English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
’’Моннис’’ япон брэнд гэж хятад машин шахжээ

 

Монгол Улсад япон брэндийн авто машин борлуулалтаараа тэргүүлдэг гэх «Моннис моторс» компанийн тухай нэгэн иргэний гомдол бидний анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. Тухайлбал иргэн С.Бауаржан тус компанийн 2008 оны долоодугаар сарын 1-нд Үйлдвэр худалдааны яаманд худалдагдсан «Nissan Теаnа» маркийн УБТ-0693 улсын дугаартай авто машиныг нэгэн иргэнээс 2012 оны 12 дугаар сарын 9-нд худалдан авчээ.

Ингээд уг машинаа Казахстан улсад амьдардаг ах дүү нартаа борлуулахаар тус улсын гаалиар ороод гаалийн бүрдүүлэлт хийх гэтэл дээрх машиныг нь «Nissan» брэндийн авто машин биш байна хэмээн улмаар түүнийг хулгайн машин буюу контробандын хэрэгт сэжиглэн цагдан хорих дээрээ тулжээ.

Тиймээс дээрх машины үнэн учрыг олохоор С.Бауаржан нутагтаа ирж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 21- нд «Моннис моторс» компанийн ерөнхий менежер Д.Алтангэрэлээр уг машины бүртгэлийг шалгуулахаар болсон байна. Ингэхдээ тэрбээр Монгол Улсын «Моннис моторс» компанийн оруулж ирсэн «Nissan Теапа» маркийн машин «Үнэн» болохыг гэрчилсэн бичиг авахыг хүсчээ. Гэтэл тус газар цааргалсаар өнөөг хүрсэн байна.

«Моннис моторс»-ын машин ямар ч бүртгэлгүй гэдгийг бүх газар нотолсон

Болсон үйл явдлыг тодруулахаар С.Бауаржаны 9973.... дугаарын утас руу холбогдож дараах хариултыг авсан юм. Тэрбээр «Моннис моторс» компани миний хохирлыг өнөөг хүртэл барагдуулж өгөөгүй. Харин ч эсрэгээрээ «Манай компа-нийн нэр хүндэд халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно» гэсэн бичгийг хуулийн хэлтсийн хүн нь надад өгсөн.

Хариуд нь «Би хохирсон хүн нь. Та нар шиг худлаа зүйл хэлээгүй. Та нарын өгсөн бичиг баримт надад бүгд байна. Та нар анх энэ машиныг Төрийн өмчийн хороонд зарсан. Харин Төрийн өмчийн хороо эл машиныг дуудлага худалдаагаар ч юм уу ямар нэгэн аргаар хурган дарга нар бидэнд зарсан. Тэрийг нь би мэдэхгүй. Хамгийн гол нь анх энэ машин хаанаас зарагдсан бэ гэдэг чухал байна» гэж хэлсэн. Уг машиныг дээрх компани анх Төрийн өмчийн хороонд зарсан гэсэн бүх бичиг баримт нь бий.

Гэтэл «Nissan» үйлдвэрийнх биш БНХАУ-ын «Dong Feng» үйлдвэрийн ма¬шин гэдгийг гаалиас гаргаж тэр бичгийг тэдэнд аваачиж өгсөн. Гэтэл «Үнээн. Манайх ийм төрлийн хэдхэн машин оруулсан. Одоо оруулж ирэхээ зогсоосон» гэж ярьсан. Тэгээд л би энэ асуудлыг хаясан.

Хамгийн гол нь энэ машинд ямар ч гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр хууль бусаар Монгол Улсад оруулж ирсэн гэсэн үг. Уг нь дээрх машины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Япон улсад үйлдвэрлэсэн «Nissan Теаnа» маркийн машин гэж байгаа ч гаалийн бүрдүүлэлт хийлгэхэд Хятад улсад үйлдвэрлэгдсэн авто машин байна гэж гарч ирсэн.

Товчхондоо тус компанийнхан гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр өөрсдийн замаар янзалсан байна гэдгийг нь Казахстан улсын хил гааль батлаад өгч байгаа биз дээ. Бүх зүйл тодорхой болоод би хохирсон хүн байна аа гэж ШӨХТГ-т хандахад тус газрынхан «Таны асуудлыг шалгаж байгаа» гээд өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй л байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд уг нь би Япон улсын «Nissan teana» маркийн машин худалдаж авсан. Гэтэл одоо ингэж хохирчихоод байна. Зах зээлд ч энэ хоёр улсын машин өөр өөр үнээр борлуулагддаг шүү дээ. Тиймээс би 16 сая төгрөгөөр худалдаж авсан япон машинаа Хятад улсад үйлдвэрлэгдсэн байна гэснээс болж хямдхан зараад хохирсон.

