English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
И.Одончимэг: Урлаг яг л хар тамхи шиг

 

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэгийг урьж ярилцлаа.


-Одоогоос жилийн өмнө СТӨ-ний тайзнаа “Сэрүүн хасын нууц” эмгэ­нэлт драмын жүжгийг үзэж суухдаа тэр болгон тэвчээрийн хүлээсээ мулт­лаад байдаггүй Дорнын ард түмний хайр сэтгэл, зан байдал цагийн шалгарлыг хэрхэн давдгийг олж хар­сан. Тэгээд өөрөө өөртөө нэг л асуулт тавьж байлаа. Яагаад ч юм ярилцлагынхаа эхэнд танд тэр асуултаа тавьмаар байна?


-Ямар асуулт.

-Дэлхий нийтээрээ алдарт У.Шекспирийн “Ромео Жулета”-г ариун нандин, үнэнч хайрын бэл­гэдэл гэж үздэг. Үнэхээр ч тийм. Магадгүй тэд амьд сэрүүн байсан бол “Сэрүүн хасын нууц” жүжигт өгүүлдэг шиг өнөөх гал халуун хайр сэтгэл нь олон жилийн дараа хэвээр байх байсан болов уу?


-Нэр төрөө шороотой хут­­гахгүйн тулд юугаа ч хайр­ладаггүй сурвалжит дээд­сүүдийн бэртэгчин бай­дал эцэстээ эмгэнэл дагуулд­гаа­раа энэ хоёр жү­жиг адилхан.
Харин “Сэрүүн хасын нууц” жүжиг өөрөө маш их сонирхолтой.
Жүжгийг маань зургаан удаа үзсэн атлаа дахиж үзэх гээд хүлээж байгаа хүн байна. Магадгүй олон удаа үзэх шалтгаан нь зохиолдоо байгаа байх. Анх би “Шүэ Ки бүсгүй” бэсрэг романыг тавьж чадалгүй шимтэн уншсан. Тийм их өрнөлтэй, хурц үйл явдалтай зохиол л доо.

-Таныг “Шүэ Ки бүсгүй” гэх бэсрэг романыг жүжиг болгож тавих санал гаргасан гэж сонссон?


-Тийм ээ. Уншиж дуусаад л жүжиг болгож тавих ёстой гэдгийг ойлгосон.

-Яг юуг ойлгосон гэж?


-Одоо цагт охид эрх мэдэл, эд хөрөнгөтэй за­луу­тай гэрлэх, эхнэр хүүх­дийг нь юман чинээ бодолгүй толгойг нь эргүүлж авч суудаг болсон байна. Нэг үгээр хэлбэл хайр сэтгэлээрээ бус эд материалыг нь харж ирээдүйн ханиа сонгодог болж.
Бас нэр хүнд, удам угсаа гэж аюултай зүйл байна. Баян хүний хүүхэд баян хүнийхээ хүүхэдтэй л суух ёстой гэдэг ч юм уу. Тийм нэг нийгмийн зиндаа бий болчихсон байна. Өнөөдөр хайртай хүнээ эд мөнгөнөөс болж хаяж байна шүү дээ. Ингэхээр өнөөх хайр сэтгэл үнэгүйдэж, өнгө мөнгө, нэр хүндээс болж хүний хамгийн үнэт чанар алдагдаж байна.



-Тэр ч тийм шүү. Үнэ­хээр таны эмзэглэж байгаа шиг ихэнх эмэгтэй эд мөнгөний сонирхолтой болж. Гэхдээ ийм хандлага ажиглагдаад их олон жил боллоо шүү дээ?


-Тиймээс л бидний тавьж байгаа энэхүү жү­жиг одоогийн нийгэмд маш хэрэгтэй байгаа юм. Хайрлаж дурлах, хайртай хүнтэйгээ хамт амьдрах нь амьдралын хамгийн үнэт чанаруудын нэг. Гэтэл хүний аливаа юманд үнэнч байх, үнэнч хандах сэтгэл ховордож байна.
Ялангуяа эмэгтэй хүн нандин байх ёстой. Бас үнэнч байх хэрэгтэй. Харам­салтай нь өнөө үед энэ нандин чанар алдагджээ. Үнэндээ “Шүэ Ки бүсгүй” бэсрэг роман эл эмзэглэлийг минь хөндсөн.
Нөгөөтэйгүүр театрын­хан энэ мэт Дор­нын сонгодог гайхалтай бүтээ­лүүдийг урын сандаа оруулж ирэх цаг нь болсон.

