English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
А.Гансүх сайд аа, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй автомашинд олгосон улсын дугаарын учрыг олж өгөөч

 

Бид өмнөх дугаарууддаа «Моннис» компанитай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэж байсан. Сануулахад тус компани нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн «Nissan Теаnа» маркийн авто машины гарал үүслийг нь тодорхой хийлгээгүйн улмаас нэгэн иргэн хохирсон тухай өгүүлсэн.

Уг мэдээллийн мөрөөр олон хэрэглэгч тус компанитай холбоотой санал гомдлоо гаргаж, мөн бусад машин импортолдог албан ёсны дистрибьютор компаниуд аль улсаас машинаа оруулж ирдэг тухай тодорхой мэдээлэл авахыг хүссэн. Иймээс бид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчмыг баримталж, Авто тээврийн газраас гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй машинд улсын дугаар олгох журам байгаа эсэхийг лавлахаар очиход энэ тухай мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Тиймээс Зам тээврийн яамны сайд А.Гансүх танаас дараах зүйлийг тодруулахыг хүссэн юм. Тухайлбал «Моннис» компани дээрх авто машиныг улсын хилээр оруулж ирэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэдгийг нь Улаанбаатар хотын гаалиас албан бичгээр нотолсон. Гэтэл гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, LGBF- 1CE028R233606 арлын дугаартай энэхүү авто машинд таны хариуцаж буй салбар яамны харьяа Авто тээврийн газраас 06-93 УБТ гэх улсын дугаарыг 2008 онд олгож байжээ.

 

Асуудлын гол учир нь «Nissan Теаnа» маркийн авто машиныг «Моннис» компани анх Үйлдвэр худалдааны яаманд худалдаж, дараа нь уг машин нэг хүний гараас дамжиж иргэн Б гэгчид очиж, 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд №016 дугаартай улсын байцаагчийн дардаст тэмдэгтэйгээр дахин техникийн үзлэгт орж баталгаажсан байдаг юм. Тиймээс гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй авто машинд тухайн үед хэн гэдэг улсын байцаагч улсын дугаар олгож байсныг шалгаж өгөхийг хүсч байгаагаа уламжилж байна.

Тэдний гаргасан мэдэгдэл зөрүүтэй байсан

Мөн бидний мэдээллийн мөрөөр 2014 оны нэгдүгээр сарын 11-нд тус компаниас дараах мэдэгдлийг цахим сайтаар гаргасан юм. Доорх мэдэгдэл гарахаас өмнө буюу 2013 гуравдугаар сарын 14- нд хохирогч иргэнд гомдлын хариу тайлбар өгөхдөө «БНХАУ-ын Ниссаны үйлдвэрээс гарсан, ямар нэгэн хуурамч буюу Ниссан үйлдвэрт үйлдвэрлэгдээгүй авто машин биш гэдгийг бид танд нотолсон болно.

 

Мөн авто машины бүртгэлийн үндсэн сүлжээнд тус авто машиныг арлын дугаараар нь шалгахад «Nissan Теаnа» буюу албан ёсны Ниссан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн авто машин болох нь батлагдсан» гэж мэдэгдсэн байдаг.

Гэтэл иргэнд өгсөн мэдэгдлийн хариунд заасан тодорхой зүйлүүд Улаанбаатар хотын гаалиас ШӨХТГ-т гаргаж өгсөн албан бичигээс илт зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Тодруулбал гаалиас тус машиныг арлын дугаа¬раар нь шалгаж үзэхэд БНХАУ-ын «Dong Feng» үйлдвэрт үйлдвэрлэгдсэн авто машин гэж гарч ирсэн байна.

Гэтэл тус компани иргэнд өгсөн мэдэгдэх хуудастаа дээрх үйлдвэрийн тухай нэг ч үг үсэг дурьдалгүйгээр, зөвхөн БНХАУ-ын Ниссаны үйлдвэрээс гарсан авто машин байна гэжээ. Харин тэд саяхан гаргасан мэдэгдэлдээ БНХАУ-ын нэрийг дурьдалгүйгээр хэрэглэгчдийг илт төөрөгдүүлсэн учраас бидэнд тус компанитай холбоотой олон мэдээлэл ирсэн болно.

