English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Г.Шийлэгдамба: Яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох ажлын тайланг УИХ-д танилцуулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хүн амын тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх зэрэг чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулсан.

Эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ахалж, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гишүүнээр ажиллаж байгаа.

Ажлын хэсгийнхэн өчигдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Д.Атармаа тэргүүтэй албаны бусад хүмүүс Зам тээврийн яамны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан, “Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага бий. Төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа ажиллаж байна” гэж ярилаа.

Гишүүд яамны суларсан байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-аар ирэх оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдийн зардлыг тусгах тал дээр холбогдох яамдын ажилтнууд анхаарч, шуурхай ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, “Эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон барилгуудыг өөрчлөхөд хөрөнгө мөнгө, цаг хугацааны асуудал байна. Бид өнөө маргаашгүй УИХ-ын байнгын хороон дээр яг энэ асуудлаар танилцуулга хийж, өнөөдрийн ажлын хэсгийн тайланг хэлэлцүүлээд 2015 оны төсвийн тодотголд оруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Засгийн газрын зүгээс гурван эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Нэгдүгээрт, Зам тээврийн яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар, Хоёрдугаарт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг нийт хүн амд үйлчлэх нэгдсэн эмнэлгийн зориулалтаар, Гуравдугаарт, Яармагийн 300 ортой эмнэлгийн барилгыг Эх нялхсын төв болгох гэсэн гурван зорилт тавьсан. Мэдээж төсвийн тодотголоо хийхдээ хамтарсан ажлын хэсэг гаргаж, мэргэжлийн хүмүүсээр төсвөө гаргуулна” хэмээн онцлов.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...