English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Онгоц барьцаалсан дуулиант дээрмийн түүх

 

Зүүн гар талаас нисгэгч Уильям Ратачак, онгоцны ахмад Уильям Скотт, үйлчлэгч Тина Маклоу

Холбооны мөрдөх товчоог бараг хагас зуун жил толгойлсон алдарт Эдгар Гувер гэмт хэрэгтэн Дэн Купер гэгчийг л баривчилж чадаагүйдээ харамсдаг биз ээ гэсэн нэг үг бий. Ингэхэд яагаад "Купер гэгчийг” хэмээв гэдэг өөрөө бас учиртай.

Яагаад гэхээр энэ нөхөр хэний ч санаанд оромгүйгээр, бараг дэндүү гэмээр ил цагаан дээрэм хийж, ор сураггүй алга болсонд л хамаг учир оршдог билээ. Тиймээс ч Дэн Купер гэгч эр тун удалгүй урлаг, уран зохиолын гол баатар болон хувирсан юм.

Үнэндээ тэр хэн бэ, жинхэнэ нэр нь мөн үү? "Нордвест Айрлинес" компанийн 305 дугаарын аяллын онгоцыг агаарт барьцаалан дээрэм хийснийхээ дараа хувь заяа нь хэрхэн эргэсэн зэргийг мэдэх хүн эдүгээ байхгүй. Харин 40 гаруй жилийн дараа Дэн Купер гэгчийг алдаршуулсан уг гэмт хэргийг Холбооны мөрдөх товчоо сэргээн шалгахаар шийдвэрлэжээ.

Түүх ингэж эхэлсэн байдаг. Орегон мужийн Портлендын нисэх буудалд 1971 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагийн үед тас хар костюм, цув бүхий бүрх малгайтай, 40 эргэм яасны эр тасалбар түгээврийн цонхон дээр очин Сиэтл хүртэл тийз байгаа эсэхийг сураглажээ.

Тэр өдөр зорчигчид тун цөөхөн байсан учир “Боинг 727-100” онгоцны 94 суудлын гуравны нэг нь дүүрсэн харагдав. Тийм ч учраас тасалбар худалдагч тэрхүү хар цувтай хүний Дэн Купер гэсэн нэрийг маш сайн тогтоосон байна. Нимгэн уруултай, чих нь хулгардуу, өргөн дух, шингэрч буй үстэй хүн байсан бөгөөд гартаа тас хар дипломат цүнх барьжээ.

Тэрбээр 18 доллар 52 цент төлснөөр тасалбар авч 305 дугаар аяллын “18С” суудалд тухалсан байна. Онгоц ч 30 минутын дараа Сиэтлд буух байлаа. Купер содтой ус захиаллаа. 23 настай үйлчлэгч бүсгүй Флоренс Шаффнер түүний өмнөх ширээн дээр шилэн аягатай ус тавих үед Купер түүний гарт нэгэн зурвас гардуулав.

Бүсгүй ч үүнийг утасны дугаар гэж бодсон уу, яасан нэг их санаа алдсанаа шуудхан халаасалж орхив. Хажуудаа хүнгүй яваа зорчигч янз бүрийн санал тавьдагийг Фло сайн мэддэг болохоор үүнд нэг их ач холбогдол өгсөнгүй. Гэтэл “18С” суудлын зорчигч түүний чихэнд ойртож, “Хатагтай! Та наад зурвасаа уншчихвал зүгээр дээ” гэх нь тэр.

Шаффнер түүний нүд рүү харснаа огтхон ч тоглож наадаагүйг нь ойлгов. Унштал уг зурваст, “Миний цүнхэнд тэсрэх бөмбөг бий. Хэлсэн бүхнийг биелүүлэхгүй бол шууд дэлбэлнэ. Чи миний дэргэд суух хэрэгтэй. Энэ бол дээрэм” гэсэн үг байв.

Үйлчлэгчийг хажуудаа суусны дараа Дэн өөрийн шаардлагаа тавьж эхлэв. Тэрбээр Сиэтл хотод буух үед 20-тын дэвсгэртээр 200 мянган доллар, дөрвөн шүхэр /хоёр үндсэн ба хоёр нөөц/ өгөхөөс гадна онгоцыг бүрэн цэнэглэх хэрэгтэй гэжээ. Үйлчлэгч уг шаардлагыг онгоцны ахмадад хэлэхэд тэрбээр зохих албан тушаалтнуудтай утсаар ярьсны дараа шаардлагыг хүлээн авч, агаарт хөөрөхөөр болжээ.

Шаффнерийг онгоцны сүүл хэсэгт ирэхэд Купер тас хар шил зүүсэн байв. Үйлчлэгч бүсгүй ч онгоцны ахмадын хэлснээр түүнд дөхөж очиж, тэсрэх бөмбөгөө үзүүлэхийгхүслээ. Цүнхэнд нь үнэхээр бөмбөг байв. Тэгэхээр эрхэм Купер тоглоогүй байна гэдэгт бүрэн итгэлээ.

