English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Агаарын бохирдлоос болж хүүхдүүд давжаарч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатарыг дэлхийн бохирдсон хотуудын нэгд тооцдог. Харин бид хүйтэн сэрүүний улиралд аюулын харанга дэлдээд байдаг агаарын бохирдлоо урин дулааны улиралд ор тас мартаад, огт сөхөж ярьдаггүй.

Харин энэ удаа агаарын бохирдол, нийслэлчүүдийн эрүүл мэндийн асуудалд гадаад, дотоодын эмч нар анхаарлаа хандуулж, асуудлыг хэлэлцэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол Улсын их сургууль, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лoc Анжелесын судлаачдын баг хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохиов.

Уг хурлаар “Улаанбаатар хотын тоосонцрын ба хар нүүрстөрөгчийн бохирдол”, “Монголын хүүхдийн бие бялдрын хөгжил, физиологийн зарим үзүүлэлтэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө”, “Хүүхдийн амьсгалын эрхтэнд агаарын бохирдол нөлөөлөх нь”, “Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлтөд нөлөөлөх нь , “Бие хүний хөгжил, насан туршийн архаг өвчин үүсэхэд агаарын бохирдол нөлөөлөх нь” зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, энэ талаар хийсэн судалгааг танилцуулсан юм.

Эрүүл мэндийн салбар энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласантай холбогдуулан бодлого боловсруулж, тодорхой шийдэлд хүрэхэд нотолгоо болсон, асуудал дэвшүүлсэн чухал ач холбогдолтой хурал болж байгааг хуралд оролцогчид онцолж байна.

Агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийд жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байна. Харин нийслэлийн агаарын бохирдол нь цөлийн шар тоос, битүүмжлээгүй эвдэрсэн зам, халцарсан хөрс, мод ургамлын хомсдол, зуухны утаа, тортог, цахилгаан станцууд, машинаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн 175 мянга гаруй айл өрх өвлийн улиралд дан нүүрс, мод түлж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа гэнэ. Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин эзэлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж байна. Харин манай нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буйг Дэлхийн банкнаас бүтэн жилийн турш судалжээ.

Энэ судалгаагаар хотын оршин суугчдын тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ агаарын чанарын үндэсний стандартаас 10 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарсан байна.

Мөн нийслэлийн иргэд амьсгалын замын эрхтний өвчлөлөөр өвчлөх эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23-24 хувийг эзэлж байгаа аж. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

АГААРЫН БОХИРДЛЫН СУДАЛГАА ГУРВАН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр:

-Манайд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа тухай нотолгоонд суурилсан судалгаа ховор. Тиймээс бид АНУ-ын Лос Анжелесын Хүүхдийн эмнэлэгтэй хамтран агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байна уу, үгүй юү гэдгийг тогтоох зорилгоор гурван жилийн судалгааг эхлүүлсэн. Эхний жилийн судалгаа өнөөдөр дуусч байна. Ямар ч байсан эхний судалгааны үр дүн гарсан.

Энэ удаа тулгамдсан найман сэдвийг хөндсөн эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлийг хэлэлцүүлж байна. Үүний үр дүнд бодлого тодорхойлогчдод агаарын бохирдлыг бууруулах, энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгож зөвлөмж гаргана. Энэ хуралд ЭМЯ, АШУҮИС, МУИС, БОНХЯ, АНУ, Их Британийн Элчин сайдын яамныхан дэмжин оролцож байна.

ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛД АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛДЭГ

Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа:

-Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамтарсан судалгаа хийсэн нь цаг үеэ олсон асуудал болж байна. Монгол Улсын хүн амын 40 гаруй хувийг 18-аас доош насны хүүхэд эзэлдэг. Тиймээс цаашид энэ судалгааг улам өргөжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг гэсэн мэдээлэл бий. Хүүхдийн өвчлөлд амьсгалын замын өвчлөл тэргүүн байр эзэлдэг. Тэр дундаа агаарын бохирдол ихтэй газар энэ байдал нэмэгдсээр байна. Улаанбаатарт амьсгалын замын өвчлөл өндөр байгаа нь хотын агаар бохир түүн доторхи хүхэрлэг хийн агууламж, тоосны хэмжээ өндөр байгаатай шууд хамааралтай.

АГААРЫН БОХИРДОЛ УРГИЙН ХӨГЖИЛД МУУГААР НӨЛӨӨЛДӨГ

“Simon Fraser”-ийн их сургуулийн докторантур Prabjit Bam:

-Судалгааны үр дүн хараахан гараагүй байна. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлж байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ бусад улс оронд хийсэн судалгаанаас харахад агаарын бохирдол ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ үр дүн Улаанбаатар хотод гарах уу гэдгийг бид судалж байна.

ХОТЫН АГААР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЖИН, ӨНДӨР, ЦЭЭЖНИЙ ТОЙРОГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

АШУҮИС-ийн Эм зүй, био анагаахын сургуулийн профессор Г.Отгон:

-Миний хувьд хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг 1990 оноос судалсан. Хүүхдийн эрүүл мэндийг тодорхойлоход дан ганц хүүхдээ судлах хангалтгүй. Гадаад орчинтой нь хамт судлах шаардлага тулгарсан. Орчин гэдэгт нь нэг гол хүчин зүйл нь агаар. Тэгэхээр хүн ам нягт суурьшсан нийслэлд үйлдвэржилт хөгжиж байгаатай холбоотойгоор агаар их бохирдож байна.

Байгаль цаг уурын хүчин зүйлээс гадна агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд төлөвшихөд нөлөөлж байгаа юм. Улаанбаатарын агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Мөн хүүхдийн биеийн өндөр, жин, цээжний тойрогт сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Тухайлбал, ОХУ-ын Эрхүү мужийн хүүхдүүдтэй Монгол хүүхдүүдийн өндрийг харьцуулахад 5-6 см намхан байх жишээтэй.

Түүнчлэн Монгол хүүхдийн дасан зохицох чадварт агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Дасан зохицох чадвар гэдэг нь гадаад орчинд өвчлөхгүйгээр амьдрах чадварын үзүүлэлтийг хэлдэг. Тэгэхээр дасан зохицох үзүүлэлтээр нийслэлийн хүүхдүүд орон нутгийн хүүхдүүдээс муу гарсан. Дасан зохицох чадварт агаар дахь S02, N02 хүчтэй нөлөөлж байгаа юм. Өөр бас нэг судлагааг хүүхдийн цусанд хийсэн.

Энэ судалгаагаар агаарын бохирдол цусан дахь улаан эсийн тоонд сөргөөр нөлөөлж байгаа нь илэрсэн. Гэтэл энэ улаан эсийн тоо буурсан байна. Мөн улаан эсэд байдаг хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гимоглебин гэх үзүүлэлт бий. Энэ бас буурсан байна. Гимоглебины хэмжээ буурснаар хүүхдэд цус багадалт үүсдэг.

Миний хувьд зөвхөн өвчлөлийг судалж үзсэн. Гэхдээ статистикт тулгуурлаж өвчлөлийг судалсан. Өвчлөлийг судлахад нийслэлд амьсгалын замын өвчин хурц, архаг бронхид, ангина их байгаа. Эдгээр нь агаарын бохирдолтой холбоотойг тогтоогдсон.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...