-Өнөөдрөөс эхлэн “Сэрүүн хасын нууц” жүжиг дахин тайзнаа амилна. Харин та эл жүжгийн гол дүр болох Шүэ Ки бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Зориуд танаас нэг зүйл асуумаар байна л даа?


-Юу тэр билээ.

-Жилийн өмнө “Сэрүүн хасын нууц”-ыг үзсэн үзэгчдийн зарим нь “Одноо Шүэ Кигийн дүрд арай л хөгшдөж байна” гэж ярьж байсан. Ажаад байх нь ээ, сүүлийн үед шинэ жүжиг болгоны гол дүрд дандаа л “акул”-ууд тоглож харагдах юм. Чадварлаг, авьяастай залуу уран бүтээлчид үнэхээр олдохгүй байна уу, эсвэл?


-Найруулагчаасаа л шалт­гаална. Найруулагч ямар дүрд хэнийг тоглуулахаа шийддэг. Түүнээс биш бидэнд хүч түрж энэ дүрд тэрийг тоглуулна гэж хэлэх эрх байхгүй. Нэг үгээр найруулагч дүрээ яаж хуваарилна жүжигчид түүнийг нь л дагадаг.
Үнэнийг хэлэхэд за­луу жүжигчдийн хувьд авьяас байвч туршлага дутдаг. Тийм ч учраас ганц манайх төдийгүй дэлхий нийт сонгодог жүж­гүүдийнхээ гол дүрд дандаа л 30 гарсан эмэгтэй жү­жигчдээ тоглуулдаг. Учир нь жүжгийн даац гэж нэг юм байна. Жүж­гийн гол дүрд тоглож бай­гаа жүжигчинд тухайн зо­хиолыг унагалгүйгээр авч явах чадвар байх ёстой. Жүжиг дуустал тэр бүхнийг нуруундаа үүрч, чирч явах амаргүй. Яах аргагүй авьяасаас гадна туршлага хэрэгтэй болдог.

-Та нэг л өдөр өөрөөсөө олон насаар дүү жүжигчин Т.Бархүүг амьдралынхаа ханиар сонгож, шуугиан тарь­сан. Таны эл сонголтыг хүмүүс өөрсдийнхөөрөө ярьж, хэвлэлийнхэн ч янз бүрээр бичсэн шүү дээ. Энэ бүх дуулиан, шуугианд та хоёр хэдийн хариултаа өгчих­сөн юм шиг санагддаг. Охиндоо Сүндари гэдэг со­дон нэр хайрласан. Сүн­дари гэж ямар утгатай үг вэ?


-Хөөрхөн, сайхан бүсгүй гэсэн утгатай.

-Энэтхэг нэр байх аа?


-Тийм ээ. Би хоёрдугаар ангидаа “Сүндари” гэдэг цэнхэр хавтастай ном уншиж байсан юм. Энэтхэг эмэгтэйн нэр л дээ. Тухайн үед “Ямар гоё нэр вэ, охинтой болоод энэ нэрийг заавал өгнө дөө” гэж бодсон.

-Тэгээд яагаад анхныхаа охинд энэ сайхан нэрээ өгөөгүй юм бэ?


-Том охины маань нэрийг хадам аав өгч байсан. Харин Сүндари гэдэг нэр миний сэтгэлд явж л байсан. Хэзээ ч мартагдаагүй. Тэгээд би дахин охинтой болбол энэ нэрээ өгнө гэж бодоод л явсан. Энэ нэрийг хоёр дахь охиндоо л өгөх ёстой байсан юм байлгүй дээ.

-Юм гэдэг сонин шүү. Ямар ч хүнд хувь заяа, төөрөг гэж байх юм даа?


