English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нэг ТҮҮХ, хоёр НАМ

Эх орончдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг билээ.  Хуанлийн тооллын дагуу өчигдөр энэ өдөр тохиолоо. Эх орончдын өдрийг Монгол Улсад улс төрийн хүчин анх үүсэн байгуулагдсан өдрөөр үндэслэн тэмдэглэлт өдөр болгосон.  Тиймээс улс төрийн ууган хүчин МАН энэ өдөрт илүү ач холбогдол өгдөг. Басхүү тус намаас салан тусгаарласан МАХН Эх орончдын өдрийг мөн улс төрийн хүчнээ мэндэлсэн түүхэн өдөр гэж үздэг. Тиймээс ч Эх орончдын өдрөөр МАН, МАХН хоёр талд  баярын хурал хийж,  их жанжин Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өчигдөр  ч энэ арга хэмжээ уламжлалын дагуу давтагдав.

 

Эх орончдын өдрөөр эрх баригч хүчин МАН баярын хурлаа хийж, 97 залууг шинээр элсүүлэн батламж гардуулж, бөх барилдууллаа. Өнөөдөр “Эх орон 100:100” лекцийг тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж, “Шивээ хиагт” дуурийг УДБЭТ-т  тоглосноор баярын арга хэмжээ өндөрлөнө.

 

Эрх баригч хүчний удирдагч, МАН-ын дарга У.Хүрэлсүх баярын хурлын илтгэлдээ “МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм. МАН 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, эдийн засаг, аж ахуйн хувьд хоцрогдсон, хүн амын хувьд өсөлт буурсан, соёлын төвшингөөр мөхлийн ирмэгт ирсэн улс орноо сэргээн хөгжүүлэх хариуцлагатай үүргийг өөртөө оноосон билээ. Монгол Ардын Нам 1990 оны эхээр Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжин хүлээн авч, шилжилтийн хүнд үеийг үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдал бий болголгүй, ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо тайван замаар удирдан, өөрчлөлт шинэчлэлийн замд оруулж чадсан нь Манай Намын бас нэгэн түүхэн гавьяа юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд боловсруулан баталж, улмаар нийгмийн шинэчлэлийг түргэтгэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжихэд МАН бодит үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцолсон.

 

Тэгвэл МАХН-ын тухайд өчигдөр уламжлалт арга хэмжээнээс гадна орон даяар Дээд Үндсэн хуулийг боловсруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Ирэх хаврын чуулганаар ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан билээ. Харин МАХН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл залуусыг орон сууцаар хангах, дээд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зэрэг олон асуудлыг шинээр тусган,  нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр болж байна.  Гэхдээ тус намын дэвшүүлээд байгаа Үндсэн хуулийн төсөл хэлэлцүүлэг  ирэх өдрүүдийн тухайд хэлэлцүүлэг төдийгөөр үргэлжилнэ. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд аль ч үеийн эрх баригчид болгоомжтой хандаж ирсэн.  Өөрчлөлт оруулах хуулийн заалт ч “хатуу” шалгууртай. Үндсэн хуулийг агуулгаар нь өөрчилнө гэвэл төрийн механзим өөрчлөгдөж байгаатай агаар нэгэн. Тэр дундаа парламент дахь гурав дахь хүчин, намыг нь парлемантад суудалтай болгосон нэг гишүүнээ ч  удаа дараа хөөх шийдвэр гарсан МАХН Үндсэн хуулийг цоо шинээр боловсруулсан саналаа олон нийтээр хэлэлцүүлж болох  ч, шийдвэр гаргах, батлах асуудал нь хууль боловсруулах дээд байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийгдэнэ. Үүнийг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн төслийг  боловсруулан олон нийтийн саналыг авах хэлэлцүүлэг эцэг хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ МАХН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж ажиглагчид харж байна лээ.  МАХН-ын баярын үндсэн агуулга  түүхэн өдөртэйгээ давхцуулан Үндсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулан, санал авах аянаа эхлүүлсэн байв.

 

Ийнхүү Эх орончдын өдрөөр нэг угшилтай хоёр нам нэг түүхэн дор тус тусдаа баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг нь ч Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн жагсаалтаар Монгол Улсад 20 гаруй улс төрийн хүчин байгаа. Гэвч нэг угшилтай хоёр улс төрийн хүчин л тэмдэглэлт өдрийн арга хэмжээ зохиов. Ер нь түүхээ булаацалдсан угшил нэгтэй МАН, МАХН-ын тэрсэлдээн хэзээ хүртэл үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз.

Н.Энхлэн

Shuud.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...