English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“ОЮУНЫ УНДРАА” В.И.АРМИН-аас авлига авсан уу
 
 
 
 


Сүүлийн өдрүүдэд “Оюуны –Ундраа” гэх нэр урьдын адил хар хэл ам татуулан хэвлэлийн хуудас “чимж” эхэллээ.

“Транс банк”-ны хөрөнгө орууулагч, тус банкны 51 хувийг эзэмшигч асан В.И.Армин гүйцэтгэх захирал А.Е.Новожиловтойгоо хуйвалдан их хэмжээний мөнгө зувчуулсан. Түүгээр зогсохгүй манай хууль тогтоомжуудыг зөрчиж, өөрийн компанийг “Оюуны ундраа” компанид худалдах нэрийн дор “Транс банк”-ныхаа 51 хувийг тийш нь шилжүүлэхийг оролджээ. Арбитрын болон Захиргааны хэргийн шат шатны шүүх үүнийг нь зөвшөөрсөнгүй. Тэгтэл бэлэглэлийн гэрээгээр “Оюуны ундраа” нь өөрийн  хүслээ гүйцээж,  банкны ийм их хувь эзэмших  гээд үзэж тарав. Шүүх мөн л зөвшөөрсөнгүй. Эдгээр үйл явдлын дундуур харин гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хэргийн эзэн В.И.Армин хил даван оргожээ. Түүний орголт болон Монгол банканд огт мэдэгдэлгүйгээр хувьцаагаа бусдад яагаад дур мэдэн шилжүүлэх болсон зэргийг урьд нь мэдээлж байсан тул энд дахин давтах хэрэггүй болов уу. Харин манай прокурор, цагдаагийнхан  В.И.Армины хэрэгт  тун хариуцлагагүй хандсан байна. Магадгүй зарим эх сурвалжуудын мэдээллээс үзвэл тэд В.И.Арминийг нууцаар хил давуулсныхаа төлөө ихээхэн хэмжээний авлига хүртсэн бололтой.

 

     Үндэсний Арбитрын шүүх нэгэнт шийдвэрээ гарган В.И.Армин гэдэг хүн Транс банкны 51 хувиа компанийн гэрчилгээ худалдах, бэлэглэх замаар “Оюуны Ундраа” компанид шилжүүлж болохгүй гэснийг аль ч улс оронд өнөөдөр дагаж мөрдөх ёстой ажээ. Ялангуяа, Гадаадын арбитрын хуулийг хүлээн зөвшөөрөх, хүчин төгөлдөр болгох тухай 1958 оны Нью-Йоркын конвенцийг уг дуугүй дагах учиртай юм билээ. Манай улс энэхүү конвенцид 1994 онд нэгджээ. Швейцарь улс ч бас элссэн байна. Энэхүү конвенцид НҮБ-ын гишүүн 146 орон нэгдээд байгаа аж. Тиймээс Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын шийдвэр нь Швейцарь улсын нутаг дэвсгэрт ч нэгэн адил мөрдөгдөх юм. Иймээс В.И.Армин  “Интрастракчер” компанийнхаа нэрээр “Оюуны ундраа”-д дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий  банкны хувь эзэмшлээ бэлэглэх ямар ч боломжгүйг нотолсон манай арбитрын болон Захиргааны шүүхийг хүндэтгэхээс аргагүй юм. Гэтэл тэр  утга учиргүй маргаан дэгдээж хаяад оргон зайлж, араар нь “Оюуны ундраа” компанийнхан  шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон В.И.Арминий компанийн хуучин  гэрчилгээг барьчихаад “Энэ бидний хөрөнгө” гэх нь нэн эмгэнэлтэй, бас ихээхэн шог юм болж буй  ажээ.  Ер нь дэлхийн толгой тэрбумтангууд ч гэсэн бусдад ийм их бэлэг сэлт тэр бүр тараагаад байдаггүй юм билээ.

 

     Тэгэхээр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас  В.И.Арминд холбогдуулан Арбитрын шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг Швейцарь улсын хуулийн байгууллагаар дамжуулан хангуулахыг Авлигатай тэмцэх сэтгүүчдийн клубээс  хүсч байна. Нөгөөтэйгүүр, В.И.Арминийг хууль бусаар хил давуулж оргуулсан прокурор, цагдаагийн ажилтнуудыг олж илрүүлэн хариуцлага тооцохыг ч мөн сануулах эрхтэй юм шүү дээ. Эс тэгвээс шударга ёс энээ тэрээ гэж ярих хэрэггүй биз.

 

 

 

Б.Отгонбаяр

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...