English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Утаагүй Улаанбаатарт амьдрахсан

Сүүлчийн арав гаруй жил Улаанбаатар хотын утаа агаарын бохирдлын тухай дээр доргүй ярьж тогтоол шийдвэр гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж их л ажил өрнүүлсэн санагдана. Гүйцэт шаталттай зуух, утаагүй зуух, сайжруулсан түлш, гэр хорооллын дахин төлөвлөлт... “Цэвэр агаар” сан байгуулж, хөрөнгө мөнгийг шийдэж “Нүүрс” хөтөлбөр гэх мэт 2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж засгийн эрхэнд гарсныхаа өвөл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатарын утааг гурван жилд устгана” хэмээн том амлан дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд ханцуй шамлан орсон байдаг. Гэтэл “Цэвэр агаар” сангийн зарим удирдлага болон Багануурын тортог, утаа их ялгаруулдаг хүрэн нүүрсийг шуудайлан хямд үнээр гэр хорооллын айлуудад борлуулж эхэлсэн “нүүрс” хөтөлбөрийн зарим нөхөд завсраас нь их хэмжээний мөнгө завшсаныг хууль хяналтын байгууллага шалгаж байсныг бид мэднэ. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд сүүлчийн арваад жилд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 60 сая ам.доллар зарцуулж ихээхэн хүч хөрөнгө үрсэн ч агаарын бохирдол буурсангүй улам нэмэгдэж, 2008 онд гэр хорооллын агаарын бохирдолд эзлэх хувь 38 байснаа 2016 онд 80-д хүрч эрс өссөн байх юм.

Тэгээд л Монгол Улсын агаарын бохирдол дэлхийд нэгдүгээрт бичигдэж, улсынхаа Ерөнхийлөгчийг утаанд “Онцгой байдал зарлах ч санал гаргах хүртэл хэмжээнд “сандаргаж”, УИХ-ыг тараах тухай ч ам алдуулчих шиг боллоо. Улаанбаатарын утаа уршиг тарих хэмжээнд хүрч гэрээс гаруут л гашуун хар утаа хамар амаар урсан орж байгаа нь үнэн. Утаа урагт нөлөөлж, уушги цээжний өвчнийг дэврээж, амьсгалын замын өвчин, ханиад томууг тордон дэлгэрүүлж, эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахгүйд хүрч эмнэлгийн хонгил шалан дээр хүртэл хэвтэж эмчлүүлэхдээ хүрсэн гэнэ. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийн түлсэн түүхий нүүрс, хаягдал дугуй, хуванцар сав гээд “шатаасан” бүхний утаа угаар бага насны хүүхдийг багалзуурдаж, азай буурлуудын архаг хууч өвчнийг сэдрээх аюул учруулж байгааг мэргэжлийн байгууллагууд, эмч нар тоо баримттайгаар тоочин ярьж, толгой сэгсрэн гасалж сууна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60-80 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллынхны түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж хориглоно гэдэг өнөөгийн нөхцөлд бараг үлгэр гэлтэй. Та бүхэн гэр хорооллын айлуудын хашааны булан, гудамж, автобусны буудал, ойролцоох дэлгүүр, мухлагийн хавиар очвол хаа сайгүй шуудайлж овоолсон нүүрс түлээний наймаачдыг харна. Цайз захын үүдээр тэвш дүүрэн нүүрс ачсан портероос эхлээд ачааны янз бүрийн машинуудын шил шилээ харан зогсох урт цуваатай таарна.

Улаанбаатар хотын утааны асуудал уг нь улирлын чанартай хүйтний улиралд л оволздог ч урин дулаан цагт алгуурлаж болохгүй “ноцтой” асуудал болчихсон учраас л утаатай дайн зарлах хэрэгтэй юм. Тэгээд ч багтарч үхэм их утааг багасгаж чадах төсөл, хөтөлбөр, ашигтай шинэ технологи төхөөрөмжийн үзэсгэлэнг хэдэнтээ дэлгэн (бүр төрийн ордондоо хүртэл) яриа хэлэлцүүлэг өрнүүлж, зөв ашигтай шийдэл олох гэж чармайж байгаа хэрэг. Энэ бүхнээс үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн ипотекийн зээл олгох, түрээсийн орон сууцанд хамруулах “Эрэл” компанийн “Байшин үйлдвэрлэх комбинат болон Ногоон нуурын 1000 айлын гэх мэт орон сууцжуулахад чиглэсэн ажлыг улам эрчимжүүлэх “яндангийн тоог” цөөлөхөд анхаарах. Дээр нь цахилгааны мөнгийг тарифын тэглэлт утаагүй зуух, сайжруулсан түлш, хананы халаалт, дулаалга агаар шүүх төхөөрөмж, амны хаалтын гээд бага ч гэсэн “багалзуурдах” гэж байгаа багир хар утааг багасгах, түүнээс хамгаалах төслүүдээ улам сайжруулж үр өгөөжтэй болгон цаашид үргэлжлүүлүүштэй. Уршиг таригч утааг уугиулж байдаг нам даралтын гурван мянгаад уурын зуухыг буулгаж, төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлж дуусгах хэрэгтэй юм.

