English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Цэвэгмэдийг хэлмэгдүүлсэн нь

 

Халхын их хутагт Манзушир хутагт С.Цэрэндоржийг 1937 оны есдүгээр cap гэхэд хэдий нь ДЯЯ-наас баривчлан, улс төрийн хэрэг хүлээлгэж эхлээд мөрдөн байцаалт нь дуусч байсан үе юм.

Манзушир хутагт хамгийн эцсийн мэдүүлгээ 1937 оны есдүгээр сарын 29-нд гаргахдаа цөөнгүй хүмүүсийн нэрсийг гаргаж өгсний дотор Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Жигжидсүрэнгийн Цэвэгмэдийн нэр оржээ. Манзушир хутагтын тэрхүү мэдүүлэг нь Бамбар Эрдэнэ хувилгааныг хувьсгалын эсэргүү хэрэгт дайчлан баривчлах чухамхүү "шалтаг" болсон ажээ.

Улмаар ДЯЯ-наас Төв аймаг дахь харьяа хэлтэст Бамбар хувилгааныг баривчлах даалгаврыг өгч тус аймаг дахь ДЯЯ-ны хэлтсийн дарга Догсом 1937 оны аравдугаар сарын 10-нд хувилгааныг баривчлахаар 14 тоот ордерыг баталж, Мөн сарын 15-нд төлөөлөгч Вандандорж хувилгааныг баривчлан, эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

Гэтэл энэ үед Ж.Цэвэгмэд нь нас биед хүрээгүй дөнгөж 17 настай хүү байжээ. Эрийн цээнд хүрээгүй хүүхдийг улс төрийн хэрэгт баривчилж, шоронд хорьж мөрдөн байцаасан байна.

Түүнийг 1937 оны аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 20 гаруй хоног хорьж, гурван удаа мөрдөн байцаалт авснаас "1937 оны тавдугаар сард эсэргүү дэд хамба Дамдинд элсэж, цуурхал тараасан" гэх хэрэг хүлээлгэж, хуулийн дээд хэмжээгээр ял төлөвлөж, Онцгой, Бүрэн Эрхэт Комисст (ОБЭК) шилжүүлэн, 1937 оны арваннэгдүгээр сарын 16-ны ОБЭК-ын гуравдугаар хурлын тогтоолоор цаазалжээ.

Ингэснээр Монгол дахь дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд насанд хүрээгүй хүүхдийг хэлмэгдүүлсэн бусармаг явдал гарчээ. Яагаад. Түүнийг бусад насанд хүрээгүй лам нарын адил шар шувтлуулж, харын байдалд шилжүүлж болох байсан уу гэвэл боломж бүрэн байсан.

Гэтэл Ж.Цэвэгмэд нь олон жил тус бүс нутагтаа үе улиран залагдаж, шүтэгдэж ирсэн Бамбар Эрдэнэ хувилгааны хойд дүрээр тодорсон нь хожим улс төрийн хэлмэгдүүлэлтээс сугарч, амьд гарах боломжийг хааж өгчээ хэмээн дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл түүнийг "хувилгаан" гэдгээр нь хэлмэгдүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэй.

Хувилгаан энэ үед Төв аймгийн Авдарбаян сумын (одоогийн Тев аймгийн Баян, Баянцагаан сумын зааг нутаг болно) нутаг Бамбар Эрдэнийн хүрээнд сууж байв. Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Ж.Цэвэгмэд нь 1920 оны намар цагт одоогийн Төв аймгийн Баянцагаан, Баян сумын нутгийн зааг Үнээ, Баян уул, Хүүхэн хонгор гэдэг газрын ойролцоо малчин Жигжидсүрэнгийн гэрт мэндэлжээ.

Түүнийг мэндэлсний урд жил Бамбар Эрдэнэ хувилгааны VI дүр Гонсүрэнцэрэнлэйгэндэнлэгцэг таалал төгссөн учир хувилгааны хойд дүрийг тодруулах тухай олон түмний яриа тус нутгийн хилийн дээсийг давж, Халхын VIII Богд Живзундамба хутагтын сонорт хүрчээ.

Богд хувилгааны хойд дүрийн асуудлыг нааштайгаар хүлээн авч, өөрийн элчээ илгээн, "Бичин жилд төрсөн хүүхдүүд"-ээс сонгон шалгаруулалт хийх болсноо нутгийн өргөн түмэнд зар түгээсэн бөлгөө. Үүнийг лавшруулан тольдох баримт бий.