Ингээд тус компанийн гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе

«2014 оны нэгдүгээр сарын 9-нд зарим сонин болон вэб сайтуудад нийтлэгдсэн мэдээний дагуу «Моннис Моторс» компани доорх албан ёсны мэдэгдлийг хийж байна. «Моннис Моторс» ХХК нь 1998 оноос Японы тэргүүлэгч авто машин үйлдвэрлэгчдийн нэг «Ниссан Мотор» компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Бид «Ниссан» брэндийн авто машиныг АНУ, Япон, Тайланд, Энэтхэг, Их Британи зэрэг улс дахь «Ниссан»-ы үйлдвэрээс оруулж ирдэг.

«Ниссан Мотор» нь үндэстэн дамнасан глобал компани бөгөөд авто машинуудаа дэлхийн 20 оронд байрлах 31 үйлдвэртээ нэгдсэн нэг стандартын дагуу чанарын адил түвшинд үйлдвэрлэдэг. Тус компани нь бүх авто машиндаа хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг нь төлж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг ба зарим сонин, вэб сайтын гаргасан нийтлэл нь хэрэглэгчдэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.

«Моннис Моторс» компани нь Монгол Улсын хууль журмын дагуу Ниссан брэндийн Япон автомашиныг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс нь шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна» гэсэн юм.

 

Товчхондоо тус компанийн гаргасан энэхүү мэдэгдэлд өөрсдийгөө Хятад улсаас авто машин нийлүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй тул олон нийт эсрэг тэсрэг байр суурьтай байна. Түүнчлэн 2013 оны тавдугаар сарын 8-нд тус компанийн гүйцэтгэх захирал П.Баяр нэгэн сайтад ярилцлага өгөхдөө бидний хөндөж тавьсан асуудлын талаар тодорхой дурьдсан байсан юм.


П.Баяр «Донгфэн мотор»-ын тухай ярилцлагадаа дурьдсан

Тухайлбал тэрбээр «Ниссан үйлдвэрээ Хятадад байгуулахдаа энэ компанитай хамтарсан юм. Түүнээс биш «Ниссан »-ы тусдаа өөрийн үйлдвэр Хятад улсад ганц ч байхгүй. «Донгфэн мотор» дотор «Ниссан»- тай хамтарсан үйлдвэр нь тусдаа байдаг. Тэр үйлдвэр нь зөвхөн дээрх брэндийн машиныг үйлдвэрлэдэг» хэмээн ярьсан байдаг.

Өөрөөр хэлбэл иргэнд өгсөн мэдэгдэх хуудастаа ч тэр, компанийнхаа нэр хүндийг хамгаалах гэж гаргасан мэдэгдэх хуудсууддаа ч дээрх «Dong Feng» үйлдвэрийн тухай нэг ч үг үсэг оруулаагүй нь эргэлзээ төрүүлээд байгаа юм. Хэдийгээр тус компани зарим нэг авто машинаа Хятад улсаас нийлүүлдэг байсан ч тухайн орны брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв мэдүүлснээр үнэд өөрчлөлт ордог. Гэтэл аль улсад үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй авто машин худалдан авснаас болж өдгөө нэг иргэн хохироод байгаа юм.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын гаалийн даргын хэлсэнчлэн ямар улсад үйлдвэрлэгдсэн болон гарал үүслийг нь тодорхой, үнэн зөвөөр гаальд мэдүүлэх ёстой. Түүнээс Хятад улсад үйлдвэрлэгдсэн авто машиныг Япон улсын авто машин гэж мэдүүлж болохгүй. Уг машин япон брэнд байсан ч нийлүүлэлт болон үйлдвэрлэсэн улс орон аль вэ гэдэг нь чухал.

Товчхондоо Хятад улсад үйлдвэрлэгдсэн авто машиныг Япон улсад үйлдвэрлэсэн гэж хэлж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Энэ л жинхэнэ гарал үүсэл тодорхойлох гэдгийн цаад учир юм. Аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ шалтгаалж үнийн хувьд ялгаатай байдаг. Тэгэхээр «Моннис» компани хэрэглэгчээ дээдлэлгүйгээр,зөвхөн өөрсдийн нэр хүндээ бодож, үнэнд нийцэхгүй мэдэгдэл гаргасан нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа юм .

Бид Монгол Улсад нэр хүндтэй тус компанийн бизнесийн үйл ажиллагааг алдагдуулах гэж эл нийтлэлийг гаргаагүй. Харин олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх үүднээс бичсэн. Бид дараагийн дугаартаа Зам тээврийн яамны сайд А.Гансүхийн өгсөн хариуг хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Р.Саруул

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...