Энэ асуудлаас болж Казахстаны хуулийн байгууллага намайг хулгайн машин оруулж ирээд зогсохгүй гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, гарал үүсэл нь тодорхой биш авто машин оруулж ирсэн гэх контрбандын хэрэгт унагах гэж байсан.

Харин ч би учир явдлаа хэлээд тэдэнд 5000 мянган ам.доллар өгч байж, Монголдоо ирээд хариугаа ч авч чадалгүй сууж байна. Ер нь тус компанитай холбоотой маш олон асуудал байдаг юм билээ. Үүнийг бас хуулийн байгууллага шалгах л хэрэгтэй» гэсэн юм.

Ямартай ч хохирогчийн хэлж буйгаар «Моннис моторс» компанийг Улаан¬баатар хотын гаальд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэдгийг ч нотолжээ. Тухайлбал Хотын гаалийн газрын дарга Б.Хишигбат ШӨХТГ-т 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд доорх албан тоотыг явуулж байсан байна.

Үүнд «Тус гаалийн газарт арал - LGBF1CE028R233606 дугаар бүхий авто машины гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бөгөөд уг арлын дугаараар гаалийн байгууллагын харьцдаг интернэт сайтаас шүүхэд доорх баримтын дагуу гарсан болно» гэж Хятад улсын «Dong Feng» гэх үйлдвэрийн баримтыг хавсаргажээ.

Б.Хишигбат: «Моннис» компанийг зар сурталчилгааныхаа хальсыг авч ир гэж шаардсан

Бид өөрсдийн шалгаж буй асуудлынхаа талаар Б.Хишигбат даргад хэлэлгүйгээр түүнээс гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй машин орж ирэх боломжтой эсэхийг асуусан юм. Тэрбээр «Улсын хилээр орж ирсэн бүх зүйлд гаалийн бүрдүүлэлт хийдэг дүрэм журамтай. Үүний гадна хэн нэгэн үлдэнэ гэж байхгүй. Тэгэх ч боломжгүй.

Учир нь Улаанбаатар хотын гаалийн сүлжээнд бүрдүүлэлт хийсэн бол харж болно. Түүнээс бусад гаальд байгаа сүлжээг бид харах ямар ч боломжгүй. Үүнийг ГЕГ- ын Хяналт бүрдүүлэлтийн хэлтэст нэгдсэн төв сүлжээг харж байдаг юм. Тиймээс бүх сүлжээг тус газар хянана гэсэн үг. Харин өөрийн чинь асууж байгаачлан хилийн аль нэгэн зурвас болон гаалиар хулгайн машин орж ирэх боломжгүй.

Өмнө нь байсан гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Одоо бол тийм хууль бус зүйл байхгүй болсон. Гэхдээ дипломат болон олон улсын байгууллагын шугамаар орж ирж байгаа аливаа нэг бараа бүтээгдэхүүнд Венийн конвенцийн дагуу бүр¬дүүлэлт хийдэггүй, гааль ч шалгадаггүй журамтай.

Тухайлбал тухайн үйлчлүүлэгч өөрийн оруулж ирж байгаа авто машинаа аль улсынх вэ гэдгийг нь гаалийн бүрдүүлэлт дээрээ тодорхой тусгасан байх ёстой байдаг юм. Түүнээс Хятад улсын машиныг Япон улсын автомашин гэж мэдүүлж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Япон улсад үйлдвэрлэгдсэн бол Японых, нийлүүлэгч нь мөн л Япон гэж бичих ёстой.

Мэдээж Монголын зах зээлд хятад машиныг муу гээд хүмүүс авдаггүй. Үнэ өртөг нь ч зөрүүтэй. Би ажлаа авсныхаа дараа гаалийн бодит үнэн зөв мэдүүлгийн шаардлагыг хангуулах зорилт тавьсан. Үүнийгээ онцгой татвартай бүтээгдэхүүн болох машин дээр онцолсон. Тухайлбал «Моннис моторс» компани зар сурталчилгаан дээрээ Япон улсад үйлдвэрлэгдсэн, японы брэнд машин гэсэн саарал өнгийн «Патрол» машиныг рекламдаж байсан юм.

