English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Монос”-ын Хүрэлбаатар “Шаргал навчис”-аа дэлгэлээ

 

“Монос” группын Ерөнхийлөгч, Анагаах ухааны академийн академич  гэдгээр нь олон нийтийн сайн таних Л.Хүрэлбаатар шүлэг найргийн “Шаргал навчис” номоо саяхан хэвлүүлжээ.
Монгол улсын төрийн шагналт,  академич Л.Хүрэлбаатар сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээний нийт   11 ном монгол,  орос хэл дээр туурвин,  хэвлүүлсэн бөгөөд   энэ нь шүлэг найргийн хувьд түүний анхны ном юм.


 Аль 1970-аад оны сүүлчээр “Утга зохиол, урлаг”, “Залуучуудын үнэн” сонинд шүлэг найргаа хэвлүүлж байсан түүнийг уран бүтээлийнх нь найз нөхөд анхны номоо дэндүү орой гаргалаа хэмээж буй аж. Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч,соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн уг номын өмнөтгөлд :  “Бодоод байхад нилээн эрт хар залуугаасаа шүлэг бичсэн нь мэдрэгдэхээс гадна зав гарсан цагтаа юм уу, уйдахдаа зугаацсан хуумгай сонирхол ерөөсөө ажиглагдсангүй!  Л.Хүрэлбаатар “хэрсүү” уншигч, шүлэгч, монгол яруу найргийн “Сүүдрийн засгийн газрын нэгэн эрхэм байж...” гэж бичжээ. Өвчнөөс анагаах увьдистай олон эмээ ард олондоо өргөн барьсан нэгэн эрхэм ийнхүү уншигч таны оюуны цангаа тайлах  “Шаргал навчис” -аа  дэлгэн барьж буй нь энэ ажгуу.



Шаргалхан навчсын хамт

Шаргалхан навчсын хамт газар унах бүрийдээ
Шархалдаг юм аа, зүрх минь намар намраар...
 Ахархан хувь заяагаа аргагүй нэгэнтээ мэдэрч,
 Амьдын хорвоог улам ихээр хайрладаг юм аа.

Шаргалхан навчсын хамт хийсэн хөглөрөх бүрийдээ
Шаналдаг юм аа, зүрх минь намар намраар...
Орчлонгийн мөнх бусын утгыг нэгэнтээ тайлж,
Орь зүрх уяхнаас уяхан болдог юм аа.

Шаргалхан навчсын хамт тэнгэрээр нисэх бүрийдээ
Шаралхдаг юм аа, зүрх минь намар намраар...
Богинохон ч гэлээ заяандаа эрхгүй нэгэнтээ бахархаж,
 Бодь сэтгэл өөрийн эрхгүй омогшдог юм аа.

 





Харанхуй минь

Хав харанхуй минь,
Хамгаас дотно анд минь.
Хайгаад ч олдохгүй
Хаяж одохгүй анд минь.

Үгийг минь дуустал
 Тэвчиж сонсдог нь чи.
Үйлийг минь барагдтал
Тэсч л дагадаг нь чи.

Дэргэд байхгүй юм шиг
Дэндүү даруухан.
Санаа алдахад
Садаа болохгүй,
Уйдаж цөхрөхөд
Урваж шарвахгүй.

Олон үггүй,
Ороо зангүй

Аливааг чамаас нуух хэрэггүй.
Алдаа оноогоо ч тайлагнах хэрэггүй.

Долигонож гүйхгүй,
Дороо дэвхцэхгүй.
Хов зөөхгүй,
Хошуу цорвойхгүй.
Бурхан багш шиг
Сургааль айлдахгүй,
Чөтгөр шиг бас
Чангааж өдөхгүй.
Хав харанхуй минь,
Хаяж орхихгүй анд минь.
Хайгаад ч олдохгүй
Хамгаас дотно анд минь.





Ганцаардахуй


Ганцаардахуй –
Гайхамшигтай мөч.
Өөр хэнтэй ч бус
Өөртэйгээ л үлдэх мөч.
Навчсын шивнээг ч үл сонсох,
Нарны цацрагийг ч үл мэдрэх,
Хайраасаа хөндийрөх,
Хамгаасаа холдох,
 Орчлонг л бясалгах,
Оргүй хоосныг л ухаарах,
Өөрийгөө л таних,
 Өрөөлийг л ойлгох
 Ганцаардахуй
Гайхамшигт мөч.





Намрын бодол

Алсад шувууд одно,
 Аяны шувууд одно.
Азтай залуу насыг минь
 Авч одно.

Нар ч бас хамт одно,
 Навчис ч мөн цуг одно,
Намуухан салхи одно,
Намар тэр чигээрээ одно.
Налгар энэ орчлонгоос би ч бас нэг л өдөр одно,
 Намайг ийнхүү бодохуй сэтгэл хоосорно.
Намрын бүүдгэр тэнгэрийг нэвтлэн
Нарны сацраг гэнэт нэгийг шивнэнэ.
Намар, тийм ээ, энэ л чигээрээ үлдэнэ,
Намуухан салхи ч үлдэнэ,
Навчис ч мөн л үлдэнэ,
Нар ч бас хамт үлдэнэ,
Азтай залуу нас минь ч үлдэнэ,
Аяны шувууд ч үлдэнэ.
Ахиж ирэхгүй өнгөрсөн бүхэн
Аюулхай зүрхээрээ амссан бүхэн
Айзам яруу шүлэг болж
Амгалан дэлхийд уянгалан үлдэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...