English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Д.Сүхбаатарын дүрийг хувиргах оролдлого хэнийх вэ

 

Их " жанжин Д.Сүхбаатар гэж хэн бэ, та бидний нүдэнд ижил дасал болсон тэр түүхт хүн үнэхээр их жанжин мөн үү гэх маргаан сүүлийн хоёр өдрийн турш цахим ертөнцөд өрнөлөө. Өрнөлөө ч гэж дээ, зарим хүн "Жинхэнэ Сүхбаатар өөр хүн байсан" хэмээх хачин яриаг зохион байгуулалттай мэт өрнүүлээд байгаа юм.

Бүр АН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан нэгэн эрхэм твиттер хуудаснаа "Жинхэнэ Сүхбаатар энэ байна" хэмээн үл таних хүний зураг цацав. Тэрбээр олон нийтэд цацсан уг зургаа хэд, хэдэн хувилбараар дэлгэн харуулж, "Сүхбаатарын бодит төрх" гэх мэтээр тархи угаах ажиллагаагаа идэвхжүүлсээр байна.

Хамгийн хачирхалтай нь түүнийг хаанахын хэн бэ гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Өөрөөр хэлбэл, ямар зорилготойгоор ийнхүү түүхийг хараар будахыг санаархав гэдгийг гадарлаж байгаа хүн ганц нэгээр зогсохгүй юм билээ. Үл таних хүний зургийг Сүхбаатарынх хэмээн гөрдөж байгаа түүнд эгдүүцсэн түүхч, бичиг номын хүмүүс үүнд ихэд дургүйлхэж байгаагаа илэрхийлсээр байна.

Түүгээр ч зогсохгүй эл яриа цахим ертөнцөөс хальсан бололтой зарим уншигч манай сонины редакцид хандаж, санал шүүмжлэлээ хүртэл хэлж амжсан юм. Ардчилал нэрээр халхавч хийсэн "Арилган, баллагчдын хийж байгаа ажил" гэж хүртэл хэлснийг дуулгахад илүүдэхгүй байх. Арга ч үгүй биз. Шинэ Засгийн газар бүрэлдэн тогтсоноос хойш өнгөрсөн үе рүүгээ нулимах үзэгдэл нэг бус удаа гарсан нь бий.

АН-ынхан удаан хүлээсний эцэст сая нэг засгийн эрхэнд гарангуутаа түүхийг хүртэл өөрсдийн таалалд нийцүүлэн бичихийг оролдож байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ. Тэд өмнө нь ч Д.Сүхбаатар гэх нэрээр оролдсон. Түүний нэрээр нэрлэсэн төв талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөнд дургүйцсэн хүн хэчнээн байгааг хэлэхэд бэрх.

АН-ынхан хэнээс ч асуулгүйгээр өвөр зуураа шивнэлдэж байгаад Сүх жанжны талбайг Чингисийнх болгоод өөрчилчихсөн. Гэтэл энэ удаад олны танил түүхт хүнийг хүртэл "Ийм дүр төрхтэй хүн байсан. Дэргэд нь хөлсний алуурчин орос эр сууж байна" хэмээж байгаад эгдүүцэх хүн маш олон байна.

Хэдийгээр хэсэг бүлэг хүн Д.Сүхбаатарыг "Өөр хүн байсан" хэмээж байгаа ч түүний цаана өнөөх л АН-ынхан байгаа гэх хардлага олон нийтийн дунд байна. Д.Сүхбаатарыг өөр хүн хэмээн гөрдөж байгаа түүнийг хувь хүн гэж үзвэл ёстой нөгөө луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаа юун гээд орхиж болох ч түүнийг АН-тай алив нэгэн сэжмээр холбогдсон.

Харин АН түүхийг мушгин гуйвуулахдаа гаргуун, тэр дундаа Д.Сүхбаатар жанжныг үгүйсгэхийг оролддог, олон жилийн турш хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалыг ч үл тоон энэ жил Д.Сүхбаатарын хөшөөнд нь хүндэтгэл үзүүлээгүйг тооцож үзвэл олны хардлага оргүй биш болж таарна. Нэг үгээр бол түүнийг АН-ын туршуул ч гэж нэрлэж болох юм билээ, олноос сонсох нь ээ.

Бас болоогүй тэрбээр "Жинхэнэ Сүхбаатар" хэмээн цацсан уг зургаа Оросын тагнуулын газраас гаргасан хэмээж байгаа. Харин энэ талаар Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын төвийн ерөнхий захирал, профессор, Д.Сүхбаатарын нэрэмжит шагналт, Чой.Лувсанжав гуай "Нийтлэлч Баабар өнгөрсөн жил иймэрхүү зүйл бичсэнээс үүдээд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж бичихийг оролдох болсон. Д.Сүхбаатарыг өөр хүн гэж байгаа хүмүүсийг түүхээ судал л гэж хэлмээр байна. Ер нь бидний мэдэх Д.Сүхбаатар өөр хүн байх ямар ч боломжгүй" хэмээсэн юм.