Тухайлбал, Бамбар Эрдэнэ хувилгаан Цэвэгмэдийн дүү Долцон дурсах нь,"Тэр үед тэмээн ачаа хөтөлсөн хоёр лам ирсэн гэдэг. Тэрхүү ламын ирсэн гол зорилго бол Бичин жилийн намар мэндэлсэн хөвгүүдийг бүртгэх явдал байсан ба тэд манайхаар ирж Цэвэгмэд хүүг бүртгээд явсан. Хоёр гурав хоногийн дараа мөнөөх хоёр лам манайхыг дайрч буцахдаа аавд минь арваад хүүхдийн нэрсийг үзүүлээд явсан.

Түүний дараа нэг тэмээ ачаатай хоёр морьтон манай гэрийн баруун дээр буудалж тэднийг аав дурандаад нөгөөх хоёр лам байна гэсэн. Тэд маргааш өглөө нарнаар манайд ирж тавагтай идээ, хадаг барьж манай хувилгаан танайд тодорчээ. Богд гэгээнтэн биднийг явууллаа Нохой жилийн намар ширээнд нь зална гэж хэлээд явсан" гэжээ.

1922 оны намар Жигжидсүрэнгийнх "Зүлэгтий" хэмээх газар нутаглаж байхад Да хүрээнээс хүмүүс ирж, хоёр настай Цэвэгмэдийг Сандагдаржаалин хийдэд Бамбар Эрдэнэ хувилгааны ширээнд нь ёс төгөлдөр залж Лувсангомбо хэмээх сахилын нэр хайрлаж, хурлын уншлага тэргүүтэн ном судрыг үзэж эхлэв.

Түүнийг бурхны шашны эрдмийн далайд хөтлөн оруулсан ачтан бол хувилгааны хүрээний хамба лам Шарав, Манзушир хутагтын шавь шадар "Номч билэгт хувилгаан" Дугарын Жамъянжамц нар болно.

Цэвэгмэд дээрх багш нараар бурхны номд хөтлүүлсэн авч тухайн насны лам хүүхдийн хэмжээнд сурч боловсрохын сацуу тоглож наадаж явсан нь хэн бүхэн ойлгомжтой билээ. Гагцхүү шашны тодорхой зан үйлийг өөрийн сахил санваарын хэмжээнд мөрдөж явснаараа бусад (хар) хүүхдээс ялгаатай боловч тэдний л нэгэн адил инээж хөөрсөн гэнэн цайлган жирийн монгол хөвүүн байсан бололтой.

VIII Богдоос Цэвэгмэдийг өмнөх дүрийн хувилгааны сууж байсан Дэчингалбын сүмийн арын долоон хутагтын тусгай жавданд суух эрхээр шагнажээ. Энэхүү хүндлэлийг Бамбар Эрдэнийн VII хувилгаан Цэвэгмэдийн үйл хэрэгт үү. Эс бөгөөс түүний өмнөх дүрийн хувилгаан Гонсүрэнцэрэнлэйгэндэнлэгцэгийн эзэмшиж байсан эрх ямбыг VII дүрд залгамжлуулав уу гэдэг нь тодорхой бус ажээ.

Хувилгаан Цэвэгмэд нь шаравтар дөрвөлжин царайтай, дунд зэргийн нуруутай, ухаан сэргэлэн хүн байсан гэдэг.

Монгол оронд ардчилсан хувьсгал гарснаар нэг нам, хүнийг тахин шүтэх явдал устаж нийгэм чөлеөт байдалд орсноор түүний хор уршигийг арилгах ажлын хүрээнд Улс төрийн хэргээр хэлсээр шийтгүүлж амь нас эд хөрөнгөө алдсан үй олны нэр төрийг сэргээн цагаатгаж, тэдэнд нөхөн олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг шинээр эхпүүлсэн билээ.

Тэдний нэг Цэвэгмэдийг 1990 оны хоёрдугаар сарын 19-ний ДШЦК-ийн 23 дугаар тогтоолоор цагаатгажээ.

ЦАУЗБУК-ын судалгааны албаны ЭША Хонид овогт П.Хүрэлбаатар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...