-Тэгэлгүй яах вэ. Би өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Миний амьдрал дуусаагүй, цаашид хэрхэн өрнөхийг хэн ч мэдэхгүй. Хувь заяа минь яаж ч эргэсэн би өөрийгөө “хувьтай хүн” гэж бодох ёстой хүмүүсийн нэг.

-Ингэхэд бага охиндоо цаг зав хэр гаргаж байна вэ?


-Боломжоороо гаргахыг бодно. Гаргах ч ёстой. Бага залуудаа би ажил л гэж явсан болохоос том охиндоо эхийн хайр гэдэг зүйлийг бүрэн дүүрэн өгч чадаагүй юм шиг санагдаж бодохоор л харамсдаг.
Харин одоо би тэгэхгүй л гэж боддог доо. Хамгийн чухал зүйл бол миний охин. Ихэнх цаг заваа охиндоо л зориулна. Ээж, аав нь урлагийн хүн гээд алгын чинээ охин маань хайр, энэрлээр дутах ёсгүй. Бага охиноо хожуу төрүүлсэн болохоор их хайртай.

-Таны ээж охиныг тань харж байгаа гэл үү?


-Тийм ээ, миний ээж настай хүн шүү дээ. Тэгсэн ч ээж шиг минь найдвартай хүн алга. Хэд хэдэн хүнээр хүүхдээ харуулж үзсэн. Яагаад ч юм болоогүй. Одоо харин сэтгэл тайван ажлаа хийдэг. Нөгөөтэйгүүр охиноо ээжээрээ харуулж байгаа гэж бодохоор өөртөө гомдох юм.

-Та урлагт олон жил зүтгэлээ. Том охиноо жү­жигчин болно гэхэд нь дургүй байсан гэдэг. Юунаас тэгтлээ эмээсэн юм бэ?


-Хүн харахад их жаргал­тай ажил л даа. Нэг эмэгтэй надад “Чам шиг жаргаж мөнгө олдоггүй” гэж хэлж байсан л юм. Гэхдээ тэр эмэгтэй урлагаас хол хүн л дээ. Үнэнийг хэлэхэд уран бүтээл яаж, ямар их хөдөлмөрийн үр дүнд төрд­гийг хүмүүс мэддэггүй. Амархан юм шиг л боддог. Гэтэл үгүй шүү дээ. Ганц уран бүтээл төрөхөд ямар их ажиллаж, хөдөлмөрлөж, ядардаг гэж санана.

-Магадгүй бид та нараас хэтийдсэн гэмээр их зүйл шаарддаг байхыг үгүйсгэхгүй?


-Жүжигчин хүн зүрхээ­рээ тоглодог. Зүрх бол хайрламаар эрхтэн. Зогсоо зайгүй цохилж байдаг. Тэр зогсох л юм бол амьд­рал дуусна. Нүдэнд харагд­даггүй болохоор бид зүрхээ хайрладаггүй. Харин тэр эрхтнээр жүжигчин хүн дураараа тоглодог. Дээш нь доош нь савлуулж, уурлаж, гомдож, хашгирч эд эсээрээ тоглох болгонд зүрх яах вэ. Энгийн байдаг зүрх уйлж хашгирахаар яаж савладаг билээ. Бид ингэж эд эрхтэн, мэдрэл эсээрээ тоглодог. Харамсалтай нь хэн ч ойлгодоггүй.

-Зовлонг нь мэддэг бо­лохоор л дургүйцсэн байх нь?