Харин Д.Сүхбаатар судлаач О.Баатар гуайгаас энэ талаар лавлахад нэлээд эгдүүцэн хүлээж авсан бөгөөд "Тийм байх ямар ч боломжгүй. Би Д.Сүхбаатарын ураг төрлийнхөнтэй их ойр байдаг хүн. Тавь гаруй жмлийн турш энэ хүний талаар судалж, хөрөг зургийг нь цуглуулж байна. Энэ хүний талаарх үзэсгэлэнгээ ч удахгүй гаргана.

Гэтэл энэ цаг үед Д.Сүхбаатарыг өөр хүн байсан гэж бэлгэгүй зүйл ярьж байгаад харамсч байна” гэсэн юм Эдгээр хүмүүсээс гадна түүхч, судлаачид эл мэдээллийг ихээхэн эсэргүүцэж.сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Үнэндээ бидний мэдэх Д.Сүхбаатар мөн эсэх тухайд нэг хүн дур мэдэн бурах асуудал огтоос биш юм.

Түүнийг эх орны хүү байсныг түүх гэрчилдэг. Тэрбээр 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Дамдины гэр бүлд төрж, 12 настайдаа бичиг үсэг сурчээ. Улмаар 1912 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан байна. 1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдаж байсан удаатай.

1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхийн шарласан хуудаснаа тод үлдсэн нь бий. 1921 оны долдугаар сард Цэргийн яамны сайд, Бүх, цэргийн жанжнаар томилогдсон. 1921 оны арваннэгдүгээр сард Зөвлөлт Орос улсад очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан байдаг.

Ингээд 1923 оны хоёрдугаар сарын 20-нд буюу 30 настайдаа бусдад хорлогдон таалал төгссөн гэдэг. Түүнийг ийнхүү таалал төгссөний дараа Монгол Улс анхдугаар шинэ Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэ бол түүний авчирсан гавьяа, улс эх орноо тусгаар тогтноход оруулсан бодит хувь нэмэр. Түүний үр ач нараас та бидний хамгийн сайн таних нь Д.Сүхжаргалмаа юм.

Тэрбээр эхээс тавуулаа бөгөөд бүгдийг нь өндөр өвгийнх нь нэрийг оруулан Сүхжаргалмаа, Сүхгэрэл гэх мэтээр нэрлэсэн аж. Энэ бол Д.Сүхбаатар жанжны амьдарч байсны тод гэрч, ул мөр. Ийнхүү ураг төрлийнх нь хүмүүс амьд сэрүүн бүтээн туурвиж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцсоор атал "Тийм хүн байгаагүй" хэмээж өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудлаа. Ирээдүй тэдэн рүү их буугаар буудах вий.

Энэ бүхнээс үзэхэд зарим хүнд, тэр дундаа АН-ынханд улс төрийн зорилгоор Монгол Улсын түүхийг "шинээр" бичих санаархал байна уу, эсвэл гадныхны сонирхол байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм. Түүх түүүхээрээ үлдэх учиртай. Түүхийг цаг хугацаанаас өөр хэн ч өөрчлөх учиргүй байтал АН-ынхан ийнхүү өөрсдийн гap хөл бологсдоороо дамжуулан Монгол Улсын өнгөрсөн үеийн түүхийг нүд цавчихгүй гуйвуулж эхэллээ.

Ард түмэнд үнэнийг мэдэх эрх гэж бий. Харин бидэнд үнэнийг мэдээлэх эрх ч мөн бий. Гэхдээ түүхийг зохиох эрх хэнд ч байхгүй. Гэтэл одоо үед түүхийг мушгин гуйвуулах, шинээр зохиох эрх АН-ынханд л бий болоод байна гэхэд хилс үл болно.

Тэд ямар ч түүхийг өөрсдийн ашиг сонирхол, улс төрийн үйл хэрэгт нийцүүлэн тайлбарлаж эсвэл мушгин гуйвуулж, дэвсэн дураар загнаж байгааг та бид харж байна. Цаг өнгөрсөх тусам алив бүхэн алдаандаа суралцан сургамж авдаг гэдэг ч онол, технологийг бүү хэл үүх түүхийн завхрал ч энэ Засгийн газрын үед эрчээ авах шинжтэй.

Аливаа ард түмэнд өнгөрсөн түүхээрээ бахархах, өнөөдрийн тайван амьдралыг бидэнд авчирсан түүхт хүмүүсээр бардамнах үзэл байх учиртай. Тэгж гэмээнэ итгэл үнэмшил, өнгөрсөн болон өнөө үедээ итгэл төгс байх учиртай. Гэтэл энэ мэтээр өнгөрснийг мушгин гуйвуулж, өшигчин дэвслээд байвал бид хэнд бас юунд итгэх вэ. Өнгөрсөн үе худлаа байсан бол бидэнд ирээдүй гэж байна гэж үү.

М.Өнөржаргал

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...