Гэхдээ өмнөх арваад жилд үр ашиггүй шахам утаанд уусгаж салхинд хийсгэсэн 200-гаад тэрбум төгрөг шиг үрэгдүүлэхгүйн тулд эхнээс нь судалгаа тооцоо, хараа хяналттай ажиллаж, үйл ажиллагаа үр дүнг нь ил тод мэдээлж хэрэгжүүлэх шаардлагатай санагдана. Манай урд хөрш Бээжин хотынхоо гамшгийн хэмжээнд хүрээд байсан агаарын бохирдлыг ганцхан жилийн дотор 20.6 хувиар бууруулж, цаашид ганц нийслэлээр зогсохгүй том хотуудынхаа агаарын бохирдлыг багасгах алхмыг дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Лав л Бээжин хотынхоо бүх дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна билээ. Манайд нүүрс угааж боловсруулдаг үйлдвэр (урьд нь зөндөө ярьж байсан) нийслэлд нүүрс оруулдаг уурхайнуудын дэргэд байгуулаад түүхий нүүрс дулааны цахилгаан станцуудаас бусад хэрэгцээнд нийлүүлдэггүй болчихвол хорт утааны том далавчийг хуга цохино гэсэн үг юм. Зэрэгцүүлээд гэр хорооллыг хийн түлшээр хангах төслөөс ч хэрэгжүүлэх нь мэдээж. Улаанбаатар хотын агаарын бохирдлын арваад хувийг үйлдвэрлэж байгаа дулааны цахилгаан станцуудын хувьд оргил ачааллынхаа үед 9000-13000 тонн нүүрс хоногт шатаах ч өндөр яндантай учир утаа арай хол цацдаг байна.

Улаанбаатарын утааг багасгахын тулд хоёр сая төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуур хөнгөлөлттэй зээлээр олгох тухай УИХ-ын чуулган дээр ярьж байна билээ. Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийнхний Чингэлтэй дүүргийн VIII хороонд барьж нэгэн айлд эзэмшүүлсэн хоёр давхар 64 ам.дөрвөлжин метр талбайтай нарны илчээр дулаацуулж өдөртөө 17-20 хэмийн дулаантай байлгах яндангүй байшин (дан болгож, хүссэн хэмжээгээр барьж болно) байна. ШУТИС-ийн харьяа дулааны техник экологийн хүрээлэнгийн эрдэмтэд судлаачдын бүтээж туршсан гэрийн нөхцөлд тохирсон дулааны аккумлятор “Илч-02” төхөөрөмж байна.

Энэ төхөөрөмж тарифын хөнгөлөлттэй үед цахилгаан хуримтлуулж өдрийн турш 18-24 хэмийн дулаан байлгахын дээр ахуйн хэрэгцээг хангах цахилгаан плиткийн ширэм байрлуулсан 1.2 сая төгрөгийн үнэтэй юм байна. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр, төлөвлөсөн ажлынхаа хүрээнд орон сууцжуулах, цахилгаан халаагуур болон бусад төсөлд хамрагдаагүй айлуудыг харьцангуй хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар.

Бараг жилдээ нүүрс түлээ ихээр хэрэглэдэг өрхийн түлшиндээ зарцуулдаг мөнгөний хэмжээнээс нэг их илүүгүй өртөгтэй “Илч-02” төхөөрөмжийн үйлдвэрийг дээрх 9.8 их наяд төгрөгөөс санхүүжүүлэн байгуулж, ирэх өвлөөс бэлэн мөнгөөр болон хөнгөлөлттэй зээлээр хэрэглэгчдэд хүргэнэ гэвэл ойрын 3-4 жилд наад зах нь 100-150 мянган айлд нийтдээ 120-180 тэрбум төгрөг зарцуулаад Улаанбаатарын утааг 70-80 хувиар бууруулах боломж юм.

Тэгж гэмээнэ Улаанбаатар хотын агаарын бохирдол 9.8 их наяд төгрөг залгиж 2025 онд арилна гэлтгүй хямд төсөр замаар цаад тал нь 4-5 жилд Утаанбаатар нэрнээсээ салж болмоор санагдан үзэг цаас нийлүүлэн үгээ хэлсэн минь энэ болой.

Ю.САНЖААГОНЧИГ

Unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...