English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Улаанбаатар сайхан

 

"Мишээсэн дагина шиг 
 
Миний Улаанбаатар 
 
Зүг зүгийн хүний
 
Зүрхэнд нь гэрэлтэнэ..." гэж бид дуулцгаадаг. Нээрээ ч нийслэл хотыг маань "Азийн цагаан дагина" гэж нэрлэсээр ирсэн. Одоо ч энэ нэрэндээ тэнцсээр л байгаа гэж итгэхийг хүснэ. "...Үүлс дээшээ дээвэр тулсан Уулс тийшээ хаяа тэлсэн Улсын маань чандмань эрдэнэ Улаанбаатар сайхан..." гэж бид магтан шүлэглэсээр ирсэн.
 
Одоо ч энэ магтуудаа тэнцсээр л байгаа гэж итгэхийг хүснэ. Гэвч итгэхийг хүсэхэд учир бий. Хот маань "үүлс дээшээ дээвэр тулж, уулс тийшээ хаяа тэлэх"-дээ эмх замбараагаа нэгэнт алдчихжээ. Үнэндээ "зүг зүгийн хүний зүрхэнд нь гэрэлтэж" байгаа болов уу гэж санахаас бага зэрэг эргэлзээ төрнө. 
 
Мэдээж гэрэлтэж байгаа байх л даа. Яагаад гэвэл бид муу муухайгаа өнгөлөн далдлахдаа дэндүү мэргэшсэн улс юм чинь. Харин одоо бидний зүрхэнд гэрэлтэн байгаа "цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр сэтгэл сэргэн алхаж явахдаа" төрсөн зарим бодлоосоо хуваалцан чухам энэ сэдвээр нийслэлийн ЗДТГ-ын хамт олон төлөвлөж байгаа санаагаа нэн даруй ажил хэрэг болгоосой гэж бодлоо.
 
Хотынхоо албан байгууллагуудын нэр хаягийг стандартын дагуу болгож өөрчилье! Танд ч бас ийм бодол ямагт төрдөг гэдэгт би эргэлзэхгүй байна. Улаанбаатар хотод бус өөр нэг улсын нийслэлд л алхаж яваа юм шиг сэтгэгдэл надад үргэлж төрдөг юм. Гудамж дагуу pub, bar, ресторан, япон, солонгос, хятад, энэтхэг, турк, орос зоог, хоол цайны газар, зочид буудлууд ээлжилнэ.
 
Ардчиллаас хойш монголчуудын амьдрал дээшлээд үнэхээр их пиво архисаг, хоол цайсаг болжээ. Тэр газруудад пиг дүүрэн... Халуун зунаар өдөрт гурав дөрвөн удаа мах идээд л... зоог барих уламжлал ёс алдагдчихжээ. 
 
Тахиа, нохой, гахайны мах ширээн дээр алаглаж, бэлэн хоол, халуун ногоо кимчины үнэр хамар сэтэлчих гээд "хззээ л бид ийм байлаа даа" гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Тэгээд үргэлж л хоол ярьцгаана. Солонгос "савангийн дуурь"-ийн дүр шиг "Хоолоо сайн идээрэй" гэж бие биедээ захьцгаагаад л...
 
Уг нь бид арай л өөр баймаар сан. Тэгээд л өөр өөр амьсгалтай гадны хоолонд, хооллох ёс дэглэмд бид тэгтлээ идээших нь юу л бол. "Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа" гэж ярилцдаггүйсэн биш бил үү. Зун цагаар хонь гаргаж шинэ шөл ууя гэж ярьж байлуу?
 
Айраг цэгээ, цагаан идээгээ болгоож гэдэс дотроо цэвэрлэж авъя гэж боддог байгаагүй бил үү? Гэтэл одоо их өөр болж, идсэн ууснаараа зиндаархаж баярхах өвчин газар авлаа.
Гадны л байвал өт хорхой, өвс ногоо, шавьж, нохойн жогорхой ч байсан дээдлэн хүртдэг болсон монголчуудаа яах вэ? Үүнийг үл өгүүлэн одоо үндсэн сэдэвтээ оръё.
 
Нэг алхаад л тааралдах тэр олон хоол цайны газар, дэлгүүр, буудал, албан байгууллагын нэр хаяг үнэхээр замбараагүй. Монгол үгээр нэрлэж болдоггүй юм шиг бүгд л харь үг. Албан байгууллагын нэр хаягийг ямар стандартаар яаж бичих тухай хуультай байвал яасан юм бэ.
 
Монгол бичгээр том бичээд доод талд нь олон улсын харилцааны хэл болох англи хадмалыг нь жижиг байрлуулъя. Үсгийн тиг хэлбэр хэмжээ, уран саналга зэрэг нь тухайн байгууллагын эрх мэдлийнх хэдий ч эх орныхоо нийслэлд алхаж яваа юм шиг сэтгэгдлийг хэн хүнд үлдээх хэрэгтэй байна. 
 
Ардчиллын он жилүүдэд өөрийнхөө өнгө төрхийг танихын аргагүй болтлоо өөрчилсөн их хотод маань орчин үеийн техникийн дэвшил, шинжлэх ухааны гайхамшигт ололт хосолсон барилга байгууламж, үзэсгэлэнт хороолол сүндэрлэн байгаа нь сайхан. Гэвч бас л ярих юм байна.
 
Өнөөх сүр жавхлант шилтгээнүүдээ хатан Туул голынхоо урсгалыг нь ширтэн суух зүлэг ногоон эрэг хөвөө, эх ундарга дээр нь сүндэрлүүлчихжээ. Түүгээр ч үл барам арьс ширний үйлдвэр, цэвэрлэх боловсруулах төхөөрөмж ай саваар нь нэг хөглөрч байна. Ийм нүсэр нүсэрхэн бүтээн байгуулалтаас хатан Туулаа хэрхэн аврах вэ?
 
Усаа аварч байж л амьдралаа аварна шүү дээ. Захын жишээ л энэ байна. Их хотыг хүүхдийн тоглоомын газар гээд ойлгочихвол буцааж нураагаад жинхэнэ зүй зохисоор нь байгуулах юм сан гэж боддог л юм.
 
...Үүлс дээшээ дээвэр тулсан
 
Уулс тийшээ хаяа тэлсэн
 
Улсын маань чандмань эрдэнэ 
 
Улаанбаатар сайхан гэж...
 
 
Б.Баттулга
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...