-Хэцүү шүү дээ, тэр тусмаа эмэгтэй хүнд. “Ийм хүнд ажил хийх хэрэггүй. Харын хар ажил” гэж багш нар маань хэлдэг байсан. Үүнийг би сүүлд ойлгосон. Нөгөө талаасаа амьдралаа золиослодог. Уран бүтээлч хүн амьдралаа золиосолж байж амжилтад хүрдэг. Би аавыгаа хагалгаанд орж байхад тайзан дээр тоглож байсан. Эмч “Гэр бүл нь бүгд байж бай, аав чинь үхэж ч магадгүй” гэхэд би тайзан дээр л байсан. “Аав чинь сэхээнд орлоо хурдан ир, уулзах хүмүүс нь уулз” гэхэд би тайзан дээр л тоглож байсан. Хайртай болгондоо сэтгэлээ 100 хувь зориулж чаддаггүй ажил шүү дээ. Заримдаа маш их харамсаж, бачуурдаг.
Ганцхан би биш маш олон жүжигчин ээж, аавыгаа өнгөрч байхад тай­зан дээр уйлаад л тоглож байсан. Театрт бичигдээгүй хууль бий. “Жүжиг дуустал хэний ч ээж, аав үхсэн хэлж болохгүй” гэдэг. Тэрийг театрын манаач, цэвэрлэгч нь хүртэл мэддэг, мөрддөг. Үнэхээр харамсалтай бай­­даг. Хайртай хүнээ өнгө­рөхөд хажууд байх нь битгий хэл бие нь муу байхад дэргэд нь байх нь үнэхээр хэцүү.


Энэ бүгдийг мэдрээд ирэхээр ямар ч хүн үр хүүхдээ урлагийн хүн бол­гохгүй юмсан гэж бодно. Нэг үгээр зовж жаргадаг мэр­гэжил юм даа. Урлагт нэг л хайртай, дуртай болоод сэтгэл зүрхээ өгөөд орчих юм бол яг л хар тамхи шиг. Чи хэзээ ч гарч чадахгүй. Ийм л сонин мэргэжил. Өдөр болгон өөрөөр амьдардаг. Магадгүй үүгээрээ ч бусад мэргэжлээс онцгой. Бас ийм гайхалтай, сонирхолтой мэргэжил. Тэг­сэн хэрнээ цаанаа асар их золиос шаарддаг.

-Уран бүтээлчид жүж­гийн зохиол ховордлоо гэж ярьж байна. Яагаад ча­нартай сайн бүтээл гаргаж чадахгүй байна вэ?


-Хоёр талтай л даа. Эхнийх нь мөнгөтэй холбоотой. Аливаа юманд хөшүүрэг гэж нэг зүйл байх ёстой. Нийгэм маань хүмүүсийг ийм болгочихлоо л доо. Жүжгийн зохиолыг маш хямдхан худалдан авч байна. Хүний өчнөөн шөнө сууж байж бичсэн зүйл нь үнэгүйдээд байна. Их хямд үнэлж байгаа учраас тэрийг зарж байх сонирхолтой хүн алга байна шүү дээ. Хоёрт сэтгэл дутаж байна. Жүжгийг хайрладаг, жүжигт дуртай хүн ховор байна. Хүсэл тэмүүлэл дутаж байна. Мундаг зохиолчид жүжгийг сонирхохгүй байна.

-Та “Сэргээш-3”-ийг най­­­руулж чамгүй найруу­лагч гэдгээ ха­руул­сан. Жү­жигчин ч тэр, найруулагч ч тэр хоёулаа л хүнд ажил шүү дээ?


-Хэцүү л дээ. Ялангуяа эмэгтэй хүнд их хэцүү. Яах вэ, би өөрөө олон най­руулагчтай ажиллаж үзсэн. Тоолох юм бол 20 хүрнэ шүү. Тэдний ажиллаж бай­гаа арга барилыг харна. Заримаас нь суралцана. Ки­но найруулахад магадгүй тэр нь надад их суурь, тулгуур болсон байх. Хамт олны итгэл гэж нэг зүйл байна. Чи чадна, чи л хийнэ, чи л хий гэдэг зүйл. Энэ бол маш их итгэлийг өгнө.

Дээр нь миний мөрөөдөл байсан. Би жүжигчин байх­даа л кино найруулж үзэх юмсан гэж боддог байлаа. Миний мөрөөдөл “Сэргээш-3”-аас эхэлсэн. “Сэргээш-3” маань муу болоогүй. Надад маш их урам өгсөн. Дараагийнхаа кино, жүжгийг найруулах итгэлийг олж авсан. Түүнээс биш би чинь мэргэжлийн найруулагч биш шүү дээ. Надад дадлага туршлага дутна. Зөвхөн өөрийнхөө мэд­рэмжээр л хийж байгаа юм.


Б.Төрбат






Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...