English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийслэлд 24 цагийн дэлгүүр шиг хэрэгтэй юм алга

 

“Шөнийн”, “24 цагийн” гэх тодотголтой дэлгүүрүүд нийслэлд олон байдаг ч яг 24 цагаар ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Архи, шар айраг зарахын тулд наанаа хаасан болж, цаанаа ажиллаж байдаг дэлгүүрүүд бол харин ч шөнийн од шиг олон. Дүрэм журмынхаа дагуу 24 цагаар ажилладаг дэлгүүр метрополис хотод маань хэрэгтэй байна. 24 цагийнх гэхээр заавал архи, согтууруулах ундаа авах гэж хүмүүс үйлчлүүлдэг юм биш. Үүр шөнийн заагаар хилийн дээс алхагчид байна, өдөр шөнөгүй сууж ажилладаг хүмүүс, эмнэлгийн сахиурууд, шөнийн ээлжинд ажиллаж буй хүмүүс, ажил сургуулиасаа оройтож харьдаг хүмүүст гээд 24 цагийн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хэн эс хүсэх билээ. Өргөн хэрэглээний барааны дэлгүүрээ байг гэхэд хүнсний дэлгүүрүүдийг 24 цагаар ажиллуулах хэрэгтэй байна. Бид юуны төлөө сая гаруй хүн амтай метрополис хотод амьдарч байгаа билээ дээ. Хүний амьдрал ахуйд хэзээ ч юу ч хэрэг болж мэднэ. Нэгэн судалгаагаар шөнийн 01:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд шөнийн дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо бусад бүх цагуудаас 1.4 дахин их байдаг гэсэн тоо гарсан байдаг. Өнгөрөгч хавар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр ч юм уу, юутай ч нийслэлийнхний нэгэн хурал цуглаан дээр 24 цагийн турш ажилладаг дэлгүүрүүд буюу шөнийн дэлгүүрүүдийг цаашдаа байхгүй болгох тухай хэлэлцэж, нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Хууль журмын дагуу хүнсний дэлгүүрүүдийг зөвхөн заасан цагт буюу 18 цаг ажиллах тухай ярьж, дэлгүүр ажиллуулагсдын дургүйцлийг төрүүлж байгаад чимээгүй болсон юмдаг. Нэг үеэ бодвол нийслэлчүүд шөнийн амьдралтай болчихсон. Зайсан толгой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай, Эрх чөлөөний талбай гэхчлэн хүүхэд залуусын амарч зугаалах дуртай газрууд 24 цаг нээлттэй байна. Таксины жолооч нар ч 24 цагийн турш иргэдэд үйлчилж байна. Хот тохижилтынхон гэхэд шөнийн цагаар буюу иргэдийн хөл хөдөлгөөн саарсан үед ажлаа хийж байна. Шөнийн цагаар ажилладаг эмнэлэг, байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад ойрхон ороод гарчих шөнийн дэлгүүр хэрэгтэй байна. Өглөө 4-5 цагийн үед ажилдаа гардаг үйлдвэрийн ажилтнууд олон байна. Энэ бүх хүмүүс бол их хотын л иргэд. Харин тэдэнд дуртай цагтаа ороод хэрэгцээт зүйлээ худалдаад авчих дэлгүүр энэ том хотод алга. Хаа нэг тааралдах ТҮЦ-нээс өөр ойр зуурын хэрэглээний зүйлээ авчихаар дэлгүүр хоршоо байхгүй. Ийм хотыг их хот, XXI зууны хот гэх нь хаашаа ч юм бэ. Тэр бүү хэл, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, худалдааны төвүүдийг ч 24 цагаар ажиллуулмаар байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс орой 17-18 цагийн үед ажил тараад ганц нэг дэлгүүрээр оръё гэхэд хаалга үүдээ барьчихаад, худалдагч нарынх нь ихэнх нь лангуугаа хаагаад явчихсан байх жишээтэй. Цайны цагаар дэлгүүр орно гэж байхгүй. Ажлаа таслалтай биш, хэцүү. Өнөөдөр нийслэлд их л бодож ганцхан Улсын их дэлгүүр л оройн 22,00 цаг хүртэл ажилладаг. Энэ дэлгүүр нь 21,30 цаг гээд хаалгаа барьчихна. Улаанбаатарт худалдааны төв маш олон бий. Ганц нь ч оройн цагаар, шөнийн цагаар ажилладаггүй. Хэн нэгэнд гэнэт хаа нэг тийшээ явах ажил гарлаа гэж бодъё. Ойр зуурын хэрэглээний зүйл, аян замын хүнсээ яаж базаах вэ.

Шөнийн дэлгүүр гэхээр л архи, согтууруулах ундаа зарж, гэмт хэрэг осол аваарын тоо нэмэгдэнэ гэж “мушгиж” ойлгох нь буруу. Архи, согтууруулах ундаагаар шөнийн цагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй гэдэг журмаа л хатуу барих хэрэгтэй. Сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа зарахгүйгээр байж болоод л байна. Харин ч нийслэлчүүд архи зардаггүй өдрийн тоог хоёр болгож нэмье гэдэг саналыг дэмждэг.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан захирамжийн дагуу тусгай үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд долоо хоногийн гурван өдөрт шөнийн 03:00 цаг хүртэл ажиллаж байна.  Архи, согтууруулах ундаа зарахгүйгээр ажилла гэсэн “команд” авсан. Үнэхээр архи, шар айраг зарахгүйгээр ажилладаг баар, цэнгээний газар байдаг гэхэд итгэх хүн олдохгүй. Нийслэлийн удирдлагууд маань залуу байж үзээгүй, шөнийн цагаар ямар нэгэн зүйл хэрэг болдоггүй, нар жаргангуут гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй юм болов уу гэж бодмоор шийдвэрүүд гаргахыг нь яана. Нийтийн үйлчилгээтэй цайны газрууд өвлийн улиралд 09:00-20:00 цаг, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. Харин хүнсний мухлагууд өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан байдаг. Тэгвэл барааны дэлгүүрүүд өвөл 10:00-20:00 цаг, зун 09:00-21:00 цаг хүртэл ажилладаг. Өвлийн өдөр богино. 20:00 цаг гэхэд харанхуй болчихдог нь үнэн ч гэлээ хотын иргэд нар жаргалаа гээд орондоо орчихдог гэвэл эндүүрэл. Зуны улиралд өдөр уртасч 21 цаг гэхэд гэгээтэй байдаг. Ийм үед дэлгүүрүүд нь хаалгаа барьчихна. Хаашаа л харна, хаалттай дэлгүүрүүд. Тэнд хүн ажилладаг юм чинь унтаж амардаг юм байгаа биз дээ гэж магадгүй. Тэгвэл  худалдагч, үйлчлэгч нарыг нь хоёр ээлжээр ажиллуулж болно гэж хариулмаар байна. Дэлгүүрүүдийг ч ээлжээр шөнийн цагаар ажиллуулах зохицуулалт хийж болно. Дүрэм журамд л баригдаад байгаа болохоос хувийн дэлгүүр, худалдааны төвийнхөн шөнийн цагаар ажиллах их дуртай байдаг юм билээ шүү, хотын удирдлагууд аа.  Сая гаруй хүн амтай их хотыг метрополис хот гэж нэрлэдэг юм гэнэ билээ. Улаанбаатар маань аль хэдийнэ ийм хотын зиндаанд хүрчихсэн. Харин үйлчилгээ, үзвэрийн газрууд маань жаргах нартай уралдан хаалгаа барьчихдаг нь л тиймхэн юм даа.

 

Б.Оюунгэрэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...