Тэрбээр газраас шаардлага биелүүлээгүй тохиолдолд онгоц газардаж болохгүй гэсэн тул Сиэтлийн дээгүүр эргэлдэн ниссээр байлаа. Ингээд бүх зүйл бэлтгэсний дараа 727 дугаар аялал товлосон хугацаанаасаа 30 минутын дараа Такомед буужээ.

Мөнгө, шүхрийг үйлчлэгч Флоренс Шаффнер, Тина Маклоу нараар дамжуулан өглөө. Холбооны мөрдөх товчооныхон Сан Францискод үйлдвэрлэсэн I. серийн эдгээр долларын бүх зургийг авсан байна. Купер мөнгө, шүхрийг авсны дараа үйлчлэгч Тина, онгоцны ахмад Скотт, түүний туслах Штурман нараас бусдыг нь буюу үйлчлэгч Флоренс болоод 36 зорчигчид онгоцоо орхихыг зөвшөөрчээ.

Мөн онгоцыг цэнэглэсний дараа 320 км цагийн хурдтайгаар 3000 метрийн өндөрт Мехикогийн зүг нисэхийг тушаав. Мөн түүнд өндрийг хэмжигч бий гэдгийгээ санууллаа. Гэвч цэнэглэсэн бензинээр уг замын дөнгөж талыг туулна гэсний дараа тэрбээр Невада мужийн Рино хотод бууж, дахин цэнэглэх шаардлага тавьжээ.

19.40 цагт онгоц хөөрлөө. Купер Тинад хандан нисэгчдийн бүхээг рүү очоод ир гэлээ. Үйлчлэгчийг тэнд байх зуур онгоцны хойд хаалга онгойсон дохио дэлгэцэн дээр гарав. Скотт үүнд огтхон ч гайхсангүй. Дээрэмчин гарчээ гэж ойлгов. Цаг 20.13 зааж байлаа. 22.15 цагт онгоц Ринод буугаад хөлгийн бүхээгт хэн ч байхгүйг ахмад харав.

Дээрэмчин ор мөргүй алга болжээ. Хэрбээр бөмбөг, мөнгө зэргээ бүгдийг нь аваад шүхрээр буусан нь тодорхой боллоо. Ингээд л тэр үеэс хойш Дэн Купер хэмээгчийг энэ дэлхий дээр дахин хэн ч олж хараагүй билээ.

Мөрдөх товчооныхон онгоцыг маш сайн нэгжив. Бичсэн зурвасаа тэрбээр үйлчлэгчээс буцааж авсан байлаа. Мөн бүхээгнээс нисэгчид болоод зорчигчдод огт хамааралгүй хурууны 66 хээ олжээ. Харин зангиа болоод Raleigh янжуурын зургаан ёзоор үлдээсэн байв. Купер хаана шүхрээр үсрэв гэдгийг мэдэх арга байсангүй. Боингийг дагалдсан сөнөөгч хоёр F-106-ийн хурд их учир уг онгоцны зүг хяналт тавих ямар ч боломжгүй байжээ.

Куперыг нэлээд хэдэн долоо хоног хайсан боловч олсонгүй. Америктаа л хамгийн онгон зэлүүд газар буусан байх магадпал тун өндөр ч холбооны мөрдөх товчооныхон хамаг хүчээ шавхаад ч тэндээс ямар нэг ул мөр олсонгүй. Мөн Портлендын Дэн Купер овогтой бүх хүнийг шалгалаа. Амжилт олсонгүй. Энэ хугацаанд бараг 1000 шахам сэжигтэнг байцаав.

Хардмаар ганц нэг хүн таарсан ч авир араншингийн хувьд үйлчлэгчдийн хэлсэн Купер огтхон ч таардаггүй байв. Гэмт хэрэгтэн тун эелдэг нэгэн байсан гэдэг юм. Тэр ч бүү хэл содтой усныхаа төлбөрийг хийж, Сиэтлд байхдаа нисэгчдэд хоол унд өгөхийг зөвшөөрч байсан аж. Ямартай ч уг этгээд тэр хавийн газар нутгийг маш сайн мэдэхийн дээр шүхрээр хичээллэдэг нь тун тодорхой байв.

Мөрдөх товчооныхон эхлээд Юта мужийн нэгэн багшийг ихэд сэжиглэж байлаа. Тэрбээр Вьетнамд нисч, шүхрээр буудаг байжээ. Хамгийн гол нь 1972 онд мөн яг ийм онгоц барьцаалсан гэмт хэрэг үйлдэж явсан нэгэн. Тэрбээр 200 мянга бус харин хагас сая доллар, бас дөрвен шүхэр шаардаж байжээ.

Түүнийг Ричард Маккой гэдэг. Куперээс ялгаатай 1ь онгоцонд зурвасаа үлдээж, хурууны хээ бүхий сэтгүүлээ орхисон байдаг юм. Мөн ам султай байснаас энэ тухай мэдсэн найз нь түүнийг матжээ. Тиймээс Маккойг гэмт хэрэг үйлдсэнээс нь хойш хоёр хоногийн дараа тун түвэггүй баривчилсан юм.