Яг энэ рекламын дагуу хоёрдугаар улирлын эхэн үе буюу гуравдугаар сард ажиллахад « Моннис »-ын оруулж ирж байгаа машины тодорхой хэдэн хувь нь Энэтхэг, Тайван, Малайз улсад үйлдвэрлэгдсэн бэ? гэсэн асуудал гарч ирсэн. Хуучин бол гарал үүсэл нь Япон, нийлүүлэлт нь Япон гэсэн гаалийн бүрдүүлэлт хийж байсан.

Харин одоо манай гааль дээр гарал үүсэл нь Япон, үйлдвэрлэсэн газар нь Энэтхэг, нийлүүлэгч нь Энэтхэг гэсэн бүрдүүлэлтээр хийж байгаа. Тиймээс бид тус компанийг өөрсдийн хийсэн зар сурталчилгааныхаа хальсыг авчирч өгөөч гэж хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Товчхондоо гаалийн бүрдүүлэлт болон зар сурталчилгаа бүгд адилхан байх ёстой.

Ер нь худалдаж авсан улс орныхоо нэр усыг дээрх компани тодорхой бичдэг болсон гэсэн үг. Энэ л бидний ажлын нэг амжилт шүү дээ. Түүнээс Япон улсад үйлдвэрлэсэн авто машиныг япон брэнд гэнэ үү гэхээс биш аль нэг улсад үйлдвэрлэгдсэн зүйлийг Япон брэнд гэж хэлж болохгүй. Мөн та асуулаа. Эл компанийг гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр машин оруулж ирээд улсын дугаар авсан байна гэж хэллээ.

Манайд ШӨХТГ-аас хүсэлт тавьсны дагуу бид шалгахад - LGBF- 1CE028R233606 дугаар бүхий авто машины гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бөгөөд уг арлын дугаараар гаалийн байгууллагын харьцдаг интернэт сайтаас шүүхэд Хятад улсын «Dong Feng» гэх үйлдвэрийн баримт гарч ирсэн. Өнөөдөр цахилгаан тасарсан болохоор танд энэ тухай мэдээллийг өгөх боломж алга. Тэгээд ч машин худалдаж авсан хүн манай бүрдүүлэлт болон үнэлгээг харж байж тухайн машинаа борлуулах ёстой.

Үүнээс хойш тус компани бүрдүүлэлтээ орж ирсэн улсаар нь ялгаж салгаж бичдэг болсон. Ер нь бол япон брэндийг өөр улсад үйлдвэрлэсэн бол тохирсон үнэ буюу боломжит үнээр тохирч авна л гэж хэлээд байгаа юм. Мөн гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй машинд улсын дугаар буюу техникийн гэрчилгээ олгоно гэж байхгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Таны хэлж байгаа шиг өмнөх онуудын хариуцлагыг би хүлээх боломжгүй» гэлээ.

Э.Баярцэцэг: «Nissan Теаnа» авто машин Японоос орж ирдэг


Үүний дараа бид «Моннис моторс» компанийн төв оффис дээр очиж болсон үйл явдлыг холбогдох албаны хүмүүс буюу маркетингийн менежер Д.Алтангэрэлээс тодруулах гэсэн боловч эзгүй байлаа. Тиймээс худалдааны төлөөлөгч Э.Баярцэцэгээс дараах зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр «Манай ихэнх машин Япон улсаас орж ирдэг. Тухайлбал «Nissan Patrol» машин Япон улсаас, «Infiniti» АНУ-аас, «Nissan Теаnа» авто машины 2013 оноос өмнөх бүх загвар Япон улсаас нийлүүлэгдсэн. Харин 2014 оны «Nissan Теаnа»-гийн загвар шинэчлэгдэж байгаа учраас АНУ-аас оруулж ирнэ. Таны сонирхож байгаачлан «Nissan Теаnа»-г зөвхөн Япон улсаас л оруулж ирдэг. Гэхдээ би энэ ажлыг аваад удаагүй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч миний ажиллаж буй найман сарын хугацаанд дандаа л Японоос орж байсан» гэв.

