English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Жавхлант шарга”-ын үеэр 24 хүүхэд мориноос унаж, хоёр нь хүнд бэртжээ

mori

Өнгөрсөн сарын амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Жавхлант шарга" Морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдаан болжээ. Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү уралдаанд Баруун-Урт сумын У.Наранбаатарын саарал азарга, Баяндэлгэр сумын уяач Д.Аюулгүйн их насны будан, тус аймгийн ИТХ-ын дарга, “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргалын хээр соёолон энэ жилийн аварга хүлгээр тус тус шалгарсан байна.

Хурдан морины уралдаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Мангалжавын Тогмидын хар морь аман хүзүүнд хурдалжээ. Энэ ажнай нь Булган сумын Х.Чулуунбаатарын унаган хүлэг бөгөөд 2015 он гарсаар Баянтүмэн суманд болсон сунгаанд хол тасархай түрүүлсэн байна.

“Жавхлант Шарга” Морин спорт, уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг хаврын уламжлалт энэ уралдаанд Дорнодын уяачид айраг түрүүний аваа өгөөтэй уралдаж иржээ. Тухайлбал, анхны уралдаанд Аймгийн алдарт уяач “гаалийн” гэгддэг Л.Энхболдын их насны хүрэн морь түрүүлж,  2004 онд Аймгийн алдарт уяач И.Намжилын цагаан соёолон айрагдаж байжээ. Мөн Матад сумын харьяат МУ-ын алдарт уяач Б.Цэндбаатарын тугал хул болон Улс халзан азарга нь түрүүлж,  Яруу саарал, буурал цоохор зүсний их насны морьд  нь айрагдаж байв. 2013 онд Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын алдарт уяач Т.Батзоригийн хээр азарга, их насны хүрэн морьд нь айрагдаж байсан аж.    

Энэ удаагийн “Жавхлант Шарга”-ын уралдааны их насанд түрүүлсэн будан морь нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Х.Ганхуягийн унаган хүлэг юм байна. Өнгөрөгч онд сумынхаа түүхт 90 жилийн ойд айргийн дөрөвт хурдлаад, хоёр оны заагт Сүхбаатар аймаг руу зарагджээ.

Энэхүү уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна. Учир нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод уралдаан болохын урд өдөр цас орж шууран, улмаар мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноосоо унажээ. Тэдгээр хүүхдүүдээс хоёр нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн оноштойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

Өнгөрсөн онд  тус аймгийн нутаг дэвсгэрт болсон  том, жижиг 122 удаагийн морины уралдаанд 112 хүүхэд мориноос унажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...