English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Аваргуудын найрааны талаарх эрс зөрүүдтэй байр сууриуд

Наадам маргааш эхлэх гэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн наадмын нэг сонин нь хэний хүү цол авсан бэ? гэдэг яриа байдаг. Зарим нь чадлаараа авдаг. Бас нэг хэсэг нь найраагаар. Сүүлийн жилүүдэд найрааны асуудал арай дэндүү хавтгайрлаа хэмээн хүн болгон ярих болсон. Гэвч энэ асуудлыг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй. Тэгэхээр АТГ ажиллах боломжгүй гэсэн үг. Ард түмэн найрааг зогсоохыг шаардсаар энэ жилийн наадамтай золголоо. Харин найрааны асуудлаар үе үеийн аваргууд, бөхийн холбооны удирдлагууд ийм байр суурьтай байна.

_MG_3086Дархан аварга Ж.Мөнхбат: Начингийн найраа зөвхөн Улаанбаатар хотод байгаа. Өөр бол хаа ч байхгvй зүйл. Дээхнэ үед үндэсний бөхөд дасгалжуулагч гэж байгаагvй. Одоо л харин дасгалжуулагч багш гарч ирснээр орчин үеийн спортын агуулга үндэсний бөхөд ороод ирчихсэн болохоор л найраа гэж яриад байгаа юм. Өөр бол найраа гээд байгаа юм юу ч байхгvй. Янз бvрийн юм яриад л байдаг. Хэн тэр хорь гучин сая төгрөгийг нь харсан юм бэ. Ямар нь начин төрөх гэж байна гэдгийг сонссон юм. Худлаа чих дэлссэн хотынхны л үг шүү дээ. Намайг 20 сая төгрөг авахыг харсан хvн байгаа юмуу. Би бөхийн ногоон дэвжээн дээрээ хэзээ ч цол наймаалцаж, мөнгө гуйж явахгүй.

baynДархан аварга Х.Баянмөнх: Бөхийн талаар их судалгаа хийж байна. Мөн хөдөө явж морь уяж өөрийгөө амраасан шиг жаахан чимээгүй байсан л даа. Одоо  бол буцаад босч байна. Монголын эрийн гурван наадмын спортын төрлүүд ЮНЕСКО-д бичигдчихлээ. Мөн геннист ч орчих шиг боллоо.  Монгол бөхийн нэр төр дэлхийд ч хүндтэй. Гэтэл дотор нь шинэчлэл  гэж алга. Бууж өгдөг, мөнгө амладаг, допинг хэрэглэдэг гээд л. Бухимдахгүй байх арга алга. Мөн бөхийн мэх техник ч устаж байна.

цэрэнтогтохДархан аварга Д.Цэрэнтогтох: Найраа гэж ерөөс мэдэх ч үгүй. Би өөрийнхөө гурав дөрвөн шавь бөхийг л начин болгосон. Сайн бөх болох хүүхдийг дэмжиж даваа өгдөг уламжлал монгол бөхөд бий. Начин, заан болоход гуч, дөчин саяыг өгдөг гэж цуурдаг юм. Үнэн хэрэгтээ тэр их мөнгөөр начин болж байхын оронд амьдрал ахуйдаа хэрэглэвэл дээр биз дээ.


f1627765f5ec277e6c79b589b073607fdc3875b8Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Уг нь наадмын дэвжээнд өөрийнхөө бололцооны хэрээр санасан даваандаа хүрч, ард түмнээ баясгаад явах сонирхол байх юм. Одоогоор зодог тайлах болоогүй байна. Надад гарын бяр бий. Хүний гарын бяр хүч барагдана гэж байдаггүй бололтой. Үүнийг ахмадуудаасаа ч харлаа, өөрийнхөө амьдрал дээр ч мэдэрлээ. Гэтэл би чинь том цолтой дархан аварга хүн ам авахад их хэцүү болж. Сүүлийн жилүүдэд барилдсан наадмууддаа тавын даваанд цолгүй хүн авч чадахгүй. Аймгийн цолтой юм уу, цолгүй хүн ам авч барилдаад уначихвал Б.Бат-Эрдэнэ аварга найраа хийж, мөнгө авсан байна гэх юмтай холбогдох хэцүү болж. Уг нь тухайн үед ямар барилдаан гарахыг хэн ч таамаглах аргагүй шүү дээ. Бяр, хүч дутаад өвдөг шороодох тохиолдол гарахыг алийг тэр гэх вэ дээ. Ингээд цолынхоо эрэмбээр ам авдаг эрхээ эдлэх аргагүйд хүрэх юм. Иймэрхүү асуудал бий учраас би оролцох юмсан. Барилдах сан гэж бодохоо ч больсон.

