English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийгмийн ажилтнуудаа ажиллах боломжоор хангаач

Нийгмийн ажилтнуудаа ажиллах боломжоор хангаач

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд, тэр дундаа ахлах ангийн сурагчид янз бүрийн гэмт хэрэгт холбогдож, элдэв зүйл үнэрлэн мансуурч, цаашлаад амиа хорлох явдал нэмэгдсээр байна. Саяхан л гэхэд нэг ангийн хоёр  охин өндрөөс унаж амиа алдлаа. Ер нь бол амиа хорлосон гэж ойлгоход болно. Өмнө нь ч нэг охин барилга дээрээс үсэрч, амиа хорлох гэж  оролдсон. Эцэст нь аврах багийнхан очиж, охины ээж ирснээр амиа хорлохоос сэргийлж чадсан билээ. Гэх мэтээр өсвөр насныхны амиа хорлох оролдлого, хорлосон тохиолдлыг тоочоод байвал барагдахгүй. Манайхан болохоор нэг л их хүүхэд хамгаалал ярьсан хүмүүс. Яг яаж хамгаалж байгаа юм, бүү мэд. Хэрэг гарсны дараа хэдэн хүн гарч ирээд, сүртэй сүртэй юм яриад л болдог.

Гэтэл өнөөдөр манай дунд сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ч алга.  Харин өндөр хөгжилтэй орнуудын ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл судлаачтай байдаг бөгөөд хүүхдүүд түүнд хандаж, зовлон жаргалаа хуваалцан тайтгардаг аж.

Манайд ч сэтгэл судлаач, сэтгэл зүйч хэрэгтэй болчихсон. Учир нь  хөгжил дэвшил, хотжилт өөрөө араасаа олон асуудлыг дагуулдаг. Тэр дундаа цахим ертөнцийн зах хязгааргүй хэрэглээнээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарсаар байгаа. Хүүхдүүд нэгэн үе зөвхөн сургууль дээрээ бага сага дарамт мэдэрдэг байсан бол одоо цахим ертөнцөөр янз бүрээр доромжлуулах болсон.

Тэр дундаа өсвөр насныхан нэгнийгээ цахимаар гадуурхах явдал маш их болчихоод байна. Үүнээс үүдээд олон хүүхэд хүнд байдалд ордог. Тэр дундаа өсвөр насны охид. Яг энэ үед л бид сэтгэл судлаачийн тусламжийг өсвөр насныханд өгмөөр байна. Уг нь сургуулиудад Нийгмийн ажилтан гэж бий. Тэд сэтгэл судлаач, сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэх ёстой ч тэгж чадахгүй байгаа. Нэг талаар нийгмийн ажилтнуудын ачаалал маш их. Тэмцээн зохион байгуулах, хурал хуй хийхээс илүү гарч ажиллаж чадахгүй байна.

1500 хүүхэдтэй сургуульд ердөө л ганц нийгмийн ажилтан байгаа болохоор тэдэнд хүрч ажиллах боломж бага. Түүний хажуугаар нийгмийн ажилтанг бэлтгэхдээ сэтгэл судлаач, сэтгэл зүйч талаас нь мэргэшүүлэхгүй байгаа. Зарим нэг нийгмийн ажилтан бол албан тушаал гэдэг байдлаар ажилдаа хандаж, өөрсдөө хүртэл өсвөр насны хүүхдүүдийг элдвээр хэлж, дуудаж, олны дунд ичгэвтэр байдалд оруулаад явж байгаа нь үнэн.

Тийм болохоор нийгмийн ажилтнаас тусдаа жинхэнэ мэргэжлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйчийг бэлтгэмээр байна. Тэгээд сургуульд, цагдаад, өөр хаана байдаг юм ажиллуулах цаг болсон. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуульд маш их хэрэгтэй байна. Ахлах ангийн сурагчид, өсвөр насныхан эцэг, эхийнхээ үгийг сонсохоосоо илүүтэй найзынхаа хэлснийг дагах нь элбэг байдаг гэнэ лээ. Тиймдээ ч нэг нэгнийхээ үгээр явж, буруу зам руу хальтирч орох магадлал өндөр байна.

Магадгүй өсвөр насныхан хамтдаа амиа хорлоё гэж нэгнийгээ уруу татдаг ч байж болно. Тэдний асуудлыг хэн ч ойлгохгүй юм шиг санагддаг байх. Ийм л үед бид зөв арга хэмжээ авахгүй бол болохгүй. Яахав, Боловсролын яамнаас цахим гадуурхлыг арилгая гэх мэт уриа дэвшүүлээд, бага сага соён гэгээрлийн ажил хийж л байгаа. Гэхдээ энэ тийм ч хангалттай биш. Хамгийн гол нь сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй байгаа юм. Нийгмийн ажилтнуудаа ажиллах боломжоор ханга. Эсвэл цоо шинээр сэтгэл зүйч бэлтгэж, сургуулиудад ажиллуулмаар байна. Ингэж байж л бид өсвөр үеийнхний бага ч болов хамгаалж чадна.

mminfo.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...