English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Б.Орхон босоо бөх гэдгээ дахиад харуулав
Кыргызийн Бишкек хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж өнгөрсөн ням гаригт дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн энэ тэмцээн нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны баталсан жингийн шинэ ангиллаар болсон юм. Манай улсаас уг тэмцээнд 20 бөх зодоглов. Тэднээс эмэгтэйчүүдийн баг онцгой сайн оролцож бүгд медалийн төлөө өрсөлдөж нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар 12 орны баг тамирчдаас дэд байрт шалгарсан байна. Онцлох нь 62 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооны бөх, гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон алтан медаль хүртэж Азийн аваргад түрүүлсэн эмэгтэйчүүдийн долоо дахь бөх болов. Тэрээр өнгөрсөн жил тив, дэлхий, олон улсын найман тэмцээнд оролцож бүгдэд нь түрүүлсэн бол энэ амжилтаа сая давтаж чөлөөтийн энэ үеийн босоо бөх гэдгээ дахин харууллаа. П.Орхон өмнөх тойргуудад Узбекистаны Х.Нарбаеваг оноогоор цэвэр, хагас шигшээд дэлхийн залуучуудын аварга,насанд хүрэгчдийн  Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт  Японы бөх Юрика Итог 9:1-ээр ялж аваргын төлөө барилдах эрх олж авсан. Тэгвэл аваргын төлөө БНХАУ-ын бөх Лоу Сиажуаныг 12:4-өөр давамгайлан ялсан байна. Үүнээс өмнө эмэгтэй чөлөөтийнхнөөс С.Батцэцэг, Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байв. П.Орхоноос гадна 53 кг-д Э.Сумъяа, 72 кг-д О.Насанбурмаа нар алтан медалийн төлөө барилдаж Хятад, БНАСАУ-ын бөхөд ялагдснаар мөнгөн медаль зүүжээ.
Өмнөх өдөр нь 68 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг дэд байрт шалгарсан байсан. Мөнгөн медальт гурваас О.Насанбурмааг онцлоход тэрээр 2008 онд БНСУ-д болсон тивийн аваргын тэмцээнд үзүүрлэсэн амжилтаа ийнхүү давтсан бөгөөд гурван өөр жинд тивийн тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн нь ховор амжилт ажээ. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, дэлхийн оюутны дэд аварга Э.Даваачимэг, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Нарангэрэл, залуучуудын Азийн болон, дэлхийн аварга А.Батцэцэг,Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Шоовдор нар хүрэл медаль хүртснээр эмэгтэй багийн арван бөхийн найм нь медальтай иржээ. Энэ нь тун тэмдэглүүштэй амжилт байв.
Харин эрэгтэйчүүдийн хувьд шилдгүүд оролцсон гэх ч тэмцээний эхний өдрийн байдлаар цорын ганц хүрэл медалийг “Женко” клубын бөх,спортын мастер Г.Төрболд хүртжээ. Гэхдээ медалийн төлөө өрсөлдөх бөх нь бэртлийн улмаас дэвжээнд гарч д ирээгүй нь аз болсон бололтой юм. Дараагийн өдөр нь дэвжээнд гарсан бөхчүүдээс гавьяат тамирчин Г.Мандахнаран (74 кг), ОУХМ О.Үйтүмэн (86 кг) нар мөнгө, ОУХМ Н.Золбоо (125 кг) хүрэл медалийн тавцанд зогслоо. Тэгснээр эрэгтэйчүүдийн баг шагналт тавдугаар байрт шалгарав. Сонирхуулахад, Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын бөхчүүд тэдний хувьд урьд үзэгдээгүй гарамгай амжилт гаргаж 185 оноогор тасархай илүүрхэв. Эдний найман тамирчин зодоглосноос зургаа нь алт, нэг нь мөнгө, нэг нь хүрэл медалийн эзэн болж Монгол, Японы багуудыг ардаа орхилоо. Энэ тухай чөлөөт бөхийн мэргэжилтнүүд Хятадын чөлөөтийн тамирчдын амжилт цоо шинэ төвшинд гарч ирлээ гэж дүгнэж байна.
 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...