English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Шинжлэх ухаанаа шинээр харахгүйгээр улс гэр хөгжихгүй

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа

 

Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая, Монгол орон нь ардчиллын замаар хөгжин иргэн бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон ч, өнөө хэр иргэд нь оюуны бүтээлээ амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдээгүй байна. Шинжлэх ухаан, технологийг шударгаар, зүй ёсоор хөгжүүлэхгүйгээр аливаа улс орон нь жинхэнэ утгаараа хөгжих боломж байхгүй.

1990 оноос өмнөх системээр суурь судалгаануудыг хийдэг хүрээлэнгүүдийг ШУА төвлөрүүлэн зангидаж байсан бол технологи нэвтрүүлэх баазууд нь үйлдвэрүүдтэйгээ яамууддаа харьяалагддаг байсан.

Үйлдвэрээ түшсэн бааз нь болох хүрээлэнгүүд нь үйлдвэрийн өдөр тутмын жор горимыг боловсруулахаас өгсүүлээд, шинэ технологи нэвтрүүлэх, шинээр төсөл боловсруулах, ирэх 5-10 жилийн зорилт, прогнозыг тодорхойлох зэрэг тухайн салбарынхаа өдөр тутмынхаас нь авахуулаад ирээдүйн асуудлуудыг шийддэг нэг ёсны “галын шугаман дээр” ажиллагсад байсан.

Уг баазуудын үйл ажиллагаанаас салбарын олон арван үйлдвэрүүдийн жигд ажиллагаа, үр ашиг ихээхэн хамаардаг байсан тул хариуцлага өндөртэй, тэр хэмжээгээрээ үр бүтээл сайтай байсны нэг жишээ нь арьс ширний ЭША-ууд нь 1986 онд зөөлөн савхийг анх удаагаа Монголд бүтээн, бүх монголчууд түүгээр л гоёж байсан нь саяхан мэт санагдана.

Тэр үеийн үйлдвэрлэлийн ажиллагаа нь хоорондоо маш уядаа холбоотой тул жор, горим л алдагдахад үйлдвэрлэл зогсох аюултай тул одооных шиг төхнологи нэвтрүүлэлтийг булааж авна, түүгээр шоудна гэх ойлголт байгаагүй.

Зах зээлд шилжсэнээр шинжлэх ухаан, технологийн асуудлыг боловсролтой нэгтгэн, практик туршлагатай боловсон хүчин огт байхгүй яаманд технологи нэвтрүүлэлтийн сонгон шалгаруулалтыг монополь эрхтэйгээр хариуцуулсан нь шударга ёс алдагдан, ашиг сонирхлын зөрчил үүсэх эх үндсийг тавин, шинэ технологи нэвтрэх нь байтугай их дээд сургуулиудыг илт давуутайгаар ивээн тэтгэдэг зарчим үйлчилж эхэлсэн тул урьд нь байсан эрдэм шинжилгээний байгууллагууд их дээд сургуулиудад “дагаар орох" эсвэл тарахад хүрсэн.

Түүгээр ч зогсохгүй шинээр тогтоосон системээр урьд нь 7-хоногийн дотор үйлдвэрлэл рүүгээ орон асуудлыг шийддэг байсан ИТА-ууд маань асуудлаа боловсруулан батлагдан тендер болон гарч ирэхийг нь бүр 1-2 жил хүлээдэг боллоо.

Ингэж удаан хугацаагаар хүлээхдээ ч ИТА-ууд нь өөрийн шинэ санаагаа ч авч чадахгүйгээр барахгүй тендер шалгаруулалт нэрээр бусдад алддаг болсон. Учир нь их дээд сургуулиудын ТУЗ-д ороод суучихсан комисс нь багш нарт бүр 2-3-р нь үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх ажлуудыг хавсарга ажил болгон өгдөг болсон.

Ингэж шинжлэх ухаан, технологио дампууруулсан практик дэлхийд байдаггүй л байлтай. Нэг яамнаас санал болгон оруулаад, зарлагдаад, нэгэнт хийгдээд дүгнэлт нь гарсан ажлыг 3 жил болов уу үгүй юу өөр яамнаас үг үсгийн зөрүүгүй дахин оруулахад шинжлэх ухаан хариуцсан яам нь тендер болгон дахин зарлаж байгаагаас үзэхэд төсөл болгон зарлаж буй материалуудаа огт судалдаггүй бололтой.

Дээр дурдсан арга замуудаар шинжлэх ухаан техникийн ололт амжилтын үйлдвэрлэлд нэвтрэх зам нь бүхий л талаар хаалттай, чадварлаг ИТА-ууд, ЭША-ууд нь төрөөс ийнхүү дэмжлэг авч чадахаа байсан тул манай шинжлэх ухаан мухардалд орсон гэсэн дүгнэлт гарч байна.

Хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн цөм болдог шинжлэх ухаан, технологийн хөгжлөө ганц Боловсролын Яамандаа монополь эрхтэйгээр даатган, мухардуулчихаад сууж байдаг улс манайхаас өөр байхгүй болов уу.

Зохиогчийн эрх, технологийн нууцыг хадгалан, үндэсний технологи хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээгээр шинжлэх ухаанаар аль нэг нам, эрх мэдэлтнүүд шоуддаг, өөрийн эрх ашигтаа нийцүүлэн шинжпэхухааны менежментийг гажуудуулдаг практикийг хаахын тулд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг Ерөнхийлөгч шууд хяналтандаа авахыг хүсч байна.

ИТА-ууд, ЭША-ууд нь санаачилга, бүтээлч сэтгэлгээгээ практикт нэвтрүүлэн, улс эх орныхоо үйлдвэржилт, бүтээн байгуулалтанд потенциал, туршлагынхаа хэрээр оролцох бололцоогоор ханган иргэний эрхийг нь эдлүүлдэг ардчилсан зарчимтай байлгахын тулд технологи нэвтрүүлэлтийн бодлогыг нэг яамны монополь эрхээс салган дэлхийн жишигт нийцсэн систем тогтоохыг хүсч байна.

Хими-технологич, ахмад инженер, Техникийн ухааны доктор А.Хишигсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...