бүхбат11Даян аварга А.Сүхбат: 1990 он гэхэд бидний залуу бөхчүүд найраагаар тэр тэр начин болсон гэсэн, нас нь ахиж, амжилт гаргахаа байсан цолтой бөхчүүд найраа хийж, мөнгө авч начин төрүүлдэг гэдгийг анх удаа мэдсэн юм. Үүний эсрэг өнөөдрийг хүртэл бөхчүүд бид бүхэн болон МҮБХ дорвитой арга хэмжээ авч, энэ алдаа завхралыг засахын төлөө юу ч хийж чадсангүй. Тухайлбал, намайг ид барилдаж байхад улсын цолонд хүрдэг даваануудад янз бүрийн гуйлт ирж, зовоодог байлаа. Намайг битгий амлаач, тэр бөхийн амлалгүй өнгөрөөгөөч, авсан ам угтуул бөхөө сольчих л доо... гэх мэтээр. Би багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Бидний ирээдүй хойч үе, бахархал болсон энэ сайхан залуучууд авлига, найраагаар амьдарч, түүнд дасчихсан, залгамжлагч нэгэн болох нь ээ гэж үргэлж санаа зовинож яваад нэг л мэдэхэд ид барилдаж байсан цаг үедээ гэнэт зодог тайлсан. Энэ шийдвэр маань найрааг эсэргүүцсэн, найраа хийдэг биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлдэг улсын цолтой бөхчүүд рүү чиглэсэн алхам байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй шахам өтөлсөн ахмад бөхчүүд идэр залуусыг тэрий хадтал унагасаар дээд даваанд хүрдэг жүжигт үнэмшдэг нэг ч наадамчин байхгүй. Ийм улайм цайм, худлаа барилдаан хийж, авлигыг дэлгэрүүлж байгааг харан баясах гэж ард түмэн наадамд очдоггүй юм. Энэ хэдхэн тооны нөхдөөс болж, монгол бөх ёс зүй, өөрийн дархлааг алдах ёсгүй. Бид бүхэн бөхчүүд, ард түмэн, монголчууд бүгдээрээ энэ байдлыг илчлэн гаргаж, шахан зайлуулах хэрэгтэй. Миний хийдэг гол ажил бөх барилдах байсан.
Би улсад гурав түрүүлэхдээ нийтдээ гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад хүрсэн. Гэтэл найраа хийж, начин төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү буюу 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг юм. Одоо найраа гэгч улам л залуужиж байна.

qjqy34dvxqgmg2anuivaqtx6Даян аварга Г.Өсөхбаяр: Монгол бөхийг дагаж яваа хар сүүдэртэй зүйл бол энэ шүү дээ. Байдаг, байдаггүй гээд яриад байдаг. Гэтэл байдаг нь угаасаа ойлгомжтой болчихсон эд шүү дээ. Нууж хаах гээд байх шаардлага ч байхгүй. Харин үүнийгээ яаж засч залруулах тухайгаа л ярих хэрэгтэй. Би өмнө зурагтаар ярихдаа ч хэлж байсан. Үүнийг засч залруулах хүн нь бөхчүүд өөрсдөө шүү гэж. Өөрсдөө ухамсараараа энэ заваан юмнаас салаад, шударга үнэн хүчээ үзээд барилдах л чухал. Тэрнээс биш ямар нэг хууль тогтоомж гаргаад, арга хэмжээ аваад хэн ч үүнийг шийдэж чадахгүй. Монгол бөхөө цэвэр ариун байлгах, ёс жудгаа элдэв муухай юмтай хольж хутгахгүй байх нь бөхчүүд бидний ухамсараас л шалтгаална.
 
сумъяабазарУлсын аварга Д.Сумьяабазар: Уржнан 2011 оны улсын наадмыг хадам аавтайгаа Цэнгэлдэхэд үзсэн. Бөхчүүд үнэн хүч үзсэн сайхан барилдаантай, сайхан наадам болж байна гэж хөөрч догдолж суулаа. Гэтэл манай залуучууд цолны найраа 300 саяд хүрлээ гэж ирж хэлсэн. Ёстой гут¬сан. Цолны найрааг таслан зогсоохын төлөө аваргууд бид магнайлан тэм¬цэхгүй юм бол өөр хэн явах юм бэ?

Snapshot_2012-11-09_150122МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: Өнгөрсөн жилийн барилдаанд залуучууд үнэхээр таашгүй гоё барилдлаа. Залуусаар бахархах ёстой. Бүгдийг харлуулж болохгүй биз дээ. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна… Намайг бөхийн хамт олон мэднэ. Тэгээд ч надад тэр 70 сая төгрөг нь ч байхгүй. Байлаа ч, би хүүгийнхээ цолыг ахиулах гээд хүнд мөнгө өгөөд явах хүн биш. Миний хүү чинь начин авах гэж байгаа хүүхэд биш. Үнэндээ улсад үзүүрлэж байсан Улсын гарьд цолтой бөх хүн шүү дээ. Х.Мөнхбаатар хүн гүжирдсэнийг би сүүлд ойлгосон л доо. Хэн нэгэн цаана нь үг зааж өгсөн юм билээ.

CaptureМҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цолтой 35-аас дээш насны бөх наа¬дамд шөвгөр¬вөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөв¬гөр¬сөн амжил¬тын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрдлөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон сурталчиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наад¬мын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай “зохиол”-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан. Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөхчүүдийн ухамсарт найдаад засрахгүй нь харагдаж байна,  бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой.

www.24tsag.mn



 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...