Ричард Маккой 45 жилийн хоригдох ял авсан. Хоёр жилийн дараа гипсээр хийсэн гар буугаар харгалзагчдыг айлган оргож явах үедээ цагдаа нартай буудалцан амь үрэгджээ. Мөн Куперын дээрэм хийдэг өдөр буюу 1971 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Маккой эхнэр хүүхдийн хамт баяр тэмдэглэж асан нь батлагддаг ажээ.

Ингэхэд 1972 онд яг Купер шиг агаарт онгоц барьцаалан дээрэм хийх гэсэн хоёр ч оролдлого гарчээ. Купертэй холбоотой хоёр дахь адал явдал гэвэл Флорид мужийн Пейс хотын Жо Веберын бэлэвсэн гэргий нэгэн шуугиан тарив.

Тэрбээр түүний нөхөр бөөрний хорт хавдараар нас барахынхаа өмнө уг онгоцыг барьцаалан дээрэм хийсэн тухай яриа юм. Нөхөр нь онгоцноос үсэрсэн тухай шөнө дэмийрдэг байсан бөгөөд шүхрээр буухдаа хөлийнхөө хянгыг гэмтээсэн тухай эхнэртээ ярьдаг байжээ. Вебер 1995 онд нас барсан.

Тэрбээр 1924 онд төрсөн бөгөөд дэлхийн II дайнд оролцсон нэгэн. Шоронд сууж байсан. 1979 оны зун Колумб голын эрэг дээр эхнэрээ аваачин амарч байсан. Тэгвэл яг энэ газар 1980 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр аав, ээжтэйгээ амрахаар ирсэн найман настай Брайан Ингрэм газар ухан тоглож байгаад бараг ялзрах шахсан 20-тын дэвсгэртүүд олсон байна.

Эдгээр 5800 доллар Куперын дээрэмдсэн төгрөгний дугаартай яв цав таарч байжээ. Даанч Веберын хурууны хээ, Зангланд үлдсэн ДНК-ийн шинжилгээ Куперынхтай огтхон тохирдоггүй тул түүнийг дээрэмдсэн гэж үздэггүй байна.

Дараачийн хардагдсан нөхөр нь 77 настай Лайл Кристиансен юм. Миннесота мужийн Моррис хотод амьдардаг. Шуудан зөөгч. Нэгэн удаагийн телевизийн нэвтрүүлгээр гэрчүүдийн аман зургаар гаргасан Куперын хөрөг түүний ах Кеннитэй асар адилхан болохыг хараад ёстой л мэл гайхаж цэл хөхөрчээ.

Ингээд зохих газар нь ахынхаа тухай мэдээллийг өгсөн байна. Кеннет Питер Кристиансен 1926 онд төрж, 1994 онд нас барсан. Десантын цэрэгт 1944 онд алба хаасан бөгөөд 1972 онд гарсан нөгөөх дээрмийн хэргийн дараахан Кеннет 14.000 доллар бэлнээр төлөн өөртөө газар, байшин худалдаж авчээ. Мөн тэрбээр дээрхи нисэх компанид үйлчлэгчийн ажил хийдэг байжээ.

Тэрбээр найз нөхдөө бийлэгжүү дайлдаг, содтой усанд нугасгүйн дээр зөвхөн Raleigh янжуур татдаг байв. Мөн түүний дүүгийн яриагаар нэгэнтээ зах дээр бокс тоглоод мөрийд нь 100 доллар хожиж, ах нь түүнийг 20-тын дэвсгэртээр авч асныг огтхон ч мартдаггүй ажээ. Мөн Кенни яг нас барахынхаа өмнө дүүгээ дуудаж ойртуулаад, “Би чамд нэг зүйлийг заавал хэлэх ёстой ч даанч чадахгүй байна” гэжээ.

Нас барсны нь дараа түүний зургийг Шаффнер, Химмельсбах нарт үзүүлэхэд тун адилхан юм байна гэхээс өөр үг хэлсэнгүй. Шаффнер л гэхэд Купер амьд байгаа учир хэзээ нэгэн цагт хэрэггүй гэрчээ устгах болно гэж боддогоос ажлаа орхиж, гэрээсээ ч гарахаасаа больжээ.

Мөн түүний нэрийг сонсоод л чичирч эхэлдэг байна. Гэвч Холбооны мөрдөх товчооныхон түүнийг Купер биш гэж үздэг юм. Нэгд тэр арай хөнгөн жинтэй, нүдний өнгө бас өөр. Бас Кенни танигдаж болзошгүй гээд хэзээ ч өөрийнхөө ажиллаж байсан агаарын компанийн онгоцонд халдахгүй гэжээ.

Ингэхэд эдүгээ туршлагатай мөрдөгчид Купер туршлагатай шүхэрчин биш байсан учир үсрээд газардаж чадалгүй амь үрэгдсэн, эсвэл дэлгэгдэхээргүй байсан шүхрийг хэрэглэснээс осолдсон гэж үздэг байна. Гэвч энэ бүхэн өнгөрсөн зууны тайлагдаагүй нэгэн оньсого болон үлдсэн билээ.

Бэлтгэсэн Д.Гал

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...