их даруухан хүн байсан. Олон үггүй, дотогшоо хүн гэж байдаг даа. Барагтай бол хүнтэй муудалцаж маргахгүй. Тийм ч болохоор хэвлэл мэдээллээр ярилцлага огт өгдөггүй байсан болов уу. Ажлаасаа чөлөөлөгдөөд гэртээ эмчилгээ хийлгэж байхдаа хүртэл хэцүү байна гэж хэлдэггүй байсан.
Тэр үед хоёулаа ажилгүй суултай нь биш гээд би ажлаа хийж, нөхөр маань гэртээ хүүхдээ хараад үлддэг болсон.  Одоо бодоход дотроо их л шаналдаг байж.
Ажлаа хийгээд ар гэрээ тэжээх ёстой хүн гэртээ эхнэрээрээ тэжээлгээд суух хэцүү байсан биз. Бага охин маань төрөөд удаагүй байсан.
Өөрөө өвчтэй хэрнээ нялх хүүхэд асрах амаргүй байсан нь мэдээж шүү дээ. Ямар бүгдээрээ турж үхэлтэй нь биш. Хэцүү амьдралыг давж гарах гэж дөрвүүлээ л шаналж зүтгэж байсан даа.
Хэрвээ хань минь цагдаа байгаагүй бол өдийд амьд сэрүүн, гэр бүл маань элэг бүтэн амьдрах байсан гэж боддог. Ханийн минь нөмөр нөөлөг охидод минь ч, надад ч маш их үгүйлэгдэж байна даа.
Эх сурвалж: 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...