Тус компанийн худалдааны төлөөлөгчийн хэлж байгаачлан дандаа япон брэндийн авто машин оруулж ирдэг гэсэн нь үнэнд нийцэхгүй байсан юм. Тухайлбал «Моннис» компани өөрсдийгөө БНХАУ- ын машин оруулж ирдэг гэдгээ иргэн С.Бауаражанд өгсөн мэдэгдэх хуудсаараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Тус компанийн мэдэгдэх хуудсанд «Иргэн С.Бауаржан та 2008 оны долоодугаар сарын 1-нд «Моннис моторс» ХХК-иас анх Үйлдвэр худалдааны яамны худалдан авсан, БНХАУ- д үйлдвэрлэсэн, 0693УБТ улсын дугаартай « Nissan Теаnа» маркийн автомашиныг хэн нэгэн иргэнээс худалдан авч Монгол Улсаас Казахстан улс руу хилээр гаргасан байна.

Энэхүү автомашиныг Казахстан Улсын хил гааль дээр арлын дугаараар нь шалгахад «Nissan» үйлдвэрийн автомашин биш хэмээж хилээр нэвтрүүлэхийг хориглосны улмаас та Казахстан Улсын гаалийн байцаагчид авлига өгч зохицуулсан, улмаар зохих ёсны дагуу гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тул Казахстан улсад улсын дугаар авах боломжгүй гэж гомдол гаргасан. Мөн энэхүү асуудлыг зохицуулж албан ёсны зөвшөөрөл авахад 5000 ам.доллар шаардлагатай байгаа тул манай компаниас дээрх хохирлыг барагдуулахыг хүсчээ.

Бид таны мэдээлэлд холбогдуулан «Моннис моторс» ХХК-ийн « Nissan мотор» компанийн дэлхий даяар хэрэглэгддэг сэлбэг болон авто машины бүртгэлийн үндсэн сүлжээнд тус машиныг арлын дугаараар нь шалгахад «Nissan Теаnа» буюу албан ёсны «Nissan» үйлдвэрт үйлдвэрлэгдсэн авто машин болох нь батлагдсан болно. Мөн таны үндэслэлгүй баримтгүй 5000 ам. доллар нэхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д заасан «... бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх үйлдэл» мөн тул хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хууль зүйн үндэслэл байна» хэмээн иргэн С.Бауаржанд мэдэгджээ.

Тус компанийн өгсөн энэхүү мэдэгдэх хуудсанд хохирогч өөрийн ноглох ёстой бүхий л баримтыг Казахстаны гаалийн бүрдүүлэлт болон манай улсын гаалийн бүрдүүлэлтэд бүртгүүлээгүй байна гэдгийг нь нотолсон. Гэтэл тус компани ийм мэдэгдэл өгсөн нь сонирхол татсан юм.

Мөн гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй авто машинд яагаад улсын дугаар олгосон юм бол гэдэг нь ч асуудал дагуулж байгаа учраас бид эл асуудлыг тодруулахаар Замын цагдаагийн газарт очсон боловч Авто тээврийн газарт улсын дугаар олгодог болсон гэлээ. Гэхдээ бид тус газрын холбогдох албаны хүмүүсээс гаалийн бүрдүүлэлт хийгээгүй автомашинд улсын дугаар олгох эрх бий юу гэж асуухад «Тийм боломжгүй» гэсэн хариулт өгсөн юм.

Эрлийн үзүүрээ нэг тийш нь болгохын тулд Авто тээврийн газрыг зориход бидэнд тодорхой хариулт өгөх хүн олдоогүй учраас тус газрын нэгэн ажилтанд хандсанаар сүлжээнээс нь хуурамч гэгдэж буй «Nissan Теаnа» авто машин хэдэн онд яаж улсын ду¬гаар авсан эсэхийг нь баримтаар хэвлүүлэн авсан юм. Ямартай ч мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс холбогдох бүхий л хүмүүсээс хариулт авсан юм.

«Моннис моторс» компанийн зарсан ихэнх машинууд манай төрийн албанд хөл залгуулж байгааг хүн бүхэн мэднэ. Тиймээс тус компанийн зарсан машинуудыг төрийн байгууллагууд аль улсаас авсныг шалгуулах нь зүйтэй болов уу.

Бид дараагийн дугаартаа тус компанийн авто машинаа хэдэн хувийг нь Япон, Хятадын зах зээлээс авч байсныг тодруулаад зогсохгүй иргэний өгсөн гомдлын дагуу ШӨХТГ ямар ажил хийсэн бэ гэдгийг нь баримт нотолгоотойгоор хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Р.Саруул

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...